Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавесын шарилын цуваа долоон цаг үргэлжлэв

Мягмар гаригт таалал төгссөн Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын шарилыг хэвтэн эмчлүүлж байсан цэргийн эмнэлгээс нь хотын төвд орших цэргийн академид өчигдөр хүргэжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард Куба руу эмчилгээнд явахаас өмнө л ард түмнийхээ өмнө гарсан Ерөнхийлөгч агсны шарилыг Цэргийн академи руу хүргэх үеэр венесуэльчууд бүтэн долоон цаг үргэлжлэх цуваа үүсгэн, төрийн тэргүүндээ хүндэтгэл үзүүлсэн байна. У.Чавесын эмчлүүлж байсан цэргийн эмнэлгээс хотын төв хүртэлх найман километр замд венесуэльчууд битүү зогссон байсан бөгөөд ихэнх нь удирдагчийнхаа хувьсгалч улаан өнгийн хувцсаар ижилсч, хөрөг зургийг нь барьсан байжээ.  Цувааг дэд Ерөнхийлөгч Мадуро тэргүүлэн явсны зэрэгцээ цэрэг цагдаагийн хамгаалалт маш өндөр түвшинд байсан байна. Учир нь, улс орон төрийн тэргүүнээ цаг бусаар алдсан ийм үед элдэв үймээн самуун гарахаас Засгийн газар маш их болгоомжилж, ард түмнийгээ тайван, эв найрамдалтай байхыг тасралтгүй уриалж байгаа аж.

58 насандаа таалал төгссөн У.Чавесыг сүүлчийн замд нь үдэх ёслол маргааш Цэргийн академид болох юм.  Латин Америкийн нөлөө бүхий удирдагч агсан У.Чавестай салах ёс гүйцэтгэхээр Аргентин, Уругвай, Боливийн Ерөнхийлөгч Каракаст ирээд байна. Түүнчлэн, Эквадор, Уругвай, Аргентин, Бразиль, Чили, Куба, Иран зэрэг оронд албан ёсоор гашуудал зарлаад байгаа юм. Венесуэлийн ххувьд гашуудал долоон хоног үргэлжилнэ.
У.Чавесын үхлийн шалтгаан, чухам ямар өвчин түүний амийг авч одсон болохыг одоо хүртэл нууцалж буй ч Латин Америкийн зарим хэвлэлийн мэдээлж буйгаар хорт хавдар уушгинд нь хүртэл тархсанаас амьсгал хураасан гэлцэж байна. У.Чавес өнгөрөхийнхөө өмнөхөн бие нь гэнэт муудах үед түүнийг Куба руу буцаан аваачиж, яаралтай эмчилгээ хийлгэсэн боловч тэрээр Гаванад нас барсан гэдэг мэдээлэл ч байгаа юм. Гэвч эдгээр мэдээллийн аль нь ч баттай гэж хэлэхэд хэцүү.

Ямартай ч У.Чавесын залгамжлагч гэгдэж буй дэд Ерөнхийлөгч Н.Мадуро У.Чавесыг “АНУ-ын империалистууд өвчлүүлсэн” гэж үзэж байгаагаа нуулгүй мэдэгдсэн байна. Түүнийг ингэж мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө Венесуэль дэх АНУ-ын Элчин сайдын яамны хоёр дипломатыг улс орноосоо хөөсөн юм.  Тэднийг Венесуэлийн армийн офицеруудтай уулзаж, эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байхыг нь олж мэдсэн гэдэг мэдээлэл байгаа аж.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан