Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэх болсон. Ойрын жишээ гэхэд л, арван найзын маань зургаа нь биедээ ямар нэгэн хэмжээгээр гоо сайхны мэс засал хийлгэсэн нь үүнийг батлах мэт. Бүсгүйчүүдийн дунд хүчээ авч буй гоо сайхны мэс заслын талаар сурвалжлахаар Баруун дөрвөн замын Голомт хотхон дахь “Уранхолбоо” эмнэлгийг зорьсон юм. Учир нь, миний танил хоёр ч эмэгтэй энэ эмнэлгээр үйлчлүүлсэн тухайгаа ярьж байсан юм. Тус эмнэлэг уг хотхоны А байрны гурван давхарт үйл ажиллагаа явуулдаг болоод нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ. Эмнэлгийн үүдээр хөл тавингуут маск зүүсэн сувилагч бүсгүй ирж “Та ямар үйлчилгээ сонирхож байна. Тариф хараад сууж байх уу. Одоогоор эмч маань үзлэг хийгээд завгүй” хэмээн найрсагхан угтан авсан юм. Тус эмнэлэг нь хамар өндөрсгөх, унжуу, муруй засах, уруул шивэх, мэнгэ тавих, чихний дэлдэн арилгах, үрчлээ татах гээд л бараг 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Энд ёстой л хийхгүй юм гэж алга. Эдийн засгийн боломж нь л байдаг юм бол нүүр царайгаа 100 хувь өөрчлөөд гарах боломжтой юм билээ. Харин үнийн хувьд хамар өндөрлөх 788 ам.доллар, мэнгэ тавих 18-25, чихний дэлдэн засах 588, хамрын унжуу засах 588 ам.доллар гэж байлаа. Хамраа өндөрүүлэхэд Европын эмнэлгүүдэд 5000 ам.доллар, Солонгост 3000, дээр нь хоол унааны зардлаа нэмээд 5000 ам. доллар хүрдгийн хажууд хамаагүй хямд санагдаад явчихлаа. Мөн эмнэлгийн ажилчид гэхээр олон хүн харагдсангүй. Эмч, сувилагч гээд л хоёр хүн л үйлчилнэ.
Баярын өдөр тохиож байгааг ч хэлэх үү үйлчлүүлэгч ч их байв. Хүлээлгийн өрөөнд хамраа өндөрлүүлсэн, дахин үзлэг хийлгэхээр ирсэн хэмээн 18-20 орчим насны болов уу гэмээр хоёр охин сууж байсан юм. Түүний нэг нь өөрийгөө Хулан хэмээн танилцуулаад “Би өнгөрсөн наймдугаар сард хамраа өндөрлүүлсэн. Түүнээс хойш зүгээр л байсан. Харин ойрын үед жаахан хөндүүрлэж өвдөөд болдоггүй. Тэгээд үзүүлье гэж ирсэн юм. Хамраа өндөрлүүлсэн чинь хүн бүр л хөөрхөн болчихож гэсэн. Надад ч таалагдаж байгаа. Анх аав, ээж хоёр жаахан дургүйцэж байсан. Гэхдээ би ятгаж чадсан. Гол нь, хамрын ханиад хүрэхгүй, даарахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол үрэвсдэг гэсэн” гэв.
Харин түүний найз Ану хамраа өндөрлүүлэхээр сонирхож ирсэн гэнэ. Энэ үеэр сувилагчаас хамраа өндөрүүлэхэд ямар нэгэн эрсдэл гардаг эсэхийг лавлахад “Биед мэс хүрч байгаа л хойно ямар нэгэн зовиур гарна. Гол нь, үйлчлүүлэгч өөртөө анхаарал тавьж, эмчийнхээ зааврын дагуу л явах хэрэгтэй. Тэгэхгүй зарим нь бүр хүндрүүлээд одоо яах вэ гээд ирдэг. Мэс засалд нь жаахан зовиур илэрвэл эмчдээ үзүүлээд зөвлөгөө аваад явбал санаа зовоод байх зүйлгүй” хэмээн ярьсан юм. Гоо сайхны мэс заслын нэг эмнэлгээр ороход дээрх дүр зураг ажиглагдаж байлаа. Манай улсад одоогоор тус эмнэлгээс гадна 25 дугаар эмийн сангийн хажууд “Төгс төгөлдөр”, нэгдүгээр төрөхийн хажууд мөн нэг хувийн эмнэлэг гэх мэтээр олон газар гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлдэг аж. Үүнээс гадна Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасагт чихний дэлдэн засах, хамрын унжуу, муруй, сартгар засах, хамрын нуруу өндөрлөх зэрэг гоо сайхны нарийн мэс заслыг эрүүл мэндийн даатгалтай бол үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм билээ.