Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алагтай, цоогтой статистик


Үндэсний статистикийн хорооноос 2013 оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг гаргажээ. Тус судалгаагаар ажилгүйдлийн төвшин буурсан ч хэрэглээний индекс өссөн нь гол онцлох үйл явдал байсан гэв.
 
Өрхийн зарлага 24,7 хувиар өсчээ

Тус хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн 2012 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 780.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.6 хувиар нэмэгджээ.  Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 739.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.7 хувиар өссөн байна.  Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухайд тэмдэглэлт баяр тохиосонтой холбоотойгоор үнийн хөөрөгдөл үүссэн байх магадлалтайг статистикчид онцолж байв.
 
Хэрэглээний үнийн индекс оны эхнээс 2,8 хувиар өсөв

Өөрөөр хэлбэл, хэрэглээний үнийн ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн гурван хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлж байлаа. Тэрээр өнгөрсөн хоёр сар бараа, бүтээгдэхүүний үнийн савалгаа үүсгэдэг эгзэгтэй үе байдаг. Хэрэглээний үнийн улсын индекс  өнгөрсөн хоёр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 2.8 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өссөн. Цаашдаа хэрэглээний үнийн индекс тогтвортой байна  гэв.
 
Ажилгүйдлийн төвшин буурч эхэлжээ

Харин үүнтэй зэрэгцэн  төрөөс ажилгүйдлийг бууруулах цогц бодлого явуулж буйтай холбоотойгоор ажилгүйдлийн төвшин багасч буйг Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг хэллээ. Тэрээр “Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 37.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.0 мянган хүнээр буурлаа. Өөрөөр хэлбэл, 36.0 хувиар буурсан гэсэн үг. Ер нь, ажил идэвхтэй хайх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь нийслэл, дүүргийн хөдөлмөрийн биржийн бүртгэлээр харагддаг. Харин эдгээр хүнийг улс хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар ажилд зуучлан оруулж байна. Цаашид ажилгүйдлийн төвшин буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ ажилгүйдлийн төвшин тогтмол бус тогтворгүй хэлбэлздэг гэдгийг анхаарах хэрэгтэй юм” гэв.
 
Монголбанкны мөнгөний бодлого үр дүнгээ өгсөн гэнэ

Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн хоёрдугаар сарын эцэст 305.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.6 хувиар буурсан байна. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувиар буурсан гэсэн үг гэнэ. Хэдийгээр хэтэрхий хатуу хандаж байна хэмээн Монголбанкны явуулж буй мөнгөний бодлогыг албаны хүмүүс шүүмжилж байсан ч үр дүнгээ өгч буйг статистикчид нотолж байв. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн тухайд өнгөрсөн сарын сүүлээр 110.9 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 5.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 81.2 хувиар өссөн нь тухайн банкуудын дотоод бодлоготой холбоотой хэмээлээ.

Гадаад худалдааны алдагдал багаслаа

Дэлхийн 93 оронтой  арилжаа, наймаа хийдэг манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн хоёр сард 1317.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 506.1 сая ам.доллар, импорт 811.2 сая ам.долларт хүрэв. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны хоёрдугаар сард 154.8 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны мөн үед 88.6 сая ам.долларын алдагдалтай гарч. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 42.7 хувиар буурсан гэнэ. Мэдээж, экспортын 97.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж буй.

Малын зүй бус хорогдол нэмэгджээ

Хөдөө аж ахуйн салбарын хувьд энэ оны эхний байдлаар том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 138.9 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 дахин их байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 6.5 мянга, үхэр 13.9 мянга, тэмээ 142, хонь 50.8 мянга, ямаа 67.6 мянга байна. Энэ нь, цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалсан аж.
 
Зөв бодлого явуулбал аж үйлдвэр тэргүүлэх салбар болно

Харин өнгөрсөн оноос үйлдвэрлэл нь сэргэж буй аж үйлдвэрийн салбарынхны хувьд тун ч “од”-той байгаа.  Энэ салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний хоёр сард 330.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувиар өслөө.  Энэхүү өсөлтөд хурдацтай хөгжиж буй уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.8 хувиас 2.0 дахин өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбарын хивс, бууз, банш, нарийн боов, талх, шар айраг, сүлжмэл эдлэл, төмөр замын дэр мод, гурил, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл бэлдэц, металл бэлдмэл зэрэг үндсэн нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9 хувиас 2.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ. Энэ нь, манай улс бага багаар хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжиж буй хэрэг. Өмнөх оны статистик дүнтэй харьцуулахад аж үйлдвэр нь хамгийн хурдацтай хөгжиж буй салбар гэдгийг тус газрын мэргэжилтнүүд онцолж байлаа. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авбал Монгол Улс хурдацтай хөгжинө гэв.
 
Агаарын тээврийн орлого өсч, төмөр замынх буурав

Манай улсын нийгэм, эдийн засаг сайжрахын хэрээр тээврийн үйлчилгээний орлого ч тэр хэрээр нэмэгдэж, эрэлт ч үүсч буй. Тухайлбал, агаарын тээврийн салбарт  эхний хоёр сард 527.2 тн ачаа, давхардсан тоогоор 108.0 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 5.9 хувиар буурсан ч, зорчигчдын тоо 14.9 хувиар өссөн байна. Зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний хоёр сард 30.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар өссөн гэнэ.
Харин төмөр замын тухайд энэ оны эхний хоёр сард 2985.2 мянган тн ачаа, давхардсан тоогоор 609.4 мянган зорчигч зорчжээ. Гэвч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 10.1 хувь, зорчигчдын тоо 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Улирлын чанартайгаар орлого нь багасдаг тус салбарынхан өнгөрсөн саруудад 53.1 тэрбум төгрөг олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.9 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гэхдээ цаг агаар дулаарангуут тус салбараар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо өсдөг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан