Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭГ ХҮНД НЭГ САЯ ТӨГРӨГ ГЭСЭН ТООЦООГООР СУМДАД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Шинэчлэлийн Засгийн газрынхан нийслэлд “Гудамж”, орон нутагт “Сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажил хийх бөгөөд үүний эхлэл болгож ЭЗХЯ, БХБЯ, ҮХААЯ, Хөдөлмөрийн яамны хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. 168 хүний бүрэлдэхүүнтэй 28 ажлын хэсэг Монгол орны 21 аймаг 330 сум бүрт хүрч ажиллан өнөөгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар ажил хийх талаар судалгаа хийж ирэх юм. Үүний дараа ажлын хэсгийнхэн нэгдсэн бодлого боловсруулах бөгөөд сумдыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд аль суманд арьс, ширний үйлдвэр, хаана нь ноос, ноолуур, цагаан идээ боловсруулах үйлдвэр баривал зохимжтой талаар зөвлөмж гаргах нь. Үүний дараа орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ саналыг сонсч, асуудлыг эцэслэн шийдэхээр төлөвлөжээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайд Л.Санжмятав нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сумдыг иргэдийн оролцоотой хөгжүүлнэ

Орон нутгийн иргэдийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлж, ажилтай, орлоготой тохилог орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Энэ нь төв рүү чиглэсэн нүүдлийг зогсоох хөшүүрэг болох аж. Өөрөөр хэлбэл, тэд аймгийн төв, сумдыг таван бүлэгт хувааж хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ангилалд 3000 хүртэл хүн амтай сумын төв багтаж буй бол хоёрдугаарт 3000-5000, гуравдугаарт 5000-аас дээш хүн амтай сум багтсан аж. Мөн аймгийн төв, онцлогтой сум хэмээн ангилсан байна. Онцлогтой суманд хилийн боомт болон уул уурхайн олборлолт явуулж буй сумыг багтаах  гэнэ. Манай улсад 3000 хүртэл хүн амтай 170, 3000-5000 хүнтэй 100, 5000-аас дээш хүнтэй 28, онцлогтой  гэсэн ангилалд хамаарах 11 сум байдаг аж.
Өмнө нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэг жилээр баталдаг байсныг Шинэчлэлийн Засгийн газрынхан дөрвөн жилээр хийж байхаар болсон. “Сум” хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Таны амьдарч байгаа сум, хороо, багт ямар ажил хийхийг танаас асууж, таны оролцоотойгоор аливаа ажлыг хийх юм байна.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Улсын төсвөөс нэг хүнд нэг сая төгрөг гэсэн тооцоогоор сумдад хөрөнгө оруулалт хуваарилна. Өөрөөр хэлбэл, 3000 хүн амтай суманд гурван тэрбум, 5000 байвал таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” гэв.

Орон нутгийн удирдлагуудаас сумын хөгжил хамаарна

Урт хугацаатай боломжийн хүүтэй зээл олговол жижиг дунд үйлдвэр эрхэлж нутгийнхаа иргэдийг ч ажлын байраар хангах боломжтой гэж орон нутгийнхан ярьдаг. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ. Иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжиж таван жилийн хугацаатай долоон хувийн хүүтэй зээл олгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, сумдад нэг хүний 100.000 төгрөгөөр тооцож зээлээ олгох бөгөөд 3000 хүнтэй суманд 300 сая төгрөг хуваарилах аж. Үүнээс гадна “Амьжиргааг дэмжих зээл”-ийг ч бий болгожээ. Хүүгүй олгох уг зээлийг нэг хүний 10.000 төгрөгөөр бодож 5000 хүнтэй суманд 50 сая төгрөг өгч зээлийн сан бүрдүүлэх аж.  Харин энэ зээлийг авсан хүн Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авах эрхгүй. Дээрх бүх санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. Харин мөнгөө хэрхэн ашиглах, ямар ажилд зарцуулахаа тухайн сумын удирдлагууд иргэдийнхээ оролцоотой шийдэх юм. Энэ утгаараа Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар орон нутгийн иргэдийн төсөв мөнгөө захиран зарцуулах эрхийг хангаж өгөх нь. Учир нь, сумд төсвөөс авсан мөнгөөр Соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга барих уу гэдгээ нийтийн хурлаараа шийднэ. Үүний дараа гүйцэтгэгчээ ч нутгийн өөрөө удирдах байгууллагынхан ч өөрсдөө сонгох боломжтой болох гэнэ.
“Сум” төслийг Засгийн газраас УИХ-ын ирэх сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөөд байгаа юм.
С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан