Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ-Овоо” -гийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлнэ

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Одоогоор тус компани “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК гэсэн охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Шивээ-Овоогийн нүүрсний ордын 4293 га талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Засгийн газрын хуралдаанаар тус компанид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг түшэглүүлэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д хариуцуулан хэрэгжүүлэх юм.  Үүнээс гадна Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэх аж.
Мөн байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан