Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ардчилал” сонины эрчүүд цэрэгт биш цэцэрлэгт “алба хаалаа”


“Монгол цэргийн баяр” буюу Зэвсэгт хүчний 92 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг хэдийгээр “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон ч Монгол эрчүүд тэр даяараа баяр болгон тэмдэглэдэг. Үүнд шүүмжлэлтэй хандах хүмүүс байдаг. Монгол эрчүүд эх орныхоо төлөө тэмцэх зоригтой учраас мөрдэс зүүж үзээгүй ч тайван цагт баяр болгон тэмдэглэж байхад юун буруу байхав. Манай “Ардчилал” сонины хамт олны хувьд энэ баяраа нэгэн өвөрмөц байдлаар тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Байгууллагын маань бүсгүйчүүд энэ өдөр эрчүүддээ гэнэтийн бэлэг барьдаг. Өнгөрсөн жил эрчүүдээ нэг өдрийн цэргийн албанд мордуулсан бол энэ удаа арын албанд ажиллах, туршлага суулгахаар болсон юм. Эр хүн болгон эх орныхоо төлөө өөрийгөө зориулах үүрэгтэй. Бас эр хүн бүр аав болж, үр хүүхдээ хүний зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Тийм ч учраас энэ удаагийн бэлэг тэдэнд таалагдана гэдэгт бид итгэлтэй байсан юм.

Өглөөний 07 цаг 30 минутад эрчүүдээ чөлөөт хувцастай, сольж өмсөх пүүз эсвэл гэрийн таавчигтай ирэхийг үүрэгдсэний дагуу тэд цувран ирсээр 08:00 цагийн хэрд бид “гэнэтийн бэлэг”-ийнхээ зүг хөдөлсөн юм. Цэргийн ангид нэг өдрийг өнгөрүүлсэн эрчүүд маань “Энэ удаа хаашаа явж байгаа юм бэ. Одоо цэргийн анги биш юм уу” хэмээн шалгаана. Долоон буудлын эцсийг зорьж байгааг маань сонсоод, “Тэнд цэргийн анги байхгүй шүү дээ” хэмээн замын турш хаашаа явж байгааг таах гэж их л хичээлээ.

Зорьсон газраа ч ирж, эрчүүд маань “Их ханд” цэцэрлэгийн туслах багш, тогооч, үйлчлэгч, угтагч гээд л хүн бүр бидний хуваариласны дагуу өөр өөрийн үүрэгт ажлыг хүлээж авлаа.
Чингэлтэй дүүргийн 18, 19 дүгээр хорооны хүүхдүүд хүмүүждэг энэ цэцэрлэг 57 “бяцхан цэрэг”-тэй. Хувийн цэцэрлэг учраас хүүхэд цөөтэй. Гэхдээ л энэ цэцэрлэг хотын төвийн цэцэрлэгүүдээс төлбөр хямд, хоол сайтай, багш нар нь найрсаг гээд олон сайн талыг нь тоочоод барш­гүй тийм л халуун дулаан гэр. Цэцэрлэгийн эрхлэгч Т.Сумъяа эгч биднийг ороход элгэмсүү хүлээн авч, эрчүүдийг маань үүрэгт ажилд нь хуваариллаа. Манай эрчүүд хувцсаа солин, гараа ариутгаад тус тусынхаа ажилд ханцуй шамлан орсон юм.


Хамгийн хэцүү боловч амархан

Цэцэрлэгийн эрхлэгч Т.Сумъяа эгч “Дэгдээхэй” бүлэгт дөрвөн ч туслах багш өгч болно шүү. Хамгийн их ачаалалтай анги хэмээн онцолсон. Уг нь, бид  “албан тушаалаа” хуваарилчихсан байсан ч “угаагч”-аар томилогдоод байсан сурвалжлагч Г.Даваабаатарынхаа хариуцах албыг эрхлэгчийн хүсэлтээр туслах багш болгоод 14 хүүхэдтэй “Дэгдээхэй” бүлэгт өгөв. Түүний хамтран зүтгэгчээр “Ардчилал” сонины эх бэлтгэгч Б.Бат­хишиг, борлуулалтын менежер А.Түдэвдорж нар томилогдсон юм. “Дэгдээхэй” бүлэгт ой нэг сартайгаас гурван настай хүүхдүүд хүмүүждэг. Амралтын өдрүүдээр гэртээ өнжсөн дүү нар маань нойрмоглон бас аав ээжийгээ даган уйлна.

“Дэгдээхэй” бүлэгт өнөөдрөөс /өчигд­рөөс/ нэг ой гурван сартай жаахан охин шинээр элсэн оржээ. Өмнө нь, цэцэрлэгт явж байгаагүй, ээжийнхээ хөхнөөс ч салаагүй түүнд огт харж байгаагүй олон танихгүй хүүхдүүд, томчууд нөлөөлсөн үү, ээжийгээ дагаж уйлсаар л байлаа. Манай гурав ч сандран түүнийг ээлжлэн аргадсаар. Охин том том нулимс бөмбөрүүлэн уйлсаар л...

Удалгүй охин ч жаахан тайвширч, өглөөний цайны цаг боллоо. “Их ханд” цэцэрлэг өглөө бүр хүүхдүүддээ овьёостой сүү өгдөг. Хүүхдүүд анх энэ хоолондоо тун ч дургүй байж. Сүүг нь уугаад овьёосыг нь иддэггүй байсан аж. Овьёос гэдэс цэвэрлэдэг болохоор гэртээ хариад гүйлгэсэн хүүхдүүдийн аав ээж ямар хоол өгөөд байгааг нь лавлан гомдол нэхэх тохиолдол ч гарсан гэнэ. Гэхдээ одоо хүүхдүүд тэжээлтэй, эрүүл энэ хоолондоо дуртай гэж жигтэйхэн.

“Дэгдээхэй” бүлэгт багшийнхаа дэмжлэгээр хооллодог хүүхдүүд цөөнгүй. Энэ удаа манай гурван асрагч хүүхдүүдийг хооллолоо. Өдрийн цай, өдрийн хоол идэхэд нь ч тэр өвөр дээрээ суулгаад л хооллож байгаа харагдсан. Манай гурав ангийнхаа жаалуудтай 20 хүрэхгүй минутын дотор л дотносож амжлаа. Г.Даваабаатар маань гурван настай охинтой учраас хүүхдүүдийн аргыг олохдоо эвлэгхэн. Уйлсан хүүхдийг аргадаж, үймүүлсэн хүүхдийг зэмлэхдээ ч тэр эвтэй. Харин манай А.Түдэвдорж бол хүүхдүүдтэй үеийн найз шиг нь л харилцаж, тэдэнд олон зүйлийг хэлж, ярьж байгаа харагдлаа. Гэхдээ түүний хурдан, дуржигнасан яриаг бяцхан шавь нар нь ойлгосон л байгаасай. Б.Батхишиг маань харин хүүхдүүдийг цэвэр, цэмцгэр байлгах дуртай “багш”. Нус нь гоожсон хүүхдийн хамрыг нүд ирмэх зуур л цэвэрлэнэ.  “Дэгдээхэй” бүлгийн багш биднийг явахад “Манай анги хэр таалагдсан бэ. Манай хүүхдүүд хэдий жаахан ч их ухаантай. Өглөө уйлсан ч аргадчихвал  ахиж уйлдаггүй юм. Хүүхдүүдтэй байхад цаг маш хурдан өнгөрлөө. Нэг л мэдэхэд тарах цаг болчихлоо” гээд л үдсэн. Үнэхээр энэ ертөнцийг таних гэж яваа бяцхан үрсийн уйлах нь хүртэл сонсголонтой аж. Тиймдээ ч тэр жаргал дунд яваа цэцэрлэгийн багш хүн гэгээлэг байдаг нь ойлгомжтой.


“Дуутай” бүлэг

“Нархан” бүлэг бол “Их ханд” цэцэрлэгийн дунд бүлэг. Энд нэг ой найман сартайгаас гурван нас хүртэлх багачууд хүмүүждэг. Тэднийг бид хамгийн “дуутай” бүлэг хэмээн нэрлэсэн. Учир юу гэвэл “Нархан” бүлэгт өнөөдөр /өчигдөр/ бас нэгэн жаал шинээр иржээ. Түүнийг аав, ээж өмнө нь Дорнод аймагт цэцэрлэгт оруулсан боловч нэг л өдөр яваад дахиж цэцэрлэг рүү зүглээгүй гэнэ. Харин одоо гурван ойтой том ах болсон учраас аргагүйн эрхэнд цэцэрлэгт ирсэн нь энэ. Тэр өглөө ангидаа ирсэн цагаасаа хойш “Аав хаана байна, би явна” хэмээн уйлж, цэцэрлэгээр нэг дуу хадааж гарлаа. Ангийнх нь гурван ч жаал дуу нийлүүлэн нулимсаа нирсэн билээ. Харин тэднийг энэ бүлгийн хоёр багшид туслахаар хуваарилагдсан манай сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр, гадаад мэдээний орчуулагч Б.Бадрал нар аргадаж, тайвшруулна.


Хэдийгээр жаахан тайвширсан ч багшийгаа гарахаар эсвэл нэгнийгээ уйлахаар тэд дахиад л уйлна. Иймээс л тэднийг хамгийн “дуутай” анги гэж нэрлэсэн юм даа. “Нархан” бүлгийн хүүхдүүд их дүрсгүй. Гэвч тэдэн дунд байгаа үгүй нь мэдэгдэхгүй суух хүү бол Магсаржав. Түүнийг манай зурагчин Ү.Одбаяр “Магсаржав гэж хүүхэд байсныг гарахдаа л харсан.


Чимээ гаргадаггүй хүү байна лээ” хэмээн хошигнон ярьсан юм. Харин хамгийн зөрүүд бас хамгийн бяцхан Чингүүн хүү манай хоёрыг овоо шалгасан юм. Үргэлж ангийнхаа үүдийг сахиж, гарна гэж зүтгэх Чингүүн хүү зөрүүд зангаа манай хоёрт ч үзүүллээ. Чингүүнийг ээлжилж тосч суусан хоёр “асрагч багш” аргаа бараад тоглуулахаар тавьчихав. Гэтэл хүү өмдөндөө шээчих нь тэр. Манай хоёр ч тэвдэж, ахлах багш нь “Дандаа ингэдэг юм аа. Өмдөндөө шээчихээд л хэлээ гаргаад сууж байдаг юм” гэв.

Харин манай орчуулагч Б.Бадрал хүүхдүүдийг хооллохдоо ёстой л нэг мэргэжилтэн. Хоолондоо дургүй хүүхдэд ч бүх хоолыг нь дуустал идүүлж чадсан учраас ангийн багш түүнд их ам сайтай байсан.


Ү.Одбаяр маань шавь нартайгаа “Маша баавгай” хүүхэлдэйн кино үзээд, Машагийн хэлдэг бүх үгийг хүүхдүүдэд тайлбарлан хэлж, орчуулж өглөө. Ү.Одбаярын хүү нь яг ангийнх нь хүүхэдтэй ойролцоо настай учраас “Маша баавгай” хүүхэлдэйн киног хүүтэйгээ хамт үзсээр байгаад бүх үгийг цээжилсэн нь энэ аж.


Үсрэнгүй хөгжилтэй “Бүжин” бүлгийнхэн

“Бүжин” бол ахлах бүлгийнхэн. Тэднийг туслах багш нар нь “үсрэнгүй хөгжилтэй” гэж нэрлэсэн. Манай сонины эх бэлтгэгч Н.Түвшинбат, сэтгүүлч Б.Ганбилэг хоёрын хувьд туслах багшийн ажил харьцангуй хөнгөн байсан гэхэд болно. Ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн сургуулийн босго алхахаар бэлтгэж байгаа жаалууд суралцдаг учраас тэд хичээл ихтэй завгүй.


Бас “Нархан” бүлгээс ээж аавынхаа хүсэлтээр энэ бүлэгт шилжин суралцдаг гурав, дөрвөн настай хүүхдүүд бий. Цэцэрлэгийн ахлах ангийнханд зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу өнөөдөр “Бүжин” бүлгийнхэн хогийн савны тухай хичээл заалгаж, ойлгосныхоо дагуу хогийн сав зурсан юм.

Түвшээ маань ангийнхаа хамгийн бага настай нөхдүүдтэй тулж харилцсан. Тэдэнд хогийн сав зурж өгөн, хэрхэн будахыг зааж байсан. Харин Ганбилэг маань хүүхдүүдэд хогийн савыг хэрхэн зурж болох талаар санаа хэлж байгаа харагдсан. Таван настай хүүхдүүдийн хувьд аль хэдийнэ зураг зурахдаа эвлэгхэн бол­жээ. Хэдхэн минутын дотор хогоо хогийн саванд хаяж байгаа хүүхдийн зур­гийг зураад л, будчихна. Харин Түв­шээ маань харандаагаа яаж зөв ба­рихыг зааж байлаа. Үүнээс эх­лээд Түвшээ “туслах багш” бяцхан жаалуудад заах зүйл зөндөө байсан болохоор нэг өдөр түүнд хангалтгүй байсан юм. Хүүхдүүдтэй өдрийг өн­­гө­­рүүлж, унтуулаад гарахдаа хоёр туслах багш хоорондоо “Чи хүүх­дүүдийн нэрийг цээжилсэн үү, би талыг нь л цээжилсэн” гэх нь сонст­лоо. Аргагүй дээ, хэтэрхий тулж харилцсан юм чинь.


Ажилдаа үнэнч хоёр

“Ардчилал” сонины жолооч Э.Батбаяр, санхүүч Н.Хатанболд хоёр маань гал тогоо үйлчилгээний ажилд хуваарилагдсан. Тэдний ажил өглөөнөөс эхлээд л ундарсаар. Хатнаа ах ажлаа хүлээж аваад л шууд аарц буцалгалаа.

Харин Батбаяр ах маань өдрийн хоол бэлтгэж, мах, гурил хэрчив. “Их ханд” цэцэрлэг гурван долоо хоногт нэг удаа хоолныхоо цэсийг өөрчилдөг. Энэ удаагийн даваа гарагийн цэсэнд өглөө овьёостой сүү, өдөр аарцтай печень, мөн гурилтай шөл багтсан байлаа. Бяцхан жаалуудын амтархан иддэг хоолыг хийхэд манай эрчүүд сэтгэлээ шингээн тусалсан юм.

Гал тогоонд хуваарилагдсан хоёр маань ажилдаа маш сэтгэл хангалуун байсан талаараа сүүлд ярьсан юм. Хатнаа маань өөрт оногдсон ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, үүдний хөлийн алчуурыг угаах ажлыг өөрийнхөө хүсэлтээр хийсэн нь дээр хэлсэн үгийг нь баталсан юм даа.

Хүүхдийн боловсрол хамгаас чухал

Манай эрчүүдээс хамгийн ахмад нь Х.Өлзийбаяр ах маань. Түүнийг бид цэцэрлэгийн эрхлэгчийн туслахын ажилд томилсон юм. Яг үнэндээ энэ томилгоо маань ёстой л нүдээ олсон хэрэг байлаа.

Цэцэрлэгийн эрхлэгч үргэлж хүүхдүүдийн юу хийж байгааг шалгаж, багш нартаа хяналт тавина. Ах маань ч энэ ажлаа идэвхитэй хийж, ахлах ангийнхны хичээлд оролцож, өөрийнхөөрөө хүүхдүүдэд боловсрол олгож, багш нарт санаа бодлоо хэлсэн. Бас цэцэрлэгийн эрхлэгч Сумъяа эгчтэй санаа бодлоо солилцож, түүнд шинэ санаануудаа ярьж, зөвлөлдөж байлаа. Ярихдаа үе үе долоовор хуруугаараа нүднийхээ шилийг өргөх Өлзий ах маань боловсролын тухай, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын талаар чамгүй мэдлэгтэйгээ харуулж, цэцэрлэгийн эрхлэгч Сумъяа эгчийг баярлуулсан.

Цэргийн албан хаагчаас цэцэрлэгийн багш

Ингээд л хүүхдүүдийн өдрийн унтлаганы цаг болж, бид ч буцаахаар болов. Эр хүн бүр аав болдог. Манай эрчүүд дотор анхныхаа үрийн зулайг үнэрлээд удаагүй аав, аль хэдийнэ хүүхдүүдээ өсгөж том болгоод ач, зээгээ үзсэн өвөө, хараахан өлгий зэхэж амжаагүй нь ч бий. Өдөр тутмын сонины завгүй амьдрал дунд буцалж яваа эрчүүд маань нэг өдрийг хүүхдүүдийн дунд өнгөрөөж, сайхан энерги авсан нь энэ. Тэд сэтгэл хангалуун буцсан. Цэргийн албан хаагчаас цэцэрлэгийн багш болсон эрчүүд маань эх орныхоо төлөө ямар ч ажлыг хийж, ямар ч давааг давна гэдгээ харууллаа. Дараа жил бэлтгэх бидний бэлгийг эрчүүд маань өөр өөрийнхөөрөө тааварласаар гуравдугаар сарын 18-ны өдрийн албаа амжилттай хаалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан