Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Оюун: Зайсангийн аманд амьдардаг иргэдийн газрын асуудлыг УИХ шийднэ


УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Газрын тухай багц хуульд танай яамны зүгээс ямар санал оруулж байгаа вэ?
-Манай яам тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх асуудлыг хариуцдаг. Тиймээс Газрын тухай багц хуулийг хэлэлцэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах өнцгөөс илүү идэвхтэй оролцоно. Яамны зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэхээр бэлтгэж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Монгол Улсын нийт газар нутгийн 17 хувь  нь тусгай хамгаалалттай. Цаашид энэ хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэх зорилт тавьж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар өмчлүүлэх эрх хэнд ч байхгүй. Харин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгодог юм. Ямартай  ч, 1990-ээд оноос Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг хөндөж, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан. Энэ дагуу нийт нутаг дэвсгэрийнхээ 17 хувийг тусгай хамгаалалттай болгосон нь том дэвшил гэж үздэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж болохгүй газар нутгийн хил заагийг гаргана гэсэн заалт орсон байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллана. Энэ утгаараа ч Газрын харилцааны тухай хуульд саналаа нэмэрлэсэн.

-Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхгүй гэдэг ч Богдхан уулын Зайсангийн аманд орон сууцны хороолол олноор сүндэрлэчихлээ. Цаашид энэ асуудлыг цэгцэлж, шийд­вэрлэхэд яамны зүгээс ямар бодлого баримтлах вэ?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд уг нь их ойлгомжтой, зөв зохицуулалт байдаг. Аялал жуулчлалын шугамаар иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл өгнө гэж. Энэ нь таван жилийн хугацаатай. Хугацааг нь сунгаж болно. Харамсалтай нь, 2001, 2002 оноос эхлээд энэ хуулийг Богдхан ууланд буруу хэрэгжүүлсэн. Бусад тусгай хамгаалалттай газар нутагт ийм асуудал харьцангуй  бага. Монгол Улс 29 тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай. Богдхан уулын Зайсангийн ам, Горхи Тэрэлжийг эс тооцвол шүү.  Эдгээр газарт хуулиа буруу хэрэгжүүлээд явчихсан байгаа юм. Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл олгосон хэрнээ тэр газар нь орон сууцны хороолол босгосон байх жишээтэй. Яамнаас гаргасан ажлын хэсэг гурав хоногийн өмнө дүгнэлтээ танилцуулсан. Ямар ч байсан, би 2012 оны есдүгээр сард яаманд очсоноос хойш Богдхан ууланд нэг ч зөвшөөрөл шинээр өгөхгүй гэж хоёр жилийн хориг тавьсан. Энэ хугацаанд байдал ямар байгааг судална. Тиймээс ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийн хийсэн дүгнэлтээс үзвэл, 50 гаруй байгууллага зөв­шөөрлийнхөө дагуу ажиллаж байгаа бол 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрлийнхөө зориулалтыг өөрчилсөн байна. Дээр нь зөвшөөрөл авсан хэрнээ хоёр жилийн дотор ажлаа эхлээгүй нь ч байна. Кадастрын зураг давхардсан нь ч байна. Өмнө нь, УИХ дээр энэ асуудлыг шийдвэрлэхээр хоёр ч удаа ажлын хэсэг гаргасан боловч шийдэж чадаагүй. Тиймээс яамны удирдлагын зүгээс шинээр газар олгохгүй. Өмнөх замбараагүй байдлыг үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Хуучнаа яаж засч болох вэ гэдгийг судлаж байна. Хоёр жилийн хугацаа нь хэтрээд үйл ажиллагаа явуулаагүй бол зөвшөөрлийг нь цуцална.

-Зайсангийн аманд амьдарч буй иргэдийн асууд­лыг хэрхэн шийдвэрлэх вэ. Аж ахуйн нэгжүүд газар эзэм­шиж болоод байдаг. Тэг­сэн хэрнээ тэнд олон жил амьдарсан хүмүүст газар чө­лөөл гэсэн шаардлага тавь­даг гэж гомдоллож байгаа?
-Иргэдийн асуудал бол УИХ дээр яригдахаас өөр аргагүй юм билээ.1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гарахаас өмнө тэнд амьдарч байсан уугуул, суугуул 700 иргэн бий гэж байгаа. Гэхдээ тэднээс нэртэй устай нь хэн нь 1994 оноос амьдарч байсан бэ гэдгийг тодруулахаар ажлын хэсэг гаргасан. Мэдээж, иргэ­дийн асуудлыг ойлгож байна. Шийдмээр байгаа боловч хуулиар манай яаманд тэр эрх нь байдаггүй. Өөрөөр хэл­бэл, иргэн Доржид тусгай хамгаалалттай газар нутагт газар өмчлүүлэх эрх яаманд байх­гүй гэсэн үг. Тиймээс УИХ-ын төвшинд хуулиар зохи­цуулах уу, эсвэл өөр байдлаар шийдвэрлэх үү гэдгийг ярих хэрэгтэй болоод байна.

-Тэнд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авчихаад зо­риулалтаа өөрчилсөн аж ахуйн нэгжүүдийг олон ний­тэд зарлаж болохгүй юм уу?
-Зарлана. Ажлын хэсэг жагсаалт гаргаад хэн нь анх авсан зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байна, хэн нь тэрийгээ зөрчсөн тухай холбогдох байгууллагуудад бичиг хүргүүлэхээр болсон. Ойрын үед энэ бичгээ хүргүүлнэ. Манай яамны зүгээс өнгөрсөн арав гаруй жилийн дотор бий болгосон энэ бантан шиг асуудлыг өргөс авсан юм шиг шийдвэрлэж чадахгүй юм аа гэхэд, ядаж л замбараагүй байдлыг таслан зогсооно. Шат дараалалтайгаар шийд­вэрлэхийг хичээнэ.

0 Сэтгэгдэл
Ix xyrald oroltsoxgyi yil xereg gej alga daaa
Хамгийн их уншсан