Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Бажий: Туул голын бохирдлын хэмжээг анх удаагаа бүрэн тогтооно


Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ц.Бажийтай Туул голын усны төвшин, бохирдлыг нь хэрхэн цэвэрлэх талаар ярилцлаа.

-Туул голын ус хавартаа тасардаг болоод байгаа. Гэвч үүнийг эергээр тайлбарлах байдал ажиглагддаг. Таны хувьд хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ бол экологийн тэнцвэр зуун хувь алдагдсаны илрэл. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал гадаргын ус нь гүний усныхаа хасах балан­сыг нөхөхийн тулд шургаж орчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, гүний ус нь дундарсан тул  тэр хэмжээг нь нөхөөд газарт орж байна гэсэн үг.
Манайхаас бусад оронд хэрэгцээнийхээ 90 хувийг гадаргын  уснаас  авч, үлдсэнийг нь гүний усаар хангадаг. Гэтэл манай улс эсрэгээр нь ашигладаг юм. Үүнийг өөрчлөхийн тулд “Ус үндэсний хөтөлбөр” боловсруулсан. Энэ хөтөлбөрт тусгаснаар Туул голын гурван цутгаланд усан сан байгуулах ёстой. Одоо Эдийн засгийн хөгжлийн яаманд ТЭЗҮ нь хийгдэж байна. Ингэснээр гадаргын усны нөөц бий болно. Үүгээр хэрэгцээгээ хан­гах юм. Энэ бол таван жилийн хугацаанд биеллээ олно.

-Дээрх төсөл хэрэгжтэл гүний усны зохистой төв­шинг яаж бүрдүүлж барих вэ?
-Эхний ээлжинд гүний усны балансыг барихын тулд хэмжээ хязгааргүй гаргасан худгуудыг цэгцлэх ёстой. Туулийн эхэнд мод тарих хэрэгтэй. Өнөөдөр Туулын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа түгээмэл тархацтай ашигт малт­малын уурхайнуудыг хаах учиртай юм. Энэ ажлууд эхэл­сэн ч бэрхшээл их бий. Гэхдээ ажил урагшилж л байна. 

-Тэгэхээр Туул голын эрэг дагуу байрласан амралт, сувиллын газруудыг бас нүүлгэх үү?
-Хуульдаа эргээс 200 метр газар онцгой, 500 метр бол энгийн хамгаалалтын бүс гэж заасан. Үүнд ямар ч үйл ажиллагаа эрх­лэ­хийг хориглосон. Хариуц­сан яам, тамгын газар нь хамтраад сайдын тушаа­лаар хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа эрхлэх жу­рам тогтоодог.
Онцгой хам­гаалалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх  үү, үгүй юу гэдгийг  одоо л тогтоох байх. Хуучин журманд нь байгаагүй. Тэгэхээр бүгд хууль зөрчөөд амралт сувиллын газар байгуулсан гэсэн үг.

-Төв цэвэрлэх байгуулам­жийн хоцрогдлоос болж Сон­ги­нын булан, Төв айм­гийн Алтанбулаг сумын талд голын бохирдол нэ­мэгд­сэн. Бохирдлын зэрэг тогтоох, цэвэршүүлэх ямар нэг арга хэмжээ авч байна вэ?
-Төв цэвэршүүлэх байгуу­лам­жийн мэргэжилтнүү­дийн гаргасан тооцоогоор хоёр тунгаагуур, нэг био цөөрөм, гүний цэвэршүүлэгч гурвыг  10 тэрбум төгрөгт багтааж барих гэж байгаа. Үүний 8.7 тэрбумыг нь Барилга хот байгуулалтын яамнаас гаргаад өгсөн. Үлдсэн мөнгийг нь төрөөс мэдээж шийдэж өгөх байх.
Энэ байгууламж ирэх аравдугаар сарын 20 гэхэд баригдаж дуусах ёстой. Ингээд цэвэршүүлэх төвшин 50, 60 хувиас дээш гарна. Тэгэхээр энэ бол зүгээр л гал унтрааж буй хэрэг. Монгол, Солонгосын Засгийн газар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэч­лэх” төслийн хэлэлцээр хийж байгаа. Энэ төсөл удахгүй хэрэгжээд эхэлбэл  2018 он гэхэд шинэ цэвэрлэх байгууламжтай болно.

-Туул голын бохирдсон усыг  хэдий хугацаанд цэвэрлэх бол?
-Сүүлийн 20 жилд бохир­дуулсан л даа. Эхний ээлжинд төв цэвэршүүлэх байгууламж нь усаа 90 хувиас дээш цэвэршүүлэх чадвартай байх ёстой. Тэгээд  Туул голын бохирдлын хэмжээ хаанаа ямар байгааг бүрэн  тогтоох хэрэгтэй. Үүний дараа цэвэрлэгээний ажил хийх учиртай. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ судалгааг хийнэ. Удахгүй эхлэх юм. Голын урсгал доор байдаг торгон элс буюу хагшаас нь олон төрлийн бодисоор бохирдсон.
Үүний хэмжээг судалгаагаар тогтоох юм. Бас хатуу хог хаягдал ч их бий. Хүмүүс ундааны саваа хаях, голын эрэг дээр угаасан машины тос голд ороод бохирдуулсан газар байгаа. Энэ судалгаандаа үндэслэж, цэвэрлэгээний технологио тогтооно.

-Урд нь бохирдлынх нь хэмжээг тогтоох судалгаа хийж байсан уу?
-Хийж байгаагүй.

0 Сэтгэгдэл
hiij bgaagui gej yaj helj chadaj bna aa, medehgui geech
энэ чехт оедолчих байсан залуу яаж яваад ус байгал хамгаалдаг хүн болдог байнаа
Хамгийн их уншсан