Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.БАКЕЙ: НАУРЫЗ БОЛ ЁС ЗАНШЛЫН БАЯР

Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Тиймээс энэ удаагийн “Улс төржөөгүй яриа” буландаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг урьж, ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг юм.

-Наурызын баярын утга учрын талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-За, тэгье. Юуны өмнө  Монгол Улсын нийт иргэд тэр дундаа Баян-Өлгий аймгийнхандаа, казах түмэндээ Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, айл бүрт эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Наурызын баярыг өнө эртнээс дэлхийн олон оронд тэмдэглэж ирсэн уламжлалтай.  Энэ баярын хувьд шашинтай огт холбоогүй. Цэвэр ёс заншлын шинжтэй баяр юм л даа. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр баяраа тэмдэглэдэг нь ч бас учиртай. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцдэг. Ингээд гуравдугаар сарын 23-наас өдөр уртасч эхэлдэг.
Тэгэхээр казах түмэн Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэж билэгшээдэг. Тиймээс хаврын эхний өдөр, шинийн 1 нь гэж тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Хавар болж, өдөр уртассанаар мал төллөж, цагаан идээ элбэг дэлбэг болж, шинэ ногоо цухуйж, амьтад ичээнээс гарна. Өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг.
-Наурызын баярыг мон­голчуудын Цагаан сартай адилхан гэж ойлгодог. Нау­рыз гэдэг үгийн утгын ту­хайд тайлбар хэлэхгүй юү?
-Наурыз гэдэг нь перс гаралтай үг. Персээр нау гэдэг нь шинэ, рыз гэдэг нь өдөр. Үгчлээд орчуулбал шинэ өдөр гэсэн үг. Хаврын эхний өдөр гэдэг утгаар нь энэ баярыг тэмдэглэж байгаа. Тэмдэглэж буй арга хэлбэрийн хувьд үндсэндээ монгол түмний Цагаан сарын баяртай яг адилхан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин ард түмний хувьд өглөө эртлэн босч, ахмад настай хүмүүстээ очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг. Айл болгон тас таркан буюу идээ засна. Гэрт орж ирсэн хэнийг ч бай сайхан дайлж, цайлаад гаргадаг уламжлалтай. Наурызын өдөр ямар ч хүнийг гомдоохгүйгээр аль болох баярлуулах ёстой. Тухайн айлд ирсэн хүн баян чинээлэг,  ядуу зүдүү ч байж болно. Хүн болгоныг сайхан дайлна. Учир нь, тухайн зочилж ирсэн хүнийг дагаж, тэр айлд буян орж ирнэ гэж билэгшээдэг юм. Буянтай хүн орж ирж байна гэсэн утгаар хүндэтгэж, хүлээн авдаг. Энэ өдөр хэн нэгэнд муу үг хэлэх, архи дарс уухыг хатуу цээрлэж, аль болох сайн сайхныг хүссэн, ерөөлийн үг хэлдэг уламжлалтай.
-Казах айлуудын Нау­рызын өдөр дэлгэдэг “тас таркан”-аас илүү олон төрлийн орцтой шөлийг хүмүүс их сонирхдог?
-Монголчууд Цагаан сараар ууц, эсвэл өвчүү чанаж тавьдаг шүү дээ. Тэгвэл Наурызын баяраар айл болгоны нийтлэг хийдэг зүйл бол Наурыз көже буюу Наурыз шөл. Энэ өдөр ямар ч айлд орсон энэ шөлийг уух ёстой. Дээр үед одоогийнх шиг юм тийм ч их элбэг дэлбэг байгаагүй. Наурыз шөлөнд нь дор хаяж долоогоос доошгүй идээний дээж ордог. Ту­хайлбал, хөдөөгийнхөн шө­лөнд хуучин оныг төлөөлж, өм­нөх оны идээний дээж, шинэ оныг төлөөлүүлэн ши­нээр төллөсөн малын сүү, уураг гэх мэтийг хольдог. Мэдээж, хот суурин газрынхан байгаа хүнсний бүтээгдэхүүнээ оролцуулан Наурыз шөлөө хийнэ.
-Наурызаар 40 айлд орж, олон орцтой шөлийг нь уусан хүн тэр жилдээ аз хийморьтой явдаг гэж сонссон юм байна. Энэ тухайд...?
-Зарим хүн билгэшээж хэлсэн үгийг гуйвуулдаг явдал байна. Тухайн айлд 40 хүн орж ирлээ гэж бодъё. Тэднээс ядахдаа нэг нь тэр айлд буян хайрлах хүн гэж билэгшээж ярьдаг юм л даа. Тийм учраас орж ирсэн хүн болгоныг баярлуулж, дайлж цайлаад гаргах уламжлалтай. Энэ үүднээс л 40 гэсэн тоо гарч ирсэн.
-Танд хамгийн сайхан дур­самж үлдээсэн Наурыз баярын тухай дурсахгүй юу?
-Социализмын үед Цагаан сар, Наурызын баярыг тэмдэглэхийг хорьсон шүү дээ. Тиймээс миний хүүхэд ахуй цагт энэ баярыг тэмдэглэж байгаагүй. Айлууд гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ. Намайг бүр бага байхад л тэмдэглэж байсныг мэдэх юм. Харин 1990 оноос хойш нийгэм маань нээлттэй болж, казах түмний энэ ёс заншлын баяр ч сэргэсэн. Тэр­нээс хойш Наурызын баярыг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.
-Казахын ард түмнийг домбор, бүргэдгүйгээр тө­сөө­­лөхийн аргагүй. Та дом­бор тоглодог уу. Бүргэд тэ­жээж, гаршуулж байсан уу?
-Арван хуруу тэгш хүн байдаггүй гэдэгчлэн би хөгжмийн талд авьяасгүй, мэдрэмжгүй юм шиг ээ. Домборыг бол дуугаргачихна. Гэхдээ сайн тоглож чаддаггүй юм аа. Бүргэдийн хувьд миний ах, дүү, хамаатан садангууд тэжээж, ан хийлгэдэг байсан. Одоо ч тэжээж, ан хийж байгаа. Тэд бүргэдийг бүр дэгдээхэй байх үед нь үүрнээс нь авч гаршуулан сургадаг. Бүргэдээр ан хийлгэдэг энэ зан үйлийг ялангуяа, дэлхийн казах үндэстнүүд дундаас Монгол Улсад амьдарч буй казахууд л хадгалж ирсэн  гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тиймдээ ч бид үүгээрээ бахархдаг.   
-Наурызаар танайхаар олон хүн ирнэ биз?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь дайлж цайлаад үүднэ дээ.
-Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нут­гийн зөвлөлөөс санаач­лан энэ жил Сүхбаатарын тал­байд Наурызын бая­рын өдөрлөг хийсэн нь олон хүний сонирхлыг тат­лаа. Үүнээс гадна баярын хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан бэ?
-Нутгийн зөвлөлийн зүгээс энэ жил Наурызын баяраа өвөрмөцөөр тэмдэглэхийн зорьсон л доо. Үндсэндээ гурван том арга хэмжээ зохион байгууллаа. Монгол бөхийн өргөөнд уржигдар Наурызын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан. Сүүлийн тав, зургаан жил Наурызын баяраараа аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдуулж байна. Нэг үе манай Баян-Өлгий аймгаас улсын цолтой бөх төрөн гарч байсан. Харин сүүлийн үед бөхчүүд цөөхөн болсон. Тийм учраас залуу бөхчүүдээ дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хоёр дахь нь Сүхбаатарын талбайд өчигдөр нийтийн арга хэмжээ буюу Наурызын өдөрлөг зохион байгууллаа. Анх удаа Сүхбаатарын талбайд казах үндэсний таван гэр барьж, тэдний соёл, зан заншлыг харуулсан болон гар урлалын үзэсгэлэн гаргалаа. Мөн казах түмний зарим зан үйлийг бодитоор харууллаа. Казах үндэсний хувцасны үзүүлбэр, тоглоом наадгай, дуу хуурын хэсэгчилсэн тоглолтыг ч үзэгчдэд сонирхуулсан. Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотод  амьдардаг, суралцдаг Баян-Өлгий аймгийн уугуул иргэд, оюутнуудын дундаас авьяастайг нь сонгож, нэгдсэн концерт сонирхууллаа. Өмнөх жилүүдэд Казахстанаас дуучин, хамтлаг авчирч тоглуулдаг байсан. Манай казах иргэдийн дунд авьяатай хүн олон. Тэднийг дэмжих, авьяасыг нь хөгжүүлэх үүднээс энэ жил нэгдсэн концерт бэлтгэсэн юм. 

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан