Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгын долоон өнгө ч онигоонд ормоор судалтай жонш Монголоос олджээ

Монгол Улс 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1170 гаруй ордтой гэдэг. Өнөөдрийн бидний хэрүүл хийгээд байгаа Оюу толгой, Таван толгой зэрэг том ордыг геологичид илрүүлсэн. Тэгэхээр Монгол орон ямар их баялагтай вэ гэдгийг тэд нээж, эрдэнэсийн сандаа бүртгэж буй. Өөрөөр хэлбэл, хөдөө хөхөрч гадаа гандаж улсынхаа эрдэнэсийн авдарт орох баялгийг хайдаг хүмүүс. Тэд шороо малтаж, чулуу түүж яваад ямар нэг эрдэнэс оллоо гэхэд  учиргүй ухаж төнхөөд, уурхай ажиллуулаад байдаггүй билээ. Харин ч ийм эрдэнэстэй, тийм нутагтай шүү гэдгийг үр хойч үедээ хэлж өгдөг гэж болно.  Геологчдын хөдөлмөр  дан ганц эрдэнэс олоод тогтохгүй. Бидний газар нутаг хэдэн мянга, сая жилийн өмнө тэгж ингэж тогтжээ  гэдийг тогтоодог шинжлэх ухаан юм билээ.
Монголын геологичид энэ өдрүүдэд ОХУ-ын соёлын мэдээллийн төвд чуулж байна. Тэд эрдэм мэдлэг, онол, туршлагаа хуваалцаж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа ярилцаж буй юм. Түм түжигнэж, бум бужигнасан хурлын үеэр компаниуд өөрсдийгөө танилцуулж байв. Бас Монгол орны баялгийг илтгэсэн үзмэрүүд ч гарчээ. Тэр үзмэр дундаас  хүмүүсийн сонирхол татсан заримыг нь дор дурдъя. Үүнд, уран байгалийн бүтээсэн амьтан, үлгэрийн баатрын дүр ч байв. Тухайлбал, голоор нь зүссэн гартаам чулуу хүүхэлдэйн кинонд ухаантай дүрээрээ тодорсон “Шар шувуу” нэртэй. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутгаас олдсон Девоны галавын үеийн жижиг дунгууд  шавааралдан тогтож, чулуужсан нь сонин. Энэ нь, Монголын ээрэм говь эртний далайн ёроол гэдгийг баталж байна.  Үүнээс гадна бас л Девоны галавын найман цацрагт шүр олны анхаарал татна. Учир нь,  энэ шүр эрт галавын үеийн газар хөдлөлтөөр хуваагдаж, буцаж нийлсэн нь тод харагдана. Тиймээс “Найман цацраг” гэж нэрлэсэн бололтой.  Монгол ардын үлгэрийн муу талын гол баатар мангас. Тэгвэл “мангас” нэртэй говийн өгөршиж тогтсон мана чулуу бий. Үүнийг харвал яах аргагүй араа соёо нь ярзайж, юу юугүй үмхээд авах гэж байгаа аймшигт амьтныг дүрсэлсэн байгаль эхийн уран баримал юм. Мөн Дорноговь аймгийн Айраг сумаас худалдсан том хэмжээтэй барагцаалбал лав 30 гаруй кг татах жонш олджээ. Судалтсан өнгийг нь харвал солонгийн долоон өнгө ч “онигоонд” орно гэсэн үг.  Тэгэхээр мэргэжлийн дуран авайгаар харвал юу харагдах бол. Энэ бүгдээс үзэхэд, Монгол орон ямар их баялагтай юм бэ гэж дуу алдмаар. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Геологичидыг зөв нүдээр харжээ, аргагүй юм уншиж,бичиж,найрууддаг хүн байна.
Bayarlalaa, setguulchee
minii eh oron gaihmaar shuu
Хамгийн их уншсан