Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХАМГИЙН ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС

Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Иймээс байгаль хамгаалах нэг өвөрмөц хэлбэр бол эрт дээр үеэс уул, ус, ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. МЭӨ III зууны үед Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна.

Монголчууд байгалийн баялаг, түүний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах явдал одоо мэдэгдэж байгаагаар 800 орчим жилийн түүхтэй юм. Тухайлбал “Их засаг” хэмээх хуулиас эхлэлтэй гэж үздэг. Уг хуульд зааснаар усыг ямар нэг хэмжээгээр бохирдуулахад хатуу ял оноож байжээ.

Өлзийт хааны үед гаргасан хууль цаазын бичигт (1294 он) “......хавар болоход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй. Модыг зүй бус огтолж үл болно. Зөрчигчдийг хууль ёсоор ялласугай” гэсэн байдаг. Мөн XVI  зууны хоёрдугаар хагасын “Зургаан хошууны хууль цааз”-ын бичигт “......ус буртаглахад морь, үхэр хоёр ав. Үзсэн гэрч үхэр ав” гэж заасан байна. Түүнээс хойшхи үеийн “Халх журам” цаазын бичигт “....мэдэж байж шоглож ус буртаглаваас шүдлэн морь, үхэр хоёрыг ав, үзсэн гэрчид үхэр өг” гэжээ.

Ан амьтны талаар 1640 оны “Их цааз” бичигт ”.....ангир, болжмор албал морь ав, булга, үнэг, хэрэм, хярс албал ихээс нь гунж, багаас нь хонь ав” гэж заажээ. Мөн “...түймэр алдсан хүнийг хэн үзсэн хүн нэг морь ав” гэж заасан байдаг байна. Иймээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар хамгийн эрт хууль цааз гарган мөрдсөөр ирсэн ард түмэн бол монголчууд юм.

Түүхийн баримтын төв

архивч Г.Ганзул

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан