Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхэлтэй тэмцсэн зуд

Дорнод аймгийн Халхгол сумыг 1939 оны дайны мөртэй нутаг гэдгээр нь Монгол андахгүй.  Энэ хязгаар нутагт  тэртээх 70 жилийн дайны түүх дурсгалт хөшөөнүүд,  Монголын хамгийн том чулуун бурхан Жанрайсаг, Сангийн далайн давс, Халх Нөмрөгийн байгалийн үзэсгэлэнт газар гээд дэлхийд данстай үзэж харах, гайхан бишрэх зүйл олон бий. Харин энэ цагийн хүн ард нь  Мэнэн, Тамсагийн талдаа тариа ногоо тарин, дөрвөн улиралд дураараа нутаг сэлгэн, таана хөмүүлээр таван хошуу малдаа тарга тэвээрэг авахуулж,  Халхын гол, Буйр нуурын эрэг дээр загас барьж, аж төрөн амьдардгийг тэр бүр хүн мэдэхгүй болов уу. Халхгол явах хүнд зөгийн бал, Буйрын загас, мах захина. Малынх нь махнаас таал хөмүүл амтагдаад янзтайг яана. Гэтэл өнөөх өвдөг шүргэн ургадаг өвс ногоо нь хавар намрын түймэрт халцгайрчээ. Хамар хатгах өвсгүй талд цас ихээр унаж амьд амьтны гол таслам зуд нүүрлэлээ. Малдаа өгөх өвс тэжээл татаж авчирах нь бүү хэл, айл хотлынхоо түлээ түлш идэж уухыг залгуулах зам гэж үгүй. Хаашаа л харна их цас. Мянгат малчин модоо барихад тулж, сааль сүүний хэдтэй нь хотоо харлуулаад  гуйлгачин болох нь гэж халаглана. 

 
30 -хан км цас ухсан хэрнээ маш хол явсан шиг санагдаж байв 

Тамсаг булагт өвөлжиж буй 12 айл нэгдүгээр сараас хойш сураг ажиггүй холбоо тасарсныг сонсоод орон нутгийн хэдэн сэтгүүлчид зуд турхныг улс олны чихэнд хүргэхээр замдаа гарсан юм. Нэгэнт тэр хол газар хүрэх гэж зорьсных хоосон явангүй. “Дорнод гурил” компаниас гурил талх тусламжинд авч аймгийн Эрүүл мэндийн газраас эмч бүрэлдэхүүндээ багтаасан юм.  Сурвалжлагчдын баг Тамсаг булаг руу явж буйг сонссон тэндхийн айлын хүн бидэнтэй холбогдож хамт явахаар боллоо. Хоёр сар холбоо тасарсан Тамсаг булагийнхан  яажшуухан амьдарч байдаг юм бол доо. Манай сурвалжлах хэсэг гуравдугаар сарын 22-ны өдөр Чойбалсан хотоос гарч саадгүй давхисаар газрын тосонд хүрсэн. Газрын тосноос Тамсаг булаг 110 км зайтай. Өдрийн 14 цаг өнгөрч байхад “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компаниас  цас ханзалж зам гаргуулах нэг машин авч түүнчлэн агуулахынхаа харуулын ээлжийг солихоор явж байгаа “ХЭТ” компанийн машинтай зам нийлж аваад Тамсаг булаг руу хөдлөлөө.  “ХЭТ” компанийн машинд холбоо тасарсан Тамсаг булгийн хот айлын хоёр гурван ч хүн явна. Бид бүгд Тамсаг булагт байгаа хүмүүстэй эсэн мэнд уулзах ганцхан л хүсэлтэй байв. Тамсаг булагт үүрэн холбооны утасны сүлжээ гэж байхгүй. Зам боогдсон. Тэнд яваа хүмүүс өнөөдрийг хүртэл ард үлдсэн гэр бүлийнхэн нь ямархуу байдалтай байгааг хэлж мэдэхгүй байлаа.  Дөрвөн жип машин хаана ч ямар ч цасыг тулаад хүрэх газраа хүрнэ гэж бид бодож явсан.  Газрын тосны 19-р талбайгаас 21-р талбай хүртэл хуссан замаар 40 км давхиж Тамсаг булаг руу эргэхэд зам мөргүй их цас тулав. Эндээс л жип машины ид шидийг үзнэ дээ гэх. Халхгол, Матадын сав газарт өвлийн эхний цас аравдугаар сарын дундуур унажээ. Түүнээс хойш түрүүлж орсон цас хайлж мөсдөн, дэрээс нь нэмж орсоор  гүехэн хэсэгтээ өвдгөөр татах, гүн газраа салтаа хүрэх хатуу бүрхүүл бий болсон байх. Энэ үелж давхаргажсан, мөсдөж хатуурсан цасны дээд хэсэг ханзрахгүй, доод хэсэг нь гулгаатай машин явахад хүнд байв. Бид цувааныхаа урд газрын тосны машиныг явуулж гаргасан мөрөөр нь дагана. 50 метр, холдоо 100 метр газар яваад цас ухна. Тэр их цасыг хүчээр дайрахаас өөр аргагүй. Ингэж хүчлэх нь машин техникт халгаатай. Цас ухаж, бие биенийгээ татаж явсаар гэгээ тасрахийн хэрд газрын тосны машин эвдэрч буцахаар боллоо. Тэр хүртэл явж бидэнд зам засч өгч байсанд баярламаар. Мөр гаргадаг машингүй болсон бид гар мухардсан шиг санагдаж байсан юм. Цасны зузаан улам бүр нэмэгдэж харанхуйд бид цааш цасаа ухсаар.   Газрын тосноос гарсаар 70 гаруй км явжээ. Үүний ердөө 30 км газарт нь цас ухсан хэрнээ маш хол явсан шиг санагдаж байв. Адагдулааны гүүр хүрэхсэн. Тэндээс 13 км яваад Хэт компанийн агуулахын харуулын байранд очно. Түүнээс цаашаа хамгийн ойрын айл 6 км. Цаад тал нь 23 км явна гэж бид тооцоолж байв. Хэдийгээр нутгийн хүмүүс явж байгаа ч  харанхуйд газрын баримжаагаа алдаж цааш явах аргагүй болсноор бид шөнөдөө газрын тос руу буцсан юм. Зорьсон газраа хүрч чадаагүй ч Тамсаг булагт хамгийн их дөхөж, цасны байдлыг мэдсэн хүмүүс бол бид.  

Өвөлжөө, өвс тэжээл, түлээ түлшээ түймэрт шатаагаагүй бол малаа барахгүй байлаа

Хоёр дахь өглөөгөө бид нартай уралдан Халхгол сум руу дахин хөдөллөө.  Халхгол сум бол түүхэнд дурсагдаж, дуунд мөнхөрсөн  сайхан нутаг. Халхголын хөрс шороонд хөл тавихад Монгол хүний зүрх эрхгүй омогшиж, бахархал төрдөг юм. Ариун сайхнаар нь авч үлдсэн энэ л нутгийнхаа газар шорооноос Монгол хүн сансарч авч ниссэн түүхтэй. Ийм сайхан нутаг өнөөдөр цаанаа нэг гундуу. Үүлгүй тэнгэрээс нар ээж хараа тэнийм талд цас галтганаж харагдах ч нэг л жихүүцмээр. Зам зуур тааралдах мал хүртэл ядруу. Хүн төрөлхтөн байгалийн бэрхшээлийн өмнө хүчин мөхөсддөгийн жишээ энэ биз дээ. Энд тэнд газрын тосны морин толгойт тонголзож бидний баялагийг сорно. Байгаль эхээс харамгүй заяасан баялгийн эх нутаг ингэж ядрах гэж дээ хэмээн бодогдож явлаа. Бид Улаанхудгийн  застав дөнгөж өнгөрөхөд их цасан дунд гурван хүн зам тосоод зогсож байна.  Ойр хавьд машин, айл ч алга. Энэ гурван хүн Чойбалсан хот Халхгол сумын хооронд хүн тээвэр хийдэг юм байна. Хоёр хоногийн өмнө аймгийн төвөөс гарчээ. Гарсан цагаасаа хойш цас ухсаар туйлдаж ядраад эхний өдөр хээр хоносон гэх. Энэ машинтай хамт аймгийн Шуудан холбооны газрын бас нэг пургон машин явж. Сүүлдээ нэг машин нь эвдэрч  хүмүүсээ шуудан холбооны машинд суулгаад айл руу хүргүүлсэн байна. “Машиныхаа сэлбэгийг хаанаас яаж авчруулна” гэж биднийг асуухад “Аймаг руу захисан, аймгийн төв хүртэл бидний гаргасан мөр байгаа шуураагүй болохоор машин явах боломжтой” гэв. Ойр хавиас сэлбэг энэ тэр олчих гээд үзжээ. Улаанхудгийн заставт очиж “Хүчтэй машин техникээ гаргаад өгөөч бензин түлшийг нь хангалттай хийе. Хөлс хүчийг нь өгөөд хүмүүсээ айл руу хүргүүлье гэж гуйж. Хэрэглэдэггүй машин техникнийхээ сэлбэг байвал туслаач” гэж. Харин өөдөөс нь тусламж үзүүлэх нь бүү хэл “Та нарыг оруулмааргүй байна. Энэ хэн дуртай хүний ирдэг газар биш” гэх юм ярьж. Цэргийн газрын дүрэм журам байдаг л байх. Энх цагийн цэрэг эрс ард олонд гамшиг осол  тохиолдоход туслах үүрэгтэй л баймаар юм гэж бодож явлаа. Ингэж ярилцаад бид найман км орчим явж жолоочийн машинд хүрч ирлээ. Хүмүүс нь шуудангийн машинд суух нь суугаад алхах нь алхаад эндээс бас найман км газарт айлд очжээ. Тэнд гурван машин хүнтэйгээ байгаа гэлээ.  Халхгол сум аймгийн төвөөс 320 км. Энэ хүмүүс аймгаас гараад 230 км явжээ. Одоо сум хүрэхэд 90 км дутуу. Бид тэдний гаргасан мөрөөр дэнхэл догол гэлгүүлэн явж очлоо. Энэ их цасанд төв зам гэж байхгүй. Эхний машин хаагуур айл амьтнаар орж гарч явсан түүгээр нь л арын машин явна. Замгүй газраар дураараа явах тухай ярихгүй. Мөр гаргасан газраар ч цасанд сууж, ухах нь бий. Гэхдээ машин явж сийрэгжсэн цас дээр байлгүй яахав.

Халхгол сумын хоёрдугаар баг Цахиурт гэдэг газар Н.Ууганбуйрынх нутагладаг. Энд буугаад нүд халтирлаа. Гэрээ тойроод мал нь үхжээ. Нэг үхрийн хүүрийг тугал үнэрлэн зогсоно. Сэтгэл өвдмөөр. Эх нь байсан юм уу бүү мэд. Н.Ууганбуйрыг нутгийнхан нь Жали гэж авгайлдаг аж. Жали ээж ахтайгаа ам бүл гурвуулаа амьдрана. Эднийх зам зуур цас зуданд боогдож яваа хүмүүсийн буудалладаг газар болжээ. Шөнө орой хэдийд ч ирсэн хоноод, хоол цай болоод явах. Пургон, УАЗ 469 машинтай хүмүүс хөдлөөд 10 -аад км-т Ж.Занданбал гэдэг айл руу явчихсан байв.  Бидэнтэй явсан эмч айлынхаа хүмүүсийг үзэж зөвлөгөө өгч хаврын цагт хэрэглэх витамин, хүнсний нэмэлт тэжээл, ойр зуурын гэрийн эмийн санд байрлуулах ханиад томуу өвчин намдаах эм зэргийг өглөө.  Н.Ууганбуйрын хэлж байгаагаар аравдугаар сарын 22-нд түймэр гарч эдний өвөлжөө, өвөлд бэлдсэн өвс, малын тэжээл, таван тэвш хөрзөн, арван тэмээ нь шатжээ. Цагдаагийн байгууллага гал тавьсан хүнийг тогтооход “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанийн гүйцэтгэгч компанийн том машины жолооч  урт турбо ачиж яваад гэрлийн шон мод мөргөснөөс оч үсэрч гал гарчээ. Энэ хэрэгт таван айл хохирч. Малчдын хохирлыг барагдуулаагүйгээс энэ өвөл тэр айлууд гэртээ түлээгүй, малаа хаших өвөлжөөгүй, өвс тэжээлгүйгээс сөхөрч “модоо барьж” байгаа тухай ярьсан.  Эд материалын хохирлоос гадна мал өвөлждөг шаварт гэх газар юу ч үгүй халцгай болсон болохоор малын бэлчээргүй болж намаржаандаа өвөлжихөд хүрчээ. Халхгол сум  хавар ч намар ч түймэртэй байсан. Хаврын түймэр мөн л газрын тосны тэр хавиас гарсан гэх. Түймэрт шатсан газар нөмөрлөх зүйлгүй зам харгуй битүүрч цас унана.  Түймэр ар араасаа хор уршиг дагуулсан нь энэ. Бид
Н.Ууганбуйрынхаас хөдлөөд урд дор нь гурван км -ын зайтай З.Шинэбаярынд буулаа. Шинэбаяр одоо 26 настай. Эхнэрийн хамт хоёул амьдрана. Арван зургаатайгааасаа мал маллаж Халхголын сумын мянгат малчин болжээ. Мөн л  “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанийн гаргасан түймэрт өвөлжөө, өвс малын тэжээл, түлээ түлшээ алдсан тул намаржааныхаа сараанд өвөлжиж байна. Аймгийн төвд байдаг ээжээрээ түймрийн хэрэг юу болж байгаа тухай шалгаж байгаа байцаагчаас нь асуулгахад их мөнгө нэхсэн байна энэ тэр гэж ундууцдаг сурагтай. Уг нь хохирлоо төлүүлээд авсан бол өвс тэжээлээ нэмж аваад онд гайгүй орох байсан гэж халаглах. Энэ хоёр залуу хүмүүс гэхэд ажилтай хашаа хороо гэр орон нь цэмцгэр харагдана. Энд мөн л зүрх шимширмээр, хотоо тойроод мал нь үхэж. Амьд нь үхсэнээ дэрлээд хэвтэнэ. Арваннэгдүгээр сард хорогдсоныгоо нүхэнд аваачиж булсан. Сүүлийнхийг нь дийлэхгүй байна гэв. Эднийх 1300 гаруй толгой малтай одоо 300 гаруй нь хорогдож. “Цаг яагаа ч үгүй, цас ханзрах шинжгүй хэзээ мал хорогдож дуусахыг хэлж мэдэхгүй” гээд толгой сэгсрэнэ. Гэрт нь орвол хаяанд нь хоёр ишиг амь тавьж байна. З.Шинэбаяр “Энэ жил ч төл авахгүй байх аа” гэх. Эхнэр нөхөр хоёр сар гаруй хоёр биенээсээ өөр хүний бараа хараагүй. Түлээ түлшгүй болохоороо хятад симтэй утсаараа сум аймаг руу нүүрс захиж зам дээр хаяулаад морьтой явж авчирна. Монголд зуд болж хүн ард нь хаа сайгүй ядарч туйлдахдаа хятад утсаар холбогдож байгааг юу ч гэмээр юм бэ дээ. Ийм л дүр төрхтэй айлуудаар бид орж явлаа. Энэ бол цас зудны наад зах.

Олон жил мал маллахдаа адуу үхсэн өвөл үзээгүй гэх

Монголчууд зуд зулгаа барна гэж зүгээр ч нэг хэлээгүй. Зудын хохирол цас хайлснаар дуусахгүй. Цас хайлах бас л болоогүй байна.  Үүний дараа амьжиргааны малгүй болсон айл өрх нэмэгдэнэ. Ногоо гарахын цагт үлдсэн мал нь хар чацага хаяж өвчин тусна гээд толгой өвтгөх асуудал олон бий. Аль болох бага хохиролтой урин дулаантай золгохын тулд  өнөөдөр яаралтай арга хэмжээ авах нь чухал     
Ш.Лхагвасүрэн гэх өндөр бор, сахалтай өвгөн биднийг зорьж байж уулзав. Эднийд дөрөө хөргөлөө. Өнгөрсөн мал тооллогоноос хойш бууж мордох хүний бараа хараагүй гэнэ. Энэ жил уг нь 80-аад үхэр тоолуулсан юм байх. Даанч 50 гаран нь зуданд явчихаж. Гурван гэрийн буйрны дайтай үхсэн мал овоолгоотой. Өвгөнийнх мөн л түймэрт долоон тонн өвс, малын тэжээл, хашаа хороо, түлээ түлшээ үнс болгож.  Зам мөртэй байх цагт аймгаас өвс тэжээл малдаа авчраад одоо юмгүй болсон байна. Та нарын явсан замаар л хэд хоногоос өвс тэжээлдээ явна даа гэнэ. Халхгол сумаас арав хоногийн өмнө аймгийн төв орох замыг хусжээ, гэтэл шуураад битүүрч. Ш.Лхагвасүрэн гуай залуу насандаа сум орон нутгийн орлогч дарга хийж явсан хүний хувьд амьдралтай л юм ярьж сууна. Цасанд зам гаргахдаа  хоёр эгнээ хусдаг гэнэ. Цас шуурахад дээдэх нь битүүрч доодох  зам нь үлддэг аж.  Харин манайхан ганц зам хусаад тэр нь нэг шуурахад юу ч үгүй битүүрч таг сууна. Шуудангаар яваа хүмүүс машинд суухаасаа илүү алхаж цас ухсаар байгаад 300 км явах ч гэж.      
Өнөөдөр гурвадугаар сарын 23. Нар хэдийнэ шингэж. Бидний саатсан дөрөв дэх айл аймгийн алдарч уяач Ж.Занданбалынх.  Ж.Занданбал гуай  пад трактороо унаад 10 км зайтай Н.Ууганбуйрынхаас ачааны машинаа авчрах гээд өглөө гарсан хүн бидэнтэй зэрэгцэн харанхуйгаар ирж байна. Саахалт айлдаа очоод ирэхэд бүтэн өдөр зарцуулах тийм л цас Халхголд байна. Ж.Занданбал гуай  өвөлд хангалттай сайн бэлджээ. Малаа хашиж байгаад тэжээж байгаа гэнэ. Үхэр хамгийн хурдан ядардаг мал. Нэг ядрахад сэхэл авахгүй гэж үхэр хонио их тордож. Ингэсний хүчинд хорогдол бага. Тэжээгээд байхад мал нь тамираа барж үхэж байгаа  тухай ярьсан. Тэрээр олон жил мал маллахдаа адуу үхсэн өвлийг үзээгүй гэж ярих. Уг нь адуу баргийн зуданд үлддэг тэсвэртэй амьтан. Харин энэ зуданд Ж.Занданбал гуай 20 гаруй адуугаа, Ш.Лхагвасүрэн гуайнх мөн 10 адуу алджээ. Ж.Занданбал гуайнд өнөөх шуудангийн машинтай 12 хүн, Хэнтийд сургалтанд суугаад ирж байгаа Халхголын Дархан газрын УАЗ 469 машинтай хоёр хүн, бидний долоон хүн өөрсдийн ам бүл зургуулаа. Нийт 30 шахам хүн монгол гэрт сууна. Эндээс Халхгол сум 80 гаруй км. Цас ихтэй, гаргасан зам мөргүй  учир явж чадахгүй байгаа нь энэ. Мөн шуудангийн машин бензингүй болж Халхгол сумаас бензин ирэхийг хүлээнэ.

Тэд хөлдөж үхэхгүйн тулд цас ухна, урагшилна гэсэн сэтгэл зүйн  бэлтгэлтэй

Бид яаж сум орох тухайгаа ярилцаж Халхгол сумын Засаг дарга, Ялалт багийн Засаг даргатай холбогдлоо. Унинаас унжих өнөөх Хятад дугаартай утсаар шүү дээ. Түүнээс өөр холбоо барих юу ч үгүй. Хятад дугаар монгол дугаар луу дуудлага хийдэггүй  учир зөвхөн нэрээ бичээд залга гэсэн мэссэжийг явуулна. Сумаас шуудангийхаа хүмүүсийг авах зам гаргах трактор явуулах тухай яриа гарсан ч тэгс гээд таг боллоо. Бидний энд ирэхийн өмнөх өдөр сумаас хүн тээврийн пургон машин гарч 30 км яваад буцжээ. Аймгаас гарсан шуудангийн машинд Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичиг нар явж байсан учир тэднээс сум орны тухай мэдээлэл авлаа. Сумаас зайтай Тамсагбулаг гэх мэт газартай холбогдож чадахгүйгээс албан ёсны хохирлын тоо гарахад их хүнд байгаа гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр сумын малын 60 гаруй хувь нь байдаг Ялалт багт 7850 мал хорогджээ. Халхгол сум энэ жил 63 мянган толгой мал тоолуулсан. Албан бус тоогоор 20-иод хувь нь хорогдсон гэх. Ялалт багийн Засаг даргын хэлснээр хамгийн хүнд хэцүү нөхцөлд байгаа айлууд  Ж.Занданбал гуайнхаас 30 км -т  бий.  Бид тэр хүрч чадахгүй учраас энэхүү мэдээллээ хурдан эрх мэдэлтэй хүмүүст хүргэхээр буцахаар шийдсэн. Манай сурвалжлах багийн зорилго тэр.  Зуд газар дээрээ ийм байна гэдгийг хэдий чинээ бодитой шуурхай хүргэнэ төдий хичээ хүнд нөхцөлд байгаа малчид аврагдах боломжтой. Ийн ярилцаад сууж байтад зүүн талаас хоёр машины гэрэл гарлаа. Унинаас дүүжлээтэй утас дугарч Халхголын сумын хүн эмнэлэг гал алдаад нүүрс хүргэсэн ачааны машин буцахаар гарсан. Түүний мөрөөр хүн  тээврийн пургон машин хоёр жирэмсэн хүн, нэг хөл нь хугарсан хүнтэй явж байгаа тухай хэлсэн юм. Бид түүнийг сонсоод төрөх дөхсөн жирэмсэн хүнийг нь аваад түрүүлж гарахаар шийдэцгээлээ. Хоёр цагийн дараа ачааны машин ирлээ. 40 км газарт 200 литр түлш зарцуулж байж иржээ. Шудангийн пургон машин  аймгийн төвөөс 85 литр бензинтэй гараад Мэнэнгийн отрядаас 30 литрийг нэмж хийгээд, дахин  30 литр бензин авчируулж байж Цэдэнбал гуайнд ирээд одоо хөдлөх бензингүй сууж байгаа гэж бодохоор нэг км замд нэг литр хэртэй бензин зарцуулжээ.  Их цасанд бензин түлш муутай гарах нь араасаа дахин зардал чирэгдэл учруулж  харамч хүн хоёр дахин илүү төлдөгийн үлгэрээр явж байгаа хэрэг. Хэрвээ дориухан хөрөнгө мөнгө гаргаад замаа хусчихвал энэ мэтийн үлгэр яриад сууж баймааргүй л санагдана.  Ачааны машинаас 40 минутын дараа пургон машин ирлээ. Төрөх хүнийх нь савны амсар хоёр хуруу нээгдсэн байв. Анхны төрөлт, тэгээд залуу хүүхэд байна. Үхэл амьдрал шийдэх мөч бүрийг бид амьсгаа даран мөсөн дээр шарваж, хазайж, буудсан дугуйгаа сольж шөнөжин давхисаар нар мандахтай уралдан Чойбалсан хотод ирлээ. Бидэнтэй хамт ах нь хорвоогийн мөнх бусыг үзээд удаагүй байгаа уй гашуутай эмэгтэй ч явсан. Энэ хүмүүс эсэн мэнд ирсэн ч бидний сэтгэл уужраагүй л байна. Чойбалсан хотоос Халхгол сум хүрэх зам онгойгоогүй цагт энэ мэт хүний үхэл амьдрал дээсэн дөрөөн дээр байсаар л байна. Зам зуур урд зурайх машины мөр харах тоолонд гэрт байсан хүмүүс нүдэнд үзэгдэж байлаа. Тэдний ухсан цас, гаргасан зам шүү дээ. Баярлалаа. Бидний ард явж байгаа пургон машинд ч хүмүүс хүрзийг найзаа мэт тэврэнэ сууна. Тэд хөлдөж үхэхгүйн тулд ухна, урагшилна гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй яваа.

Сурвалжлагыг Б.ОДМАА-ДОРНОД
Гэрэл зургийг И.АРИУНБАТ

0 Сэтгэгдэл
Бид энд юу ч мэдэхгүй паартай байшин дагаад л амьдарч байдаг Малчин ард тэнд амьдралтай тэмцэж байдаг яаж тус болох бэ хотынхоон энэ малчиддаа,,,,
Бид энд юу ч мэдэхгүй паартай байшин дагаад л амьдарч байдаг Малчин ард тэнд амьдралтай тэмцэж байдаг яаж тус болох бэ хотынхоон энэ малчиддаа,,,,
2009-2010оны зудыг эмэгтэй сайд ахалж энэ байтугай юм болж, харин эрэгтэй сайдууд энэ зэргийн цасанд суусныг яасан сүр дуулиан болгож байна. Ичиг ичиг
Хамгийн их уншсан