Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Долгорсүрэн: Өрхийн хэрэглээний усны суурь үнийг 2000-3000 төгрөгөөр тогтоох тооцоо гарсан


Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн /ХСУХАТАҮЗЗ/ Тусгай зөвшөөрлийн албаны дарга П.Долгорсүрэнтэй орон сууцны конторын үйл ажиллагаа болон усны үнэ тарифын талаар ярилцлаа.  ХСУХАТАҮЗ зөвлөл нь 2012 онд байгуулагджээ. Энэ байгууллага эдүгээ хот, хөдөө орон нутаг дахь усны  төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага юм.

-Улаанбаатар хотын усан хан­гамж, ус ашиглалтын бай­­дал өнөөдөр ямар төв­шинд байна вэ?
-Манайхаас орон сууц ашиглалтын конторын тус­гай зөвшөөрөл авсан 40 гаруй бай­гууллага бий. Нийс­­лэ­лийн усан хангамж ариут­гах, татуургад тулгамдсан асуу­дал олон бий. Манай тусгай зөвшөөрлийн алба эхний ээлжинд орон сууц ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажил­лагаатай танилцахаар Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр СӨХ нь орон сууцны конторын үйл ажиллагаа хууль бусаар эрхэлж байгаа нь илэрсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж  байсан юм.  Сүүлийн үед Хан-Уул дүүрэгт амины орон сууц олноор ашиглалтад орох болсон. Үүнийг дагаад СӨХ-д ч шинээр байгуулагдаж байгаа. Тэд Ус сувгийн удирдах газартай гэрээ байгуулаад тухайн  амины орон сууцны усан хангамж, ариутгах татуургыг хариуцан  ажилладаг. Гэтэл СӨХ бол орон сууц ашиглалтын контороос өөр үйл ажиллагаа эрхэлдэг олон нийтийн байгууллага шүү дээ. Орон сууцны конторын үйл ажиллагаа эрхэлнэ гэ­дэг тусгай зөвшөөрлөөр мэргэж­лийн байгууллагын хий­дэг ажил.  Түүнээс биш хэн дур­тай хүн,  СӨХ  орон сууцны ашиглалтын конторын үйл ажиллагаа явуулах ёсгүй юм. Үүнийг цэгцэлж, мэргэжлийн байгууллагад хариуцуулах  асуудал хүлээгдэж байна.

-Тэгээд энэ асуудлыг  яаж  шийдвэрлэх гэж байна даа?
-Өнөөдөр СӨХ-дын зөв­шөө­рөлгүй эрхэлж буй орон сууц ашиглалтын ажлыг  мэргэж­лийн конторуудад нэгт­гэх арга хэмжээ авах учир­тай. Энэ талаар судалгаа хийж байна. Бас орон сууц ашиглалтын жижиг кон­то­руу­дыг ч нэгтгэх талаар хэлэлцэж байгаа.

-Шинээр баригдаж бай­гаа орон сууц олон бий. Тэдний конторын үйл ажиллагааг  хэрхэн зохи­цуулдаг юм бол?
-Тухайн барилга барьсан ком­пани хуульд зааснаар гур­ван жил ашиглалтыг нь хариуцах ёстой. Эсвэл мэргэж­лийн хувийн хэвшлийн контор, улсын өмчит үйлдвэрийн газрын конторуудад ашиглалт хариуцах ажлаа шилжүүлж болдог. Гэтэл сүүлийн үед мөнгө олох нэг арга болгож, мэргэжлийн бус хүмүүс орон сууц ашиглалтын контор байгуулдаг болоод байна. Жишээлбэл, ус хангамж, ариутгах татуургын инженер биш мөртлөө  200 айлын орон сууц шинээр ашиглалтад орлоо. Үүний ашиглалтын конторын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг нь авъя гэсэн хүсэлт гаргадаг болсон. Манай байгууллагын тавьдаг шаардлагаар  250-иас дээш өрхтэй орон сууцанд ашиглалтын контор байгуулах эрх өгдөг. Тэгэхдээ орон сууц ашиглалтын контор байгуулах зөвшөөрөл хүссэн баг нь мэргэжлийнх байх ёстой юм. 

-Хүмүүс мөнгө олох гэж орон сууц ашиглалтын кон­тор байгуулдаг юм байж.  Тэгэхээр тухайн орон суу­цанд амьдарч буй нэг өр­хөөс сард хэдэн төгрөгийн үйл­чилгээний хөлс авдаг юм бэ?
-Мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон сууцны контор ус, дулаан, цахилгааны төлбөрийг оршин суугчдаас хураан авч Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээний дагуу төлдөг. Ус, цахилгаан тоолууртай тул түүнийхээ заалтаар тухайн өрх  мөнгөө өгнө. Өөрөөр хэлбэл, сард хэдэн литр ус хэрэглэв, түүнийхээ мөнгийг орон сууц ашиглалтын конторт төлдөг юм.
-Орон сууцны контор нэлээд ашигтай ажилладаг байх нь ээ?
-Орон сууцны конторууд  болон нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэг­жүүд ихээхэн алдагдал  хүлээ­дэг. Энэ нь, усны үнэ тарифтай холбоотой. Усны үнийг өнөөг хүртэл хуучин аргаараа тооцоод явж байна. Иймд ус өнөөдөр үнэгүйдэж,  байгаа юм. Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага жилд 11.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн тооцоо судалгаа бий.

-Ус үнэгүйдэж байна. Өнөөдөр нэг литр уснаас хэчнээн төгрөгийн алдагдал хүлээдэг вэ?
-Өнөөдөр орон сууцанд амьдарч буй өрх нэг литр усанд 32 мөнгө төлдөг. Гэр хорооллынхон нэг литр усанд нэг төгрөг төлж байгаа. Гэтэл Ус сувгийн удирдах газар болон бусад мэргэжлийн байгууллага ус түгээхэд асар их зардал гаргадаг. Жишээлбэл, гэр хороололд ус түгээхийн тулд нэг литр тутамд зургаан төгрөгийн зардал гарч байна. Тэгээд нэг литрийг нь нэг төгрөгөөр үнэлдэг. Орон сууцны оршин суугчдын хувьд ч бас ялгаагүй алдагдал хүлээдэг. Нэг литр усыг 32 мөнгөөр үнэлнэ гэдэг бол үнэгүй байна гэсэн үг. Гэтэл манай улс усны бага нөөцтэй орны тоонд ордог юм. Иймд үнэ тарифын талаар манай байгууллага айл өрхийн хэрэглэж байгаа нэг литр усны үнэд өөрчлөлт оруулах судалгаа хийсэн. Тэгээд усыг суурь үнэтэй болгох тооцоо гаргалаа. Энэ судалгаагаа бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Тэгэхээр суурь үнэ нь хэдэн төгрөг байх юм бол. Айл өрх, ус хэрэглэгчид сар бүр төлнө гэсэн үг үү?
-Бидний тооцоогоор 2000-3000 төгрөг  байна.  Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ямар хариу өгөхийг мэдэхгүй. Суурь хураамж төлнө гэдэг ашигласан, ашиглаагүй ч крантаа нээхэд ус бэлэн гоожиж байх үйлчилгээний  л хөлс шүү дээ.

-Ус суурь хураамжтай болдог юм байж. Үүнээс гадна нэг литр усны үнийг бас нэмэх үү?
-Нэг литр усны үнийг шууд нэмэхгүй. Бид 2013-2016 оны хооронд усны үнийг системтэйгээр нэмэх судалгаа гаргасан байгаа. Үүнийг дээд байгууллагатайгаа зөвшилцөж байж шийдвэрлэнэ.

-Та бүхний хийсэн судалгаагаар нэг литр ус ямар үнэтэй болох тооцоо гарсан юм бэ?
-Судалгаагаар энэ онд гэр хороололд түгээж байгаа нэг литр усыг 15-30 хувиар нэмэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөрдөж буй нэг төгрөгийн тарифт 15-30 мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Орон сууцны усны үнэ ч ялгаагүй нэмэгдэж, ойролцоогоор 40-50 мөнгө болно. Ус үнэгүй байгаа болохоор мэргэжлийн байгууллагууд, орон сууц ашиглалтын конторууд өрийн сүлжээнд орчихоод байна шүү дээ.

 - 2016 он хүртэл нэг литр усны үнийг шат дараатай нэмнэ гэж хэлсэн. Тэр үед нэг литр ус ямар үнэтэй болох юм бэ?
-Ер нь бол,  гэр хороололд амьдардаг дөрвөн ам бүлтэй айл нэг сард 1200 төгрөгийн ус ашигладаг. Энэ нь, ус үнэгүй байгааг харуулж буй хэрэг. Бид ашиг гэсэн зорилт тавиагүй. Эхний ээлжинд гаргаж буй зардлаа л нөхнө. Тэгэхээр 2016 онд нэг литр ус түгээхэд зарцуулж буй зардлаа нөхөх хэмжээнд хүрнэ. Тухайлбал,  гэр хороололд өнөөдөр нэг литр ус түгээхэд таван төгрөг алдаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Иймээс нэг литр ус зургаан төгрөгт хүрнэ  гэж ойлгож болно. Мөн орон сууцны ус түгээлт ч бас алдагдалтай тул нэмж таарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан