Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.АЛТАНГЭРЭЛ: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ БАГШ, СУДЛААЧИД Л САЙЖРУУЛЖ ЧАДНА


Сар гаруйн өмнө Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг байгуулагджээ. Эрдэм мэдлэгийн их уурхайгаас алт шүүрдэж оюутнуудад түгээхэд бүх л амьдралаа зориулсан туршлагатай багш нар нийгэмлэгт нэгдсэн байна. Тус байгууллагын хаягтай судалгаа, санал асуулга  БШУЯ-ны сайтад нийтлэгдсэний мөрөөр нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор /Ph.D/, дэд профессор О.Алтангэрэлтэй уулзаж, шинэхэн байгууллагынх нь талаар хөөрөлдлөө.

-Сайн байна уу. Дээд боловсрол судлалын нийгэмлэг саяхан байгуулагдсан. Нийгэмлэгийнхээ талаар товч танилцуулахгүй юү?
-Өнгөрсөн жил миний бие оюутны бие даалтын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, цөөнгүй олон илтгэл хэлэлцүүлсэн юм. Дээд боловсрол судлалын байгууллага АНУ-д, Австралид байхад яагаад бидэнд байж болохгүй хэрэг вэ гэж бодоод сар гаруйн өмнөхөн байгууллагынхаа гэрчилгээг гардаж авлаа. Шинжлэх ухаан, боловсролын хүрээлэнгийн захирал, доктор Бэгз, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Энхтүвшин, Боловсролын их сургуулийн ректор, академич Жадамбаа гэх зэрэг хүмүүс удирдлагад маань бий. Шинэ байгууллагынхаа зорилгыг бодож залуу судлаачдад зориулсан сургалт зохион байгуулсан. 27 хүн маш идэвхтэй оролцож, төгсөөд байгаа. Урьд хүн бүр дор дороо юм оролддог байсан бол тэднийг нэгтгээд илүү үр дүнтэй болгохоор манай нийгэмлэг ажиллах юм. Тухайлбал, зөвлөгөө, шинжилгээ, дотоод гадаадын харилцаа холбоо тогтоон ажиллахаар төлөвлөлөө.

-Удахгүй дээд боловсрол олгох явцыг шинэчлэх ажил хийхээр болсон гэж дууллаа. Энэ ажил ямар ямар чиглэлээр хэрэгжих вэ?
-ДБСМН-ээс эхний ажиллагаа болгож дээд боловсролын сургалтын байгууллагын одоогийн байдалд дүн шинжилгээ хийхийг зорьсон. Энэ талаар багш, судлаачдын санал бодлыг нэгтгэх зорилготой шат дараалалтай гурван хэлэлцүүлэг  4-5 дугаар сард хийх юм. Эхний хэлэлцүүлэг нь лекцийн технологийг боловсруулах, яаж сайжруулах, төлөвлөх тухай нэг сэдэвтэй байна. Дээд боловсролын хичээлийн явц дөрвөн бүрэлдэхүүнтэй. Лекц, семинар, оюутны бие даалт, дүн тавих шалгалт гэсэн үндсэн зүйл дэлхий нийтэд тогтсон жишиг юм. Гэхдээ дээд боловсролын мэдлэг, чадвар амьдралд төдийлөн нийцдэггүйг бид бодит байдлаас харах боллоо. Яагаад ийм болсныг боловсролын гал тогоонд ажиллаж байгаа олон мянган багш нар өөрсдөө л олж, тодорхойлж чадна.
Хэлэлцүүлгүүд маань олон нийтийн зүгээс талархал хүлээж байна. Орон нутгаас Ховд, Дархан, Дорнодын багш нар оролцоно. МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС зэрэг төрийн сургууль, мөн хувийн хэвшлийн боловсролын байгууллагынхан оролцох саналаа өгсөн. Энэ хүрээнд хүмүүс илтгэл бэлтгэж байна, зарим багш өөрийн бодит саналаа хэлэхээр санал ирүүллээ. Анх 50 хүний суудалтай танхимд хэлэлцүүлгээ хийхээр төлөвлөөд байсан ч оролцох багш, судлаачдын тоо нэмэгдээд байгаа учраас 500 хүний багтаамжтай танхимд захиалгаа өгөөд байгаа.

-Тэгвэл та бүгдийн одоо явуулж байгаа санал асуулга энэ үйл ажиллагааны эхлэл байх нь, тийм үү?
-Тийм ээ. Дээд боловсролын салбарынхан хэлэлцэж, санал бодлоо солилцох гэж байгаа ч зохион байгуулагч бид өөр багш нарын зөвлөмж, бодлыг тусгах нь зүйтэй юм гэж бодсон. Жишээлбэл, хэлэлцүүлэгт ирж чадахааргүй багш үгээ хэлэх гэвэл яах вэ, хилийн чанадад суугаа хүний бодлыг яах билээ. Тийм ч учраас онлайн системээр санал асуулга явуулж, тодорхой асуудал, асуудал шийдэх арга зам хүлээж авч байна. Хэлэлцүүлгээр хөндөгдсөн, дэвшүүлсэн саналыг нэгтгээд бид зөвлөмж гаргах юм. Мөн илтгэлүүдээр эмхэтгэл хэвлүүлж залуу судлаач, багш нарт гарын авлага болгон хүргүүлнэ.

-Ирэх сарын 8-ныг хүртэл нээлттэй байх санал асуулгыг нэгтгэж зөвлөмж гаргана гэж байсан. Зөвлөмжид зайлшгүй тусгах санал гэсэн асуулт их сонирхол татлаа. Энд судлаачдаас ямар санал орж ирж байна вэ?
-АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан судлаачийн санал асуулгын хуудсаар жишээ авъя. Лекцийн чанар муудахад нөлөөлөх сөрөг хүчин зүйл нь танхимд хэт их оюутантай, багш өөрийгөө хөгжүүлэх чадвар муу, англи хэлгүй зэргийг нэрлэж. Их, дээд сургуулийн лекцийг өөрчлөхөд хамгийн түрүүнд өөрлчөх шаардлагатай зүйлд “Хэлж бичүүлэхийг өөрчлөх, багш нарын мэдлэгийн аттестатчилал авах, оюутнууд тухайн багш нарт үнэлгээ өгдөг байх, ахмад багш нар залуу багшийн хичээлд сууж үзэх” зэргийг нэрлэжээ. Мөн өөрөө гадаадад байгаа учраас онлайнаар хичээл заадаг болохыг хүсч байна гэсэн байна. Өөр нэг магистрын судлаач “Анги танхимыг тохижуулж, агааржуулалтыг сайжруулах” гэх санал хэлжээ.

-Санал асуулга дуусаад шууд хэлэлцүүлэгтээ орох уу. Хэзээ болох вэ?
-Бид дөрөвдүгээр сарын 13-нд хэлэлцүүлгээ товлож байсан ч орон нутгийн төлөөлөгчдөөс хойшлуулах хүсэлт тавьсан. Тиймээс ирэх сарын 27-нд анхны хэлэлцүүлэг болно. Тэр өдөр болтол одоо авч байгаа санал асуулгад туссан саналыг нэгтгэн зөвлөмж, танилцуулах материал хэвлүүлэх ажилтай байгаа. Тавдугаар сарын 11-нд бид “Лаборатор, семинарын хичээл” сэдвээр хоёр дахь хэлэлцүүлгээ хийх юм. Түүнээс өмнөхөн багш, судлаачдын саналыг авах болно. Дараа нь оюутны бие даан суралцах, үнэлгээний асуудлаар дараагийн хэлэлцүүлэг хийнэ. Тавдугаар сарын 25-нд судлаачидтай хэлэлцэх төлөвтэй байгаа. Энэ бүхний дараа зөвлөмж, гарын авлага боловсруулж залуу судлаачдад түгээнэ. Мөн ирэх намартаа багтааж дээд боловсролын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал хийх юм.

-ДБСМН-ийн удирдлагад ахмад, туршлагатай багш нар ажиллаж байна. Удахгүй болох хэлэлцүүлгийн сэдэв лекцийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Лекцийн талаар тодорхой судалгаа явуулсан зүйл байхгүй ч ажиглалтын дүнд зарим зүйл хэлж болох юм. Ер нь хичээл бол багшийнхаа идэвхи, зүтгэлээс их хамардаг. Үүнийг орчин үеийн шаардлагад нийцүүлж, оюутандаа хүртээмжтэй болгоё гэвэл өөрөө уншиж өгдөг хуучин хэлбэрийг нь өөрчлөх л хэрэгтэй юм. Багш бүхнийг удирдаж, оюутан зөвхөн сонсох, унших, тэмдэглэж авах байдал халагдах цаг ирсэн. Шинэ технологи, шинжлэх ухааны аргачлалуудаас сургалтандаа нэвтрүүлэх шаардлага гарч ирлээ. Гэхдээ миний хувьд 100 хувь цахим сургалт, онлайн хичээлтэй санал нийлдэггүй. Яагаад гэхээр тэнд амьд харилцаа үүсэхээ байчихна шүү дээ. Оюутны бие даалт, хувийн сургалтанд онлайн зөвлөгөө, хичээлийн хэрэгсэл байвал дээр болов уу.

-Дээд боловсролын бүрэлдэхүүн дөрвөн зүйл байдаг гэлээ. Шат дараалалтайгаар асуудал бүрийг хэлэлцэж шинэчлэх тал дээр ярилцаж байна. Эндээс гарах зөвлөмж, саналыг яам, төрийн байгууллагаас дэмжих болов уу?
-Бидний ийм асуудлаар яаманд хандахаасаа урьтаад дүрмэнд заасан ёсоор судалгаа, хэлэлцүүлгийн ажлаа хийчихье гэж бодож байгаа. Ажлын маань үр дүнг хараад төрийн байгууллага дэмжиж, хэрэгжүүлье гэвэл нээлттэй. Одоо хийж байгаа бүхэн маань яаманд бус багш, судлаачдад шууд хандаж байгаа. Олон мянган багш эндээс санаа авах, өөрийнхөө ажилд тусгаасай гэж бодсон. Авхаалжтай сургалтын байгууллага бодлого, хөтөлбөртөө ч үүнийгээ тусгаж болох юм. Үүний дараа бодит байдал дээр боломжтой эсэх нь туршигдаад, батлагдаад ирэхээр яаманд хандаж, санал болговол дээр болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан