Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү: Дипломат албыг цэгцлэх шаардлагатай байна


УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
 
-Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон 28 хүний нэг нь та. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд юу амжуулж, ямар хийв?
-Өмнөх завсарлагааны хугацаанд таван аймгаар явж, хууль сурталчилж, тодорхой асуудлыг холбогдох салбарын сайдуудад тавьж шийдвэрлүүлсэн. Энэ удаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд гадаадын хэд хэдэн улсаар явж элчин сайдын яамны үйл ажиллагаа болон тухайн орны прламентийн төлөөлөгчид, мөн гадаадад амьдарч буй иргэдтэй уулзалт хийлээ. Тиймээс яг одоо гадаад бодлогын асуудлаар холбогдох байгууллагуудад санал боловсруулж байна. Мөн Дипломат албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлаар тодорхой бодлого боловсруулж байгаа. Яг таныг ярилцлага авахаар орж ирж байхад би сайдад асуулга бичээд сууж байлаа шүү дээ. 

-Ямар агуулгатай асуулга юм бэ?
-Хэрэв Солонгосын хойгт дайны байдал үүсвэл Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа 30 мянган иргэнээ хэрхэн эх оронд нь авчрах талаар төлөвлөгөө байгаа эсэхийг УИХ-д танилцуулахыг хүссэн асуулга юм.  Гэхдээ би дайн болно гэж хэлж байгаа юм биш. Аливаа зүйлд тухайлбал, газар хөдөлсөн тохиолдолд, эсвэл үер усны асуудал болвал эсвэл дайны цагийн байдал бий болсон тохиолдолд  иргэдээ эх оронд нь авчрахын тулд аль улстай, ямар хилийн боомтуудтай, түүнчлэн ямар компаниудтай гэрээ хийж, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байгаа талаархи мэдээлэл авах гэж байгаа гэсэн үг. Өмнө нь Японд цунами болж, газар хөдлөхөд яалаа. Манай улсад ямар ч төлөвлөгөө байгаагүй биздээ.

-Ингэхэд та УИХ-ын гишүүн болсноос хойш хэчнээн хуулийн төсөл өргөн барьсан бэ. Батлуулсан төсөл бий юү?
-Бусад гишүүнтэй хамтарсан болон дангаараа 16 хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан. УИХ-ын бусад гишүүнтэй хамтарч санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дэд дарга Л.Цогт өргөн барилаа. Ер нь, парламент миний санаачилсан хуулийг батлах сонирхол бага байдаг юм. Харин батлахаас нь өмнө санааг нь авч ашиглах тохиолдол бол нэлээд бий шүү.

-Тухайлбал, яаж?
-Жишээ хэлье л дээ. Монгол судлалын академи байгуулъя гэсэн санаачилга гаргаж, холбогдох бүх газраас санал аваад хуулийн төслөө өргөн барьсан. Гэтэл Засгийн газар Монгол судлалыг дэмжих тогтоол баталсан байгаа. Шонхор шувууг худалдахгүй байх тухай хууль санаачлаад өргөн барьтал шонхор шувууг зарахгүй байх Засгийн газрын тогтоол гаргачихсан. Түүнчлэн энэ УИХ-д сонирхлын зөрчилд хөтлөгдсөн нэлээд хуулиуд орж ирдэг нь ажиглагдсан шүү. УИХ өөрсдөө хуулийг дагаж, мөрдөж байж ард түмнийг хуулиа дага гэж ярих ёстой. Ард түмэн гэж 2.7 сая хүнийг хэлдэг. Тэдний дунд сайн ч хүн бий, муу ч хүн байна. Хуулийг дагах ч, дагахгүй ч хүн байна. Харин УИХ 76 гишүүнтэй. Бид л хуулийг яс дагаж үлгэр жишээ болох ёстой. Харамсалтай нь, санаачлах, өргөн барих, Байнгын хороогоор хэлэлцэхээс эхлээд хууль зөрчиж байна. Би аргаа бараад “Одоогийн Н.Алтанхуяг даргатай Ардчилсан Коммунист Намын гишүүн нь болдог юм бил үү” гэж хүртэл хэлсэн. Ард түмнээ бодож байгаа бол бидний санаачилсан хуулийн төслийг дэмжих ёстой. Баасанхүү гэдэг хүнийг буруутгаж, муулж болно. Харин  үзэл бодлоор нь ялгаварлан, коммунист хандлага гаргаад байж болохгүй. Харамсалтай нь, ийм байгаа учраас би Ардчилсан коммунист намын үед миний хуулиуд тэр бүр ургаштай явах боломжгүй юм байна гэж харж байгаа. Тэгээд ч Ардчилсан коммунист нам бий болсон гэдгийг АКН-ын гишүүн УИХ-ын гишүүн Батчимэг хангалттай нотолсон шүү дээ. 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулахаар болов. Тухайлбал, ямар зүйл заалтыг нь өөрчлөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байгаа вэ?
-Энэ хуулийн төслийн гол үзэл санаа нь ҮАБЗ-ийн дарга болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс зарим нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтай компанид зөвлөх болж, ТУЗ-д ажиллах боллоо. Тиймээс хуулийн төсөлдөө үүнийг хуулиар хориглъё гэсэн заалт оруулсан. Яагаад ингэх болов гэхээр ҮАБЗ-ийн дарга болон УИХ-ын гишүүн байсан хүн улсын нууцыг тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй. Олон нийтийн эрх ашгийн төлөө найман жилийн хугацаанд улсын нууцыг хадгалах ёстой. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ТУЗ, Хяналтын зөвлөлд, мөн зөвлөхөөр ажиллахыг хориглоно.

-“Оюу толгой” компанийн ТУЗ-тэй холбоотойгоор энэ хуулийг санаачлах шаардлага үүссэн гэж үзэж болох уу?
-“Оюу толгой”-н ТУЗ-тэй шууд холбоотой гэж хэлэх үндэслэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуай Монголын 34 хувийг төлөөлсөн нэртэй тэр компаниас цалин авч байгаа. Харамсалтай нь, энэ хүн төрийн нууцад хамаарах ямар мэдээллийг ашиглаж явааг бид мэдэхгүй. Яагаад гэвэл ингэхийг хуулиар хориглоогүй. Уг нь, төрд өндөр алба хашиж байсан хүн өөрийн ухамсараар үүнийгээ болих ёстой. Болихгүй байгаа учраас бид ийм хууль гаргах нь зөв юм байна гэж үзсэн юм. 

-Дипломат албаны тухай хуулийн төсөл боловсруулна гэлээ. Энэ хуульд  ямар өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна вэ?
-Дөрвөн асуудлыг шийдэх шаардлага байна. Тодруулбал, дипломат алба мэргэшсэн, чиг үүрэгтэй, тухайн харилцааны чиглэлээр төрийг төлөөлсөн байх ёстой, дээрээс энд байгаа эрх мэдэлтнүүд дуртай үедээ дууддаггүй байх ёстой. Сүүлийн үед архи уудаг, аялал хийдэг хүнийг дипломат албанд томилдог болж. Би Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Дипломат алба ямар байх ёстойг сайн мэднэ. Японд Засгийн газар нь ойр ойрхон өөрчлөгддөг. Энэ болгонд Элчин сайдууд нь солигдлоо гэхэд Монголыг мэддэг, мэргэшсэн 4-5-хан хүн л хоорондоо солигддог. Дипломат албанд чиг үүргээ тодорхойлох ёстой. Германд очоод нэг зүйлийг ажиглалаа. Тэнд Элчин сайдын яаманд жолоочоор ажиллана гэж нэг залуу энд бичиг баримтаа цэгцэлж, эхнэр, хүүхдээ ажил, сургуулиас нь гаргаад очиж л дээ. Гэтэл тэрийг долоо ч хоноогүй байхад эндээс “Чиний оронд өөр хүн ажиллана” гээд дуудуулсан байгаа юм. Нөгөөх нь ямар ч зөрчил гаргаагүй. Ийм л замбараагүй байна. Сөүл хотод Улаанбаатарыг төлөөлж нэг нөхөр суудаг. Тэр Улаанбаатарын төлөө юу хийж, ямар технологи нэвтрүүлж, хэрэгжүүлсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй. Бас Москвад гэхэд атташенүүд байна. Улс төрийн зөвлөх нь жишээ нь ямар чиг үүрэгтэй гэдгээ ойлгохгүй байна. Тэгэхээр улс төрийн зөвлөхөөр ямар шаардлага хангасан хүнийг тавих ёстой вэ гээд асуудал гарч байгаа юм. Тиймээс энэ болгоныг цэгцэлж, хуульд тусгах шаардлагатай байна. Саяхан АТГ-ынхан Орост байгаа Элчин сайд Д.Идэвхтэнг дуудан ирүүлж, асуусан. Энэ хүн энэ оны тавдугаар сард ажлаа өгөх ёстой. Би түүнийг дуудаж ирүүлснийг нь буруутгаж байгаа.

-Яагаад?
-Энэ бол Монгол Улсын нэр хүндийн асуудал. Гадаадад улсаа төлөөлж суугаа Элчин сайдаа хуулийн байгууллага дуудъя гэвэл тодорхой процедур шалгууртай  байх ёстой юм билээ.

-Элчин сайд Д.Идэвхтэнг Монголд дуудан ирүүлж, байцаасан эсэхийг нь АТГ-ынхнаас тодруулсан л даа. Тэд “үгүй” гэсэн хариулт өгсөн.
-Би тэгвэл АТГ-ынхныг тэр дундаа Ганболд, Хурц нарыг гүтгэсэн болж таарах нь. Би уг нь, энэ байгууллагыг Авилгатай тэмцэх газар гэж ойлгосноос Архи, тамхитай газар гэж ойлгоогүй л юмсан.  Гэхдээ АТГ энэ зэргийн юмаа мэдэж байх ёстой. Гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэхийн тулд хүмүүсийг дуудаж, асууна гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Монгол Улсыг төлөөлсөн бүрэн эрхт төлөөлөгчөө дуудаж авчирч байгаа бол Монгол Улсын асуудал болж байна.

-АТГ-ынхан Москвад очиж мөрдөх ажиллагаа явуулах ёсгүй учир түүнийг дуудсан гэж ойлгож байна.
-Асуудлын гол нь байгууллагадаа холбоотой биш. Би Монгол Улсын эрх ашигтай холбоотой зүйл ярьж байна. Авлигатай тэмцэхийг зааж зааварлаж байгаа ч юм биш. Хамгийн гол нь, Элчин сайд бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн улсаа төлөөл гэж томилсон төлөөлөгч. Монгол Улсын төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас дуудагджээ гэсэн яриа бусад улс орнуудын чихэнд хүрвэл олон улсын хэмжээнд манай улсын нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэсэн тухай ярьж байна.

-Танаас гадна УИХ-ын 25 гишүүн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн госпиталтай нэгтгэх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, тогтоолын төсөл хүртэл боловсруулсан. Гэсэн ч хоёр эмнэлгийг нэгтгэсэн. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Миний байр суурь бол энэ хоёр эмнэлгийг нэгтгэхийн эсрэг биш. Нийлүүлснээр төсөв хэмнэнэ. Тэгээд ч энэ бол ХЗЯ-ны дотоод асуудал. Миний ярьж байгаа асуудал бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, төсвийн тухай хуулиар 14 тэрбум төгрөгийн дөрвөн шатлалтайгаар батлуулсан байдаг. Хамгийн сүүлд 2012 оны сүүлээр гүйцэтгэлээ батлуулсан. Энэ нь эмнэлгийн байр барина гэсэн төслөө оруулсан. Төслийг нь УИХ-аар оруулж, Төсвийн тухай хууль баталсан. Хуулийг хууль гаргаж байж л өөрчилдөг. Тэрнээс Засгийн газар тогтоол , журам гаргаж өөрчилдөггүй. Тэгэхээр энэ барилга баригдаж дуусаагүй байхад ЭЦГ-ыг оруулах гэж байна. Энэ барилгыг ТӨХ хурааж авангуутаа прокурор, УМБГ-ыг оруулах гэж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнд Ерөнхий сайд ч тэр, Хууль зүйн сайд ч тэр эрх зүйт төр байгуулъя гэж байгаа бол больсон нь дээр. УИХ-д 26 гишүүн гарын үсэг зурж, Засгийн газар тогтоол гаргасныг хүчингүй болгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, үүнийг улс төржүүлээд АН-ынхан завсарлага авсан. АН-ынхан бас хуулиа зөрчсөн. Ямар хууль зөрчиж байгаа вэ гэхээр аливаа завсарлагын хугацаа ажлын тав хоног байдаг. Хуулиа дагахгүй байна. Хоёрдугаарт, Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг авч дуртай байнгын хороо руугаа “шидэж” байна. ХЗБХ, НББСШУБХ-нд “шидсэн”. Даргын зөвлөлөөр ярьж байгаа яриаг дам сонсоход ЭЗБХ-нд шилжүүлэх юм гэнэ. Ингэж цаг хожих гэж байна. Яагаад гэвэл ард түмэн эмнэлгийн байрыг анхаарахаа болино, мартана. Тэр хооронд хүчний байгууллага юм уу эсвэл хувийн компанид заръя гэж бодож байгаа биз.

-Цаашид та нар яах вэ?
-Энэ эмнэлгийн байрыг Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэг, эсвэл нэгдсэн эмнэлэг болгох хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн иргэд ТТАХНЭ-т мэс засал хийлгэдэг байсан. Одоо мэс заслаа хаана хийлгэх вэ.

-Хамгийн гол нь, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь ч юм уу, нөлөө бүхий албан тушаалтнууд иргэдийнхээ эрх ашгийн төлөө энэ асуудлыг хөндөхгүй байна шүү дээ?
-Хүн бүрт нийтийн эрх ашгийн төлөө гэсэн сонирхол алга. Гэтэл Монгол Улс даяар “пэд сд” гэдэг  аппарат байхгүй. Энэ аппарат бол нэг см-ээс дээшх хэмээний хавдрын үсэрхийллийг мэдэрдэг, тогтоодог. Ийм байхад хавдрыг яаж хянах вэ. Ходоод, уушги, элэг хавдартай байна гэж ярихаас биш хавдар нь үсэрхийлсэн үү, өөр эрхтэнд шилжсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэтэл энэ эмнэлгийг байгуулчих юм бол олон улсын аль нэг эмнэлэгтэй холбож, гадаад руу эмчлүүлж байгаа иргэдээ энд дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, заавар зөвлөгөө өгөх, олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болгож хөгжүүлэх боломж байна шүү дээ.

-Иргэд нийгмийн даатгал төлөөд л байдаг. Гэтэл тэрнийхээ үр шимийг хүртэхгүй байна гэж их гомдоллодог. Таны хувьд нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төсөл бас санаачилсан байх аа?
-УИХ-ын гишүүн С.Ганбаатартай хамтарч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн бариад удаж байна. Даатгалын системээр татвар шиг бөөн мөнгө орж ирдэг. Тэрийг нэг банкинд байршуулж, зөвлөл гэдэг нэртэй нөхөд ашиг олоод л яваад байна шүү дээ. Үүнийг болиулж, даатгалын системийг цэвэр эрүүл мэнд рүү чиглүүлдэг болгоё гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, намрын чуулганы хугацаанд хэлэлцээгүй.  Энэ парламентад нэг зүйлийг ойлгохгүй байна. Жишээ нь, ХЗЯ 10 хууль өргөн барина гэж байна. ХЗЯ хууль санаачлах эрхгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Тэгэхээр хэн санаачлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, энэ хууль ороод ирнэ гэхэд итгэхгүй байна. Салбарын байгууллагуудаасаа санал авсан эсэхийг нь ч мэдэхгүй  юм.

0 Сэтгэгдэл
Энэ жоомонд гадаадад луйвар хийхэд нь дипломат алба садаа болоод байгаа юм байх даа. хийх ажлаа мэддэггүй юм уу хаашаа юм юм юманд лхошуу дүрж явах юм зайлуул. МАХН-д хаанаас олдсон жоом юм бол доо.
Хамгийн их уншсан