Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхээр болжээ


Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” сэдэвт уулзалт өчигдөр боллоо. Энэ үеэр салбарын сайд дараахь мэдээллийг өгсөн юм. 



“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хугацааг 25-30 жилээр уртасгана

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн нөөцийг 25 жил ашиглах боломжтой гэсэн судалгаа байдаг. Цаашид нөөцийг нэмэгдүүлэхээр “Эрдэнэтийн овоо”-ны ойр орчимд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, хэтийн төлөвтэй гэж тогтоосон талбайнуудыг Засгийн газрын нөөцөд авах шаардлагатай гэсэн саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газарт танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, ордын ойр орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий зургаан талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурвыг нь Засгийн газрын тогтоолоор нөөцөд авчээ. Мөн “Хужиртын гол”, “Эрдэнэт-ЗУ-3-1” талбайн тусгай зөвшөөрөл хуулийн дагуу хүчингүй болсон учир нэмж нөөцөд авах тухай Засгийн газрын энэ сарын 16-нд тогтоол гаргасан аж. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой гэж тэд үзжээ.  

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэв

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд орд нь ашиглалтад орчихсон газрын лицензийг шийдэх хэрэгтэй байгаа аж. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр  ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын тогтоол гарчээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон байна. “Эрдэнэс МГЛ” Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэгч үүрэг бүхий компани. Төрийн өмчийн болон оролцоотой компаниудаар дамжуулан Хүний хөгжил санд орох ноогдол ашгийг төвлөрүүлж, энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг компани болох юм.

Түүнчлэн Төмөртэйн төмрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохистой хувилбарыг сонгох, Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алтны орд тус бүрийн үнэлгээ, төслийн ТЭЗҮ-ийг судлан зарим ордтой тогтвортой байдлын гэрээг дүгнэхээр тогтоолд тусгагджээ. Мөн ураны Мардай, Дорнод, Гурванбулагийн ордыг ашиглах боломж нөхцөлийг судалж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор болсон гэв. Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алтны болон бусад томоохон орд, газрын ховор элементүүдийг стратегийн ач холбогдолтой ордод хамруулах чиглэлээр судлах аж.

Налайхын уурхайн асуудлыг Засгийн газраар шийдүүлнэ

Шадар сайд, Уул уурхайн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар Налайхын нүүрсний уурхайд шалгалт хийжээ. Ажлын хэсэг Налайхын уурхайд 14 аж ахуйн нэгжид очиж ажиллаж, хууль бусаар олборлолт явуулж буй 186 амыг хаасан байна. Энэ талаар Уул уурхай сайд Д.Ганхуяг “Иргэд лиценз эзэмших, цалин авах, гэр бүлээ тэжээх гурван зорилгоор ажилладаг юм байна. Энэ мэт хүндэтгэх шалтгаан байгаа ч уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан. Тэнд ажиллаж байсан иргэдийг түр ажлын байраар хангах хэрэгтэй. Уурхайн хаагдсан ам, малталт руу дураараа орох, амь эрсдэх магадлал өндөр байгаа тул ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд Налайх дүүргийн иргэд болон төрийн байгууллагыг нүүрсээр хангах асуудлыг шийдвэрлүүлэх, нүүрсний ордыг цагдаа, дотоодын цэргийн түр хамгаалалтад авах, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах арга хэмжээ болон хогийн цэгийг цэгцэлнэ. Мөн уурхайн ам, малтмалуудыг хааж, зарим боломжтой ордын аюулгүй байдлыг хангах, санхүүжилтийг зохих эх үүсвэрээс шийдвэрлүүлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулах ажлыг хийлгэх тогтоолын төсөл боловсруулаад байна” гэв.
 
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 20 аймгийн 78 сум, нэг дүүргийн 214 газарт иргэд бичил уурхайд ажиллаж байгаа аж. Манайд 70 гаруй мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлож амьжиргаагаа залгуулж буй. Засгийн газрын 2010 оны тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталжээ.
Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж буй аж. Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, дэмжлэг үзүүлэх, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 213 нөхөрлөл байгуулагдаж, 1700 гаруй бичил уурхайчин хамрагдаж Ашигт малтмалын газраас 10 аймгийн 859.61 га бүхий 54 талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

“Роснефть” компаниийг зорьжээ


БНХАУ-аас 10 мянган тонн шатахуун авахаар болсон. Энэ сарын 19-нд Газрын тосны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус улсад ажиллах үеэрээ манай улсаас экспортолж байгаа “Дачин-33” ангиллын газрын тосны үнэтэй уялдуулж өрсөлдөх чадвартай үнээр нефтийн бүтээгдэхүүн импортлох гэрээ хийжээ. Энэ талаар салбарын сайд нь “Манайд газрын тосны бүтээгдэхүүний гэрээ ил  тод. Өөрөөр хэлбэл, түүхий нефть ямар үнэтэй, боловсруулахад хэдий хэмжээний зардал ордог эсэх, тээврийн зардал, ямар хэмжээний ашиг ирэх зэрэг нь тодорхой байдаг. Урд хөрштэй байгуулсан дээрх гэрээний адилаар ОХУ-тай хэлцэл хийхээр Уул уурхайн яам, Газрын тосны газрынхан тус улсад ажиллаж байна. “Роснефть” компанийн манайд нийлүүлж буй үнэ өндөр байгаа. БНСУ, БНХАУ, ОХУ-ын зарим компаниас шатахуун нийлүүлж байна. Нэг сард 60-120 мянган тонн шатахуун өвлийн улиралд авдгаас 50 орчим хувийг нь ОХУ-аас бусад улсаас авч байна” гэв.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан