Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Жаргалсайхан: Цаг явах тусам дүүрэн цэнэгтэй байх гэж хичээж байна

Улсын драмын эрдмийн театрын тайзны ард байх “16“ тоот өрөөнд хэд хэдэн жүжигчинтэй хамт байрлаж, урлагаар амьдардаг нэгэн эрхмийг зорин очлоо.
Энэ удаагийн яриа ч гэсэн тэр өрөөнд өрнөлөө. Монгол Улсын гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхантай ярилцсанаа хүргэе.




-Наашаа ирэхээсээ өмнө тантай ярилцахдаа юунаас, хэрхэн эхлэх талаар бодож бараг таны овог болсон Хасар нэрний талаар асууя гэж сэтгэлээ. Хасар Жагаа гэхээр нэг л ширүүн, догшин дүр төрх буудаг?
-Хүмүүс хааяа утсаар яриад “Хасар Жагаа мөн үү” гээд л асуудаг. Энэ нэрэндээ ч дасчихаж дээ. “Мөн байна аа...” л гэчихдэг юм. Жүжигчин хүн найруулагчийн юу хүсч байгааг л хийдэг. Хасар гээд Их Монгол Улсын алдартай жанжны түүхэн дүрийг бүтээх санал ирэхэд нь анх баяртай хүлээж авсан. Хүмүүс тэр агуу баатрын тухай их зүйл мэддэг болохоор үнэн бодит  байдал руу нь илүү дөхүүлж гаргах гэж хичээсэн юм.

-Одоо ч гэсэн Хасар жанжныг танаар л төсөөлдөг шүү дээ?
-Хүмүүс надад хэлдэг л юм. Хасар ер нь тань шиг хүн байсан байх аа гээд л. Тэгэхээр нь баярлана аа. Ер нь, Жаргалсайхан гэдэг хувь хүн бол хүнтэй хатуу ширүүн дуугаар харилцахыг боддоггүй. Кинонд тоглуулах санал тавиад, анх танилцсан хүмүүс надаас жаахан айгаад зайгаа бариад байгаа нь мэдрэгддэг. Харин сүүлд нь уран бүтээлийнхээ ард гарчихаад ярьж байхад “Анх танаас айж байлаа. Гэтэл та бодож байснаас огт өөр хүн юм” гэдэг. Тэгэхээр нэг их хатуу ширүүн хүн биш юм шиг.

-Хасараар овоглох болсон үүх түүхээс дурсвал?
-1987 онд Москвагийн Театр урлагийн сургуулийг төгсч ирээд УДЭТ-таа одоог хүртэл ажиллаж байна. 1989 онд бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны найруулагч Балжинням Хасарын дүрд жүжигчин Жаргалсайханыг тоож тоглуулсан. Тэр үед “ногооноороо” л байж дээ. Би тэр үеэ дурсан ярих дуртай. Хүмүүс ч мэднэ. Хутганы ир шиг 25 насандаа тоглосон доо гэж...

-“Өглөө” киноны Дүйнхэр зайранд тоглосон Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай гараад өнгөрдөг хэсэг байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү жижигхэн хэрнээ хожим жүжигчний уран чадварын амьд сургууль болж үлдээсэн дүрүүд бий. Таны бүтээсэн Хасарын дүр ч гэсэн ийм л дүрүүдийн нэг?
-Үе үеийн жүжигт өөр өөрийнхөө үед гайхамшигтай уран бүтээлүүдийг хийгээд л явж байгаа. Одоо ч мөн адил. Тэр нь кинонд бүтээсэн туслах дүрээс хүртэл харагддаг. Чиний саяны хэлсэн дүр бол гайхалтай сайхан дүр. Дүйнхэр зайранг шууд л Чимэд-Осор гуайгаар төсөөлдөг шүү дээ. Үнэхээр ахмад үеийнхний бүтээсэн тайз, дэлгэцийн бүтээлүүд залуу үеийнхэн, дунд үеийн бидэнд сургууль болж байдаг нь үнэн. Тухайн нөхцөл байдалд яаж үйл хөдлөлөө үзүүлж байна. Яаж үгээ зохицуулж байна гээд л. Би ер нь, ямар ч кино үзсэн энэ хүн дүрээ яаж гаргаж байна гэдгийг нь их анхааралтай хардаг. Бусад уран бүтээлч ч гэсэн надтай адил байх.

-Олон ч хүн таныг барилддаг байсан талаар ярьж, магадгүй улсын цолтод хүрсэн байна даа гэдэг. Тэр үеэ хааяа дурсана биз?
-Энэ тухай мөн ч олон удаа ярьж байлаа даа. Мэдээж дурсахад сайхан байдаг юм. 10 жилийн сурагч байхдаа гавьяат дасгалжуулагч Цэрэндагва багшийн шавь болж, таван жил үндэсний бөх, жүдо бөхөөр хичээллэсэн. Ноцолдоод, барилдаад авсан хэд хэдэн сайшаалын үнэмлэх, баярын бичиг, медальтай. Тэрийгээ хааяа хараад суухад өнгөрсөн бүх дурсамж сэргээд сайхан байдаг. Спортоор хичээллэхэд хүнд маш их зүйл өгдөг. Хэдийгээр би жүжигчний мэргэжил сонгосон ч гэсэн бөхөөр хичээллэж байсан нь надад их зүйл өгчээ. Ямар нэг зүйлийг давж дийлэх ухаан, хөлсөө гаргаж зүтгэсэн зүйлийнхээ цаана гарах нь миний урлагийн амжилтад их нөлөөлжээ. Миний амьдарлын суурь болсон байдаг юм.

-Сүүлийн үед таны бүтээсэн дүрүүдийг харахад ихэвчлэн аавын дүрд хувирдаг болж?
-Одоо би аавд тоглохгүй бол ямар залуу хүний дүрд тоглолтой нь биш дээ. Тэр ч бүү хэл, өвөөгийн дүрд тоглох настай болчихоод байна шүү дээ. Ер нь, жүжигчин хүн хэзээ ч хөгширдөггүй гэж ярьдаг. Өөрийгөө цэнэглээд цэнэгээ дүүрэн байлгаад байхад л болно. Цаг явах тусам дүүрэн цэнэгтэй байх гэж хичээж байна. Олон аавын дүр бүтээлээ. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийн сайхан аавын дүр бүтээхсэн гэж боддог. Саяхан нэг киноны уран бүтээлчдээс аавын дүрд тоглох санал ирсэн л дээ. Зохиолыг нь уншиж үзээд тоглох эсэхээ шийднэ. Ер нь, найруулагчийнх нь ярианаас сонсоход миний бүтээх юмсан гэж мөрөөддөг аавын дүр байх шиг санагдсан. Зохиол таалагдвал мөрөөдлөө биелүүлнэ дээ.

-Аавын дүрд тоглохгүй бол залуугийн дүрд хувиралтай нь биш гэсэн шүү дээ. Гэхдээ театрын архивт таны тоглосон олон залуугийн дүр бий. Тэдгээр жүжгийг дахин тавина шүү дээ...?
-Театр бол амьд харилцаа. Тийм учраас тэрийг нөхөх хэрэг гарна. Миний бүтээсэн дүрийг дараагийн залуучууд маань бүтээх ёстой. Би ч гэсэн түрүү үеийн жүжигчдийн бүтээж байсан дүрд тоглосоор ирсэн. Театр ийм л байдаг.


-Өнгөрсөн жил УДЭТ-ын тайзнаа тавьсан хоёр жүжигт хоёуланд нь аавын дүрд тоглосон. “Гамлет” жүжгийн Офелиягийн аав, “Эсрэг дурлал”-ын Гэнжийн хааны аав хоёр бол тэнгэр газар шиг ондоо шүү дээ?
-Тэгэлгүй яахав. “Гамлет” жүжигт XVI зууны үеийн Европын соёлыг харуулдаг. “Эсрэг дурлал” жүжиг бол Дорнын зохиол. Дэлхийн анхны романаас сэдэвлэсэн жүжиг. Энэ бол цаг хугацаа, өв соёлын хувьд ч тэс өөр. Дүрийн хувьд ч гэсэн огт өөр. Хоёр өөр бодлыг боддог, хоёр өөр ертөнц. Хүнээс янз бүрийн л зан авир гардаг. Тэдгээрийн төлөөлөл болсон хоёр дүр дээ.

-Нэгэн жүжигчин бүсгүйтэй ярилцаж байхад ламхайн дүрд тоглосны дараа сахилгагүйтмээр санагддаг гэж билээ. Тэгж дүрдээ орж байж л сайн дүр бүтдэг юм шиг. Өнөөдөр “Гамлет”-д тоглоод, маргааш “Эсрэг дурлал”-д гарахад хэцүү болов уу?
-Хэцүү гээд байх юм юу байх билээ дээ. Сургуулилт хийсэн байдаг болохоор. Гэхдээ өнөөдөр нэг жүжигт тоглолоо гэхэд маргааш юунд тоглохоо эртнээс мэдээд ухамсарласан байдаг болохоор гайгүй. Яах гэж жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн билээ. Тиймдээ ч манай театрынхан үзэгчдэд уран бүтээлээ мэргэжлийн өндөр төвшинд хүргэдэг. Гэхдээ нэг дүрээс нөгөөд шилжихэд дотоод сэтгэхүйн хувьд хүндрэл гардаг. Эмгэнэлт жүжигт тоглочихоод инээдмийн жүжигт тоглоход дунд нь амралт байх ёстой.

-Таныг удахгүй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа гэж сонссон. Тоглож байсан жүжгүүдээс цөөн хэдийг нь л сонгож, цэнгүүндээ оруулж байгаа юм билээ?
-Энэ удаагийн уран бүтээлийн цэнгүүн маань их онцлогтой. Театрын урын санд байдаг миний оролцсон бүтээлүүд, миний дүр тоглосон дэлгэцийн бүтээл, театраас гадуур надтай хамтран ажилладаг уран бүтээлчид гээд гурван цогц зүйлийн нийлбэр байх юм. Өөрийн уран бүтээлийн цэнгүүндээ бүх л жүжгээ оруулах гэж хичээсэн ч энэ боломжгүй. Тийм учраас зургаан жүжгийг сонгон авч оруулж байгаа. Их гоё цэнгүүн болох байх аа. Найруулагч маань их сонин зүйл сэтгэж хийсэн.

-Хэрэв нууц биш бол ямар найруулагчтай хамтран ажиллаж байгаа вэ?
-Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Сосорбарам найруулж байгаа. Энэ бол нөгөөдрийн арга хэмжээ. Харин энэ сарын 7-нд 17 цагаас “Хаан түүх” жүжигт тоглоод, орой нь 20 цагаас “Хайрын домог” жүжигт бас тоглоно. Ийм хоёр өдөр миний уран бүтээлийн цэнгүүн үргэлжилнэ дээ.

-Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн фото зургийн үзэсгэлэн дээр “27 жил, амьдралынхаа ихэнх хагасыг тайзан дээр өнгөрөөжээ” гэсэн. Өөрийнхөө өнгөрүүлж байгаа цаг хугацааны уртыг тэр бүр мэддэггүй юм шиг. Та хэдэн жил тайзан дээр амьдарсан байна вэ?
-Уг нь, би Сараагаас ах шүү дээ. Тэгсэн мөртлөө 26 жилийг алтан тайзан дээрээ өнгөрүүлсэн байна. Сарантуяа хүүхэд байхаасаа л дуулсан гайхамшигтай дуучин.

-Дэлгэцийн бүтээлээс тайзны бүтээл уран бүтээлчдээ илүү халгаатай ч юм шиг санагддаг. Яагаад тэгж бодсон гэхээр таны олон жилийн өмнө тоглосон Хасарын дүр хүмүүсийн дунд амьдарсаар л байна. Гэтэл яг тэр үед тоглож байсан жүжгийн дүр тэр цаг үетэйгээ л хоцорчихдог юм шиг...?
-Дэлгэцийн уран бүтээлд би тоглож байсан. Тэр болгон мөнхрөөд үлдчихлээ. Тайзны бүтээлийн хамгийн сайхан зүйл нь үзэгчид уран бүтээлчдийн дунд бий болдог амьд харилцаа. Энэ бол гайхамшиг. Нэг тоглолт дуусаад үзэгчдийн өмнө ёслоход уйлсан, инээсэн үзэгчид алга ташаад угтах нь сайхан. Хэдий дэлгэцийн бүтээл шиг мөнхөрч үлдэхгүй ч гэсэн тайзны бүтээл үзсэн үзэгчдийн оюун санаанд үлдэж чаддаг. Надад бол тухайн цаг үедээ л үзэгчдийг уйлуулаад, дуулуулаад, баярлуулаад гаргахдаа тархинд нь нэг зүйлийг хийгээд гаргах нь л чухал.

0 Сэтгэгдэл
Amjilt husie. Mundag jujigchin shuu.
Хамгийн их уншсан