Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлсөө хатаах сэхээгүй илүү төлж буй 10 хувь


Монгол татварын таатай орчинтой улс хэмээдэг. Энэ нь, гадаадын хөрөнгө оруулагчдад л хамаатай. Учир нь, тэд их хэмжээний хөрөнгө оруулбал эхний тав, арав гэх мэт хугацаагаар татвараас чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх эрх эдэлнэ. Гэтэл их хэмжээний хөрөнгө оруулагчид нь бүгд уул уурхайн салбарт тэр дундаа Монголын онгон байгалийг онгичиж баялгийг нь авч буй хүмүүс гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, гадаадын хөрөнгө оруулалтаар боссон Монголд үлдэх нэмүү өртөг шингээсэн, ажлын байр олноор гаргасан үйлдвэр алга. Уг нь, манайд ноос, ноолуур, арьс шир, ашигт малтмал гээд үйлдвэрлэлд хэрэгтэй бүх л түүхий эд бий. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр тэрбум, тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа ч тэр хэмжээгээр монголчуудын аж амьдрал дээшилсэнгүй.
Харин ч их мөнгөний урсгал, төрийн харалган бодлогын нөлөөгөөр инфляцад идэгдэж, халаасан дахь хэдэн төгрөгөө салхинд хийсгэж ирлээ. Товчхондоо, хөрөнгө оруулагчдын халаас түнтийж, монголчуудынх улам шалчийсаар. Өөрөөр хэлбэл, их мөнгө эргэлдүүлдэг гадаадын баян бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлж байхад Долоон буудалд бяцхан “ТҮЦ”-тэй иргэн Дорж гуай  Хүн амын орлогын албан татвар  төлнө. Ганц Дорж гуай ч биш зах худалдааны төвүүдэд дэлгүүр, лангуу ажиллуулж буй болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлого тодорхойлох боломжгүй тул 10 мянган төгрөгийн  татвар сар бүр  тогтмол  төлдөг. Үүнээс гадна Монгол Улсын иргэн бүр НӨАТ-ын 10 хувийг төлж байгаа. Учир нь, худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүрийн үнэд энэ татварын мөнгө шингэсэн байдаг. 

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд жилд 10 саяас дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнд уг татварыг ногдуулахаар хуульчилсан. Үндсэндээ нийт орлогыг  нь 100 хувь гэж үзвэл түүнийхээ 10 хувийг  НӨАТ-ын татварт төлөх ёстой юм. Энэ мөнгө нь тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шингэж эцсийн дүндээ худалдан авагчийн халааснаас гардаг. Уг нь, худалдан авагч, үйлчлүүлэгч  бол НӨАТ төлөгч биш. Дэлхийн улс орнуудад НӨАТ-ын татвар анх үүсэхдээ үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид хэдий хэмжээний орлого олж байгааг илрүүлэх, далд эдийн засгийг  ил болгох гэж сэдсэн арга. НӨАТ төлөгч өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд уг татварын мөнгийг шингээнэ. Харин худалдан авагч, үйлчлүүлэгч нь НӨАТ-тай бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж, татварын байгууллагад өгөөд илүү төлсөн 10 хувиа эргүүлж авдаг эдийн засгийн нэгэн тогтолцоо юм.  Гэвч сүүлийн үед эдийн засагчид НӨАТ нь далд эдийн засгийг илрүүлэх сонгодог арга мөн эсэхэд эргэлзэх болсон. Ийм ч учраас өндөр хөгжилтэй зарим улс оронд НӨАТ-гүй бүс нутагтай болж гарах үр дүнг нь ажиглаж буй билээ. 

Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн амьжиргааг дэмжинэ гэж ярьсаар ирсэн. Төрөөс тодорхой мөнгө төгрөг төсөвлөөд хөнгөлөлттэй зээл олгож ч байгаа. Гэвч дотоодын зах зээлээ хангахаар нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар гарч ирсэн жижиг, дунд үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүн алга гэхэд нэг их ташаарахгүй л болов уу. Дэмжээд байхад ёстой нэг явахгүй юм аа гэдэг үг байдаг даа. Үүний нэг том шалтгаан нь монголчуудаа, тэдний бизнес, үйлдвэрлэлийг дэмжсэн татварын бодлогод бий гэж болно. Хоногийн хоолоо арай гэж залгуулж буй “ТҮЦ”-тэй Дорж гуай, арьс шир, эсгийгээр гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлж ядаж буй Дулмаагийн хоршоолол хөл дээрээ баттай тогтсон хөрөнгө оруулагчидтай уралдаад л татвар төлж байна. Татвараа хугацаанд төлөхгүй бол торгууль, шийтгэлээс бултсан, зугтсан гээд асуудал мундахгүй. Дээр нь, банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлнө. Ингээд л тэр жижиг бизнес хүрээгээ тэлж хөл дээрээ тогтож чадахгүй сөхөрч унахад хүрч байгаа билээ. Баян томоохон компани, бизнесээ дөнгөж эхэлж ядаж буй хоршоолол хоёрыг харьцуулж болохгүй нь мэдээж. Гэхдээ хоёулаа л татвар төлөгч. Том компани НӨАТ, бусад татвар ч бай тав, арван хувийг ядах юмгүй төлж чадна. Харин жижиг хоршоолол түүнийг төлөхөд нэлээд тэвдэнэ. Өөрөөр хэлбэл, халаасаа ухаж ёстой л нөгөө бутархай мөнгөө хүртэл тоолж байж, тэр татварын ард гардаг гэсэн үг. Гэтэл бас хөлсөө арчих болоогүй ээ. Нөгөө эргэлтийн хөрөнгө, ажилчдын цалин гээд мөнгөний эрэлд хатах зам ар араасаа зурайна. Тэгээд бараа нь зарагдахаар болно гээд урд, хойд хормойгоо авч нөхөж цойлдоод л хөлсөө  хатаах завгүй зүтгэж буй дүр зураг Монголд хаа сайгүй бий. Илжиг модон хударгандаа дасчихаж гэдэг нь л энэ байх. Тэгэхээр л манай татварын орчин гадаадынханд ээлтэй байх нь. Өөрсдөд нь харин дарамттай юм уу даа.

Энд нэг жишээ дурдъя. Үндэсний татварын ерөнхий  газрын судалгаагаар Монгол Улсад 42600 орчим аж ахуйн, нэгж иргэн НӨАТ төлдөг аж. Үүнийг орлогоор нь задлаад үзье.  Өнгөрсөн оны байдлаар жилд 10 сая төгрөг хүртэлх орлоготой 21470 аж ахуйн нэгж 82.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн 200 сая төгрөг хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум төгрөгийн борлуулалт, үйлчилгээ үзүүлсэн байна. Харин  200  сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуйн нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан тооцоо гарчээ. Энэ тооцоогоор 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нийт НӨАТ  төлөгчдийн 36 хувийг бүрдүүлж байна. Гэвч  нийт борлуулалтын ердөө л 2.4 хувийг нь л эзэлж буй аж. Эцэст нь хэлэхэд, НӨАТ төлөх  борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөгт хүргэснээр  бага, дунд орлоготой аж ахуйн нэгжүүдэд  эдийн засгийн бодит дэмжлэг болно.  Нөгөө талаар, иргэн бүр худалдан авах болгондоо илүү төлж буй илүү татвараасаа бага боловч чөлөөлөгдөх юм. Эдүгээ,  УИХ-ын зарим гишүүн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ хуулийн төсөл дэмжигдвэл жижиг, дунд бизнесийхэн хөлсөө хатаах сэхээ орно. Иргэн бүр илүү төлөх байсан мөнгөө хуримтлах нэг нөхцөл бүрдэх нь. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан