Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын говийн баавгай мазаалай 22-хон ширхэг үлдээд байна


Мазаалайг үржүүлэх ажилд багадаа 10-15 жил хэрэгтэй


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны зөвлөх Э.Зоригттой Мазаалайн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр мазаалай хамгаалахаар нэгдсэн залуус нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тэдний дундаас таньдаг нь та болохоор зориод ирлээ?
- 1950-иад онд Монголын “Улаан ном”-онд Мазаалай орсон юм.Төрийн байгууллага нь хуулийн дагуу хамгаалах чиглэлээр ажиллаж л байсан. Гэхдээ саяхнаас жиргээгээр хүмүүс мазаалайн талаар санал бодлоо илэрхийлж, хамгаалахаар нэгдлээ. Бидэнтэй хамтарч ажиллахаар боллоо. Боломжоороо хөрөнгөө гаргаж, судлаад явж л байна.

-Мазаалай бол ганцхан Монголд байдаг амьтан учраас бие даасан төрөл зүйл гэдгийг дэлхий нийт албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь юу л бол гэсэн бодол танд байдаг уу?
-Мазаалай биеэ даасан төрөл зүйл мөн үү, биш үү гээд маргаантай зүйл бий. Сүүлийн 1-2 жилд төр засгийн байгууллагууд харьцангуй мөнгөтэй болж байна. Генетикийн судалгаа гадаадынхантай хамтраад хийж байгаа. Хэрвээ бие даасан төрөл зүйл гэдгийг нь олон улсын төвшинд нотолж чадах юм бол “Устаж үгүй болж байгаа гэдэг ангилалд” оруулж, анхаархлыг нь татаж чадна. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч хамгаалах төсөл хэрэгжүүлэх боломжтой болно.

-Жиргээнд анх хэн энэ сэдвийг хөндөж олны анхааралд оруулж чадав аа?
-Арванхоёрдугаар сарын эхээр Энхбаатар гэдэг жиргээч мазаалайн талаар бичиж байсан. Өөр хүмүүс ч гэсэн дэмжиж их бичсэн. Байгаль орчны чиглэлээр дагнасан ажилтай минь ч гэсэн холбоотой зүйл шүү дээ. Хувь хүнийхээ хувьд санаа зовниж явдаг зүйлийн нэг мазаалайг хамгаалах. Урьд нь мазаалай олж харах гэж “Мазаалай сан” –гийнхантай гурав хоног яваад зорилгодоо хүрч чадаагүй эргэж ирсэн л дээ. Харин жиргээчид маань нэлээд асуудал хөндөж бичиж эхлээд шинээр “Үндэсний бахархал Мазаалай” төрийн бус байгууллага байгуулж, үйл ажиллагаанд маань оролцооч гэж уриалсан. Олон жил ярьсан боловч тодорхой ажил хийгээгүй байсныг нь хэдэн жиргээч нэгдээд л сүүлийн хоёр сарын дотор олон нийтийн анхааралд оруулж чадсан. Энэ бол том амжилт.

-Та ингэхэд хэзээ жиргээчин болсон бэ?
-Би бол жиргэж эхлээд нэг их удаагүй байсан юм. Найман сар орчим л хугацаа өнгөрсөн байхад мазаалайн тухай ярьж эхэлсэн л дээ. Эрхэлж байгаа ажилтайгаа холбоотойгоор амьтан хамгаалах төрийн бус байгууллагуудтай нэлээн холбоотой ажилладаг. Тийм ч болохоор жиргээчдийн санаачилсан мазаалай хамгаалах шинэ төрийн бус байгууллагыг дэмжиж, хамтарч ажиллая гэж нэгдсэн. Нөгөөтэйгүүр Монголын нийгэмд олон нийтийн сүлжээ ямар нөлөө үзүүлж чадахыг хармаар санагдсан. Арабын орнуудад олон нийтийн сүлжээгээр дамжиж  хувьсгал гарсан жишээ байна шүү дээ. Манай жиргээчид нэгдүгээр сарын 7-нд анхныхаа уулзалтыг хийж, төрийн бус байгууллагаа байгуулаад, маргааш нь нэрээ бүртгүүлж, дансаа нээсэн. Хэдхэн хоногийн хугацаанд гурван сая орчим төгрөг цуглууласан. Энэ мөнгөөрөө тэжээл бэлтгээд явуулчихлаа. Дараагийн ээлжийн тэжээлийг хүргэхэд бас мөнгө хэрэгтэй л дээ.

-Дандаа хандиваар цугласан мөнгө үү?
-Тийм ээ. Бид “Үндэсний бахархал мазаалай” –гаа байгуулаад удирдах зөвлөлдөө 13 хүн оруулсан. Удирдах зөвлөлийнхөн тодорхой хэмжээний мөнгө хандивлаж, хандив цуглуулсан. Үндсэн хоёр чиглэлээр ажиллах юм. Цастай хүндхэн өвөл болсон учраас бид юуны өмнө идэш тэжээлээ хүргэхийг зорьж ажиллана. Одоогоор мазаалай ичээндээ байгаа. Гуравдугаар сарын сүүлээр ичээнээсээ гарч ирэхэд нь тэжээл тавьж өгнө. Өмнө нь яахав, бага хэмжээгээр тэжээл явуулдаг байсан. Бид хандиваар цугласан мөнгөөрөө найман тонн хорголжин тэжээл, 400 кг нохойн тэжээл, 300 ширхэг цувдай бэлдсэн. Цувдайнаас бусад тэжээл гуравдугаар сарын 4-нд очих газраа хүрсэн. Гуравдугаар сарын дундуур гэхэд тэжээлүүдээ цэгүүддээ байрлуулчихна.
Мазаалайг олон жил судалж байгаа Мижиддорж докторын зөвлөснөөр нутагладаг газарт нь дахиад нэмж тэжээлийн хоёр цэг байгуулах хэрэгтэй. Одоогоор  тэжээлийн 15 цэг бий. Өмнө нь манайхан малд өгдөг хорголжин тэжээл тавьж байсан юм. Мазаалай холимог тэжээлтэн болохоор орцыг нь өөрчилье гэж эрдэмтэд, судлаачид зөвлөж байна. Гэхдээ бид судалсаар байтал цаг алдаад байна шүү дээ. Цаг алдахгүйн тулд бага ч гэсэн ажил хийе гэсэн юм.

-Тэжээлийн орцыг өөрчилнө гэхээр?
-Малын гэдэс дотрыг тэжээлд нь хольж өгч үзье гэсэн. Мөн “Шоко трейд” компани “Chapi” гэдэг нохойны хоол импортлодог юм байна. Энэ тэжээл махны хольцтой болохоор мазаалайд өгөхөд тохиромжтой гэж үзсэн. “Шоко трейд” компанийнхан манай ТББ-ыг дэмжиж ажиллаж байгаа. Амин дэм ихтэй, махны орцтой хоол болохоор тодорхой хэмжээгээр аваад хорголжин тэжээлтэйгээ холиод, тавьж үзэх төлөвлөгөөтэй байна. Уг нь Мазаалай нутагладаг газарт тэжээлийн аж ахуй байгуулна гээд тоног төхөөрөмж суурилуулсан юм билээ. 100 гаруй сая төгрөгөөр гурван жилийн өмнө судалгааны байшин барьчихсан байгаа.

-Өчнөөн мөнгө төгрөг гаргуулаад мазаалай судлах гэж тусгай байшин барьсан мөртлөө судалгаа байхгүй, огт ашиглаагүй гэдэг?
-Ажиллах хүмүүс, санхүү орон тоог нь шийдээгүй дөрвөн жил болж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх болохоор та албан ёсны уулзалт, айлчлалын үеэр мазаалайн асуудлаа хэлж ярьдаг л байлгүй?
-Ерөнхийлөгч гадаад дотоод айлчлал, албан болон албан бус уулзалтаар ч гэсэн байнга хөндөж тавьдаг. Ямар ч байсан НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрт /UNEP/ мазаалайг судлах, хамгаалахад хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Дөрөвдүгээр сард энэ байгууллагын шугамаар манай улсад шинжээчид ажиллана. Яг ямар салбарт юугаар ажиллаж болох вэ гэдгийг тодорхой болгоно. Мөн “National Geography” сэтгүүлийн гэрэл зурагчин, сэтгүүлч нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал тавьж мазаалай нутагладаг газруудаар явж зураг авсан. Зургадугаар сар гэхэд “National Geography” сэтгүүлийн дугаарт мазаалайн тухай нийтлэгдэнэ. Нэр хүндтэй сэтгүүлээр дамжуулж олон улс орны судлаачдын анхааралд орох байх гэж бид их найдаж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам БНХАУ-ын холбогдох яамтай хамтын ажиллагааны хүрээнд панда баавгайгаа яаж хамгаалж, аварч үлдсэн талаар туршлага судлах талаар ярилцсан юм билээ. БОНХЯ мазаалайтай холбоотой судалгааны ажлыг хариуцахаар болсон. Харин жиргээчид бидний ТББ хандив цуглуулах, олон нийтийг хамруулах талаас нь ажиллана. БОНХЯ
www.mazaalai.mn сайт байгуулж өгсөн нь бас нэг ажлын үр дүн шүү дээ.

-Мазаалай хамгаалах, тоо толгойг өсгөх гэдгийг бүгд л ярьж, бичиж байгаа. Тэгэхээр танай “Үндэсний бахархал мазаалай” байгууллагын эцсийн зорилго юунд чиглэж байгаа гэсэн үг вэ?
-Монголын говийн нөхцөлд амьдардаг, нэн ховордож байгаа, цөөхөн үлдсэн мазаалайг аврах, улам олон болгох нь бидний гол зорилго.

-Судлаачдын анхаарлыг татахын төлөө л ажиллана гэж үү?
-Гадаад, дотоодын судлаачдын анхааралд мазаалайг оруулаад илүү их хөрөнгө мөнгө босгож чадах юм бол судалгааны ажил нь хурдан явна. Манай алдартай тамирчид биднийг дэмжиж, нэгдээд байна. Их аварга Асашёрюү бидэнтэй нэгдсэн. Бид мазаалайг Монголын үндэсний брэнд болгоё гэж зорьж байна. Хятадын панда, Австралийн коала шиг. Манай удирдах зөвлөлийн 13 гишүүн дунд маркетингийн чиглэлээр ажилладаг залуус бий. Тэд маркетинг хийж, мазаалайгаа ирээдүйд нэр хүндтэй барааны тэмдэг болгох ажлаа хийнэ.

-Жиргээнд санал явсаар л байна. Ямар байдлаар сурталчлах нь зөв юм бэ гэсэн асуултад саналууд хөвөрч байсан?
-Баянхонгор аймагт “Мазаалай” гэдэг архи байгаа юм билээ. Ийм зүйлд хэрэглэж болох уу, үгүй юү гээд л асуудал зөндөө. “Мазаалай” гэдэг ямар нэг бүтээгдэхүүн гаргалаа гэхэд нэрээ ашиглуулсны төлөө орлогын тодорхой хэмжээний хөрөнгийг санд төвлөрүүлнэ. Ингэж байж санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно шүү дээ. Нэг удаад нь ингээд хандив аваад 10, 20, за магадгүй 30 сая төгрөг босголоо гэж бодъё. Тэгээд яах вэ гэхээр тодорхой хугацааны дараа цуглуулсан мөнгө маань дуусна. Байнгын эх үүсвэртэй байх л хэрэгтэй. Тиймээс бид хандивын сангаараа дамжуулж мөнгөө цуглуулж байгааг энэ дашрамд хэлье. Хэрэв манайд хандив өргөх хүсэлтэй хүмүүс байвал “Үндэсний бахархал мазаалай” ТББ Худалдаа хөгжлийн банкны  404209123 /төгрөгийн/ , 404209124 /ам.долларын/ хандивын дансанд мөнгөө шилжүүлж болно.

-Ер нь энд тэнд “мазаалай” гэдэг нэр орсон ТББ цөөнгүй байдаг гэсэн?
-Нэрээ бүртгүүлэхээр очтол “Мазаалай” гэдэг үг орсон 20 гаруй төрийн бус байгууллага байна. Үйл ажиллагаагаа ихэнх нь идэвхтэй явуулаагүй. Миний мэдэж байгаагаар “Мазаалай сан” нэлээд идэвхтэй ажилладаг. Одоо бол цаг хугацаа нь ч өөр болоод байна л даа. Урьд нь мазаалай гээд ярихаар ингэж олон хүн нэгэн зэрэг дэмжиж, олны анхаарлыг татаж байсангүй. Олон нийтийн сүлжээ ямар их хүчтэйг эндээс харж болно.

-Тэгэхээр олон нийтийн сүлжээ гэж байгаагүй болохоор санаа, зорилго нэгтэй хүмүүсээ цуглуулж нийтэд дуу хоолойгоо хүргэх нь хэцүү байсан байх л даа?
-Тэр үед олон нийтийн сүлжээ Монголд дэлгэрээгүй байлаа. Цаашаа улам олон хүнийг хамардаг болох байх. Одоохондоо хот суурин, интернэт хэрэглэдэг, ухаалаг гар утастай хүмүүс олон нийтийн сүлжээнд идэвхтэй орж байгаа. Тун удахгүй олон нийтийн сүлжээг өргөн ашиглах нь ихэнх хүнд И-мэйл хаяг байдаг шиг олныг хамарсан зүйл болох байхаа. Хөдөө гэхэд малчид хоёр гурван гар утастай байнга хэрэглэж байгаа. Монгол дахь олон нийтийн сүлжээг маш том боломж гэж хардаг даа.

-Танд жишээ нь өдөрт хэр олон санал жиргээгээр ирж байна?
-ТББ-аа байгуулсан учраас ажлаа явуулаад үр дүнгээ тайлагная гэсэн. Жишээлбэл, дансаа нээлээ гэхээр зарим нь “За мөнгө нь яах вэ цугладаг юм байж. Мазаалайдаа хүрэх юм уу. ТББ байгуулж мөнгө босгодог моод гарч байна” гэх мэтээр бичиж шүүмжилж байгаа. Үзэл бодлоо хэлэх нь чөлөөтэй шүү дээ. Тэгэхээр энэ нь эргээд бидэнд дохио өгч байгаа хэрэг л дээ. Монголын олон нийтийн сүлжээгээр холбогдож байгуулагдсан болохоор яаж ажиллаж чаддагийг бид үзүүлмээр байна. Удирдах зөвлөлийн бусад гишүүддээ ТББ-ын маань ажлын үр дүнгээр мазаалай 100 толгой болохоор би гарна гэж хошигнодог.

-Судлаачид, эрдэмтдийн судалгаагаар хэдий хэр хугацааны дараа мазаалайн тоо толгой өсч, санаа зовнихгүй хэмжээнд хүрэх бол?
-Зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр яваад байгаа хүмүүс бас биш л дээ бид. Эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж, зөвлөгөө сонсч байгаа. Эрдэмтэд мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг гэдэг. Тэгэхээр үржил нь нэлээн удаан байгаа биз дээ. Тоо толгой нэлээн өсөөд ирнэ гэдгийг бараг 10-15 жилийн ажил болох байх гэж бодож байгаа.  Байгалийн жамыг хүлээж харна гэвэл маш их цаг хугацаа шаардлагатай шүү дээ. Тэгэхээр бид Монголын говьд байдаг баавгай 22-хон үлдчихлээ гэдэг ойлголтыг л олон хүнд, дэлхий нийтэд ойлгуулах хэрэгтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл
МУУ ШҮҮ
Tahi shig saihan urjeed ene ajil zuv garaar yavbal demjij bolnoo
Baadii-n sanaltai 1 bn. Deer ni amidrah orchin baigaliig ni hamgaalahgui bval hoolood nemergui bizdee.
Мазаалай хамгаалж буй нь сайн үйлс.Ганцхан түүнд зориулсан тусламж дэмжлэг,хандивын мөнгөн хөрөнгө хэр үр дүнтэй зарцуулсныг хэрхэн тооцох бэ? Хэдэн жилийн дараа мөнгө,мазаалай 2-уулаа байхгүй, харин ажлыг зохион байгуулагчид голийчихсон бас л нөгөө шорон луу явах гээд байх бий!
Хамгийн их уншсан