Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замынхан цемент импортлогчидтой тээвэрлэлтийг хурдасгахаар зөвлөлдлөө


Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлдэг байгууллагууд хамтран “Тээвэрлэлтийг хурдасгая-2013” зөвлөлгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа. Төрийн байгууллага, хувь хэвшлийнхэн нэгэн дор цуглаж, барилгын гол материал цементийн тээвэрлэлтийн эргэн тойронд үүсдэг асуудлыг хөндсөн юм. Гурав дахь жилдээ болж буй энэхүү зөвлөлгөөнд оролцогч байгууллага, хувийн хэвшлийнхний тоо жил бүр нэмэгдэж, өргөн цар хүрээнд олон чухал асуудал ярилцаж буйг зохион байгуулагчид онцоллоо. Энэ жилийн энэхүү зөвлөлгөөнд Барилга хот байгуулалтын яам,  Зам тээврийн яам, Монголбанкны төлөөлөл болон УБТЗ-ын Ачаа тээврийн алба, УБТЗ-ын Хөдөлгөөн зохион байгуулалтын алба, Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих анги, Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба, Замын-Үүд дэх Гаалийн газар зэрэг холбогдох албаныхан цемент импортлогч, бизнес эрхлэгчдэд хүссэн мэдээллийг нь өгч, харилцан ярилцсан юм. Ингэснээр тээвэрлэлтийг хурдан явуулахад хэн хаанаа, юуг илүү онцгойлон авч үзэн, цаашид оочер дугаар үүсгэхгүй, барааныхаа үнийг тогтвортой барихад гол анхаарлаа чиглүүллээ.
 
Энэ жил хоёр сая тонн цемент оруулж ирэх боломжтой

Засгийн газраас цементийн тээвэрлэлтийг зохион байгуулалт сайтай явуулахаар холбогдох байгууллагуудад нь үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна. Жилийн жилд Замын-Үүд боомтод барилгын материал ачсан авто машин, вагон бөөгнөрч, оочер дараалал үүсч, үнэ нь өсдөг. Өнгөрсөн жил гэхэд 600 хүртэлх машин Замын-Үүдэд түгжирсэн. Иймээс цементийн бизнес эрхлэгчид холбогдох албаныхан хамтарч зөвлөлдсөнөөр тээвэрлэлтийг хүндрэл үүсгэлгүй зохион байгуулахаар ярилцав.
Энэ оны нэгдүгээр сард УБТЗ 68 мянган тонн цемент ачсан байна. Харин хоёрдугаар сард Хятадын Цагаан сар таарсан учир тоо нь буурч, 15 мянган тонн цемент ачжээ. Өнгөрсөн сард 87 мянган тонн цемент ачсанаар нийтдээ 145 мянган тонн цемент Замын-Үүд боомтоор оруулж ирэн Улаанбаатар руу шилжүүлэн ачаад байна. 2012 оны энэ үетэй харьцуулахад цемент ачсан тоо 19 хувиар өссөн байгаа гэнэ. УБТЗ-ынхны тооцоогоор энэ жил хоёр сая хүртэлх тонн цемент Замын-Үүд боомтоор оруулж ирнэ гэж үзжээ. Барилгын улирал эхэлж байгаа энэ үед сардаа 200 мянга хүртэлх тонноор нь цементийг оруулж ирэх байх гэсэн урьдчилсан тооцоо бий гэлээ. Цементийн импортын хэмжээ улам нэмэгдэх тооцоо байгаа ч ачаа тээвэрлэлтийн тариф өөрчлөгдөхгүй гэдгээ УБТЗ-ын Ачаа тээврийн албаны дарга Б.Энхбаяр хэлсэн юм. Энэ жилээс цементийг 50 кг-ын шуудайгаар бус зориулалтын сав баглаа боодолтой бол УБТЗ болон “Болд төмөр Ерөө гол” компанийн вагонуудад ачихыг зөвшөөрөхөөр болжээ. Иймээс энэ төрлийн импортын бизнес эрхлэгчдэд тавих шаардлага өөрчлөгдөж байгаа гэсэн үг юм.
Нэг тонн цемент өнөөдрийн байдлаар ачаа тээвэрлэлт, бүх төрлийн татвар, үйлчилгээний хөлс гээд зардлаа шингээхээр 139 мянган төгрөгөөр Улаанбаатарт хүрэх боломжтойг УБТЗ-ын Ачаа тээврийн албаны дарга Б.Энхбаяр тайлбарласан юм.

Вагоны тоо нэмж, тээвэрлэлтээ ихэсгэнэ

УБТЗ ХНН өнгөрсөн жил түүхэндээ анх удаа 20 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнийх нь тодорхой хэсгийг барилгын материал эзэлдэг байна. Тухайлбал, 1123 мянган тонн цемент, 135 мянган тонн арматур өнгөрсөн жил тээвэрлэжээ. Цемент тээвэрлэлтэд зориулж, нийт 376 вагон гаргаж чадахаа УБТЗ-ын Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны дарга П.Батхуяг хэллээ. Ачаагаа ачих, буулгахад маш сайн зохион байгуулалт хийхгүй бол вагон эргэлтэд сөргөөр нөлөөлдөг гэв. Ачаа татахад УБТЗ-д зүтгүүр хүрэлцээгүй байсан хүндрэл гардаг байж. Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар УБТЗ ХНН-ийн хөрөнгийг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүнээс Оросын талын 125 сая ам.доллараар сэлгээний 7 зүтгүүр авчээ. Ийнхүү зүтгүүр хүлээх асуудлыг шийдсэн байна. Харин ачих, тээвэрлэх, буулгахад зарцуулдаг цаг хугацаа, өдрийг аль болох богиносгож, ажлыг шуурхай болгохын тулд цементийн бизнес эрхлэгчид, УБТЗ-ынхан хамтын ажиллагаа чухал гэдгийг тайлбарлав. Одоогоор нэг вагон ачих, тээвэрлэх, буулгахад нийтдээ 96 цаг буюу дөрөв хоног шаардагдаж байна.
Тэгвэл байгаа боломжоо шавхаж, ажлаа шуурхай болговол нэг вагон эргэлтэд 66 цаг буюу 2,75 хоног зарцуулах боломжтой гэж тооцоолжээ. Нэг вагон эргэлт гэдэг нь нэг ачилтаас дараагийн ачилт хүртэлх хугацаа юм байна. Хэдий чинээ богино байна,  төдий чинээ цөөн вагоноор олон вагоны ажил хийдэг ач холбогдолтой аж. 96 цагийн эргэлтээр тооцоход 87 вагон, 3 хоногийн эргэлтэд хоногт 108 вагон, 2,75 хоногийн эргэлтэд хоногтоо 120 вагон ачих боломжтой гэнэ. УБТЗ нийт 3061 вагоны парктай. Вагон худалдан авах, түрээслэх зэрэг эдийн засгийн дарамтаас гарах нэг хүчин зүйл нь вагон эргэлтийг хурдасгах гэж онцоллоо. Ингээд цемент импортлогчдыг өглөө эрт 6 цагт ирж, ачаагаа вагоноос буулгаж авахыг хүслээ. Учир нь, хүлээн авах ёстой аж ахуйн нэгжийнхэн ачаагаа хугацаанд нь ирж авахгүй удах нь эргээд вагон эргэлтэд хүндрэл үүсгэдэг юм байна.

Муу сав, баглаатай цементээс болж эрүүл мэнд, байгаль орчинд хор учруулж байна

Замын-Үүдийн шилжлүүлэн ачих ангийн гурван талбайд ачаа хүлээн авах, хүлээлгэн өгдөг. 1994 оноос өмнө бүх ачааг, хүлээн авах, хүлээлгэн өгөх ажлыг Хятадын Эрээн өртөөнд хийдэг байж. 1995 оноос Монгол Улс өөрийнхөө нутагт хүлээн авч, ачдаг болжээ. Нэгдүгээр талбайг УБТЗ-ын хөрөнгөөр, хоёрдугаар талбайг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус тус барьж өгсөн аж. Харин гуравдугаар талбайг цементийн тээвэрлэлт эрс өссөн учир үүнд зориулан байгуулжээ. Шилжүүлэн ачих анги нь ачих буулгах ажлынхаа 50 хувьд машин техник ашигладаг гэнэ. Үлдсэн 50 хувийг нь гар аргаар ачдаг 300 хүнтэй “Монгол бүтээл”, 200 хүнтэй “Борхон тал” компани ажиллаж байна.
Том оврын ачааны машин жирийн үед Шилжүүлэн ачих ангийн талбай хүртэл 3000 юаниар цемент тээвэрлэдэг аж. Ачаа ихсэх тусам энэ үнэ нэмэгдэж 10000 юань хүрдэг нь эргээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг гэлээ. Шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандорж танилцуулгадаа ингэж дурдаад бизнес эрхлэгчдийг сав баглаа боодолдоо онцгой анхаарлаа хандуулахыг сануулав. Барааны сав баглаа боодол эвдэрч, хэмхрэн нурдаг нь эргээд тээвэрлэж, зөөж ачиж буй хүмүүстээ маш их цаг хугацаа алдахад хүргэж буйг хэлсэн юм. Ачигчид сард 1-1,5 сая төгрөгийн цалинтай боловч эрүүл мэндийн хувьд маш их эрсдэлд орж байгааг ч тэрээр орхисонгүй. Ачигчид цементээр амьсгалж ажиллаж, байгаа нь уушгинд хор нөлөө үзүүлдгийг хаа хаанаа анхаарах ёстой аж. Сав, баглаа боодол муутайгаас цемент нь пургиж, ачигчдын эрүүл мэнд, байгаль орчинд ч мөн ялгаагүй хор нөлөөтэйг цаашид анхааралдаа авахыг хүслээ. Ус, чийг нэвтэрдэггүй технологиор хийсэн уутанд цемент савлуулах нь чухал гэнэ. Энэ нь ачихад ч гэсэн хүндрэл бага, ачих тарифыг ч гэсэн хэмнэх сайн талтайг Шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандорж ярьсан юм. 

0 Сэтгэгдэл
Цемент ачиж байгаа залуусын эрүүл мэндийг маш анхаармаар байна Биеээр юм туураад тураж эцсэн байдалтай байгаа Эмч очиж үзлэг хийж эчиллэх хэрэгтэй шүү Авч байгаа цалинг тусгай дансанд хийж өгмөөр байна Тэндээ үрэж хаяад байна шүү дээ
ТИЙМ ШҮҮ
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ***** ***** ***** ***** ***** ***** ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ***** ***** ***** ***** ***** ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА ***** МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v *****
Хамгийн их уншсан