Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хазаж болдоггүй хэрүүлийн алим Хөшөөт


Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн коксжих нүүрсний орд хэрүүлийн алим болсоор. УИХ 2007 онд стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалт баталснаас хойш л маргаан эхэлсэн. Уг ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 87.5 сая тонн нүүрстэй гэж бүртгүүлсэн байдаг. Хөшөөтийн нүүрсний ордыг анх 1970-аад оны эхээр хуучнаар Зөвлөлт-Монголын геологичид илрүүлсэн. Ингээд тухайн үед жижиг уурхай нээж орон нутгийн хэрэгцээг хангадаг байж. Үүнээс хойш 2007 онд “Мон Эн Ко” компани тус ордын лицензийг авч нэмэлт хайгуул хийж эхэлсэн аж. Энэ хайгуулаар 306.1 сая тонн нүүрсний нөөцтэй.  Уг нөөцийн 180 гаруй сая тонн нь коксжих нүүрс  байх магадлалтай  судлагаа гарсан гэдэг.  Гэтэл “Мон Эн Ко” компани нүүрс борлуулах гэрээ хийхдээ нөөцөөсөө илүү хэмжээний нүүрс борлуулахаар тохирсон мэдээлэл бий. Тухайлбал, Австралийн “Leigh-ton Asia” компанитай 460 сая тонн нүүрс олборлох 220 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулсан гэж байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  360-460 сая тонн нөөцтэй гэсэн байдаг. Ийнхүү хэдий хэмжээний нөөцтэй, ямар чанартай нүүрсний орд вэ гэсэн эргэлзээ төрүүлсэн хазаж болдоггүй алим маргаан тарьсаар өдийг  хүрлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  УИХ-ын чуулган дээр “Ганц Оюу толгойн гэрээ ч бус уул уурхай, эрчим хүчний салбар, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ гээд өргөн хүрээнд авч үзэж өөрчлөлт хиймээр байгаа юм. Ховдынхон Хөшөөтийн орд яагаад стратегийн ордод ордоггүй юм бэ гэж асуудаг. Гадаадын хөрөнгийн бирж дээр жинхэнэ нөөцөөрөө гардаг. Монголд орж ирэхээр стратегийн ордод орох том хэмжээнийх биш гэсэн асуудлыг  шийдээч гэдэг. Би Тэргүүн шадар сайдын алба хашиж байхдаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод Хөшөөтийн ордыг стратегийн ордод авах саналаа бичиж Засгийн газрын хурлаар оруул гэсэн. Гэвч хариу авалгүй жил хагас болоод өнгөрсөн” хэмээн хэлсэн байдаг. Эдүгээ Уул уурхайн яам Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алтны болон бусад томоохон орд, газрын ховор элементүүдийг стратегийн ач холбогдолтой ордод хамруулах чиглэлээр судалгаа хийж буй аж.

О.Батсүх: Хөшөөтийг  Хонконгийн хөрөнгийн биржид 2.4-4.4 тэрбум тонны нөөцтэй гэж бүртгүүлсэн

“Хүний эрх хөгжил төв”-ийн эрх зүйч Б.Мөнхбаяр, О.Батсүх нар  2012 оны  нэгдүгээр сард Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод тооцуулахаар УИХ-д  мэдүүлэхийг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.  Шүүх тэдний нэхэмжлэлийг  энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр  хэлэлцээд “Б.Мөнхбаяр, О.Батсүх нар нь дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна. Гэвч Засгийн газрын хуулиар хүлээсэн үүргийг шүүх шаардах эрхгүй” гэсэн шийдвэр гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингээд тус төвийнхөн өчигдөр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж  мэдээлэл хийв. 

Энэ үеэр О.Батсүх “Хөшөөтийн  ордын нөөцийг  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон. Бид орон нутгийн хэрэгцээ, нүүрсний чанар гээд бүх талын судалгааг найман сарын хугацаанд хийж  байж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэдгээ хуулийн хэд хэдэн үндэслэлээр тодорхойлсон. УИХ 2007 онд стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалт баталсан. Гэтэл үүнд Хөшөөтөөс бага нөөцтэй ордууд орсон байдаг. “Мон Эн Ко” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр уг ордын нөөцөөр 2.4-4.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж бүртгүүлж үнэт цаас гаргасан юм. Ингээд   27 тэрбум хонконг доллар буюу 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Тэгэхээр  дэлхийд томд тооцогдож монголчуудын хувь хишиг хүртэх гээд байгаа  Таван толгой ордын босгосон хөрөнгөөс  ч илүү мөнгө босгожээ. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад газар түүний хэвлий ой, ус ургамал, ан амьтан болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд,  төрийн хамгаалалтад байна гэж заасан. Бас  Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдгийг тодорхойлсон байдаг. Үүнд Үндсэний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц эсвэл тухайн жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн орд гэнэ  гэж заасан. Гэтэл “Мон Эн Ко” компанийн босгосон хөрөнгө ДНБ-ий таван хувиас давсан юм. Үүнийг  Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Үндэсний статисткийн хорооноос гаргасан ДНБ-ий таамаглалтай харьцуулан тооцож гаргасан. Тэгээд нэхэмжлэлдээ ч энэ тухай дурдсан  байгаа” гэлээ.

Тэрээр цааш нь “Мон Эн Ко” компани хувьцааныхаа 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах ёстой. Яагаад гэвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэдэг заалт бий. Ингэснээр монголчууд өөрсдийн баялгаас хувь хүртэх боломжтой болно.  Үүнээс гадна төрийн эзэмшлийн хэмжээг ч тогтоох учиртай. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцоо  50 хүртэлх хувьтай байна гэж заасан. Уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлох юм гэлээ. 

 “Хүний эрх хөгжил төв”-ийн тэгүүн  Г.Уранцоож “Хөшөөтийн орд бол маш их нөөцтэй. Үүнийг стратегийн ордод авах нь нийтийн эрх ашигт нийцнэ. Яагаад гэвэл үр шимийг нь Монголын иргэн бүр хүртэх ёстой гэдэг үүднээс энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн хариуцагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар. Хуулиар бол тэд УИХ-д стратегийн орд болгоё гэдэг саналыг УИХ-д оруулж батлуулж байх ёстой. Тэгэхээр энэ үүргээ хэрэгжүүлээч л гэж байгаа юм. Нэхэмжлэл гаргаад жил гаруй хугацаа өнгөрөв. Тэгж байж зөвхөн эхний хурал боллоо. Нэгдүгээрт шүүх  нэхэмжлэл хүлээж авснаас хойш албан болон албан бус шалтгаанаар шүүх хурлыг ийм удаан хугацаанд хойшлуулах ёсгүй. Энэ бол байж болохгүй асуудал. Хоёрдугаарт өмнөх болон энэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг хариуцагчаар татаж байгаа. Монголд Улсад улс  төрийн аль хүчин засгийн эрхэнд байгаагаас үл хамааран хуульд хандах төрийн албан тушаалтны хандлага яг ижилхэн байна. Энэ бол маш буруу. Аль ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь шүүх хуралд ирж байгаагүй. Дуудаад ч ирдэггүй. Шүүхийн албадан ирүүлэх захирамж гаргаад дийлээгүй. Ийм байж болохгүй. Үүнээс гадна хувийн компани бас шүүх хуралд ирж байгаагүй. Хариу тайлбар ч өгөөгүй.  Тэгэхээр Монголын шүүх үйл ажиллагаа явуулах дүрэм журмаа хэрэгжүүлж чадахгүй байна.

Үүнээс гадна бас нэг асуудал бий. Давж заалдах гомдол гаргахад шүүх бүртгэж аваад хэрэг үүсгэсэн. Тэгсэн мөртлөө давж заалдах шатны шүүх “Танайх тэмдэгтийн хураамж төлөөгүй юм байна” гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Бид тэмдэгтийн хураамж төлсөн. Банкны лавлагаа нь ч байгаа. Үүнд шүүхийн нарийн бичгийн дарга буруутай болж таарсан. Тэр бидний хэргийг  45 хоног дарсан, баримтыг нь гээгдүүлсэн гэдэг. Тэгэхээр ийм явдал байж болохгүй. Хэдийгээр хувь хүний буруу байсан ч гэсэн энэ бол хариуцлагатай албан тушаал. Гэвч бид үүнийг хувь хүний хариуцлагын алдаа гэж үзэхгүй. Энэ бол санаатай үйлдэл. Маш том эрх ашгийн зөрчил, зохион байгуулалтай хийгдэж байгаа авлигатай холбоотой асуудал гэж үзэж байгаа.  
Бид энэ үйл явдлаас  өнөөдөр шүүх, шүүгчид нийгэмд шударга ёсыг тогтоох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын шүүх  Засгийн газрыг хариуцагчаар татах чадамжгүй юм байна. Бас хувийн том компани ч гэсэн.  Тэгэхээр хариуцлага тооцдог механизмыг нь бий болгоё, хяналт тавиулая гэсэн зорилго бий.  Өнөөдөр Монголын шүүх,  хуулийн бүх боломжийг ашиглаж нэхэмжлэлээ үргэлжүүлнэ. Өнөөдөр шүүхийг шинэчилнэ, шүүгчдийг хариуцлага, ёс зүйтэй болгоно, шүүхийн системийг хараат бус бие даасан шийдвэр гаргах боломж бий болгох багц өөрчлөлт хийж байгаа гэдэг. Тэгэхээр энэ өөрчлөлт хийж байгаа хуульчид, ажлын хэсгийн гишүүд энэ асуудалд анхаарал тавьж биднээс шаардлагатай мэдээлэл авах байх гэж найдаж байна гэсэн юм.   Энэ бүгдээс үзэхэд   Хөшөөтийн ордыг тойрсон маргаан таслагдаж  хөшиг хэзээ нээгдэхийг харах л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан