Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Түвдэндорж: Би ямар ч эрхмээс айхгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа. Тэрбээр “Та ардчиллын алтан хараацайнуудын нэг мөн үү” гэсэн асуултад толгой дохиж хариулсан юм. Мөн өөрийг нь эргүүлэн татах тухай асуудлыг намын нөхдийнхөө нисгэсэн “бор шувуу” хэмээлээ.


-Таныг УИХ-ын гишүү­нээс тань эргэн татах тухай яриа гарах боллоо. Та  ямар хэрэг хийсэн болоод ийм үгийг намынхнаасаа сонсох болов?

-Би ардчилсан хувьгалд оролцож явсан шударга хүн. Энэ бол яах вэ дээ, нам доторхи дүрэмгүй тоглолт юм уу даа. УИХ-ын гишүүн хүн дарга болохоороо эвдрээд, хаанаас ургаснаа мартан, ажилдаа хариуцлагагүй ханд­даг хүмүүсийг би шууд шүүм­жилдэг. “Та нар муусайн юмнууд ингээд байгаа шүү” гээд л ил тод хэлчихдэг. Энэ тал дээр хэнээс ч айхгүй. Н.Алтанхуяг хэдийгээр ма­най намын дарга мөн ч өөр фракц. Би аль ч фракцийн ямар ч эрхмээс айхгүй. Хэдийгээр би намын нөхдөө шүүмжилдэг ч гадагшаа хэзээ ч ярьдаггүй. Гэхдээ энд нэг сонин зүйл хэлэхэд, өмнөх сонгуулиудад Ардчилсан холбооноос их цөөн хүн УИХ-д ордог байлаа. Харин энэ удаа овоо хэдэн хүн орж ирсэн нь М.Батчимэг, Ж.Батзандан, Г.Ганбат зэрэг залуучууд. Тэд бол хэлэх үгээ хэнээр ч заалгадаггүй хүмүүс. Ер нь шүүмжлэл байж л эрүүл саруулаар сэтгэнэ шүү дээ.

-Тэгэхээр Ж.Батзандан, М.Бат­чимэг гишүүн та гур­выг эргэн татах тухай асуудлыг нам дотроос чинь гаргасан нь баттай юм аа даа?


-Ийм шүүмжлэлийг манай намын дарга, Ерөнхий сайд хүлээж аваад, сүйд болоод байх хүн биш. Тэдний гар хөл болсон, дарга нартаа сайн хүн болох гэсэн хүмүүс л урдуур нь орж дайтаад, хэвлэлд мөнгө төлж бичүүлээд байгаа юм. Тэгэхээр энэ шүүмжлэл гаднаас биш дотроосоо байгаа биз дээ. Улс төрийн тэмцлийн нэг сонин зүйл нь өрсөлдөгчөө нам дотроо дарж чадахгүй бол гадна талаас мэт харагдуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дарж авах арга байдаг. Эсвэл сөрөг хүчнээр цохиулаад өөрөө цэвэрхэн үлддэг. Тиймэрхүү л арга явж байгаа даа. Гэхдээ ард түмэн хэн юу ярьдгийг мэддэг л байхгүй юу. Намайг гайхаж л байгаа байх. Намын нэр хүндийг унагачих вий гэсэн атлаа хэлэхгүй өнгөрч чаддаггүй учраас шоудаж амьтны анхаарал татаад бай­даггүй. Би хал үзэж, халуун чулуу долоосон хүн. Нэг мөчир дээр байгаа нөхрийнхөө нэр хүндийг унагаж гадагшаа хашгирахгүй ч дутагдлыг хэлэхгүй өнгөрч бас чадахгүй тийм л хүн.

-Та Хууль зүйн байнгын хорооны дарга. Дээрээс нь УИХ-ын сонгуульд намын жагсаалтын нэлээн дээгүүр бичигдэж орж ирсэн. Тэгсэн атлаа үүрэг багатай гэдэг журмын нөхдийн тань өгсөн шүүмжлэлтэй санал нийлж байна уу?


-Яах вэ дээ. Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд арай илүү идэвхтэй ажиллаж болно л доо. Баавар яагаад түлэгдчихэв, цагдааг хэн буудав гээд л шоудаж болно. Энэ ажлыг хийх хүн нь тэртэй тэргүй тусдаа. Хууль зүйн байнгын хорооны дарга иймэрхүү процессын зүйл хийгээд эхлэх юм бол өөрийгөө сурталчилж, ажил хийж байгаа мэтээр харагдах гэсэн шоу болно. Би Монгол Улсын хууль зүйн бодлого дээр сууж байгаа хүн. Түүнээс биш сайн хүн болж харагдах шаардлага надад байхгүй.

Манай улс ямар ч байсан шүүхийн шинэчлэлийг хий­гээд эхэллээ. Түүний араас Эрүүгийн хуулиас нь эхлээд хил хамгаалахтай холбоотой гээд нийт арав гаруй хууль орж ирэх гэж байна. Энэ л миний хийх ажил байхгүй юу. Мэдээж би шоудаад байж болно, гэвч Хууль зүйн Байнгын хорооны даргын ажиллах хугацаа ганцхан жил. Дараа нь нэг удаа улирч ажиллаж болох юм. Хууль зүйн салбарт хийж буй энэ шинэчлэл намайг энэ Байнгын хорооны дарга хийж байхад болж байгаа нь миний аз. Тиймээс л намайг үүрэгтэй үүрэггүй байна гэдэг зүгээр л хов. Цаанаа “Энэ нэг юм эвтэйхэн байхгүй бол эвгүйхэн дуугарчихаад байдаг” гэдгийг мэдээд байгаа юм.

-Ардчилсан намын баярын өдөр саяхан тохио­сон. Та Ардчилсан намын “Алтан хараацай”-нуудын нэг байх аа?


-/Толгой дохив/ Анх цагаан морин жилийн хувьсгал гарч, МоАХ-ны анхдугаар их хурал болон, Монголын Ардчилсан Нам байгуулагдахад би гишүү­нээр элсч байлаа. Ардчилсан нам бичиг  баримтаа  бүрдүүлэн, дээд шүүхэд бүртгүүлж байхад хамт зүтгээд л явж байсан. Би АН-д хоёр удаа Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн хоёр удаа Нийслэлийн намын даргын албыг залгуулсан. 1990 оноос хойш ерөнхийдөө удирдах байгууллагуудад нь тасралтгүй ажилласан гэхэд болно. Мөн сонгуульд хүлээлгэж байсан итгэл зэргээс харахад миний ямар байр, суурьтай байсан минь харагдана. Ирээдүйд манай нам ард түмнээс мандат авсан бүх хүнээ намын Удирдах зөвлөлийн гишүүн болгочихъё гэж байгаа. Ингэснээр Үндэс­ний зөвлөлдөх хорооны ху­ралдаан дээр болдог гишүүд хоорондоо алалцаж, уралцдаг байдал арилна. Нэгэнт дөрвөн жилээр сонгогдсон бүх гишүүн нийлээд Үндэсний зөвлөлдөх хороо болох юм. Ингэснээр нам доторхи алалцаанаас илүү бодлогын өрсөлдөөн, том удирдах байгууллага үүсч байгаа юм. Би ер нь намынхаа ирээдүйг сайнаар л харж байгаа.

-Ардчилсан нам бий болс­ноосоо хойш 20 гаруй жил  боллоо.  Гэтэл  “Дорвитой шинэчлэгдсэнгүй, “Алтан хараацай”-нууддаа өртэй юм шиг явсаар ирлээ” гэх шүүмжлэлийг залуучуудын  зүгээс хэлдэг?

-Хоёр талтай. Манай намд Х.Тэмүүжин, Л.Гантөмөрөөс эхлээд залуус боломжтой хэмжээгээр гарч ирж л байгаа. Хуучныхаа хүмүүсийг хэрэггүй, явах ёстой гэж хэлж болохгүй. Тэд хэрэгтэй. Жишээ нь, Р.Гончигдорж гишүүн байхгүй бол манай намын бүлэг дээр томоохон орон зай эзгүйрнэ. Тэр хүн бол “мэдээллийн амьд сан” байхгүй юу. Ялгаагүй, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Р.Гончигдорж гурав байхгүй бол УИХ бас л  хэцүү. Тэр гурав чинь “Тээр жил тийм хуулийг батлахад тэгж байсан юм” гээд яриад сууж байдаг. Тэгэхээр энэ том хүчүүдээ “цаг нь болсон” гэж хэлээд явуулчихаж болохгүй. Тэртэй тэргүй “Алтан хараацай”-нуудын маань нас нь болоогүй байна. Э.Бат-Үүл дарга гэхэд 1957 оных, Элбэгээ Ерөнхийлөгч дөнгөж 51-тэй. Ид хийж бүтээх насан дээрээ байгаа хүмүүсийг зайгаа тавиад өг гэх нь утгагүй.

-Гэхдээ л Ардчилсан намын залуучууд төдийлөн танигддаггүй. Тэдний дэргэд МАН илүү шинэчлэгдэж, залуус нь хүч түрээд байгаа юм биш үү?


-Залуучууд маань хэтэрхий эрт лифтээр дээшилчихвэл алдаа гаргана. Туршлага байхгүйгээс болчимгүй зүйл хийх талтай. Алдаа гаргахаар нь өнөөх “Алтан хараацай”-нууд нь ч юм уу, юм үзэж нүд тайлсан ахмад нөхөр нь үг хэлэхээр “хөгшчүүл дарамтлалаа, залуусаа харж үзэхгүй байна” гэдэг буруу. Би лав МАН-аас жигтэйхэн сайхан шинэчлэл харагдаж байна гэж хэлэхгүй. Н.Номтойбаяр, О.Содбилэг зэрэг хэдэн залуу л орж ирсэн. Манай нам ч адилхан. Гэхдээ залуу хүн маш ширүүн тэмцэл дундуур шүүгдэж байж юманд хүрвэл өөрт нь туршлага болж, тэр чинээгээр төрд ч хэрэгтэй. Тиймээс залуучууд давж биш зүтгэж байж орж ирэх ёстой.

-Хаврын чуулган дуулиантайхан эхэллээ. Сөрөг хүчин төдийгүй, Засгийн газрыг бүрдүүлэгч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?


-Шуудхан хэлэхэд МАН сөрөг хүчний байр суурь дээр очих гээд учраа олохгүй, танин мэдэх шатандаа явна. Гудамжинд гарч жагсаад, орж ирээд өргөх бичиг өгдөг хэлбэр чинь хэзээний л байсан шүү дээ. Гудамжны гэх нь хаашаа юм, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд ч ингэдэг юм. МоАХ-ны даргын хувьд бид ингэж тэмцэж байж ардчиллыг авчирсан. Тэмцэж, жагсахад буруу зүйл байхгүй. Гэхдээ нэг горимд орчихсон жагсаал хийж, хэдэн үг хэлээд, ордон нэг тойрчихоод л, гурван даргад бичиг өгдөг. Тэгээд хариугаа авсан, аваагүй өнгөрдөг. Гэтэл тэр жил Гүндалай ганцаардаад, аргаа барахдаа бичиг цаас барьж, бөөн юм болдог байсан. Тэр хүний хувьд цор ганцаараа байсан учраас тэгэхээс өөр арга байгаагүй.

-Ардчилсан нам олонхиороо түрий барьж, анархизм хийж байна гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгдөг. Та санал нийлэх үү?


-МАН-ын 25 гишүүний 19 нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураад, УИХ-д өргөн барих боломж бий. Хуулиараа тэдэнд тийм эрх бий юм. Гэтэл гудамжинд жагсах нь утгагүй. Парламент бол бага ард түмэн. Түүнээс биш заавал гудманд гарч жагсаад байх шаардлага алга. 25-уулаа парламентдаа үгээ хэлж, Ерөнхий сайдыг тэнэг мал гэнэ үү, зодоон цохион хийнэ үү, хамаагүй шүү дээ. Тэр бүхнийгээ парламентдаа л хэлэх хэрэгтэй. Юм л бол гудамжинд гарч хашгираад байвал сайхан болдог юм биш. Диван тавьж суусан зэргээс харахад МАН сөрөг хүчин болох гэж төрөл бүрийн аргаар суралцаж байгаа л хэрэг. Олон жил эрх барьсан нам сөрөг хүчин болох зовлонг туулж байна л гэж хэлнэ. Харин энэ зовлонгоо хурдан туулаад, улс төрийн хонжоо хайхаасаа илүү соёлд нь суралцаасай гэж бодож байна.

-Х.Тэмүүжин сайдын хувьд юу хэлэх үү?


-Хууль зүйн сайдын тухайд тэр залуу хүн. Хууль шүүхийн салбарт 1921-1990 он хүртэл явсан зөвлөлтийн системийг шинэчилж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс тэр сэтгэлгээнээсээ салаагүй байсан. Өөрөөр хэлбэл, тэр системээр хүмүүжсэн хүмүүсийн үргэлжлэл явсаар өдийг хүрлээ. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ салбарын цонхыг онгойлгосон шүү дээ. Х.Тэмүүжин сайд холилдоод бантан болчихсон байсан гэмт хэрэг, зөрчил хоёрыг салгаж байна. Зүгээр нэг зөрчил гаргасан хүнийг гэмт хэрэгтэн шиг загнаж, зандарч бороохойдоод, шоронд суулгадаг байдлаас салгаж байна. Эрүүгийн хэрэг гэдэг буруу нэршлийг Гэмт хэргийн тухай хууль гэж өөрчлөхөөс эхлээд энэ салбарыг цэвэрлэж эхэллээ. Нэг ёсондоо төрийн зүгээс дарамтлах хэрэгсэл байсан зүйлийг иргэдэд үйлчлэх, эрхийг нь хамгаалах үндсэн өөрчлөлтийг хийж байна. Энэ бүхнийг одоохондоо ойлгоход төвөгтэй ч, амьдрал дээр үр дүн нь мэдэгдээд эхэлнэ. Тэгэхээр энд маш том бодлогын өөрчлөлт явж байна гэсэн үг.

Ардчилсан нам гарч ирээд баахан хүнийг шоронд хийгээд байгаа мэт харагдаад байгаа. Хэдэн жилийн дараа нийгэм эрүүлжээд, хуулийн доор шударга амьдрах боломжтой болно. Ийм зүйл гарцаагүй болох ётой байсан. Тэр нь одоо болж байгаа хэрэг. Мэдээж муу нэрийг хэн нэгэн нь хүлээж таарна. Үүнийг ард түмэн зөвөөр ойлгох ёстой. Гэхдээ би ард түмнээ буруугаар ойлгож байгаа гэж бодохгүй байгаа. Даргын хаалга мөргөдөг, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ажлыг нь бүтээхгүй гацаагаад байдаг зовлон үзсэн ард түмэн энэ бүхнээс сална гэдэг сайхан зүйл. Үүнд эмзэглэж байгаа хүмүүс ч бий. Тэдний зарим нь хаврын чуулганы нээлт дээр хэлсэн Ерөнхийлөгчийн хатуу үгэнд эмзэглээд, хаяад гарчихсан. Мэдээж бүхнийг алга ташин хүлээж авдаг коммунист нийгэм биш учраас дургүйцэх хүн гарч л таарна. Гэвч бид Ерөнхийлөгчийн хэлсэн шиг “Тэртэй тэргүй эсэргүүцэл ирнэ, түүнээс айх юмгүй урагшаа явна.

-Гэхдээ илрүүлж байгаа хэрэг, ил гаргаж байгаа будилаануудад намын өнцгөөс хандаад байгаа юм биш үү?


-Н.Алтанхуяг даргыг хамаа, намаагүй ярьсан гэж би шүүмжилдэг. “Хоёр байцаагч, тасгийн дарга нийлээд татварын 17 тэрбум төгрөгийг хуваагаад авчихаж” гэдэгт хүн итгэх үү. Хэн ч итгэхгүй шүү дээ. 80 сая төгрөгөөр покер тоглоод, эзэн нь шоронд суусан гэдэг бол улайм цайм гэмт хэрэг байсан. Гэтэл өчнөөн сая ам.долларыг МИАТ-ийнхэн гадаадын дансанд шилжүүлчихсэн байсан. Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дарга фонд байгуулаад, өөрт нь сайн ханддаг хүмүүст мөнгө, байр өгч, гадаадад амраана. Ийм аймаар хэргүүд гараад байхад дараад өнгөрөөнө гэж лав байхгүй. Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрынхан чинь тэнэг хүмүүс биш учраас бүгдийг нь шалгаад гаргаад ирж байгаа юм. Түүнээс биш энэ Ардчилсан намынх учраас боль, тэр МАН-ынх юм байна барь гэдэг зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр МАН төрийн эрхийг барих хугацаандаа ихэвчлэн өөрийн намын гишүүдийг төрийн албанд ажиллуулсан байдаг. Тэгэхээр хэрэгт холбогдсон хүмүүс нь МАН-ын угшилтай байх нь аргагүй шүү дээ.

-Хэдийгээр хуулийн хуга­цаа болоогүй ч Ард­чилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэв­шүүлэхээ нэгэнт илэрхийлсэн. Ирэх сон­гуулийн өнгийг хэрхэн харж байна?


-Дэлхийн жишгээс харахад нам өмнө нь ажиллаж байсан Ерөнхийлөгчийг дахин дэв­шүүлэхгүй байна гэж байдаггүй. Энэ жишгээр л гаргаж ирсэн. Тэртэй тэргүй Ерөнхийлөгчөөр ажиллдаж байгаа, ард нийтэд танигдсан, сайн муу, сайхан муухай нь мэдэгдсэн, сурталчилгаа явуулаад байх шаардлагагүй. Гагцхүү шинээр хийх зүйлээ л тодорхой болгох ёстой. Энэ бол хэвшмэл тогтсон бичигдээгүй хууль. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд жаахан хөнгөдөх зүйл байсан ч, одоо арилсан. Мөн улс төрийн тогоонд чанагдсан, аливааг өргөн цар хүрээнд хардаг улс төрчийн хувьд одоогийнх шиг олонхигүй парламентын үед хэрэгтэй. Олонхи байхгүй, дунд нь нэг хүний нэрээр гэнэт гарч ирсэн намтай, сөрөг хүчин болж ядаж байгаа нөхөдтэй. Эрх барьж буй намд нь төр барьж байсан туршлага байхгүй, ийм эрээвэр хураавар бүтэцтэй УИХ-д улс төрийн тогоонд олон жил чанагдсан, зангарагатай, хэлэх үгтэй хүн хэрэгтэй. Манай Ерөнхийлөгч зүгээр нэг хүн биш, Монголд анх ардчилсан хувьсгал гарч ирэхэд түүчээ нь болж явсан. Гадаад орнууд ч ийм байдлаар нь хүлээж авдаг.

-Ерөнхий сайд ууланд төөрсөн нь нийгэмд янз бүрийн байдал үүсгэлээ. Таны хувьд юу бодогдож байна?


-За яахав дээ. Манай намын баярын өдөр байсан. Манай намын гэлтгүй Монгол Улсад хоёр дахь улс төрийн хүчин бий болсон, олон намын тогтолцоо бий болох эхлэл тавигдсан өдөр. Энэ өдөр Ерөнхий сайд шуурганд алга болсныг илрүүлээд л, нисдэг тэргээр авчирсан. Түүнээс биш нэг их сүрхий аварч, хайгаад байсан юмгүй шүү дээ. “Муу дээр муу, муухай дээрээ улцан” гэгчээр ийм үед төөрлөө. “ Муу юм модон улаатай” гэж ирээд бичвэл бичих байх л даа.

Ч.БАТМАА

0 Сэтгэгдэл
Ш.Түвдэндоржийн хуулийн салбарт оруулж бгаа өөрчлөлтүүдийг дэмжиж бгаа шүү. Бас үндсэн хуулийг эргэж харах санаагаа битгий орхиорой. Хэрвээ үндсэн хуулийг эргэж харахаар болбол маш болгоомжтой бодолтойгоор шинэчлээрэй. Хэтэрхий нүсэр хууль болгож болохгүй шүү. Амжилт!
Хамгийн их уншсан