Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.ДОРЖДАГВА: БИДЭНД ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ ХҮЧ ХЭРЭГТЭЙ

Барилгын салбарт ажиллагсдад ямар хүндрэл тулгарч байгаа болон орон сууцны үнэ буурах боломж бий эсэх талаар “Нью План” ХХК-ийн захирал Ж.Дорждагватай ярилцлаа.
 
-Орон сууцны үнийг тогтворжуулахаар төрөөс  олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь хэр оновчтой санагдаж байна вэ?
 -Барилгын компаниудыг дэмжинэ гэсэн нь бидний магнайг тэнийлгэж байна. Тэр дундаа хотын захын хороололд барилга барих компанид зээл өгнө гэлээ. Ингэснээр хотын төвд барих барилгын тоо багасч, зах руугаа явна шүү дээ.
-Энэ салбарт  хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа явуулахад ямар бэрхшээл учирч байна вэ?
-Хот төлөвлөлтийг анх 500 мянган хүнд зориулж, төлөвлөсөн гэдэг юм билээ. Гэтэл одоо хотод хүн ам, барилга орон сууц ч нэмэгдэж байна. Тэр хэрээр дэд бүтэц,  эрчим хүчний асуудал сөхөгддөг. Шинээр нэг орон сууц баръя гэхээр танайд дэд бүтэц хүрэхгүй гэдэг. Ингээд дэд бүтцээ татах гэж  бөөн явдал, суудал болдог. Барилга барихад хуучны төлөвлөлт, уялдаа холбоогүй байдал одоо ч саад учруулж байна.
-Шинэчлэлийн Засгийн газар барилгын зөвшөөрөл авах гэж олон гарын үсэг зуруулдаг, хүнд суртал, хээл хахуулийг арилгаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн. Нааштай зүйл ажиглагдаж байна уу?
-Өмнөхөө бодвол овоо гайгүй болж байна. Гэхдээ  хуучны юм  мэр сэр оршсоор байгаа.
-Барилгын материалын олдоц, үнэ нь хэр байгаа вэ?
-Түүхий эд, материалын хувьд ид улирлынх нь үеэр ямар ч хориг арга хэмжээ нөлөөлдөггүй л дээ. Автоматаар л үнэ нь нэмэгддэг.  Тиймээс шат дараатай бодлогын арга хэмжээ авбал зүгээр байх.
-Ажиллах хүч олдохгүй байна гэж барилгын компанийн удирдлагууд хэлэх юм. Яагаад хомсдол нүүрлэчихэв. Та юу гэж бодож байна вэ?
-Манай компани дээхнэ үед ажилчдаа өдрийн 20 мянган төгрөгөөр ажиллуулдаг байсан бол одоо 30 мянга гэхэд ажиллах хүн олдохгүй байна. Мэргэжилтэй ажилчин үнэхээр дутмаг байгаа нь үнэн. Одоо чинь залуус их, дээд сургууль төгсч дарга, инженер болохыг илүүд үздэг болж. Харин олдсон хэд нь ажилгүй, архичин хүмүүс л дуртай өдрөө ирж ажиллачихаад цалингаа аваад алга болчихдог. Тогтвор суурьшилтай ажиллах хүч нэн түрүүнд хэрэгтэй байна. Цалин бол боломжийн шүү дээ. Мужаан багадаа 500 мянга, инженер 700 мянган төгрөгийн цалин авдаг. Сайн ажиллавал сая 500 мянган төгрөг авдаг хүн ч бий.
-Цаашид орон сууцны үнэ буурах болов уу. Барилгын компаниуд хэр алдагдалтай ажилладаг юм бэ?
-Манайх хувийн хаусыг ам.метрийг нь 500 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй гэсэн бодлого барьж, борлуулдаг. Байрны үнэ өсөх шалтгаан нь газар, материалын үнэ, шат шатны бичиг цаасны нөлөөлөл  багасвал буурах боломж бий.

0 Сэтгэгдэл
1.500.000 geed hudal hutsaj bna .Tanai company-d tiim tsalin avdag hvn bna uu nerleeteh dee .Chi uuruu 99% avdag bolohoor ochihgvi bgaa yum.
Хамгийн их уншсан