Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Пүрэвдаваа: Ардчилсан нийгэмд хувь хүн байр сууриа илэрхийлэх эрхтэй


Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа. Тэрээр ажлаа хүлээн аваад дөрвөн сарыг үдэж байгаа хэдий ч элдэв хэл ам түүнийг дагах болсон. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Хараад байхад таны зүг шидсэн чулуу их байх шиг. Дүүргийн Засаг даргаас огцруулна гэдэг яриа ч нэг биш удаа сонсогдлоо. Ярилцлагаа эндээс эхлэх үү?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг намаас Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах асуудал тавьсан төлбөртэй нэвтрүүлэг цацагдсаныг үзсэн. Харин өнөөдрийг хүртэл дүүргийн Засаг даргыг огцруулъя гэсэн хүсэлт албан ёсоор тавьсан нь алга. Тиймээс миний хувьд хувь хүний үүднээс өөрийн байр суурийг илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх л ёстой зүйл гэж хүлээн авч байгаа. Хамгийн гол нь, хэн нэгэн этгээд хүсэл сонирхлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлснээр дүүргийн Засаг дарга албан тушаалаасаа огцрох боломжгүй. Холбогдох хуульд ч энэ талаар “Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

-Дүүргүүдийн Засаг дарга нар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Баянзүрх дүүрэгт олон жил МАН засаг барьж байсан. Магадгүй, энэ жишиг эвдэгдэж АН ялсан нь хэсэг хүнд хүлээн зөвшөөрөхөд хүнд байгаа юм болов уу?
-Миний хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад дөрвөн сар болж байна. Хувь хүнийхээ хувьд мөн цөөнгүй жил улс төрийн албан тушаал хашсан хүний хувьд баримталж ажилладаг хэдэн зарчим байдаг. Үүний нэг нь, ямарваа нэг ажил хийхийн тулд эхлээд ажиллах орчин бүрдүүлэх. Мөн Баянзүрх дүүргийн унаган иргэний хувьд дүүргийнхээ хөгжил, иргэдийнхээ амьжиргааны баталгааг нэмэгдүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Мэдээж, энд цаг хугацаа, орон зай гэх мэт олон зүйл шаардагдана. Хамгийн наад зах нь л гэхэд өнгөрсөн 22 жилийн турш нэг намын мөрийн хөтөлбөр, менежментээр явж ирсэн учир шинэчлэл, өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй, садаа тээг болж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, Баянзүрх дүүргийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ирээ­дүйг нь  баталгаатай болгоход чиглэгдсэн ажлыг хийхийн тулд хуучин аргыг халж, шинэ менежментийг бий болгон зохион байгуулахын тулд тодорхой өөрчлөлт хийх шаардлага гарсан.

-Тухайлбал?
-Баянзүрх дүүргийн нутагт ихээхэн бэрхшээл үүсгэдэг зүйл бол хогны асуудал. Хамгийн хүнд адармаатай асуудлын нэг. Гэр хороолол ихтэй, ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, орон нутгаас шилжин ирсэн өрх олонтой. Уулын орой, голын сайр, намаг гэлтгүй олдсон газартаа хашаа хатгаад гэр бариад амьдардаг өрх олон. Гэтэл дүүргийн хэмжээнд гарч байгаа бүх хогийг хувийн ганцхан компани тээвэрлэдэг. Уг компанийн хувьд орлого нь зарлагаасаа хамаагүй бага учир төрөөс нөхөн олговор авдаг ч уулын оройд буусан айлын хогийг ачдаггүй орхичихдог. Учир нь, тогтмол мөнгө зоогоод өгчихсөн, ашиг байхгүй шахам. Мэдээж, ашиггүй болохоор тухайн компани ач холбогдол өгөхгүй, зөвхөн хотын төвд ойр  аж ахуйн нэгжүүдийн хогийг ачдаг байсан. Үүнээс үүдэлтэй хур хог гэр хороололд маш их. Байшин хороололд амьдарч байгаа иргэд хог хаягдлын татвар гэж 2000, гэр хорооллынхон 2500 төгрөг сард тушаадаг. Ийм л байдалтай явж ирсэн. Тиймээс энэ байдлыг бид өөрчилсөн. Дүүргийн хэмжээнд гарч байгаа хогийг ганцхан ком­пани тээвэрлэх эрхийг бид зог­соож, энэ эрхийг дөрвөн ком­панид өгөхөөр нээлттэй тендер зарлаж, шалгаруулалт явуулсан. Ингэснээр өрсөлдөөн бий болж, иргэдийг байнга бухимдуулдаг байсан хог тээ­вэрлэлтийн асуудал цэгцэрнэ.

-Таныг нэг дор 214 хүнийг ажлаас халлаа гэж шуугих болсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Эдгээр хүн бол хэсгийн ахлагч нар байсан. Аль ч дүүргийн хэсгийн ахлагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэрээт албан хаагч байдаг. Энэ хүмүүсийн гэрээ дуусгавар болсон учраас ажлаас чөлөөлсөн. Ажлын гэрээ нь дуусах хугацааг мэдэж байсан. Харин тамгын газраас гэрээг нь сунгах боломжгүйг хэлж, цуцласан байгаа.

-Яагаад сунгах боломж­гүй гэдэг шийдвэр гаргав?
-Иргэний төлөө биш эд хөрөнгийн, өөрсдийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийн эрхийг хөсөрдүүлсэн нэг хэсэг бүлэг этгээд байсан учраас гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийн гэрээг сунгах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Мэдээж, бүгдээрээ биш, гэхдээ 214 хэсгийн ахлагчийн дийлэнх нь өмнө нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргасан, ажлын байрандаа тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргуулсан хүмүүс. Хэсгийн ахлагчид иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Гэтэл иргэдэд хүрэх ёстой халамжийн будаа, гурилыг будилуулж, өөртөө ашигладаг. Ядаж л утаагүй зуухыг нь хүртэл аваад зах дээр гаргаад зарж ашиг хонжоо олдог байсан нь баримтаар нотлогдсон. Хороо, хэсэг бүрт өрхийн бүртгэлийн дэвтэр байдаг. Гэтэл энэ өрхийн дэвтрийг тухайн өрхийн насанд хүрсэн хүн бүхний тоогоор нээж, тухайн өрхийн жинхэнэ эзэнд нь төслийн зуухнаас нэгийг өгөөд, бусад иргэнийн нэр дээр бичсэн төслийн зуухыг “Нарантуул” ОУХТ дээр зарчихдаг. Ийм байдлаас болж 20 мянган төгрөгийн зуух 200 мянган төгрөг болтлоо үнэд хүрдэг байж. Мөн  21 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Атараа гэдэг эмэгтэй нэн ядуу өрхүүдэд тараах ёстой гэрийн дулаалгыг хашаандаа хураачихсан байсан. Ийм хүмүүст итгэл хүлээлгэж, гэрээг сунгаж ажиллуулна гэхэд хүндрэлтэй шүү дээ. 

-Энэ 214 хүний оронд ажиллах хэсгийн ахлагчдыг томилсон байх?
-Өмнөх хэсгийн ахлагч нарын гэрээ 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Тиймээс энэ ажлыг хийх дараагийн 214 хүнтэй шинээр гэрээ байгуулсан. Нэг хэсэг хүн ажилгүй боллоо гэж байгаа ч нөгөө хүмүүс нь ажилтай болж байна гэсэн үг.

-Үүнээс гадна хорооны Засаг даргын сонгуулийг нууцаар зохион байгуулж бусдад шударгаар өрсөлдөх боломж олгосонгүй гэх юм?
-Манай дүүрэг 28 хороотой. Иргэдийн нийтийн хурлаар хорооны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчөө сонгодог. Энд нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй. Баянзүрх дүүргийн хувьд өмнө нь 22 жилийн турш МАН дангаараа эрх барьж байсан. Тиймээс хорооны иргэдийн нийтийн хурал хэсэг бүлэг хүний цуглаан болж, ах дүүс, намын үүрийн хурал л болдог байсан. Хэзээ ч хэвлэл мэдээллээр олон нийтэд хурал болох тов зарлаж, олон нийтийг хуралд орохыг уриалж байгаагүй. Тиймээс бид энэ жишгийг эвдэж, хорооны иргэдийн нийтийн хурлын товыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Ингэснээр өмнө нь МАН-ын үүрийн хурал болдог байсан жишгийг эвдэж, ард иргэдийн өөрсдийнх нь дуу хоолой, санал хүсэлтийг авч, хурлын уур амьсгалыг өөрчилсөн. Харин энэ өөрчлөлт өмнө ажиллаж байсан хүмүүст таалагдаагүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хуралдсан хорооны иргэдийн нийтийн зургаан хурал талцаан болж, багагүй маргаан дэгд­сэн. Хүмүүс анзаарсан байх, МАН-ын захиалгатай, төлбөртэйгээр зарим хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр цацсан нэвтрүүлгээс. Бөөн л зо­доон нүдээн, тэнд шийдвэр гаргахаас илүү үймээн дэг­дээж, түүнийг нь хальсанд буулгах гэсэн зарим нэгэн бусармаг этгээд санасандаа хүрсэн. Хэдийгээр унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг ч  хорооны иргэдийн ний­тийн хурлыг хүртэл зохион бай­гуулалттайгаар ирж үймүүлж байгаа зохисгүй үйл­дэл арай л хэрээс хэт­рээд байгааг хэсэг бусад хүн өдөөгөөд, түүнийг нь сөрөг хүчин гэгдэх намаас санхүүжүүлээд байдаг. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө л ажиллах ёстой болохоос ийм арчаагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг бодолцох ёстой. Төлбөртэй нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацсан хүмүүс ямар их мөнгийг муу зүйлд үрж байгаагаа ойлгох хэрэгтэй санагдана.

-Ер нь, хорооны иргэдийн нийтийн хуралд иргэд хэр идэвхтэй оролцдог юм бол?
-Тийм ч идэвхтэй биш. Хуулиараа тухайн хорооны 30 өрхийн төлөөлөл хуралд оролцвол хурлыг хүчинтэй гэж үздэг. Харин манай дүүрэг шиг Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг том дүүргийн нэг хорооны 30 өрх гэхээр учир дутагдалтай. 4000 өрхтэй хорооны 30 өрхийн төлөөлөл хуралд оролцсоныг хүчинтэй гэж үзэхэд хэцүү. Тиймээс ирц асуудалтай байдгийг нуухгүй. Манай дүүргийн хувьд хамгийн олон хүн цугларсан хорооны иргэдийн нийтийн хурал Гачууртад болж байсан. Хорооны иргэдийн нийтийн хуралд 800 хүн оролцож байлаа. Түүнээс ихэвчлэн 300 орчим хүн л хуралд оролцдог.  Миний хувьд өмнө нь жирийн иргэн байхдаа хорооныхоо иргэдийн нийтийн хуралд оролцож байсан. Харамсалтай нь, хорооны иргэдийн нийтийн хурал нэртэй МАН-ын үүрийн хурал л болдог байсан. Тиймээс 100:1-ээр ялагдаад, үг ч хэлэх боломжгүйгээр цагдаад хөөгдөөд хурлаас гардаг байлаа шүү дээ. Над шиг ийм байдалд орж байсан өчнөөн иргэн байсан болохоор энэ байдлыг өөрчилж, олон нийтэд ил болгосноор сөрөг намынханы хуучинсаг, бүлсэг хүмүүсийн бухимдлыг хүргэж, захиалгат нэвтрүүлэг бэлтгэхэд хүргэсэн бололтой.

-Шинэ удирдлага энэ хугацаанд ямар ажил хийв. Мэдээж, олон жил нэг нам, хүчний удирдлагад орж байсан иргэд өөрсдөд нь  хэрэгтэй ажил хийнэ гэж хүлээж байгаа нь лавтай?
-Баянзүрх дүүрэг эхний ээлжинд нээлттэй болох хэрэгтэй. Нээлттэй гэдэг нь юу вэ гэхээр аливаа асуудал тодорхой  байх нь чухал. Одоо дулааны улирал эхэлж байна. Тун удахгүй оны эхний бүтээн байгуулалтууд эхэлнэ. Тиймээс хамгийн түрүүнд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлнэ. Төсөл хэрэг­жүүлэгч компани, иргэд хоо­рон­доо ойлголцож тохи­ролцвол барилгажаад ирнэ. Эхний үе шат эхэлсэн. Мөн ажил­лах орчноо бүрдүүлж дүү­рэгт ногдож байгаа эрх мэдлээ яаж үр өгөөжтэй иргэдэд хүр­тээмж­тэй хэлбэрээр байлгах вэ гэдгийг төлөвлөж байна.

-Иргэд дүүргийн төсөв хөрөнгийг сонирхож байгаа байх?
-Дүүргийн төсөв 2013 онд 50 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Их мөнгө байгаа биз. Гэтэл үүний 40 гаруй тэрбум төгрөг нь нийгмийн даатгал халамж руу шилжүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн цалинг боловсролын яамнаас дамжуулдаг гэсэн үг. Ингэхээр дүүргийн мэдлийн 10 гаруй тэрбум төгрөг байдаг. Үүний дийлэнх нь хорооны Засаг дарга, ажилчдын цалинд “яв­чихдаг”. Ингээд харахад дүүр­гийн бүтээн байгуулалт, хө­рөнгө оруулалтад хангалт­тай мөнгө байдаггүй юм билээ.

-Танай дүүрэгт “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгөний зарцуулалт ямархуу төвшинд байгаа вэ. Сангийн мөнгөний зарцуулалт иргэдийн санал дээр тулгуурлах байх аа?
-“Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгө гэж 4.4 тэрбум төгрөг Баянзүрх дүүрэгт хуваарилсан. Сангийн мөнгөний зарцуулалтаар дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг хүүхдийн цэцэрлэг гэж  нэрлэсэн. Манай дүүргийн 28 хорооны есөд нь улсын цэцэрлэг огт байхгүй. Тиймээс энэ мөнгөний тодорхой хэмжээгээр нь гэр хороололд цэцэрлэг барья гэдэг шийдвэрийг бид гаргаад байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүрэг хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ нэгдүгээрт орох дүүрэг хэдий ч хүүхдийн цэцэрлэг барих газар ол­дохгүй байна. Тиймээс аль болох боломжоороо газ­рыг нь чөлөөлүүлж, өртөг ба­гатай­гаар шинэ технологиор цэцэрлэг барихаар төлөвлөж, төсөвлөсөн. 2013 онд манай дүү­ргийн зургаан хорооны ну­тагт шинээр цэцэрлэг бари­на. Энэ ажлыг эхлүүлсэн, зу­раг төслийн хүрээнд л явж байна.

-Өмнөх жилүүдэд дүү­рэгт оруулж байсан хөрөнгө оруулалтууд  хэр үр дүнтэй зарцуулагдсан байдаг бол. Хөшөө, баримал зэ­рэгт хэдэн тэрбумаар нь зар­цуулсан гэдэг шүүмжлэл байдаг?
-Дүүргийн төсвийг хара­хад нийслэл, улсаас эрх шилжүүлж орж ирсэн хөрөнгө их байдаг юм байна. Ялангуяа, дөрвөн жилийн хугацаанд жилд гишүүдийн  дөрвөн тэрбум төгрөг орж ирсэн байдаг. Үүнийг иргэдтэйгээ ярилцаж байгаад бүтээн байгуулалтад зарцуулсан гэдэг юм билээ. Гэтэл Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэггүй, хороод нь цэцэрлэггүй ... гэх мэт асуудал зөндөө байна.

-Сонгинохайрхан, Баян­­зүрх дүүрэгт газрын мар­­гаантай асуудал их бай­даг. Газрын албан дээрээ кадаст­рын зурагт Дорж, Дулмаагийн газар гээд нэртэй ч газар дээр нь яваад очихоор хоосон байдаг. Үүнээс болж, иргэд газрын албаныхан өөртөө “дарж” байгаад үнэ хүргэж зардаг гэдэг яриа байдаг?
-Ийм маргаан их бий. Миний хувьд Засаг даргаар томилогдсноос хойш долоо хоногт 50 гаруй иргэнтэй уулздаг. Энэ үед таны хэлсэн шиг гомдол их ирж байна. Иргэд өөрийнхөө амьдарч байгаа газраа өмчлөөд ав­чих­сан нь маргаангүй. Харин нөгөө булан тохойг нь давхцуулаад зураглал хийсэн нь маргаан дагуулдаг. Тэр үеийн техник технологи хөгжөөгүйгээс болдог ч байж магадгүй юм. Үүнийг шүүх рүү явуулдаг. Ихэнх тохиодолд газ­рын албаны буруу болж таардаг. Шүүх анхны өмч­лөгчид нь өгдөг. Үүнээс гад­на нийслэл захирамж гар­гаад нэг дарга нь авчихсан байхад түүн дээр нь дүүргийн албан тушаалтан захирамж гар­гаад газар өгчихдөг. Дүүр­гийн гэрчилгээтэй хүн хашаагаа  хатгаад тав, зургаан жил амьдардаг. Нэг өдөр газрын төлбөр гээд очиход нийс­лэлийн захирамжтай байна гэхэд нөгөө хүн нь зар­чихдаг. Ингээд дам дамаа дагасан газрын наймаа, маргаан их гардаг. Энэ асуудлыг цэгц­лэ­хээр төлөвлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
g.o.m.o
*****
buh hunee halchaad zuvhun hesgiin ahlagch gene uu turin sangaas busad heltsiig bugdiig ni halsan orond ni dandaa namiinhaa jagsaal hiideg huuhduudee tavisan biz dee chi
Хамгийн их уншсан