Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад суралцагсдын зардлыг соёлын яам хариуцахаар болжээ


Соёл урлагийг хөгжүүлэх бодлогын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг салбарын яам хариуцан ажиллаж байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл дараах сургуульд дурдсан мэргэжлээр хилийн чанадад суралцуулах боломжтой гэлээ. Хэрэв өөрөө хүсэл сонирхолтой, шаардлага хангавал сайд Ц.Оюунгэрэл зардал болон тэтгэлгийг хөөцөлдөж өгөхөө  илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар элсэгчдийг дэмжин суралцуулах Польш улсын гурав, Германы гурван сургууль тодорхой болжээ. Польшийн Торунь хот дахь Николай Коперникийн нэрэмжит сургуульд бүтээл сэргээн засварлах мэргэжлээр суралцах боломжтой. Нийт зургаан жил суралцаж магистр зэрэгтэй төгсөх юм. Жилийн сургалтын болон дотуур байрны төлбөр нь 6000 орчим евро болдог. Боловсрол, шинжлэх ухааны яамны шугамаар бүтээл сэргээн засварлах мэргэжил нь тэтгэлэгт хөтөлбөрт багтдаг байна. Үүнд Польшийн талаас үндсэн зардал, Монгол Улсын төрийн сангаас амьжиргааны зардлыг гаргах аж.

Мөн тус улсын Шопенийн нэрэмжит Хөгжмийн сургуульд мэргэжилтэн бэлтгэнэ. Элсэгч нь сургуулиас заасан баримт бичгийг бүрдүүлж тавдугаар сард өргөдлийн хамт илгээх ёстой. Мэргэжлийн баг элсэгчдийг шалгаруулж шийдвэрлэсний дараа мэргэжил тус бүрээр ур чадвар болон мэдлэгийн шалгалт авдаг байна. Магистрын эрхтэй төгсөхийн тулд зургаан жилийн хугацаа шаарддаг аж. Харин Лодзийн нэрэмжит кино урлагийн сургуульд зургадугаар сард баримт бичгээ бүрдүүлж хандах ёстой. Дээр өгүүлсэн хоёр мэргэжлээр суралцахад польш хэлний нэг жилийн сургалтад суух ёстой байсан бол кино урлагийн мэргэжилтнээр элсэгч Польш хэлний мэдлэгтэй байхыг шаарджээ. Сургуулиас бүртгүүлсэн хүмүүсээс элсүүлэх эсэх хариуг есдүгээр сард эргэн мэдэгддэг байна.

Харин Герман улсад соёлын чиглэлээр суралцуулах боломжтой гурван ч байгууллага байгаа аж. Берлин хотын Чөлөөт их сургууль, Хамбург хотын Хөгжим, театрын дээд сургууль, Людвигсбург хотын Соёлын менежментийн хүрээлэн оюутан элсүүлнэ. Хэдийгээр эдгээр сургуулийн жилийн төлбөр 600-700 евро боловч амьжиргааны зардал харьцангуй өндөр гэнэ. Элсэгчдийг 13 жилийн дунд боловсролтой байхыг шаарддаг. МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, ХУИС, БХИС, СЭЗДС, Цагдаагийн академи, УБИС, ТЗДС-ийн хоёрдугаар курсын төгсөгчид элсэх боломжтой. Харин зарим хувийн их, дээд сургуулийн баклавр зэрэгтэй оюутнууд элсэж болох гэнэ. Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар Германы их, дээд сургуулиудад манай улсаас 755 оюутан суралцаж байгаа аж. Эдгээрээс 151 нь хэл соёлын чиглэлээр, 28 нь урлагийн чиглэлд суралцдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан