Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг хорооддоо орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөө хуваарилаагүй байна


Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжиж, иргэн та амьдарч буй хороондоо тулгамдаж буй асуудлаа хорооныхоо удирдлагуудад хэлж, иргэдийн хурлаас олонхийн санал авсан ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээ бид ийм эрхтэй болсон тухай өмнөх сурвалжлагуудад дурдсан билээ. Тиймээс өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд уг ажил ямар төвшинд хэрэгжиж байгааг нийслэлийн хороо бүрт хүрч сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа юм.

Шинээр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр санхүүжин хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр нь иргэдийн саналыг аваагүй бол батлах эрхгүй. Хэрэв баталсан тохиолдолд хүчингүй болгох эрхтэй гэж заажээ. Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгийг дүүрэг, хорооны удирдлагууд мэдлэггүйгээсээ болоод хуульд зааснаас бусад зүйлд ашиглачих вий гэсэн болгоомжлол байгаа учраас “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд уг ажлыг сониноороо дамжуулан хүн бүрт хүргэх үүднээс бид мэдээлэл түгээж байгаа. Энэ удаа бид Сүхбаатар дүүргийн VII хороог зорив. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийг хөгжүүлэх санд хоёр тэрбум 400 сая төгрөг төсөвлөжээ. Тус дүүрэг 20 хороотой аж. Нэг хороонд ойролцоогоор 120 орчим сая төгрөг ногдох тооцоо байгаа ч нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тооноос шалтгаалан харилцан адилгүй хуваарилах юм байна. Харин VII хороо 7825 хүн амтай, 2500 өрхтэй аж. Хорооны нутаг дэвсгэрт орон сууцны айлууд амьдардаг учраас гэр хорооллын өрхүүд төвлөрсөн хороодыг бодвол тулгамдаж буй асуудал нь харьцангуй бага. Гэвч Сүхбаатар дүүргийн бүх хороонд Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа юм байна. Учир нь, хороодын иргэдийн нийтийн хурал нь өнөөдрийг хүртэл хуралдаагүй аж. Хуулийн хугацаа зургаан сар байдаг ч энэ нь өнгөрчихсөн учир өнөөг хүртэл түр орлон гүйцэтгэгч ажлаа явуулж буй гэсэн. Тиймээс энэ бүхнийг зохицуулах үүднээс тус дүүргээс нэгдсэн зохион байгуулалттай хурал хийхээр төлөвлөжээ. Дүүргийн хэмжээнд Иргэдийн нийтийн хурлаа хийгээгүй учраас орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгийг одоо болтол хорооддоо хуваарилж өгөөгүй. Хурлаа албан ёсоор хийж, баталгаажуулсны дараа мөнгөө хуваарилна гэх.

Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар тус хорооны Засаг дарга Д.Амаржаргал “Манай дүүрэг шатлал дараалалтай явж байгаа. Хан-Уул жишиг дүүрэг болсон учраас орон нутгийг хөгжүүлэх санд мөнгө нь төвлөрчихсөн. Харин бусад дүүрэг, хороодод төдийлэн ажил нь жигдрээгүй байгаа . Хорооны иргэдийн нийтийн хурал өмнөх жилүүдэд байгаагүй. Хороо анхан шатны нэгж учраас төрийн ажлаа гүйцэтгэж байна. Хурал хийх, хийхгүй нь бидний шийдэх асуудал биш. Өмнөх иргэдийн нийтийн хурал нь хурлаа зарлах ёстой байтал зарлаагүй. Ингэж байтал хуульд заасан хугацаа нь өнгөрчихсөн юм билээ. Хурал зарлахгүй байснаараа иргэдэд хохирол үүсэхгүй. Би ажлаа аваад нэг улирал болохдоо долоон удаа иргэдтэйгээ уулзлаа. Манай иргэдийн оролцоо идэвх сул байна. Ажил хийж буй залуус хорооны үйл ажиллагаанд төдийлэн оролцдоггүй. Оршин суугчид тав тухтай амьдрах орчинг биднээс хүсч байна. Өөрөөр хэлбэл, хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй замбараагүй хашаа хайс, гарааш, хогны асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа. Иргэдээс СӨХ-дын тухай гомдол их ирнэ. СӨХ-ны ажил хэр сайн ажиллаж байгаагаас хорооны ажил ямархуу явж байгаа нь харагдана. Орцны үүдэнд хогийн савтай байх зэргийг бүрдүүлээд өгчихвөл... Цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу зэрэг тулгамдсан асуудал их бий” гэв.

“Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд хороо бүр өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Тус хорооны хувьд иргэдийн нийтийн хурлаа хийгээгүй учир өнөөг хүртэл дүрмээ батлаагүй юм байна. Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнтэй холбогдуулан хороо бүр нийтийн зар мэдээний самбартай байх ёстой. Ингэснээр хорооны үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болохын сацуу иргэд мэдээллийг цаг алдалгүй хүртэж энэ хэрээр хорооныхоо ажилд идэвхтэй оролцох юм. Тус хороо нийтийн зар мэдээний самбарыг стандартын дагуу хийгээгүй аж. Харин хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Д.Амаржаргал иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор хорооныхоо үүдэнд зарын самбар хийлгэж байрлуулсан аж. Тэрээр “Айл бүрийн хаалга тогшиж зар түгээх нь өнөөгийн нийгэмд оновчгүй. Тиймээс хорооны нутаг дэвсгэрт иргэд олноор цугладаг, төв зам дагуу төвлөрсөн газарт нийтийн зар мэдээ самбар байрлуулах шаардлагатай байна гэх саналыг дүүргийн ЗДТГ-т хүргүүлээд байна. Нэг хороонд доод тал нь 3-4 самбар байх ёстой. Иргэд тэндээсээ мэдээлэл авдаг болох юм. Нөгөөтэйгүүр хороод өөрийн гэсэн цахим хуудастай болмоор байна. Манайд орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн мөнгө ирээгүй байгаа учраас энэ бүхнийг хараахан хийж амжаагүй. Манай хороо өөрийн гэсэн байргүй. Өрхийн эмнэлгийнхээ подвальд байрлаж байна” хэмээн ярив.

Тус хорооны орон нутгийг хөгжүүлэх санд мөнгийг нь шилжүүлээгүй байгаа ч НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс иргэдэд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтаар энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулах, иргэд ямар үүрэгтэй оролцох зэргийг заасан байна. Тиймээс VII хорооны иргэд энэ талаар ямар мэдээлэлтэй байгааг сонирхлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан