Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайхын ирээдүй Улаанбаатарын өнгийг тодорхойлох нь

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд импор­тыг орлох барилгын мате­риалын үйлдвэрлэлийг нэ­мэг­дүүлэх зорилгоор На­лайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулахаар төлөвлөж буй. 30 мянга гаруй хүн амтай тус дүүрэг нийслэлээс 36 км зайтай бөгөөд шохой, цемент, тоосго, блок, цэвэр, бохирын хоолой үйлдвэрлэдэг 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг нь сонгох нэг шалтгаан нь болжээ. Тэгээд ч тус дүүргийн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон жижиг нүүрсний амыг хааснаар албан бус тоогоор 1500 хүн ажилгүй болсон гэнэ.

Тиймээс ажлын байр нэмэгдүүлэх эл үйлдвэрлэлийн паркийг байгуулбал давхар орон нутгийн хөгжлийг дэмжсэн ажил болно хэмээн салбарын яам үзжээ.  Энэ хүрээнд БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа, нийслэлийн Засаг даргын Экологи, но­гоон хөгжлийн асуудал ха­риуц­сан орлогч Т.Бат-Эр­дэнэ, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оч нар тус дүүргийг зорьсон юм. Уул уурхай, шилний үйлдвэр байгуулах боломжтой гэгддэг тус дүүрэгт хэзээ барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулагдах бол гэсэн хүлээлт манай иргэдийн дунд бий хэмээн Засаг дарга Х.Болдбаатар хэлж байлаа. Тэрээр “Манай дүүрэг шо­хой, элс хайрга зэрэг бай­галийн баялагтай. Үе үеийн налайхчууд Монгол Улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, нийслэлээ илч дулаанаар 86 жил хангаж ирлээ. Бидний хувьд барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулахад зориулж 120 га газар тусгасан” гэсэн юм. Ингээд албаныхан газраа үзсэний дараа барилгын ма­те­риалын түүхий эд нь ол­доцтой, хоттой ойр байдаг гэ­дэг утгаар тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг ком­паниудын төлөөлөл “Налгар түшиг” компанийн Налайхын це­­ментийн  үйлдвэрээр орсон юм.

Барилгын материалын үйлдвэрлэлийн төвтэй хаяа нийлэх тус үйлдвэр нь 2006 онд сууриа тавьж, анхны хуурай аргын технологиор MNS 976-2008 стандартын шаардлага хангасан РС 42,5 ангийн портланд цемент үйлдвэрлэдэг байна. Жилдээ 100 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Тус үйлдвэрийн захирал н.Баатархүү “Манай үйлдвэр тасралтгүй гурван ээлжийн системээр ажилладаг. Бутлуурын цех, түүхий хольц буюу хуурай материал үйлдвэрлэх цех, цементийн тээрмийн болон савлах цехтэй. Нийтдээ 130 гаруй ажиллагсадтай. До­тоо­­­дын хэрэгцээг ямар ч байсан өөрсдийнхөө хэм­жээнд хангаж байна” хэмээв. Албаныхны дараагийн орсон газар бол цэвэр, бохир усны хуванцар хоолой үйлдвэр­лэдэг “Шинэ Ёндон” үйлдвэр байв. Хог хаягдал болох хатуу хуванцараар бохирын хоолой үйлдвэрлэдэг нь байгаль экологит ээлтэй технологи ашиглахыг уриалж буй тус салбарын нэг дэвшил хэмээн албаныхан ам сайтай байлаа. Үйлдвэрийн захирал Э.Базар “Манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Хятадаас оруулж ирсэн цэвэр, бохир усны хоолойтой харьцуулахад харьцангуй чанартай. Тиймээс ч  захиалга их ирдэг. Одоо бид хатуу хуванцар хог болох машины маслоны савыг дахин боловсруулан бохирын хоолой хийж туршихад амжилттай болсон юм. Манайх 20-400 диаметрийн хэмжээтэй хуванцар хоолой үйлдвэрлэн дотоодын компаниудад ний­лүүлж байна” гэв. Харин тус дүүрэгт барилгын мате­риалын үйлдвэрлэл эрхлэгчдэд нэгэн хүндрэл тулгардаг нь тээвэрлэлт. Хот руу бүтээгдэхүүнээ тээвэрлэх гэхээр хэт их тоннтой машин явуулахгүй хэмээн хориглох цаашлаад торгодог нь тэдний “толгойн өвчин”. Тиймээс одоо байгаа үйлдвэрлэгчид болоод парк байгуулагдан өсөх нэмэгдэх тээвэрлэлтийг шийдэхийн тулд “Туушин” ХХК тус дүүргийн 130 га газарт ложистикийн төв байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулсан байгаа гэнэ. Ганц барилга гэлтгүй хүнс бараа үйлчилгээ тээвэрлэх, буулгах, гаалийн агуулах, бөөний худалдаатай гээд далайцтай ажиллах эл төвийг байгуулахын тулд 10 гаруй компани консерциум болон нэгдэн ажиллахаар ханцуй шамлан оржээ. Энэ хүрээнд төмөр замаас гадна авто замын асуудлыг ч давхар шийдэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ”Улаанбаатар хотыг өндөр технологид тул­гуур­ласан үйлдвэрлэл, худал­даа, үйлчилгээний хот болгож, эдийн засгийн бүтцийг өөрчилнө. Налайхад тээвэр, ложистикийн нэгдсэн төв, бөөний  худалдаа, хүнсний болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд БХБЯ, хотоос бодло­гын зарим арга хэмжээг авч байна. Төр оролцох бус хувийн хэвшлийнхний ажиллах бололцоог бүрдүүлбэл удах­гүй Налайх хот барилгын материалын үйлдвэрлэлийн парктай, тээвэр, ложистикийн нэгдсэн төвтэй болж асар хөгжингүй хот болно” хэмээв.

Энэ үеэр БХБ-ын дэд сайд Г.Байгальмаагаас барилгын материалын үйлдвэрлэлийн парк болоод яамнаас ямар арга хэмжээ авч буй талаар тодрууллаа.

-Налайхад барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулах газраа сонгочихлоо. Харин паркт импортыг орлох барилгын материалын ямар үйлдвэр байх юм бэ?
-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд яамнаас олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатарт ойр барилгын материалын парк байгуулахаар төлөвлөн газрын байршил, үйл ажиллагаагаа явуулж буй барилгын материалынх нь үйлдвэрлэлийг түшиглэн Налайхад байгуулах нь боломжтой юм байна гэж харсан юм. Энэ хүрээнд жилд 60 мянган тн цемент үйлдвэрлэх үйлдвэр мөн 110 мянган шоо метр элс, хайрга, дайрга бултан ангилах болон керамик тоосгоны, автоклавын хөнгөн бетон, ган туйван, хуванцар хоолойн гээд олон үйлдвэр байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ч барилгын материалыг тээвэрлэх, хадгалах тээвэр, ложистикийн нэгдсэн төвийг байгуулахаар ч төлөвлөсөн. Энэ бол нэгэн цогц арга хэмжээ болж буй.

-Барилгын материал үйлдвэрлэгчид хэр хандаж байна?
-Одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа 15 компани хандсан. Орчин үеийн дэвшилтэт нано технологи оруулж ирэх санал ирж байгаа. Парк байгуулагдвал үйлдвэр барих компаниуд гарч ирнэ. Цаашид ч энэ тоо өснө байх.

-Дүүргийн удирдлагууд дэмжин газрын асуудлыг шийдэж өгье гэлээ. Тэгэхээр парк хэзээ байгуулагдах бол?
-Зургаа гаргасны дараа барилгын материал үйлдвэрлэгчидтэй уулзана. Ямар үйлдвэр барих уу, хүчин чадал нь ямар байх уу гээд нарийн судалгаа хийсний дараа чиглэл гарна. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг нь шийдэхээр хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэлээ оруулж ирж, үйл ажиллагаагаа явуулна. Төрөөс  бодлогоор дэмжих буюу хөнгөлөлттэй зээл олгох, хил, гаалиас түүхий эдийг нь татвараас чөлөөлөх, хөнгөвчлөх бодлого явуулна. Парк байгуулагдвал Налайхын иргэд ч ажлын байртай болно. Учир нь, парк гэлтгүй 130 га газарт тээвэр, ложистикийн нэгдсэн төв, бөөний  худалдаа газдар байгуулагдах гэж байна шүү дээ. Маш том ажил учраас хуумгай хандаж болохгүй.

-Барилгын материалын үйлдвэрлэлийн парк болоод тээвэр, ложистикийн нэгдсэн төв байгуулагдвал 100 айлын барилгын материалын захыг ч хотоос нүүлгэх боломжтой болно гэж хотын удирдлагууд хэлдэг?
-Яг тийм. Барилгын материалын зах хотын төвд байх шаардлагагүй, гаргах хэрэгтэй гэж зарчмын санал гарсан. Нийслэлийн Засаг даргын яриагаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 100 айлын барилгын материалын үйлдвэрлэл байх шаардлагагүй, тэр орчмыг орон сууцжуулна гэж тусгасан юм билээ. Өнөөдөр түгжрэл ихтэйгээс хүмүүс очиход хэцүү, өөрсдөө ч бараа материалаа татахад хүндрэлтэй байдаг. Аль аль талаа бодолцон хотоос гаргах шаардлагатай. Налайх дүүрэг нэг ёсондоо барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа өрнөсөн Улаанбаатар хотын түшиц газар болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан