Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гишүүний хамгаалагдсан сэнтий


Монгол Улсын Их хурлын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учир эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь бараг хуулиар хамгаалагддаг. Хэд хэдэн хуульд халдашгүй бүрэн эрхийг нь тунхагладаг. Харин эрхэм гишүүдийн чуулганы танхим дахь сэнтий нь хуулиар хамгаалагдсан зүйл мөн үү. УИХ-ын тухай хуульд сандал ширээний тухай нарийвчлан заагаагүй байдаг аж. Эрхэм гишүүдийн сандал суудлын тухай ярих болсон нь ийм учиртай. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн бус нэгэн хүн Д.Оюунхорол гишүүний суудалд тухлаж харагдав. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ийн дураар аашилсан юм. Уг нь, УИХ-ын гишүүн бус бол тэр суудалд суух эрхгүй. Д.Оюунхорол гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан гэж үзэж ч болохоор. Өмнөх парламентад нэгэн удаа чуулганы хуралдааны үеэр Сангийн яамны нэг нөхөр нэг гишүүнтэй удтал ярилцахдаа хажуу дахь өөр гишүүний суудалд нь түр сууснаас болж бөөн хэрэг мандаж билээ. Тэр сандалд суух нь битгий хэл алхам ч ойртох ёсгүй гэж ирээд л нэг гишүүн түүнийг сүрхий загнаж байсан юмдаг. Харин өчигдөр экс гишүүн, МАН-ын генсек чуулганы танхимын хойморт хээв нэг алхаж очоод УИХ-ын гишүүний хүндэт сэнтийд сууж байхад хэн ч, юу ч эс хэлэв.

УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулагчдаас бусад нь тэрхүү суудал орчимд ойртох эрхгүй гэлцдэг. Эсвэл экс гишүүн болохоор хориглож болдоггүй юм болов уу. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, МАН-ынхан ээлжит дайралтаа хийж байх үеэр генсектэн биеэ барьж чадахгүй гишүүдтэйгээ нийлээд бужигначихсан байж магадгүй л юм. Гэхдээ л хууль тогтоох байгууллагын гал тогоонд багагүй хугацаанд чанагдсан хүний хувьд хууль, хуралдааны дэгийг дагаж мөрдөх учиртай. Магадгүй түүний энэ үйлдлээс болоод парламентад суудалтай бусад намын генсек чуулганы танхимд гишүүдийнхээ дунд холилдож суух гэж зүтгэх муу үлгэр дуурайл болохыг хэн байг гэхэв. Хууль, дэг, журмаар яах ёстой байдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн бус, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сууж байна. Ингэж болох уу гэхэд тэрээр “Хэзээ суусан юм. Би тодруулаад хариу хэлье. УИХ-ын гишүүний суудалд гишүүн л суух ёстой” гэж хариулав.

Гишүүн гэдгийг эрхэм генсек парла­ментын гэдгээр бус илүү өргөн утгаар нь ойл­госон ч юм бил үү. Эсвэл өмнө нь пар­ламентын гишүүн байсан л бол бүрэн эр­хээ хэрэгжүүлж буй одоогийн УИХ-ын ги­шүүний суудалд суух эрх байдаг хэрэг үү.
Юутай ч, бужигнаан дунд Г.Занданшатар өмнөх жилүүдийн сайхан цагаа дурсан санаж, хэсэг хором ч гэсэн өөрийгөө УИХ-ын гишүүн хэвээр гэж бодон сэтгэлээ тайтгаруулсан байлгүй  гэж зөвтгөе. Гэхдээ хууль бол хууль. Хууль тогтоох байгууллагын танхим дотор хууль зөрчлөө шүү дээ. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ийм үйлдэл гаргаж байгаа болохоор яалт ч үгүй асуудал болох ёстой мэт. Эрхэм гишүүд хуулиар бүрэн эрх, халдашгүй байдлаа хамгаалуулсан байхад парламентын чуулганы танхимд байх эдгээр сэнтий ч гэсэн давхар хамгаалагдсан байх ёстой юм шиг ээ...     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан