Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшигтийн хөндийн нисэх буудал шинэчлэлийн засгийн үед баригдана


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих тухай яригдаж эхэлснээс хойш таван жил өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл эл онгоцны буудлын шавыг нь ч тавиагүй байна. Зүгээр л барина гэж ярьж, төсөөлсөөр С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуягийн гэсэн тодотголтой гурван Засгийн газрын нүүр үзэв. Уг нь, эл олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг 2012 онд эхэлж, 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. Онгоцны буудлын зураг төслийн ажлыг Японы “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компани боловсруулсан. Тэдний боловсруулсан зураг төслийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар хоёр ч удаа тендер зарласан боловч цуцалжээ.

Ингэж ажлаа эхлүүлж чадахгүй удсан учир нь иенийн ханшийн зөрүү үүсч, улмаар техник технологи, барилгын материалын үнэ өссөн гэх мэт шалтгаанаар зураг төслийг дахин боловсруулсан билээ. Үүнээс болж анх төлөвлөж байсан өртөг нь 197 сая иенээр нэмэгдсэн. Тиймээс энэ асуудлыг өчигдөр УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцсэн юм.Тодруулбал, УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ингэснээр энэ хавар эхлүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлууд дунд Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх буудал багтав.

Эцсийн байдлаар гаргасан зураг төслөөр эл нисэх буудал 1200 га талбайд баригдана. Зургаан хүзүүвчтэй, жилдээ гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Өргөтгөл хийсэн тохиолдолд хүзүүвчийг нь 20-д хүргэж, жилд 12 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, шинээр барих эл нисэх онгоцны буудлыг дагаж, шинэ суурьшлын бүс бий болох юм.

Дээрх хоёр байнгын хо­рооны хамтарсан хурал­дааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нисэх буудал барих өртөг өмнөхөөсөө 197 сая иенээр нэмэгдсэн шалтгааныг судлах, тодруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Түүний эл саналаас болж багагүй маргаан өрнөв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Бид асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ нисэх онгоцны буудлыг бариулахын тулд 197 сая иен нэмж авах нь тийм ч хүнд асуудал биш. Ажлын хэсэг байгуулж цаг алдах шаардлагагүй. Шинэ зүйл хийж, бүтээн байгуулахын төлөө явж байхад 197 сая иенийг асуудал болгож, улс төржих хэрэггүй. Энэ нисэх онгоцны буудлын талаар өнгөцхөн бодоод байх юм. Үүнийг барьснаар гадаад, дотоод эдийн засгийн чигийг заана. Наад зах нь, Япон, Монголын эдийн засгийн харилцааны царцанги байдлыг сэргээнэ. Төв аймгийн тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой. Улаанбаатар хотын төвлөрөл саарна. Энэ бүхнийг шийдэж болох байтал шинэ нисэх онгоцны буудлыг долоон жил гацаалаа. Одоо болно. Бид том ажлын ард гарч үзье л дээ. Ажлын хэсэг энэ тэр гэж яльгүй шалтаг гаргаж, юм болгоныг гацааж байдгаа больмоор байна” хэмээв. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан ажлын хэсэг байгуулах саналын дагуу УИХ-ын гишүүдээс санал хураасан боловч олонхи нь дэмжсэнгүй.

““Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбумбат” нэртэй нисэх онгоцны буудал барьж, Цагаан сарын өмнөхөн ашиглалтад оруулсан. Энэ нисэх онгоцны буудлыг 89 тэрбум төгрөгөөр барьж байгуулжээ. Гэтэл Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудлыг 978 тэрбум төгрөгөөр барих нь. Яагаад ийм өндөр өртөгтэй байгаа юм бэ” гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Ганбаатар хариу нэхэв. Үүнд, Зам, тээврийн сайд А.Гансүх “Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудал “Ханбумбат” нисэх буудалтай харьцуулахад хүчин чадлын хувьд дөрөв дахин том. Нэг дор 22 онгоц зэрэг хүлээн авах хүчин чадалтай” гэж хариуллаа.

Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудлыг барихын тулд Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нээс газар шорооны ажлаа эхлүүлэх чиглэл өгсөн гэнэ. Хэрэв төлөвлөсөн хуваарийн дагуу ажлаа эхлүүлбэл олон улсын стандартад нийцсэн эл онгоцны буудал 2016 онд ашиглалтад орох боломжтой юм байна.   

0 Сэтгэгдэл
Zugeer ehluulee ali yum bolgon iim hogiin niseh buudaltai baih yum be
Хамгийн их уншсан