Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.СОНОМПИЛ: ОДОО БОЛОХГҮЙ ГЭЖ ЯРИХ БИШ ХИЙЖ БҮТЭЭЕ Л ДЭЭ

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар салбартаа хийж буй ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ удаад Эрчим хүчний сайд М.Сономпил сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад нь ийн хариуллаа.

-Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бага орж ирдэг хэмээн ярьдаг. Эдийн засаг өссөн энэ үед  байдал өөрчлөгдсөн байх?
-Үнэндээ би дотоодын хөрөнгө оруулалтад сэтгэл хангалуун байдаггүй. Өнгөрсөн онд энэ салбарт хэт улс төржсөн төсөл хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонгууль болох гэж байсан болохоор манай сум, аймагт дулаан, цахилгаан хэрэгтэй байна гээд эхлүүлээд дутуу орхисон төсөл олон байгаа. Нийтдээ 600-700 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийн дийлэнх нь 20-30 хувийн гүйцэтгэлтэй. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нэгэнт баригдсан юмыг хог болгож байхаар дуусгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Ямар ч байсан энэ онд дутуу төслүүдийг дуусгаж цаашдаа эрчим хүчний салбарт оновчтой, ард иргэдэд ойрхон ажил хийнэ. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн үед харьцангуй өөр болсон. Энэ нь, Монголын эдийн засаг бүхэлдээ сэргэн энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг ч давхар нэмэгдүүлж байгаа.
-Алдагдал буурсан уу?
-56 тэрбумын алдагдалтай. Манай салбарын бүх байгууллага нэг нэгэндээ чирэгдэл учруулахгүйхэн шиг амь амиа аваад явж л байна. Өнөөдөр энэ салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин Засгийн газраас 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгнө гэсэн. Тиймээс найдаж л байна.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ гээд усан цахилгаан станц байгуулсан. Гэвч өнгөрсөн өвөл олон сум, баг харанхуйд нэрвэгдэж, хөлдөх шахлаа гэсэн гомдол гарсан?
-Тайширын усан цахилгаан станц 11 мегаваттынх. 2005 онд судалгаа хийж 2007 онд ашиглалтад орсон эл станц Завхан, Говь-Алтай аймгийн дөрвөн мегаваттын эрчим хүчний хэрэглээг нийлүүлдэг байсан. Гэтэл одоо эдгээр аймгийн хэрэглээ 12 мегаватт болон өсч, станцын ачаалал нэмэгдсэн. Тиймээс төвийн системд холбогдтол дизель станцтайгаа сэргээгдэх эрчим хүч зэрэгцэн ажиллана гэсэн төлөвлөгөөтэй. Усны төвшингөөс хамаарч өвлийн улиралд хязгаартай ажиллаад зун нь дангаараа эрчим хүч үйлдвэрлэнэ.
-Нүүрс шатааж дулаан үйлд­вэрлэдэг технологиос тат­галзан сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглая гэж Сэргээгдэх эрчим хүчний газар бий болгосон. Энэ салбарын хөгжил урагшилсан уу, ухарсан уу?
-Өнөөдөр манай эрчим хүчний салбарын таван хувийг л сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч ашигладаг болж. Бид усан болон салхин станц ашиглаж байна. Яахав, бага багаар ахиц гарч байгаа. Хувийн хэвшлийнхэндээ л тулгуурлаж бий болгож байгаа шүү дээ. Тэрнээс төрд дангаар нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах хөрөнгө байхгүй. Ямар ч байсан 2020 он гэхэд энэ салбарын 20 хувь нь сэргээгдэх эрчим хүч байна гэж төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар компаниуд 550 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрөл авсан. Тэгэхээр манай эрчим хүч 810 мегаватт гэж тооцвол тал хувь нь  хараахан эхлээгүй байна гэсэн үг.
-Бид гадаадаас үнэтэй эрчим хүч авдаг мөртлөө томоохон аж ахуйн нэгжүүдэд хямдхан зарж байгаа нь энэ салбарыг алдагдалд оруулдаг юм болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Манайх ОХУ-аас нэг квт эрчим хүчийг 106 орчим төгрөгөөр худалдан аваад аж ахуйн нэгжүүдэд 100 төгрөгөөр борлуулдаг. Энэ эрчим хүчийг Бороо гоулд, Дархан, Сэлэнгэд үйл ажиллагаагаа явуулдаг уурхайнууд авдаг. Мөн Хятадаас нэг квт цахилгааныг 165 төгрөгөөр авч байгаа. Мэдээж, үнэтэй авч байж яагаад Хятадын уул уурхайн компанид 100 төгрөгөөр зарах ёстой гэж. Үүнийг зохицуулах ёстой.  Тиймээс уул уурхайн компаниудад яг адилхан үнээр аваач гэдэг санал тавих гэж байгаа. Тавихаас ч арга байхгүй. Жил болгон төсөвт зөрүү гэж 39,8 тэрбум төгрөг татаасаар явдаг. Тиймээс цаашдаа аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнийг бага багаар нэмнэ.
-Энэ жил гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 12 байршлыг дэд бүтцэд холбохоос гадна “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн хү­рээнд “гац­сан” орон сууц­нууд ашиглалтад орж дулаанаа авна. Тэгэхээр ТЭЦ-4 энэ их хэрэглээг хангаж чадах уу?
-Дахин төлөвлөлтийн хүрээнд Дэнжийн мянга, Гандан, 14, долдугаар хороолол зэрэг  таван байршлыг дулаанаар хангах боломжтой гэж үзсэн. Үлдсэнийг нь өөр дулааны эх үүсвэрээр шийднэ гэж хотын удирдлагуудтай ярьсан. Өнөөдөр дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нийслэлийн 70 гаруй хувийг нь эрчим хүч, дулаанаар хангаж байна.  Эл станцыг өргөтгөснөөр тодорхой хэмжээний нөөц гарч ирнэ. Энэ нөөцөөрөө Ханын материал, Яармагийн орчмыг дулаанаар хангах боломжтой. Өргөтгөл ирэх оны зургадугаар сард ашиглалтад орсноор гэр хорооллын дахин төлөвлөлтөд дулааны цахилгаанаас үүдсэн ямар ч асуудал гарахгүй. Ирэх жил яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүнд 2014 онд их өөрчлөлт гарна гэж бодож байна.
-Гэхдээ ирээдүйд үүсэх дэд бүтцийн хомсдолыг ДЦС-5 нөхнө. Газар олгосон захирамжийг нь хотын мэр гаргасан ч, БОНХЯ-наас байгаль орчны үнэлгээ нь гараагүй байгаа юм билээ?
-Бид энд, тэнд ч барьж болохгүй гэсээр 10 жил тав дахь эх үүсвэрийн талаар ярилаа шүү дээ. Эхлээд Хужирбуланд байгуулъя гэхэд газар нь хагалбартай гэсэн. Дараа нь, Баянзүрхийн товчооны орчим барихаар болтол газар нь иргэдийн эзэмшлийнх болоод сүүлдээ дулааны гуравдугаар цахилгаан станцын хажууд барих шахсан.  Ингээд явсаар Хөлийн голын хөндийд барихаар тогтлоо шүү дээ.  Энэ газрыг БОНХЯ-наас зааж өгсөн. Бид дураараа сонгочихсон юм биш. Тэгээд ч хот зүүн тийшээгээ тэлж байна. Энэ утгаараа газар зүйн байршлын хувьд боломжтой. Дээр нь, 1961 онд байгуулагдсан ТЭЦ-2, 1968 онд ашиглалтад орсон ТЭЦ-3-тай тав дахь эх үүсвэрийг харьцуулан ярих хэрэггүй шүү дээ. Хамгийн сүүлийн үеийн байгаль орчинд халгүй дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ. Одоо ярих биш хийе, бүтээе л дээ.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан