Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр толгойн хоржоонтой асуудал

Монголчуудын амьдралд гэрэл асаах, улсын хөгжилд хурд нэмэх, бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх мөнгө олох үүрэг  уул уурхайд ногдсон.  Учир нь, Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлж байгаа. Тэр дундаа нүүрс, зэс эдийн засгийн гол тэжээл болоод буй билээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын доорхи болон дээрх бүх баялаг монголчуудын өмч. Том, жижиг гэлтгүй бүхий л ашигт малтмалын орд Монгол Улсын иргэн бүрийн хөрөнгө гэсэн үг. Харамсалтай нь, бүгд энэ баялгаа тэгш хүртэж чадахгүй байгаа билээ. Иймд төрж өссөн газар нутаг эд баялгаа хамгаалсан хөдөлгөөн, хувь хишгээ шударга тэгш хүртэе гэсэн яриа, маргаан хаа сайгүй өрнөх болсон. Тэр дундаа хоёр толгойн орд  монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Ингээд Оюу толгой, Таван толгойн орд тойрсон асуудлууд, өнөөгийн байдлын талаар дор цухас өгүүлье.

Өр тавьж эхэлсэн Оюу толгой

Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн ирэх зургадугаар сараас зах зээлд гарна. Энэ жил нэг сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөө байсан. Гэвч өнөөдөр энэ нь амжихгүй болжээ.

Учир нь, бүтээгдэхүүнээ Гашуун сухайт боомт хүртэл зөөх  зам алга. Иймд ЗТЯ, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-тай хэлэлцэж одоогоор  сайжруулаад байгаа  хайрган замаар  2014 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дан чиргүүлтэй хүнд даацын авто машинаар зэсийн баяжмалаа тээвэрлэх зөвшөөрөл өгөөд байна. Гэхдээ Цагаан хаднаас Гашуун сухайт боомт хүртэлх хэсэгт “Энержи ресурс” компанийн хатуу хучилттай замыг ашиглах юм. Үүнээс гадна Гашуун сухайт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Уг боомтоор орж, гарч буй авто машин хэд хоног дугаарладаг билээ. Ачаалал ихтэй үед бүр  20-30 км орчим газарт дугаарлан зогсох үе ч байдаг.
Иймээс энэ онд “Оюу толгой” ХХК 300-500 мянган тонн баяжмал гаргах нь. Сүүлийн үед  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах яриа хэлцэл Монгол Улсын  төр, хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн дунд өрнөх болсон. Он гарснаас хойш Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн хурал хоёр ч удаа боллоо.  Маргаан тарьж буй асуудлын нэг нь  гэрээнд заасан анхны хөрөнгө оруулалтын зардал  ТЭЗҮ-нд тооцсоноос  хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэн явдал байлаа. Энэ 2010-2012 онд Засгийн газар ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалтын зардлыг хянаж чадаагүй аж. Одоо анхны хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэнийг тодруулахаар ажиллаж буй юм. Анхны хөрөнгө оруулалт өснө гэдэг бол монголчуудын төлөх өр нэмэгдэж байгаа хэрэг. Нөгөө талаар дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ийм том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өр тавьж эхэлж байгаа нь олон улсыг гайхшрахад хүргэж  буй билээ.
Үүнээс гадна Оюу толгой ордын нөөцийн нэгээхэн хэсэг  “Оэнтро гоулд” компанийн лицензийн талбайд байгаа нь хэрэг мандсан. Тус компани Оюу толгойтой хаяа дэрлэж хайгуулын лиценз авчээ. Гэтэл тэр талбайд нь Оюу толгойн гүний уурхайн нөөцийн төгсгөл хэсэг орсон байж. Иймээс энэ нөөцөө тус компаниас шилжүүлэн авах асуудал өрнөсөн. Энэ талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу өчигдөр “Уг нь “Оэнтро гоулд” компанийн эзэмшиж байгаа лицензийг хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюу толгойд шилжүүлэх учиртай. Одоогоор үүнийг шилжүүлж амжаагүй байна. Тус “Оэнтро гоулд” компанид хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. “Рио Тинто” болон “Оюу толгой” ХХК-иас ч энэ асуудлыг цэгцлэх санал тавьсан. Одоо хэлэлцээр үргэлжилж байгаа. “Оэнтро гоулд” компанийн талаас манайд Засгийн газрын 34 хувийн эрхийг хүндэтгэж лицензээ шилжүүлхэд бэлэн байна гэж албан ёсоор мэдэгдээд байгаа” хэмээсэн билээ.
 
Таван толгой ашиггүй зардлаа нөхөж байна

Өнгөрсөн онд манай улс Хятдад 22 сая тонн нүүрс экспортолсон. Эхний улиралд л гэхэд гурван сая тонн нүүрс урагшаа гарчээ. Хэдийгээр нүүрсний үнэ хямдарсан ч эдүгээ  3.3 сая тонн нүүрс урд хөршид зараад байна. Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийн  төлөвлөж буйгаар 25 сая тонн нүүрс экспортолно. Үүний гурван сая тонн нь “Эрдэнэс Таван толгой”-гоос гарах аж. Уг нь Монгол- Хятадын  Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд 30 сая тонн нүүрс авч өгөлцөх сонирхол бий. Таван толгойн ордын нүүрсний чанар, нөөц дэлхийд бас л томд тооцогдоно. Уг ордыг ашиглалтад оруулахдаа бас л өр тавьсан. Тухайлбал Хятадын “Чалко” компаниас 250 сая ам.долларын урьдчилгаа авч нүүрс нийлүүлэх хатуу гэрээ хийсэн. Хатуу гэдэг нь нэг тонн нүүрсээ  70 ам.доллараар нийлүүлнэ. Гэхдээ энэ үнэ нь зах зээлийн ханшийг дагаад буурна. Харин зах зээлийн үнэ өсвөл дээрх 70 ам.доллар ханшийн дээд хэмжээ нь байна гэсэн гэрээ хийжээ. Мөн урьдчилж авсан мөнгөө төлж дуусах хүртэл өөр ямар ч компанид нүүрс нийлүүлэх эрхгүй гэсэн. Ингээд энэ гэрээг өөрчлөх талаар яриа хэлцэл эдүгээ өрнөж буй билээ. Өнөөдөр “Эрдэн Таван толгой” компани нэг тонн нүүрс олборлоод хилийн боомтод хүргэх зардал нь 56 ам.доллар болж байна. Гэтэл он гарснаас хойш нэг тонн нүүрсээ  53 ам.доллараар нийлүүлэхээр тонн тутамаас гурван ам.долларын алдагдал хүлээх болсон. Энэ нь нүүрсний экспортоо түр зогсооход хүргэжээ. Өнгөрсөн 22-ны өдрөөс эхлэн  нэг тонн нүүрсээ 56 ам.доллараар нийлүүлэх болж. “Эрдэнэс Таван толгой” компани нүүрсээ нийлүүлэх боломж ийнхүү гарсан байна. Тэгэхдээ ямар ч ашиг олохгүй. Зөвхөн өрөө төлөх л хэмжээнд ажиллах юм. Хэлэлцээрийн үр дүнд “Эрдэнэс-Таван толгой” ХК нүүрсээ Таван толгойн уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан Хятадын талд экспортлож байсныг болиулж, уурхай дээрээ гүнийн гааль байгуулж  Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэж нийлүүлэхээр тохиролцсон нь зардал хэмнэх, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн чухал алхам болжээ.
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнбулган өчигдөр “Ил тод-Уул уурхай” хэвлэлийн хурал дээр “Хятадын “Чалко” компанитай нүүрсний үнийн асуудлаар хэлэлцээр хийж байна. Одоохондоо үр дүнг нь хэлэхэд эрт юм. Манай зүгээс үнэ өсгөж зах зээлийнхээр нийлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн өөр худалдан авагчтай гэрээ хийх шаардлага бий” гэсэн билээ.
Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай гуйн хэлсэн шиг “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг үг энд тохирох нь. Учир нь ирэх арванхоёр дугаар сард урьдчилж авсан мөнгөнийхөө нүүрсийг нийлүүлж дуусах ажээ. Өөрөөр хэлбэл, өрийн дансаа дугуйлж өрөөлийн халааснаас гарна  гэсэн үг. Тэгэхээр монголчууд бидний эзэмшиж буй “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа үр ашгаа өгөх боломж гарч ирэх нь.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан