Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ дэлхийд хүн бүр эрх чөлөөтэй, энх амгалан амьдрах боломжтой

Монгол Улс Улаанбаатар хот

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Эрх чөлөө ардчиллын эрхэм элч, төлөөлөгчид өө,

Их түүхт, эрх чөлөөт Монгол оронд тавтай морилно уу.
Өнөөдөр ямар сайхан өдөр вэ!
1989 оны 12 дугаар сарын 10-ны хүйтэн өглөө Монгол Улсад олон нийтийн, анхны ардчилсан хөдөлгөөн болох Монголын Ардчилсан Холбообайгуулагдсаныг зарлаж, энэ хотод анхны ардчилсан цуглаан хийж байлаа. Бид 24 жилийн дараа ийм олуулаа, энэ дэлхийн эрх чөлөө, ардчиллын анд нартайгаа өнөөдрийн хурлыг нээнэ гэж би тэгэхэд зүүдлээ ч үгүй. Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэнд Монголын ард түмний болон төр засгийн нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм нөхөд өө, өнөөдөр бидний дунд олон нэр хүндтэй, эрхэм зочид хүрэлцэн ирсэн байна. Би заримыг нь энд онцгойлон дурдахыг хүсч байна.
Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, манай хурлын хүндэт зочин, эрхэмсэг хатагтай Инглак Шинэватра. Таныг манай ард түмэн Тайланд улсад сүүлийн жаранд тодорсон хамгийн залуу, бас анхны эмэгтэй Ерөнхий сайд гэдгээр сайн мэднэ. Монгол Улс олон алдарт охид, ээжүүд, төр нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдээрээ бахархдаг. Манай залуу үе, олон охид эмэгтэйчүүд Таныг хараад маш их итгэл, урам зориг авч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Танд баяр хүргэе. Манай оронд тавтай морилно уу.
Мөн энд хүрэлцэн ирсэн Коста Рика улсын тэргүүн дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын дэд Ерөнхийлөгч ноён Намади Самбо, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч, Европын Комиссын дэд ерөнхийлөгч, хатагтай Баронесс Катрине Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Касийм Жомарт Токаев нар болон Засгийн газрын шадар сайд, Гадаад хэргийн сайд нар эрхэмсэг зочид, төлөөлөгчдийг манай оронд тавтай морилон саатахыг дахин хүсье.
Хоёр жилийн өмнө Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн сайд нарын хурал Литва улсын нийслэл Вильнюс хотод болж байхад Нобелийн энх тайвны шагналт эрхэмсэг хатагтай Ан Сан Су Чи бидэнд видео мэндчилгээ дэвшүүлж байсныг би сайн санаж байна. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа энэ хуралд эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгчдийн энэ цагийн үлгэр дуурайл, эрхэмсэг хатагтай Ан Сан Су Чи өөрийн биеэрхүрэлцэн ирсэнд бид бүхэн туйлын баяртай байна.Таныг энэхүү хуралд оролцож байгааг харах нь эрх чөлөө, ардчиллыг хүсэгч бүх хүний баяр юм. Та бол Ази тивд хүний эрх, эрх чөлөөт байдлын төлөө иргэний зориг гарган олон жил ган мэт нугаршгүй тэмцэж байгаа гайхамшигт эмэгтэй.
Бидний дунд бас Арабын “Хувьсгалын ээж” хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна. Арабын ертөнцөөс 2011 онд анх удаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн эрхэмсэг хатагтай Тавакул Карманыг Арабын хаврын сэтгэл нь, оюун санаа нь гэж нэрлэж болох юм. Сэтгүүлч, улс төрч, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч энэ эмэгтэй Йемен улсад 2005 онд бусад 7-н эмэгтэй сэтгүүлчийн хамт “Гинжнээсээ салсан эмэгтэй сэтгүүлчид” гэдэг бүлгэм байгуулж, зөвхөн улсдаа төдийгүй тэр бүс нутагт эрх чөлөөт сэтгэлгээний түүчээ нь болсон билээ.
Нийгмийн байгууллыг өөрчлөхөд хүчирхийлэл буу шийдэм бус, харин үг үзэг хоёрсэлэмнээс хүчтэй гэдгийг Нобелийн шагналт эдгээр эмэгтэйчүүд харуулсан. Бид та нараар үнэхээр бахархаж байна. Бүс нутгийн төдийгүй дэлхий дахины эрх чөлөөний төлөө тэмцлийн сод бэлгэдэл болсон эрхэмсэг хатагтай нар миний урилгаар манай оронд хүрэлцэн ирсэнд бид чин сэтгэлээсээ баярлаж байна.

Хатагтай, ноёд оо,

Ардчилал, эрх чөлөөний тухай бусдад зааж сургах бодол бидэнд алга. Харин бусадтай хуваалцах сургамж бол бидэнд байна. Манай орны ардчилсан тогтолцоонд шилжих зам амар хялбар байгаагүй. Одоо ч амар хялбар биш байна. Ардчилал бол очих газар биш, явах зам. Эрх чөлөө, ардчилал хоёрын аль алинд нь хүнийг хүчээржаргаах зорилго байхгүй. Хүн өөрийн сонголтоороо эрхээ эдэлж амьдрах л бололцоо юм. Хүний нийгэмд, ялангуяа нээлттэй нийгэмд асуудал шийдэгдэж дуусахгүй. Нэг шийдлийн ард дахиад л олон асуудал соёoлж байдаг. Энэ бүхний мөн чанарыг одоо ч таньж мэдэх үйл явц манай улсад үргэлжилж байна.
Монголчууд ардчилал, эрх чөлөөнийхөө ололтоор бахархдаг. Хүний эрх, эрх чөлөө бол өндөр хөгжилтэй орнуудын иргэдэд заяасан тусгай эрх биш, хүн нэг бүрийн эдлэх ёстой эрх. Ардчилах үйл явц бол баруунжих гэсэн үг биш.Социализмын үед манай малчид шөлний хонь гаргахдаа нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр өөрийн мал хөрөнгөдөө эзэн болж чадсан нь Монгол хүний ардчилал юм, эрх чөлөө юм. Бидний аав ээж, эмээ өвөө бурхандаа залбирч арц хүж асаахдаа айхаа больсон нь тэр хүмүүсийн эрх юм. Монгол хүн эх орондоо эсвэл гадагш явахдаа хэн нэгэн даргаас зөвшөөрөл авахгүй байгаа нь тэдний эрх чөлөө юм. Монголчууд сайн муугаа нээлттэй хэлэлцэж, сүүдрээ нуудаггүй болсон нь бидний ололт юм.
Монгол Улс 1990 оны хавар ардчилсан хувьсгалаа цонхны нэг ч шил хагaлалгүйгээр, нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр тайван замаар хийж чадсан. Бас улс төр, эдийн засгийн шинэтгэлийг ядуу буурай оронд нэгэн зэрэг хийх нь, тэр тусмаа Азийн орны явах зам биш гэсэн ойлголтыг бид шинэ сонголтоороо эвдсэн. Эрх чөлөө бол энэ дэлхийн хаана ч хүн бүхний эдлэх эрх юм. Монгол Улс бол улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарын өөрчлөлтийг зэрэг хийж байгаа, 1990 оноос хойшхиэнэ бүс нутгийн хамгийн амьдлаг, тогтвортой ардчилал юм. Биднийг шинэ сонголтоо хэрэгжүүлэх үйлсэд тусалж дэмжсэн, өдгөө ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа бүх улс орон, олон улсын байгууллага, сайн санаат хүмүүст талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье.


Хатагтай, ноёд оо,

Монголчууд төр нийгмийн урт удаан түүхтэй улс. Бидний өвөг дээдэс төрийн дэглэм журам, хууль ёсыг дэлхийн хамгийн уудам газар нутагт хэрэгжүүлж явсан. Монголын их гүрний Үндсэн хууль болох “Их Засаг” хуулийг 800 гаруй жилийн өмнөөс бичиж хэрэглэсэн байдаг. Монголчууд эрт цагаас хүний итгэл үнэмшил, авьяас чадвар, шүтлэг бишрэл, ёс журам, худалдаамэдээллийн чөлөөт байдлыг эрхэмлэж ирсэн. Гэвч өдгөө энэ бүхэн бүрэн төгс шийдлээ олоогүй л байна.
Бидний их өвөг, эзэн Чингис хаан “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж хэлсэн байдаг. Цэргийн ч бай, коммунист эсвэл захиргаадалтын ч бай ямар ч дэглэм ар араасаа өөрчлөгдөх нь гарцаагүй. Хана хэрмийг нураах амархан. Харин эрх чөлөөт амьдралыг босгох хэцүү. Ардчилсан дэг журам, байгууламжийг бүтээх, босгох нь хэчнээн амаргүй болохыг бид үзэж байна. Өнөөгийн ертөнцөд нэг хэсэг даргыг нөгөө хэсэг даргаар сольсноор бүх зүйл шийдэгдэхгүй байна. Хүний нийгмийн хувьсгал бол эрхийн шилжилтээр тодорхойлогддог. Иргэн нь эрхгүй иргэний нийгэм, хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байж болохгүй.
Эцсийн эцэст иргэдэд бодит эрх шилжихгүйгээр, тэдэнд өдөр тутмын асуудлаа шийдээд явах эрх очихгүйгээр, иргэдийн оролцоо шийдэлгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Бүхнийг мэдэгч дарга нарын эсвэл санаа зөв ч сайхан амлагч хүмүүсийн ажлаас нийтийн эрх ашигт нийцсэн сайн шийдвэр, сайн үр дүн гарах нь өдрийн од мэт ховор байна. Хүний нийгэмд тохиосон олон гай зовлон ньард иргэдээ жаргаах гэсэн сайхан сэтгэл, амьдралаас тасархай бүтэлгүй оролдлогоос үүдсэн байдгийг мартаж болохгүй. Иргэд нь эрхгүй бол ямар ч алтан бороо хүний амьдралд наалдахгүй. Хүний юм хүнд наалддаггүй гэж монголчууд ярьдаг юм.

Хатагтай, ноёд оо,

Ардчилсан тогтолцоонд шилжих гээд бүтэлгүйтсэн, бүтэлгүйтэж байгаа ихэнх улс орны гол зовлон нь ард түмнээсээ биш муу засаглалаас болж байна. Ардчилсан дэг журам ихэнхдээ гаднаасаа биш дотроосоо муудаж аюулд орж байна. Авлигын хохирогч нь ард түмэн, хожигч нь авлигажсан эрх мэдэлтнүүд болж байна. Авлига, муу мөнгө, түүнийг дагасан сүлжээ хүчтэй байна. Авлига ардчилалд итгэх иргэдийн итгэлийг эвдэж байна. Эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан бол авлига, муу засаглал гэдгийг хүн бүхэн мэднэ.
Авлигатай тэмцэх нь аль ч эрх баригчдын хувьд хамгийн хатуу шалгалт. Хүний засаглалаас хуулийн засаглалд шилжих үйл явц бол шинэ тулгар хөгжиж буй улс орнуудын хувьд хамгийн хэцүү давааны нэг. Төр бол эрх мэдэлд биш ард түмэнд үйлчлэх ёстой. Хууль ч адил. Шүүх, хуулийн болон төрийн байгууллагын шинэчлэл, хүний сэтгэлгээний өөрчлөлт нь их цаг хугацаа, тэвчээр, тууштай байдлыг шаардаж байна. Манай орны хувьд ардчилал руу алхам хийгээд хорь гаруй жил болж байгаа ч түвэгтэй асуудал олон байна.
Дээрээс нь улс орны өөрийнх нь онцлогтой, өвөрмөц сорилтууд гарч ирж байна. Улс орон баялагтай байх нь сайхан ч түүнийг ашиглах, зарцуулах бол амаргүй. Баялгийг үргэлж сайн хөрөнгө оруулагч, сайн санаа, сайн соёл дагаж явдаггүй. Улс төрийн хэврэг тогтолцоотой, шударга бус нийгэмд их мөнгө сайнаас илүүтэй саарыг дагуулдаг.
Эрх чөлөө бол төрийн хувьд хуульчлагдсан дэг журам юм. Гэтэл хувийн эрх ашгаа нийтийнхээс дээгүүр тавьдаг,хувийн сэтгэл хөдлөлөө төрийнбодлого гэж үздэг улс төрчид байсаар л байна. Өнөөдөр манай оронд хариуцлагагүй улс төр хамгийн том эрсдэл болчихоод байна. Мөн байгаль орчин, дэд бүтэц, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй асуудлууд бий. Энэ хурлын зочин орны хувьд манай улсын боломж бас сорилтын талаар та бүхэн бага ч болов мэдээлэлтэй болж чадна гэдэгт би итгэж байна.


Хатагтай, ноёд оо,

Ардчилал бол суралцах үйл явц юм. Эрх чөлөөт тогтолцоонд хүн алдаа хийсэн ч сургамж аваад урагшлах боломж байдаг. Манай орны давуу тал бол нээлттэй байдал. Бидний хамгийн том итгэл бол манай ард түмэн, хойч үе, залуучууд юм. Монголд ардчилсан хувьсгал өрнөж байхад дундсургуульд сурч байсан хүүхдүүд өнөөдөр дунджаар 30 нас хүрч, ачаа үүрэх чадалтай болжээ.
Монгол Улсад иргэний оролцоо, шууд ардчиллын хөдөлгөөн хүчээ авч байна. Орон нутаг, иргэд рүү эрх шилжиж байна. Хуулийн засаглал тогтож эхэлж байна. 2012 онд Монгол орон “Transparency International”байгууллагын судалгаагаар хамгийн хурдтайгаар авлига нь буурч байгаа орноор тодорсон. Жилийн дотор Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа. Бид өнгөрсөн жилүүдийн сургамж, ард иргэдийнхээ дэмжлэгт тулгуурлаж хуулиа сайжруулах замаар ардчиллын бүрэлдэхүүн хэсгүүд, ардчилсанинститутийг чанаржуулж байна.
Бид бусадтай ардчиллын сургамж, ололт амжилтаа хуваалцахад бэлэн байна. Мөн алдаа дутагдлаа, түүнийг хэрхэн засах талаар нээлттэй ярилцаж, ажиллахад бэлэн. Монгол Улсыг бүхлээр нь ардчиллын боловсролын төв, эрх чөлөөнд тулгамдаж байгаа сорилт боломжийн үзүүлэн, амьд жишээ гэж хараарай. Бид Улаанбаатарт сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, сургамж ололтоо хуваалцах төв байгуулахаар төлөвлөж байна. Сонгуулийн хувьд Монгол Улс бүрэн автоматжсан санал хураалтын болон тоолох системд шилжсэн. Сонгуулийн автоматжсан системд даргын үгэнд ордоггүй, авлига авдаггүй “дутагдал” байх л юм. Сонгогчдын саналыг автоматаар, будлиан булхайгүйгээр илэрхийлэх нь шударга ёсны эрх ашигт нийцнэ.
Хүний эрх, амь нас, нандин чанарыг дээдлэх нь бидний зорилго юм. Монгол Улс цаазын ялыг бодит байдлаар халж чадлаа. Шударга ёс тогтоож, төрийн эрх мэдлийг буруугаар ашиглахгүй гэж байгаа бол цаазын ялыг халах ёстой. Хүнийг алж биш гэмийг олж шийтгэх нь зөв. Энд төр алдах эрхгүй. Хүнээс үүсэлтэй төр хүний амийг хөнөөх эрхгүй. Манлайлал хэрэгтэй хэцүү шийдлүүд байдаг. Бид ийм шийдлээс ухрах юм бол ардчилсан хувьсгал хийх хэрэггүй юм.
Бид нэг зүйлд баярлаж явдаг. Монгол бол сайн хөршүүдтэй улс. Дэлхийн хамгийн их хүн амтай, дэлхийд хамгийн том газар нутагтай хоёр орон манай хөрш. Мөн дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд нөлөө бүхий, бас өөрийн бие даасан байр суурьтай орнууд. Манай хоёр хөрш, дэлхийн олон орон Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж хамтран ажилладагт бид талархдаг.

Хатагтай, ноёд оо

Манай орон дэлхийн хамгийн хаалттай улсын нэгээс, дэлхийд нээлттэй орны нэг болж чадсан. Монгол Улс олон улсын ардчилсан хөдөлгөөний нэр хүндтэй байгууллага болох АОХН-ийг даргалсандаа баяртай байна. Энэ хооронд АОХН-ийн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх Хороог байгууллаа. Орон тооны Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдлоо. НҮБ-ын дэргэдэх ардчилсан орнуудын бүлгийн ажил тогтмолжлоо. НҮБ-ын Женев дэх салбарт АОХН-ийн бүлэг ажиллаж эхэллээ. Ардчиллын шинэ удирдагчдын сүлжээ байгуулагдаж ажилдаа орлоо.
Бид АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролын асуудалд онцгой анхаарсан. Энэ асуудлаар гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын түвшинд санаачилгын бүлэг байгууллаа. Гишүүн орнуудын хүчин чармайлтын үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган ардчиллын боловсролын асуудлаар анх удаа бие даасан, түүхэн тогтоол баталлаа.
Монгол Улс анх удаа “Авлигыг үл тэвчих санаачилга”-ыг АОХН-ийн хүрээнд дэвшүүлж, уг асуудлыг энэ байгууллагын анхаарлын төвд оруулж чадлаа. Энэ удаагийн бага хурал авлигын сэдвийг тусгайлан авч хэлэлцсэнд талархаж байна. Мөн “Ардчиллын төлөө Азийн түншлэл” санаачилга хэрэгжиж эхэллээ. “Азийн ардчиллын сүлжээ” үүсч, хоёр жил тутам бүс нутгийн ардчиллын үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгч байхаар боллоо. Бид иргэний нийгмийг бэхжүүлэх, туршлага, сургамжаа хуваалцах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж чадлаа.

Хатагтай, ноёд оо

Манай улс ардчилалд шинээр шилжиж байгаа орнуудад туслах зорилгоор анх удаа Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулан ажиллаж байна. Тус санд хөрөнгө төвлөрүүлж, зарим улс оронтой хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсыг нээлттэй нийгэм рүү хүнд хэцүү шилжилт хийхэд олон улс орон, байгууллага харамгүй тусалсан. Одоо бидний бусдад туслах ээлж ирж байна. Энэ бол манай улсын ёс зүйн үүрэг.
Бид Киргизстан улстай парламентын ардчиллын сургамж, эрх зүйн шинэтгэл хийж байгаа туршлагаа хуваалцахаар идэвхтэй ажиллаж байна. Афганистан улсын дипломат, төрийн байгууллагын ажилтнуудад сургалт хийж байна. Мөн Мьянмар болон бусад шинэ ардчилалтай хамтарч ажиллах боломжийн талаар ярилцаж байна.
Монгол Улс саяхан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлцэл” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн. Монголын ард түмэн бол зочломтгой, хэцүү асуудалд хамтын шийдэл олохыг хичээдэг хүмүүс. Манай орон Солонгосын хойгийн зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд туслахыг хүсч байна. Энэ зорилгоор бид мухардалд ороод байгаа зарим асуудалд шинэ үүд хаалга нээхийг эрмэлзэж байна. Улаанбаатарт сонирхогч талуудыг уулзаж, яриа хэлцэл хийхийг урьж байна.
Хүнсний нэн яаралтай тусламж хэрэгтэй Хойд Солонгосын иргэд, гэр бүл, хүүхдүүдийг хараад бидний сэтгэл өвдөж байна. Манай хоёр улс эдийн засаг, аюулгүй байдлын сэдвээр сургалт, уулзалт зохион байгуулах, спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллах болон өндөр дээд хэмжээний айлчлалын талаар ч ярилцаж байна. Бид асуудлыг тэр дундаа цөмийн асуудлыг энхийн аргаар шийдэх боломж, гарц байгаа гэдэгт итгэж байна.
Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүн бүр эрх чөлөөтэй амьдрах хувь тавилантай. Эрх чөлөөг зарим үед нухчин дардагч эрх чөлөө эргээд л сэргэдэг. Эрхээ эдэлж байгаа хүн бүтээлч байдаг. Иймээс эрх чөлөө хөгжил дэвшилд хөтөлдөг. Би хувьдаа эрх чөлөөт иргэдийнхээ чөлөөт сонголтоор ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчилж байгаадаа туйлын их бахархаж явдаг. Монгол бол өдөр бүр сайн мэдээ сонсож болох орон. Эрх чөлөөт хүмүүс гайхамшгийг бүтээдэг.
Улсынхаа нийслэлд ийм олон зочныг хүлээн авч, эрх чөлөө, ардчиллын ололт амжилт, сорилт сургамж, цаашид хийх ажлын талаар ярилцаж байгаадаа би баяртай байна. Найман зууны тэртээ морьтойгоо гарсан Монгол цэрэг энэ өдрүүдэд эх орондоо буцаж ирсэн бол юу гэж бодох байсан бол? Баярлах байх. Монгол минь дэлхийн төв хэвээр байгаа юм байна гэж бодох байх. Энэ дашрамд Монгол Улс даян дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог орны нэг гэдгийг хэлье.
Хүн төрөлхтний ардчилал, эрх чөлөө, энх тайвны үйлсэд Монгол Улс цаашид ч хувь нэмэр оруулахыг эрмэлзэх болно. Энэ дэлхийд хүн бүр эрх чөлөөтэй, энх амгалан амьдрах боломжтой. Тийм эрхтэй. Тэр сайн цагийг тоссон бидний үйлс бүтнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

2013-04-29

0 Сэтгэгдэл
huzuu bhgui yurunhiilugch yumdaa. huurhii ter uridiin tuuhee yarisaar bh yumdaa.
Хамгийн их уншсан