Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн нүүрсийг тонн тутмыг 55.9 ам.доллараар Чалко компанид нийлүүлж байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Уул, уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” 2011 онд 900 мянган тонн, 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлож, 2011 оны наймдугаар сараас 2013 оны эхний улирлын байдлаар нийт 2.7 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортлоод байна.
Цанхийн зүүн уурхайгаас 2013 онд 6 сая тонн, 2014 онд 10 сая тонн, 2015, 2016 онд 15 сая тонн, 2017 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлосноор төслийн хүчин чадалдаа хүрнэ. Тус уурхайд 2012 оны хоёрдугаар сараас Австралийн “Сакмахон” компани гэрээт олборлогчоор ажиллаж эхэлсэн хэмээн сайд мэдээлсэн.
Түүний мэдээлснээр, 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хэсэгт үндэсний компани болох “Хишиг арвин индустриаль” ХХК хөрс хуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлжээ.
Одоогоор өмнөд хөрш рүү экспортолж байгаа нүүрсийг автомашинаар тээвэрлэж буй нь нүүрсний өртөг зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгаа аж. 2012 он, 2013 оны эхний улирлын байдлаар тээврийн зардал нь бүтээгдэхүүний өөрийн бүрэн өртгийн 40 орчим хувьд хүрсэн байна. Тиймээс Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятадаас гадна Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхэд дэд бүтцийг бий болгох шаардлагатай байна гэж сайд хэлж байлаа.
Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Тавантолгойн уурхайг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан станцад шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж Голомт, “Худалдаа хөгжлийн банкнаас 131 сая ам.долларын зээл, БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр авснаас 418 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компани 2012 онд санхүүгийн хүндрэлд орох гол шалтгаан болсон талаар сайд мэдээлэлдээ дурдаж байлаа. Одоогийн байдлаар тус компани “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид 186 сая ам.доллар, Голомт банкинд 34 сая ам.доллар, туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд 37 сая ам.доллар, нийт 257 сая ам.долларын өртэй байгаа ажээ.
2012 онд нэг тонн нүүрсний олборлолтын зардал 25.3, тээвэрлэлтийн зардал 23.9, татварын зардал 7.2, санхүүгийн зардал 4.3, удирдлагын зардал 1.6, нийт 62.4 ам.доллар байжээ. Тэгвэл 2013 онд нийт зардлыг 5.3 ам.доллараар бууруулна гэж Д.Ганхуяг сайд хэлсэн.
Олборлолтын зардлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг түлшний зарцуулалтад тавих хяналтыг сайжруулснаар нэг шоо.метр уулын цулд 1.04 литр түлш зарцуулж байсан бол 0.7 литр болж буурчээ. Уурхайн ээлжийн горимд өөрчлөлт оруулан, ажилчдын онгоцоор бус автобусаар тээвэрлэх болсноор жилд нэг тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарах боломж бүрдсэн ажээ. Мөн компанид ажиллаж байсан гадаадын хоёр захирлыг ажлаас чөлөөлснөөр жилд 1 тэрбум гаруй төгрөг, оффиссын гурван байр түрээсэлж байсныг цэгцэлж, нэг байранд төвлөрүүлснээр жилд 600 сая төгрөг хэмнэх болсон байна. 2013 онд нүүрс тээврийн автомашины 30 хувийг чиргүүлтэй явуулснаар тээврийн зардлыг тонн тутамд 1-1.5 ам.доллараар бууруулах нь.
“Эрдэнэс Тавантолгой”ХК одоогоор зөвхөн нэг худалдан авагч буюу БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид нүүрсээ борлуулж байгаа бөгөөд тус компанитай байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дуустал нүүрсээ 100 хувь уг компанид нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд нэг тонн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоож, борлуулах үнийг Хятадын дотоод үнийн дөрвөн индекст тулгуурлан улирал тутам шинэчлэн тогтоож байхаар тусгасан юм байна. Энэ аргачлалаар тогтоосон тонн нүүрсний үнэ өмнөх улиралд 53.6 ам.доллар, өнөөдрийн байдлаар 55.9 ам.доллар байгаа ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх нэг хувилбар нь Цанхийн баруун хэсэгт олборлолтыг эхлүүлж, бүтээгдэхүүн борлуулах явдал гэж Д.Ганхуяг сайд гишүүдэд мэдээлсэн. Түүнчлэн төмөр зам, цахилгаан станцййн төслийн асуудлыг шийдсэний дараа оператор компанийн асуудлыг шийдвэрлэж улмаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтвортой болж ирмэгц IPO хийх бэлтгэл хангах, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломж бүрдэнэ гэж тэрбээр хэллээ. Эдгээр үйл ажиллагааны дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болон иргэдийн 1072 хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Дээрх үндсэн зорилтоос гадна компанийн өртөг зардлыг бууруулахын тулд зарим арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Нүүрс тээвэрлэх автозамын түрээсийн үнийг багасгаснаар тонн нүүрсний тээврийн зардлыг 2-2.5 ам.доллараар, уурхай дээр гүний гааль байгуулж, тээвэр, ложистикийн зардлыг та орчим хувиар бууруулах боломжтой юм байна. Төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал 60 хувиар буурах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан