Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗХ-доос зээл авсан зарим улстөрч баримтаа устгажээ

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ. ХЗХ-дод мөнгөө алдсан хохирогчид “Бид найман жил орох оронгүй явж байна. Энэ асуудлыг төр нэг мөр шийдэж өгснийхөө дараа холбогдох хүмүүст хариуцлагаа тооц. Хэрхэн хариуцлага тооцож, мөнгөө олж авах нь төрийн шийдэх асуудал. Та бүхэн энэ асуудлыг шийдэх хүртэл бид хүлээж чадахгүй нь” гэсэн байна. Тиймээс тэдний хохирлыг барагдуулахын тулд улсын төсвөөс 21 тэрбум төгрөг гаргахаар дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм. ХЗХ-дтой холбоотой асуудал сөхөгдөхөд тухайн үеийн ШШГЕГ-ын дарга нь хүртэл хураагдсан газар дээр хувийн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн аж. Ажлын хэсэг ХЗХ болон иргэдээс ирүүлсэн 27 мэдээллийг авч шалгасан байна. Шалгалтын явцад ес нь тогтоогдоогүй, долоог нь АТГ-т шилжүүлж, 10-ыг нь шалгаж байгаа гэнэ. Тухайлбал, “Гэр хороолол барилгажилт”, “Баян-Өндөр сан” ХЗХ-ноос хураасан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргаар 2007-2008 онд ажиллаж байсан Б.Батмандах, Т.Бат-Оргил, С.Ганбаатар нар Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна. Тус ХЗХ-ноос хурааж, битүүмжилсэн Төв аймгийн Борнуур сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Борнуур” ХК-ийн тэрбум 788 сая төгрөгийн үнэлгээ бүхий 161 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх бусад хөрөнгийг “Хан боргоцой” ХК-ийн захирал Түвдэндоржид ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Батмөнх, 2008 оны зургадугаар сард хадгалалтын гэрээ байгуулан хариуцуулсан байхад мөн албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхбат нар “Шинэ даваан булаг” компанийн захирал С.Мөнхбаттай бүлэглэн “Борнуур” ХК-ийн хашаанд байсан 2000 палкнаас 726-г нь нийслэл рүү ачуулж, хувьдаа ашигласан байна. ХЗХ-дод мөнгөө алдсан иргэдээс 52 нь нас барж, 225 нь эмчийн байнгын хяналтад байдаг аж. Мөн орон гэргүй 480 гаруй хүн буйгийн дотор гэр бүл нь салсан нэлээдгүй өрх байгааг ХЗХ-дын хохирогчдын түр хорооны дарга Батхүү хэлсэн юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон түүнээс гишүүд зарим асуултад хариулт авсныг доор сийрүүлэв.

С.Ганбаатар: Одоо хэдэн хохи­рогчи­д хэчнээн төгрөгийг ямар хугацаанд төлөх вэ. Монгол­банкны аудитын газар үүнд ямар дүгнэлт хийсэн бэ. Санхүүгийн зохицуулах хороо болон хууль хяналтын байгууллагынхан ямар хариуцлага үүрэх вэ?
Х.Тэмүүжин: ХЗХ-д ямар шалт­гаанаас болж дампуурсан эсэх, хэн хохироосныг бид шалгаж байна. Үүний цаана шалгах ёстой зүйлүүд ундран гарч ирж байгаа. Гэмт хэргийн болон ёс зүйн зөрчлийн шинжтэй, хуулийн цоорхой ашиглаад завшсан зүйл ч гарсан. Бид асуудлыг цогцоор нь судалж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Тиймээс эхний ээлжинд ХЗХ-д яагаад бий болсон, ямар шалтгаанаар дампуурсан зэргийг гаргаж ирэх зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой.

Д.Оюунхорол: Төлөг хулгайл­сан хүүхдэд ял оноодог хэр нь хэдэн тэрбумаар нь мөнгө шам­шигдуулсан хүн гэм зэмгүй алхаж байна. Энэ салбарт шинэчлэл хийх цаг болсон. ХЗХ-дын эд хөрөнгийг худалдан борлуулж шамшигдуулсан гэж байна. Төр хохирогчдын хохирлыг бараг­дуулсныхаа дараа мөнгөө хэрхэн буцааж авах вэ?
Х.Тэмүүжин: Иргэдийг хохирсон дээр нь хохироодог хуулийн байгууллага байж болохгүй. Хохи­рогч­дын хохирлыг төлөх ёстой гэж итгэн эд хөрөнгө хариуцуулж бай­хад түүнийг нь үнэгүйдүүлж, хамаа­тан саднаараа хувааж идээд сууж байдаг албан тушаалтан байж болохгүй. Үүнийг авлига, ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ. Зөрчил гаргасан хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлнө. Ганц хуулийн байгууллага бус улстөрч­дийн асуудал ч орж ирнэ. ХЗХ-дтой холбоотой асуудлаас болж төрийн албан хаагч хүртэл амь насаа алдаж байсан тохиолдол гарч байсан. “Гэр хорооллыг барилгажуулалт” ХЗХ олон хүнийг хохироож байна, үүнийг таслан зогсоохгүй бол гэж хэлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлын байран дээрээ бусдын гарт хорлогдон амь насаа алдсан. Тэр хоршоо тодорхой улстөрчдийн бүлэглэлийг санхүүжүүлдэг байж. Энэ бүгдээс харахаар ХЗХ сонгуулийн мөнгө босгодог систем болчихсон байсны гайгаар олон хүн хохироод үлдсэн. Тиймээс улстөрчдөд хариуцлага тооцох ёстой.

Д.Ганбат: ХЗХ-доос болж татвар төлөгчид хохирч байна. 2000 оноос хойш төрд орсон луйвар энэ хэргээр илэрч гарч ирлээ. Тиймээс УИХ-ын гишүүд үүнд хөнгөн хуймгай хан­даж болохгүй. Энэ мөнгийг зав­­шиж, хэн хэрхэн арвижуулсан байна бэ гэдгийг тогтоох ёстой. Ту­хайн үед хууль баталж байсан ямар хүмүүс байсан бэ?
Х.Тэмүүжин: ХЗХ-дын мөнгийг завшсан хүмүүс дунд улстөрч цөөнгүй бий. Улс төрийн бүлэглэл ч байна. Тухайн үед Хууль зүйн яам ажиллаагүй гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, ХЗХ-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр рекламаа цацаж байхад яамныхан “Банкинд мөнгөө хадгалуул, ХЗХ-д мөнгө хадгалуулах нь эрсдэлтэй” гэж иргэдэд сануулж байсан. ХЗХ-дын хэрэг зөвхөн эдийн засгийн холбогдолтой биш. Улс төр, хууль зүй, нийгмийн асуудал ч бий. Хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох нь дараагийн асуудал юм.

С.Эрдэнэ: ХЗХ-доос мөнгө авсан зарим улс төрчийн нэрийг зарласан байсан. Энэ нэр баталгаатай юу?
Х.Тэмүүжин: Хууль хяналтын байгууллагыг шинэчилнэ. Бид энэ байгууллагуудынхаа шинэчлэлийг зоригтой хийхгүй бол хуулийн нэр барьдаг хүмүүс энд орогносоор байх нь. Хууль эрх зүйн орчин, бодлогыг өөрчилж байна. 7-8 жилийн өмнө болсон хэрэг учраас тухайн үед эрх мэдэлтэй, мөнгөтэй нэг нь анх хэрэг үүсэхэд бүх зүйлээ баллуурдчихаж. Баримтууд болон зээл авсан түүхээ устган, битүүмжилсэн хөрөнгөөс өөрийнхөө эд зүйлийг гаргаад авчихсан байна. Батлагдаж нотлог­дож буй зүйл нь эргэлзээтэй учраас би­дэнд шалгах хугацаа нэлээд шаардлагатай. Хохирогчид нэр зааж, энэ хүн ингэсэн, тэгсэн гэж байгаа ч бид шалгах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагынхан таамаг, хардлагаар ажилладаггүй. Томоохон албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг мухарлахаар ажиллаж байна.
Батхүү: С.Эрдэнэ гишүүн намайг маш хүнд байдалд оруулж байна. Үүний ард улс төрийн томоохон бүлэглэл байдаг. Тодорхой баримттайгаар хэлэхэд намайг ХЗХ-ны хохирогчдын түр хорооны даргаар томилогдсон орой манай гэрийг дэлбэлж байсан юм. Үүнийг хууль хяналтын байгууллагынханд хэлэхээс бус нийгэмд тэр бүр зарлаад байх боломжгүй. Телевиз, УИХ-ын гишүүд болон намын санхүүжилтэд зориулж маш их мөнгө өгсөн байдаг юм билээ. Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, М.Сономпил, Б.Бат-Эрдэнэ, Д.Чулуунбат нар ХЗХ-доос мөнгө авсан. Тэдний хууль зөрчсөн, зөрчөөгүйг шүүх шалгах ёстой.  
Гишүүд асуулт асууж дууссаны дараа саналаа хэлж, дээрх хуулийн төслийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы хурал­даанаар хэлэлцэхээр болов.      

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан