Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг: АН Д.Зоригтыг тангараг өргүүлбэл ард түмний сонголтыг уландаа гишгэснээс өөрцгүй


АН-аас УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн Р.Гончигдоржийг томилох тухай асуудлыг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ынхан 26 дугаар тойргоос дахин санал хураалтад Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхгүй бол уг асуудлыг хэлэлцэхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Харин АН-ынхан Өвөрхангайн 10 дугаар тойргоос УИХ-д нэр дэвшсэн тус намын гишүүн Д.Зоригтыг тангараг өргүүлнэ хэмээсэн нь намуудыг тохиролцооны ширээний ард суухад хүргэсэн. Тэд өчигдөр чуулганы хуралдааныг “таслан” байж дор бүрнээ хуралдсан ч дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Энэ үеэр Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзоригтой уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Таны оронд АН-ынхан Д.Зо­ригтыг тангараг өргүүлэх нь. Шүүхийн маргаан эцэслэн шийд­вэрлэгдсэн үү?
-Өвөрхангайн 10 дугаар тойр­гийн асуудалд шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Увайгүй хэт шуналдаа автсан улстөрчийн талд шүүх үйлчилж байна. Хан-Уул дүүргийн шүүх Н.Төмөрхүү бид хоёрыг хариуцагчаар оролцуулаагүй. Өвөрхангайн шүүх намайг буруутгасан шийдвэр гаргасан байдаг ч хариуцагчаар оролцуулаагүй. Би “Миний эрх ашгийг хэлэлцэж байгаа учраас намайг гуравдагч этгээдээр оролцуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргахад “Гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй” гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байна лээ. Үүний дараахан Г.Батхүү, Д.Зоригт нарын талд асуудлыг шийдсэн байсан. Маргааш нь давж заалдах гэсэн чинь шүүх “Уучлаарай, та хариуцагчаар оролцоогүй учир боломжгүй” гэсэн. Яагаад энэ асуудал шийдэгдэхгүй удаад байна вэ гэхээр хууль бус шийдвэр гаргаснаа буцааж залруулахад тэдэнд хугацаа орж байгаа юм. Би Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулаагүй гэсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсч, гомдол гаргаад байна. Энэ хэргийг удахгүй нэг мөр шийдвэрлэх байх.
 
-СЕХ Д.Зоригт, Г.Батхүү нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн шүү дээ. Тэгэхээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан гэсэн үг биз дээ.
-АН-ынхны яриад байгаа шиг зүйл болоогүй. Тэд Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргасан гэж ярьсан байна лээ. Ийм зүйл огтхон ч болоогүй гэдгийг дахин хэлье. Дээд шүүхэд хандтал тэд “Аймгийн Давж заалдах шатны шүүхээр ороогүй учраас маргаан үүсгэж, хянах боломжгүй гэсэн. Харин Үндсэн хуулийн цэцийнхэн “Шүүхийн процесс дуусаагүй учраас Цэцэд маргаан үүсгэн, эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Маргаан дууссаны дараа хандаж болно” гэх хариу өгсөн. Шүүх хуралд хариуцагчаар оролцох болон давж заалдах эрхгүй гэж байгаа нь намайг энэ улсын иргэн мөн үү, биш үү гэж бодоход хүргэж байна. Нөгөөтэйгүүр шүүх мэтгэлцээний зарчмаар явж шийдвэрээ гаргадаг. Гэтэл маргалдаж буй хоёр талын нэг болох намайг шүүх хуралд оролцуулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. Захиргааны хэргийн шүүхэд Өвөрхангай 10 дугаар тойргийн талаархи асуудлаар маргаан ороогүй. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Захиргааны хэргээр бүх асуудал шийдвэрлэгдсэн” гэж ярьсан нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл тайлбар байна лээ.

-Одоо шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ. Таны зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Ард түмний сонголтыг хөрөнгө мөнгөтэй хүмүүс засгийн эрх болон мөнгөөр далайлгаж авах болоогүй байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир ийм зүйл байж болохгүй. Тэр утгаараа ийм увайгүй байдал гаргахгүй гэдэгт найдаж байгаа. Хэрэв ийм байдал гарвал ардчиллын түүхэнд үлдээж буй маш том хар толбо болно. Манай нам 2004 онд засгийн эрх барьж байх үед сонгуулийн маргаан гарч л байсан. Тэр бүхэнд ардчилсан нийгэмд шударга байх ёстой гэсэн үүднээс маргааныг АН-ын талд шийдвэрлэж байлаа. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгчтэй, АН засгийн эрх барьж буй энэ үед ард түмнийхээ сонголтыг улайм цайм шүүхээр далайлгаж дээрэм хийхгүй байх гэж бодож байна. АН олонхиороо түрий бариад Д.Зоригтыг тангараг өргүүлнэ гэвэл би яалтай ч билээ дээ.
Ямар боож үхэлтэй нь биш. Гэхдээ арай ч ийм асуудал гарахгүй байх.  Би 5-10-хан хүнээр ялаагүй шүү дээ. Д.Зоригтоос 6700, Г.Батхүүгээс 3500 саналаар илүү байсан. Нөгөөтэйгүүр намайг сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэж буруутгаж байгаа үндэслэлээ шүүх нотолж чадахгүй байгаа. Намайг үнэнийг хэлнэ гээд шүүх хуралд оролцуулдаггүй байх. Монголын шүүх үнэхээр шинэчлэгдэж байгаа бол хариуцагчтай, гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулдаг баймаар байна. Давж заалдах эрхийг нь ч өгдөг болох ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан