Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс ой, цэнгэг усны эх үүсвэрээ нөөцлөхөөр боллоо

Монгол Улс ой, цэнгэг усны эх үүсвэрээ ирээдүйдээ зориулан нөөцлөхөөр боллоо. Үүний тулд ой, усны эх газруудад Үндэсний парк байгуулан хамгаалах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүн болсныхоо дараахан Монгол орны ой, цэнгэг усны эх үүсвэр болох Хангай, Хэнтийн нурууд, Хөвсгөл нуурын бүс нутагт Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулан унаган төрхөөр нь хадгалан хамгаалж үлдээх санаачилга гаргаж байв. Түүний энэ санаачлагыг 2010 онд шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан билээ.
ҮАБЗ уг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргасныг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд өнөөдөр гардуулан өгөв.
Зөвлөмж гардуулах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин “Сүүлийн жилүүдэд НҮБ болон олон улсын судалгааны байгууллагуудаас дэлхий нийтийн цөлжилт, дулаарлын асуудал эргэлт буцалтгүй болсон гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд хүний оролцоо их байгаа хэдий ч түүнтэй түүнгүй цөлжилт үргэлжилнэ гэж үзээд байна. Зарим прогнозоор 2040 он гэхэд Монгол Улсын газар нутгийн дийлэнх хэсэг цөлд автана гэжээ. Иймээс 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинээр боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар үүнийг тусгайлан зүйл заалт болгож оруулсан. Энэ зүйл заалтад Хангай, Хэнтийн нурууд, Хөвсгөл нуурын бүс нутгийн орчмын усны эх үүсвэр, хагалбар газрыг Монгол Улс нөөцлөн хадгалж авч үлдэхээр болсон юм.
Хэдийгээр дэлхийн дулаарал, цөлжилт эргэлт буцалтгүй болсон ч гэсэн монголчууд усаар гачигдахгүй амьдрах бололцоотой болох ёстой. Иймээс цэнгэг устай, дэлхийд алдартай нуураа нөөцлөн авч үлдье гэдэг үүднээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаж оруулан ҮАБЗ хуралдаж зөвлөмж гаргалаа.
Монгол Улсад хийх нэг том ажлын өмнө бид зогсч байна. Хангай, Хэнтийн нурууны бүх гол эх авсан томоохон хэсэг, Хөвсгөл нуур, түүний эргэн тойрныг тэр чигээр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ялангуяа ашигт малтмал, эрдэс баялгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахгүйгээр байгалийн нөөц газар болгоё гэсэн зөвлөмж гаргасан. Үүнийг гаргахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу ҮАБЗ-өөс ажлын хэсэг гарч ажиллаж судалгаа шинжилгээ хийлээ” гэлээ.
Зөвлөмжийг Засгийн газар гардан хэрэгжүүлэх бөгөөд цаг хугацааны графикийг нарийвчлан тусгасан байна. Зөвлөмжид Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг УИХ-д, Үндэсний парк байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.УИХ холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хийх аж.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 17 хувьтай тэнцэж байгаа юм байна. Цаашдаа үүнийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Хангай, Хэнтийн нурууд, Хөвсгөл нуурын бүст Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах үйл ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бүрэн дэмжин хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан