Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах үйл явц удаашралтай байна гэлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтоос Уул уурхайн сайдад тавьсан “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаарх асуулга”-ын хариуг сонслоо.
Хөшөөтийн уурхайг ойрын хугацаанд сэргээн ажиллуулах талаар хийж байгаа ажлын талаар болон Хөшөөтийн уурхайг Засгийн газар болон Уул уурхайн яамны талаас зогсоосон юм уу, эсвэл “Мо Эн Ко” компанийн зүгээс ажлаа зогсоосон юм уу гэдэгт тайлбар авахаар Д.Батцогт гишүүн Уул уурхайн сайдад асуулга тавиад байсан. Мөн Хөшөөтийн уурхайд түшиглэн байгуулахаар төлөвлөсөн 36 мегаваттын цахилгаан станцын төсөл, тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, уурхайн олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийгдээд байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн юм.
Д.Ганхуяг сайдын өгсөн мэдээллээр “ Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар ашиглалтын эхний жилд 1,4 сая тн, хоёр дахь жилээс 3,0 сая тн гурав дахь жилээс 5,0 сая тн, дөрөв дэх жилээс 8,0 сая тн нүүрс олборлож төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөсөн. Хөшөөтийн уурхайг Засгийн газраас болон яамны зүгээс зогсоосон асуудал байхгүй. Энэ талаар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байхад үйл ажиллагаагаа зогсоох нь хууль зөрчсөн буруу үйлдэл, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллах ёстой гэдгийг хатуу сануулсан. Үүний дараа “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд 2013 оны нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Дарви, Цэцэг, Мөст сумдад ажиллаж, орон нутгийн төр, захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Хөшөөт төслийн хүрээнд хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулж, орон нутгийн удирдлагууд, иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн тухай мэдээллийг яаманд ирүүлээд байна. “Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд нийт 336,9 км урттай хатуу хучилттай авто зам, нисэх онгоцны буудал Зэрэг-Дарви сумдыг холбосон 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 36 мв-тын чадалтай дулааны цахилгаан станц, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Цаашид нарийвчилсан хайгуулын үр дүнд нүүрсний нөөц өсөх боломжтой тул Хөшөөтийн ордыг түшиглэн цахилгаан станц барих нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Нүүрсний ордыг ашиглах явцад уурхай орчмын байгаль экологид тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөл үүсэж, экосистемд өөрчлөлт орж болзошгүй тул “Хөшөөт нүүрс” төслийн хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.” гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс Хөшөөтийн уурхайн нөөц, цахилгаан станц барих асуудлын талаар болон Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах эсэх, хөрөнгийн бирж дээр хэдэн төгрөг босгосон зэрэг асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлж байв.
Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа салбарын сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Батцогт үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, Би энэ асуудлаар асуулга тавьж байгаа дөрөв дэх гишүүн болж байна. Өмнө нь мөн л өнөөдөр гишүүдийн асууж байсан асуултууд тавигдаж байсан. Иймд Засгийн газар, Уул уурхайн яам энэ асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллан арга барилдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын үед өөрчлөлт гарч байна уу гэвэл гарч байна. Урмын үг өгөх ёстой. Гэхдээ удаан байна. Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах нь зүйтэй, гэхдээ улс орноо өрөнд оруулахгүйгээр зөв хийж гүйцэтгэхэд төрийн оролцоо чухал байна гэдгийг ард иргэдийн дийлэнх олонх ярьж байгаа. Стратегийн ордод оруулах үйл явц удаан үргэжилнэ. Энэ нь хэдхэн хоногийн дотор гүйцэтгэчихдэг зүйл биш. Иймд хариуцлагатай уул уурхайг бий болгох үүднээс Засгийн газраас Хөшөөтийн уурхайн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэлээ. Түүнчлэн газрын дорхи баялгаа үнэлдэг тогтолцоотой болмоор байна. Орон нутгийн иргэд булаг шанд ширгэж байгаа асуудлаар ихээхэн гомдол санал хэлдэг. Төр өөрөө усны хайгуулаа хийдэг болох шаардлагатай байна. Өнөөдөр ямар нэг хувийн компани усны хайгуул хийхэд тэдэнд найдах найдвар байхгүй байгаа. Үүнд БОНХЯ бодлого боловсруулж оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй. Уул уурхайн яам хэдийгээр дэвшил гаргаж байгаа ч асуудлыг шийдэхдээ удаан байна гэдгийг дахин хэлье. Ажлын хэсэг заавал асуулга тавиулахгүйгээр асуудлыг шийдээд явья” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан