Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниныг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниныг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлцэл хийх боломж олгосон Ерөнхий сайдад ноён В.Якунин талархал илэрхийлсэн.
Төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр онцолж, стратегийн түншлэлийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц чухал үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Түүнчлэн, цаашид хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, илүү хурдтай урагшлах шаардлагатай байна гэв. 
Харин ноён В.Якунин, бидний хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан ч шинэ төсөл дэх оролцоо, үр ашигтай холбоотой зарим асуудлыг харилцан шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг ч хоёр тал тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ энэ уулзалтаар илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан