Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛДАГДЛЫН ГИНЖИН ХЭЛХЭЭН ДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР БА НҮҮРСНИЙ УУРХАЙ

Цахилгаан,  дулаан бол улс орны эдийн засгийн лагшинг тодорхойлогч гол суурийн нэг.  Үнэ нь нэмэгдэх л юм бол үйлдвэрлэл, үйлчилгээ, өргөн хэрэглээний барааны үнэ дагаж намираад өнөөх инфляцыг өдөөдөг. Ийм учраас цахилгаан дулааны үнийг нэмэхгүй төрөөс чанга гараар барьсаар байгаа билээ. Гэвч үүний “ачаар” эрчим хүчний салбар, нүүрс нийлүүлэгч уурхайнууд алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун, Шарын голын уурхай нэг тонн нүүрснээс дунджаар 1200-3900 төгрөгийн алдагдал хүлээж буй. Нийслэлд ойр Багануурын уурхай гэхэд л төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг.
Өнгөрсөн онд тус уурхай 3.5 сая тонн нүүрс нийлүүлсэн. Энэ онд 4.2 сая тоннд хүрэх төлөв бий. Учир нь Амгалан дахь “Ус-15” дулааны станц, ДЦС-II- ийн хажууд хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орох тул нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа юм. Эдүгээ тус уурхай нэг тонн нүүрсээ өнгөрсөн оны байдлаар 23800 төгрөгөөр нийлүүлжээ.
Гэхдээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр нийлүүлсэн. Тэгэхээр нэг тонн нүүрснээс  3300 төгрөгийн алдагдал хүлээв. Энэ алдагдал нь хуримтлагдсаар жилийн эцэст 18 тэрбум төгрөг давдаг байна. Ийнхүү алдагдалтай ажиллахаас гадна зарим цахилгаан болон дулааны станцуудаас нийлүүлсэн нүүрснийхээ үнийг ч бүрэн авч амжаагүй хуримтлагдсан өр бий. Хөрөнгө санхүүгийн энэ хямралт байдлаас болж техник, технологийн шинэчлэлт хийх, хөрс хуулах ажлаа хойш тавьж иржээ. Жишээлбэл эдүгээ  12.9 сая шоо метр хөрс хуулах ажил хоцорсон байна. Эрчим хүчний салбарыг нүүрсээр хангадаг бусад уурхай бас л Баганууртай яг адил нөхцөл байдалд байгаа билээ.
 

Жилийн алдагдлын 10.5 тэрбум төгрөг нь “Эрдэнэт” үйлдвэрт ногддог

Эрчим хүчнийхэн ч ялгаагүй сүүлийн 12 жилийн турш ашиггүй ажиллаж  алдагдал нь жил бүр тэрбум тэрбум төгрөгөөр нэмэгдэж иржээ. Өнгөрсөн оны байдлаар 66 тэрбум төгрөгийн  алдагдалтай гарсан тооцоо бий. Хөрөнгө санхүүгийн энэ алдагдал нь эцсийн дүндээ эрчим хүчний хэрэглээг найдвартай хангаж чадахгүйд хүргэнэ. Өнөөдөр эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20 гаруй хувийг ОХУ-аас импортолж буй аж. Жил бүр хойд хөршөөс импортлох цахилгааны хэмжээ өссөөр... Энэ талаар Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур  “Эрчим хүчний импортын хэмжээ сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин өссөн. Жишээ нь 2009 онд 120 сая кВт.цаг цахилгаан авч байсан юм. Гэтэл 2010 онд 157, 2011 онд 200 сая кВт.цаг болсон. Өнгөрсөн онд 400 орчим кВт.цаг цахилгаан импортолж авлаа. Үүний хөлсөнд 40 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ нь Дөргөний эсвэл Тайширын усан цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалт болно” гэж эдийн засгийн “Өөрчлөгч” клубын сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлэв. Манай улсын эдийн засгийн тулгуурын нэг яах аргагүй “Эрдэнэт” үйлдвэр. Тус үйлдвэр жилд 800 сая кВт.цаг цахилгаан хэрэглэдэг байна. Үүний үнэ нь  7.5 сая ам.доллар болдог аж. Тус үйлдвэрийн  авч буй нэг кВт.цаг цахилгааны үнэ долоон цент гэнэ. Иймд эрчим хүчний салбарын жилийн алдагдлын 10.5 тэрбум төгрөг нь “Эрдэнэт” үйлдвэрт ногддог. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар тус үйлдвэрийг жилд дээрх хэмжээний мөнгөөр тэтгэж өөрсдөө тэр алдагдлыг нь хүлээдэг гэсэн үг юм.
 
Зарим цахилгаан станц тэтгэвэрт гарах дөхөж байна  

Олон улсын стандартаар  дулааны цахилгаан станцын ажиллах хугацаа 50 жил гэж заасан байдаг. Тэгвэл манай улсын одоо ашиглаж байгаа дулааны цахилгаан  станцуудын насжилтыг сонирхоё. Одоогоор  ДЦС-II 52, Дарханы цахилгаан станц 48, ДЦС-III 45, Дорнодын цахилгаан станц 44, ДЦС-IV 30 жилийн настай ажээ.   Өнөөдөр олон жил ашигласан дулааны цахилгаан станцуудад ганц хоёр турбин тавих, өргөтгөл хийх зэргээр аргацаасан ч доривтой арга хэмжээ болж чадахгүй гэдэг. Иймд  манай эрчим хүчний салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бий гэж мэргэжилтнүүд хэлдэг юм. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар  дэлхийд эрчим хүчний техник технологиор хоцрогдсон 20 орны тоонд манай улс оржээ. Ингээд Парагвай, Албани, Замби, Камбож зэрэг орны эрчим хүчний системтэй ойролцоо хэмжээнд байгаа аж. Эдгээр орнуудын эдийн засгийн өсөлт бага, нэг хүнд ногдох ДНБ нь жилийн 1000 ам.доллар юм. Гэтэл манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд буурч гарах хэдий ч 13 хувиас буухгүй гэсэн тооцоог Дэлхийн банкнаас хийгээд байгаа. Харин нэг хүнд ногдох ДНБ нь жилийн 3500 орчим ам.долларт хүрсэн билээ.
 
Цахилгааны үнийг нэмэхдээ хэрэглэгчийг ангилж үзэх ёстой

Эрчим хүчний салбар санхүүгийн энэ хямралт байдлаас гарч алдагдалгүй ажиллах гарц нь цахилгаан, дулааны үнийг зохицуулах явдал хэмээн Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооноос  үзэж байгаа юм. Энэ нь эрчим хүчний үнийг нэмэхдээ хэрэглэгчдийг ангилж авч үзэх явдал аж. Тэгэхдээ айл өрх, хүнсний үйлдвэрүүд, дэлгүүр, захууд, эмнэлэг сургууль, цэцэрлэг, цахилгаан тээвэр, төсвийн байгууллага зэрэг 10 төрлийн хэрэглэгчийн авах цахилгааны үнийг нэмэхгүй өнөөгийн төвшинд хадгалах нь. Учир нь айл өрхийн хэрэглэж буй цахилгаан нийт үйлдвэрлэж буй эрчим хүчний 20 хувь нь байдаг судалгаа бий. Харин экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг уул уурхайн салбар, ноолуур, архины үйлдвэрүүд, тансаг хэрэглээний бар, ресторан, зочид буудал зэрэг зургаан төрлийн хэрэглэгчийн авах нэг кВт.цаг цахилгааны үнийг найман цент болгоно. Мөн бусад чиглэлийн үйлдвэрлэл, бизнес, үйлчилгээний газруудынхыг 7.5 центэд хүргэж нэмэх судалгаа хийжээ. Ингэснээр эрчим хүчний салбар алдагдлаас ангижирна хэмээн үзэж байна. Олон улсын экспертүүдийн 117 оронд  хийсэн судалгаагаар нэг кВт.цаг цахилгааны хамгийн бага бодит үнэ найман цент буюу 115 төгрөг байдаг аж. Харин манай улсад энэ үнэ зургаан цент юм. Тэгэхээр энэ нь дэлхийн хэмжээнд борлуулж буй цахилгааны хамгийн доод үнийн   75 хувь болно. Нэг ёсондоо манай эрчим хүчний салбар 25 хувийн алдагдалтай ажиллаж байна гэсэн үг.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан