Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцгийн гарын “илдүүр”

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг танаа /Ингэж хаяглаж гэмээнэ төрөөс үг дуулна гэж итгэв/
 
Тавхан настай хүүгээ заазуурдаж суусан эцгийн тухай сонсоод та юу бодов. Энэ бол өнгөрсөн баасан гарагт нийслэлд гарсан хэрэг гэдгийг та дуулсан биз. Тэр баасан гарагийн өглөө өдөр тутмын сонинуудын гадаад мэдээний нүүр болгонд гурван охиныг арван жилийн турш хорьсон маньяк эрийн тухай мэдээлэл гарсныг уншаад хүн бүр жигшин зэвүүцсэн. Магадгүй, та ч харсан байх. Гэхдээ энэ бол тив алгассан АНУ-д болсон хэрэг. Гэтэл бидний хажууд ямар хэрэг гарч буйг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга та сонсч, үзсэн гэдэгт итгэж байна. Долоон настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон яргачин хойд эцгийн тухай мэдээлэл бидний санаанаас арчигдаагүй байхад өөрийн төрсөн үрээ заазуураар хэрчиж суусан эцгийн тухай мэдээлэл гарлаа.
Бодит амьдрал ийм л байна. Нулимс өөрийн эрхгүй асгарна. Тавхан настай хүүхдээ заазуураар өөрийн гараар зүссэн эцэг гэхээр санаанд багтаж байна гэж үү. Найман сартай охиноо тогоо руу шидэж, зургаан настай хүүгээ хана савсан, жирэмсэн эхнэрээ алахыг завдсан гээд энэ эрийг чухам хүн гэж хэлж болно гэж үү.

Хэрвээ Мягмаржав Энх­тайван гэдэг залуу хэр­гийн газар очиж фэйсбүүк хууд­сандаа энэ талаар бичиж үлдээгээгүй бол хүүгийн тухай бид дуулаагүй юм шиг өнгөрч, нөгөө эцэг хоёр хоногийн дараа цагдаагийн газраас суллагдаж, тамлалын хар сүүдэрт гурван хүүхэд эргээд л хучигдана.
Хүүхэд энэ бараан амьдралд ямар гэм хийсэндээ биедээ шарх авахаас гадна сэтгэл зүрхээ эмтэлж буй билээ. Бурхан гэгч үнэхээр тэгш бус хандах юм гэж бодохоос яалтай. Амьдрал нь тэгширсэн сайхан залуус хүүхэд мөрөөдөж эмнэлэг дамжин хэсч байхад адгийн амьтанд гурваас гурван үр заяаж байдаг. Үнэхээр зүүний үзүүр дээр тогтдог шар будаатай зүйрлэдэг хүүхдийн заяаг тэнгэрт байгаа бурхан нь хайрладаггүй юмаа гэхэд бид хайрлая, хамгаалья. Одоо хүүхдийн парк, хүүхдийн театр гэж ярихаа азная. Өнөөдөр таны “гар” хэрэгтэй байгаа тэр л хүүхдэд хүрч ажиллая. Хүүхдийн болоод залуучуудын байгууллагаас амьдрал дотор л орж ажиллаач гэж хүсье. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл чангаас чанга дуугаар эхлүүлж, цааш нь ажил болгон хэрэгжүүлэх ёстой хүмүүст нь үүрэг даалгавар болгоё. Хэвлэлийнхэн бид нэг сэтгэл зүрхтэйгээр үүний хойноос нэхэл дагуул болж зүтгэе.
Амьдрал ямар ядуу байна вэ. Гурвын гурван хүүхэдтэйгээ тэр ээж амьтнаас ч долоон дор адгийн юманд хэмлүүлээд суухын учир юу билээ. Үр хүүхэддээ хаяахан ч гэлээ ганц ширхэг талх  аваад ирэх байх гэж горьдсондоо л...
Дэлхийн шилдэг гэрэл зурагт бяцхан зулзагаа аврах гэж зүтгэж байгаа арслангууд шалгарсан байсныг санаж байна. Гэтэл бид чинь хүн гэчихээд тэр арслангуудаас дор байгааг хэрхэн тайлбарлах билээ. Аль дөрвөн жилийн өмнө хүүхдийн эрхийн талаар бичих гээд тоо баримт цуглуулж байхад 2009 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөн Шүүх эмнэлэгт хандсан хүүхдийн тоо 630 гэж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо буурсан гэж үү. Тэгэхэд би дөрөвхөн настай ч гэр бүлээ тэжээдэг хүүгийн талаар сонссоноо дурдаж бичиж байсан. Хүү “Атар өргөө” компанийн хаягдал гологдлыг түүж ажилгүй эцэг эхээ тэжээдэг гэж байсан. Дөрөвхөн настай хүүхдээ хар үүрээр гарч, болсон, болоогүй гурил аваад ирэхэд амар тайван сууж байгаа эцэг эхийн тухай бичихдээ хэлэх муу үгээ олохгүй  байлаа. Өнөөдөр түүн шиг ядруухан амьдралдаа нэмэр болох гэж зүтгэж буй хүүхэд хэд билээ.
Хэрвээ та сайн ажиглаад харвал таны яг хажууд ийм амьдрал байж л байна.
Орцны үүдэн дэх умгархан хонгилд төрж өсч хүн болох гэж ядаж яваа хуруухан чинээ хоёр хүүхдийг би харсаар зургаан жил болж байна. Хөдөөнөөс амьдрал хайж ирсэн ээж, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй эцэгтэй хоёр хүүхдийг байрны хэдэн хөгшид л өрөвдөнө. Өвлийн ид хүйтэнд нэвсийтэл орсон цасан дунд цас цэвэрлэж зогсоо ээжийнхээ дэргэд ноосон цамцтай гүйж яваа хүүг хараад хүн бүр “чааваас даа аргагүй л өлчир байна” гэж цайруулна.
Тарчигхан амьдралд цувдаа голдуу хоол идсээр өнжих тэднийг өрөвдөхдөө ядаж жижүүрийн мөнгийг нь санан эртхэн өгөхийг хичээнэ. Гэвч муу нь муудаа дээрэлхүү гэж хаяахан үзэгдэх нөхөр гэх эр нь согтуу голдуу ирээд нөгөө гуравтаа гарынхаа бядыг гаргачихаад явах нь олон. Гэвч гэр бүлийн хэрүүл гэдгээр хаацайлан харсан ч хараагүй царайлахаас өөр яалтай. Муу ч, сайн ч гэр бүлийн амьдрал л гэж бодоод өнгөрдөг.
Бодит амьдрал ийм л байна Ерөнхий сайд аа. Би дээгүүрээ толгойд багтамгүй их тоо бодож суухад ирээдүй маань ийм л орчинд хүн болох гэж ядаж байна.
Хэрвээ та сонссон бол ихэнх гэмт этгээдүүд хүүхэд насан­даа амссан зовлонгоо бусдад амсуулах гэсэндээ гэмт үйлдэл хий­дэг хэмээн сэтгэлзүйчид бичсэн байдаг юм билээ.
Энэ бол өнөөдрийн Мон­голын нийгэмд хамгийн түрүүнд анхаарлын тэмдэг тавих дүгнэлт.
Эцэг эх байх эрхийг хасахаас илүүтэй Эрүүгийн хуулиар оноодог ял шийтгэлд хэрвээ хүүхдийн биед гэмтэл учруулбал хэмээн чангахан шийтгэл ч ногдуулах ёстой юм шиг. Эцэг байх эрхийг нь хаслаа гээд  хүүхдээ заазуурдаад сууж байгаа эрд шийтгэл хангалттай гэж үү. Хүний эрх гэж бид ярих дуртай. Гэвч энэ эрх маань хэтэрвэл... гэж хэзээ, хэн ярьсан билээ. Хүүхэд ч гэсэн эрхтэй, үүрэгтэй гэдгийг хэн хэндээ үргэлж сануулж байх хэрэгтэй юм шиг.  Бодит амьдрал ийм л байгааг төрийн өндөрлөгөө та нэг хараач.

Хүүхдийн төлөө хуулийн зарим заалтыг сөхөхдөө бидний жишээ татах дуртай гадаадын зарим улс орныхтой жишье.

МОНГОЛ УЛС

Бид 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль баталжээ. 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулж.  Хуульдаа хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно гэжээ.
Хэрвээ дээрх байдлыг буй болгосон тохиолдолд хуульд:
1/ хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах;
2/ хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 35000-50000  төгрөгөөр торгох заалт бий.
Гэвч өдрийн хоол аваад өгч чадахгүй хүмүүс 40 мянган төгрөгөөр торгуулна гэж үү. 30 хоног баривчиллаа гээд яах билээ. Ахиад л өлөн зэлмүүн амьдрал нь үргэлжилнэ.
Тэгвэл эцэг, эх байх эрхийг нь хасах талаар бодож үзэх хэрэгтэй гэх байх л даа. 1999 онд батлагдаж 2002 онд өөрчлөлт орсон Гэр бүлийн тухай хуульд
27.1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмө­рийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах
30.1. Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьц­сан, бэлгийн харьцаанд оруу­лахаар завдсан, оруул­сан, сэтгэл санааны хүнд дарам­тад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, ман­сууруулах бодис байнга хэрэг­лэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасч болно гэж заасан байгаа юм.

ОХУ


Эцэг эх байх эрхийг нь доорхи үндэслэлээр хасдаг
-Эцэг, эхийн үүрэг түүний дотор халамжийн мөнгө төлөхөөс зайлсхийх, эд материалаар дэмжихээс зайлсхийсэн.
-Хүндэтгэн үзэх шалтгаан­гүйгээр хүүхдээ төрөх болон бусад эмнэлэг, хүмүүжүүлэх газар болон түүнтэй адил үйл ажиллагаа явуулдаг компаниас авахаас татгалзсан
-Эцэг, эхийн эрхээ хэт­рүүлэн ашигласан. Хүүх­дийг бүрэн дүүрэн хүмүүжих, боловсрол эзэмших бо­ломж­гүй, эсвэл түүнийг хяхсан байдалд оруулсан. Сог­тууруулах ундаа, хар тамхинд донтуулах, гэмт хэрэг хийхэд хүүхдийг татан оролцуулсан.
-Хүүхэдтэй хэрцгий ха­рилц­­сан. Хэрцгий харилцаа гэдэг нь бие махбодийн тө­дий­гүй сэтгэл санааны түв­шинд байж болно. Зодуур болон физиологийн төвшинд ямарваа нэг байдлаар уч­руул­сан хохирол нь бие мах­бодийнх. Айлгах, сүрдүүлэх, хүүхдийн хүсэл зоригийг үгүйс­гэн мохоох нь сэтгэл санааны төвшинд.
-Эцэг эх архаг архинд дон­толттой, эсвэл хар тамхинд донтолттой.
-Хүүхдийн эрүүл  мэнд, амь насны эсрэг, эсвэл гэр бүлийн хүний амь нас эрүүл мэндийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Эцэг, эхийн эрхийг хасах арга хэмжээг зөвхөн шүүхээр, батлагдсан бичиг баримтыг үндэслэн авна. Эцэг эхийн эрхээ хасуулсан бол хүүхдүүдтэйгээ төрөл садны холбоотой гэдгээс үүдсэн бүх эрхээ алддаг. Үүнд, хүүхдээ биечлэн өсгөх, тэдэнтэй харьцах, хүүхдийнхээ эрх аш­­гийг хамгаалах, цаашид насанд хүрсэн хүүхдээсээ халамж авах, хүүхдээ нас барсан тохиолдолд өмч хөрөнгийг нь залгамжлах.
Хүүхдийн эрхийг хам­гаа­лах тусгай төлөөний хүн­тэй. Төлөөлөгч нь хүүхдийн эрхийн хяналтад тусгайлан анхаарал тавьдаг. Холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход анхаардаг.

АНУ


Энэ улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэх нь хамгийн хүнд, ноцтой гэмт хэрэгт тоо­цогддог. Энэ асуудлыг муж болгоны төвшинд байдаг хүүхдийн эрхийг хамгаалах тусгай алба хянаж байдаг. Муж болгонд хүүхдийн хэрцгийллээс хамгаалах өөрийн гэсэн нийгмийн хөтөл­бөртэй. Сургууль, эм­нэлгийн албан хаагчид хүүхэдтэй хэрцгий харилцсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдол болгонд нэн даруй холбогдох албадад мэдээлэх үүрэгтэй байдаг. Цаашилбал, хүүхэд 911 руу залган эцэг, эх нь өөртэй нь хэрцгий хандсан гэж мэдүүлэхэд цагдаа, хүүхдийн асрах албаныхан яаралтай ирж шаардлагатай арга хэмжээг авдаг. Шалгалтын дараа шүүхээс эцэг, эхийнх нь эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна, эрүүгийн хэрэг үүсгэнэ, гэр бүлээс нь албадан холдуулна.

ИЗРАИЛЬД

Хүүхэддээ ямар нэг шалт­гааны улмаас гар хүрэ­хийг эрс хориглодог. 1991 онд “Гэр бүлийн хүчир­хийллээс сэргийлэх хууль” баталсан. Энэ хуулийн дагуу хүчирхийллээс болж хохирсон гэр бүлийн дурын гишүүн эсвэл түүний төрөл садан, энэ хүчирхийллийн тухай олж мэдсэн хөндлөнгийн дурын хүн цагдаа, нийгмийн алба, шүүхэд хандах эрхтэй. Хүүхдийнхээ чихийг мушгиж сануулга өгсөн байхад л эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хоригдож магадгүй. Шүүх шаардлагатай гэж үзвэл эцэг, эхийн эрхийг нь хасна.

ФРАНЦ


119 гэсэн утсаар залгаж хүүхдийн эсрэг хийсэн бүх төрлийн хүчирхийллийн тухай мэдээллийг өгч болохоос гадна үүнтэй холбоотой зөвлөгөө авч болно. Хүүхдийг зодсон болон бие, сэтгэл санааны хохирол учруулсан тухай мэдээллийг иргэн болгон заавал өгч байх үүрэгтэй. Ийм мэдээллийг өгөөгүй хүнд 45 мянган еврогийн торгууль ногдуулан гурав хүртэл жилээр хорино. Мөн амь насанд нь аюул учирсан хүнд тусламж үзүүлээгүй гэж нэмэлт ял тулган 76 мянган еврогоор торгон тав хүртэлх жил шоронд хорихоор шийтгэж болно. Хүүхдийг эмнэ­лэгт хэвттэл нь бэртээсэн тохиолдолд 2-5 жилийн хугацаатай заавал шоронд хорьдог. Эцэг, эхийн эрхийг нь хасна.

ГЕРМАН


Эцэг, эх нь сургуулийн өмнөх хүүхдүүдээ тогтмол эмчийн үзлэгт хамруулж байх ёстой. Үзлэгийн явцад эмч нар биед ямар нэг санаатай гэмтэл хохирол учруулж байсан эсэх, хөгжил нь стандарт нормын да­гуу байгаа эсэх зэргийг магадлаад шаардлагатай гэж үзвэл халамжийн алба цаг­даад ханддаг. Сургуулийн нас­ны хүүхэд хичээлээ тогтмол тасал­бал тэдний гэрт цагдаа нар шалгалт хийж шалтгааныг тодруулна.

ХЯТАД

Бүх хятадын хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байгууллага нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хянадаг. Хүн амын болоод гэр бүлийн тоо асар их байдгаас цаг тухайд нь арга хэмжээ авч чаддаггүй. Харин хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмнэлэгт ирсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгддэг бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн, эцэг эхийн эрхийг хасч хүүхдийг асрах байгууллагаар эсвэл өөр гэр бүлд үрчлүүлэн өсгөх арга хэмжээ авдаг.

Н.Бат

0 Сэтгэгдэл
yag zov tom tom yum yarih bish huuhded heviin amidrah nohtsliig ehleed burduulie
ene hvmvvst ***** yl ugwul taarna a gants hulan buudaj alsni tuluu bvtn 3 jil sonsoj nasaaraan turd tulburtei ywj bhad bvhel bvten hvniig ingej zowooj bga hvnd yj handhiigni harj l baiya elbegdorj guan gargsan huuli iiml bna shvv de ard tvmen mini hvni ami amitani aminaas vngvi bolson bna gedgiig ard tvmen bid chini mederchl bna shvv erhem vvdee huulian harj hvnee deedleh tsag bolson ym bish v ymar hertsgii hvmvvs olon boljee 6 han nastai ohinoo hvchindleech geh shig aimar ymaa
Энэ нийгэм чинь ямар аймаар харцгий болчихоо вэ.
evii dee huurhii huu. setgeliin tom shahtai uldej bna shuu dee. amid yavah huvtai l huu yu .ene huud tuslah yumsan. ter aav gd bgaa hunii unergui amitan uhej dald oroisoi bur uur hureed bna
Ter huuhdin elch ene teree gesen goyo nertei Ariunaa duuchin end bas orolzoh l yostoi baih
Хамгийн их уншсан