Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Гантөмөр: Замын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулснаар түгжрэл 20 хувиар буурна

Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилготой “Гудамж  төсөл” хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон хотын мэрт даалгасан билээ. Эл төслийн ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.

-“Гудамж төсөл”-ийг хэрэг­жүүлэхээр болсноос хойш бага­гүй хугацаа өнгөрлөө. Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Эхлээд энэ төслийн талаар иргэдэд ойлголт өгөх нь зөв байх. Гудамж төсөл маань дотроо гурван дэд бүтэцтэй. Жишээ нь, автозамын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамж бий болгож, замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Хотын төв” дэд төсөл, гэр хороололд шинээр гудамжны сүлжээ бий болгож, инженерийн дэд бүтцээ цогцоор шийдэх “Гэр хороолол” дэд төсөл, хотын төвийн автозамын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” гэсэн дэд төсөл хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ төслийг “Чингис” бондын 200 орчим сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болж, төслийн хорооныхон ажилдаа орсон. Одоогоор нэвтрүүлэх чадварыг нь нэмэх 33 уулзварын ажлын зургийг нийслэлийн Авто замын газар хийж байна.
- Тэгэхээр төслийн хүрээнд хотын аль хэсгийн 33 уулзварыг шинэчилж засах вэ?
-Хотын төвийн хэсэг гэлтгүй захын хорооллын замын уулзвар ч орж байгаа. Тухайлбал, 100 айл, Саппоро, Өргөө кино театр гэх мэт. Одоогоор газар чөлөөлөх ажил эхэлсэн. Судалгаагаар уулзварын нэвтрэх чадварыг сайжруулснаар түгжрэл 20 хувиар буурна гэсэн тоо гарсан. Нөгөөтэйгүүр, энэ төслийн хүрээнд гэр хороолол дахь 700 орчим км замыг торлох ажил хийнэ. Иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд автомашины түгжрэл үүсгэхгүйгээр шуурхай гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ямар ч гэсэн, гэр хорооллыг дахин төлөвлөх болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын  ажилтай уялдуулж хийнэ.
-Улаанбаатарт хурдын зам барина гэдэг хотод байтугай Монгол Улсад хийж байгаагүй том бүтээн байгуулалтын ажлын нэг. Хурдны замаа хаана барихаар болов, ямар компани гүйцэтгэгчээр ажиллах вэ?
-Энэ бол бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг. Мэдээж, манай улсад энэ талаар мэргэшсэн мэргэжилтэн алга, туршлага ч байхгүй учраас гадаадынхнаар гүйцэтгүүлнэ. Гадаадын компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, монголчууд туслан гүйцэтгэгч байх юм. Одоогийн байдлаар зургийн ажилдаа орчихсон. Гадаадын олон компани гүйцэтгэе гэсэн саналаа өгч байгаа. Хурдны замыг Хандгайтаас Туул гол хүртэлх 28 км болон Баянзүрхийн товчооноос Эмээлт хүртэлх 46 км буюу нийлээд 64 км-ын зам барилгын ажил хийх юм. Ер нь, Улаанбаатар Европ стандартын хот шүү дээ. Үүнийгээ дагасан  маягтай байя гэсэн саналтай байна. Зураг төслийн ажил дуусангуут ирэх жилээс ажил нь эхлэх юм.
-Мэдээж, гудамж талбайгаа шинэчлэн засахаар ногоон байгууламж ч гэсэн давхар шийдэгдэх байх. Зам дагасан тоосжилт ихэсч байгааг хэн хүнгүй л ярьдаг?
-Гудамж төслийн хүрээнд зам, гэрэлтүүлэг, явган хүний замыг цогцоор нь хийнэ. Харин ногоон байгууламжийн хувьд тусдаа яригдах зүйл. Яахав, зүлэг хийнэ. Гэхдээ ерөнхий чиг нь энэ төсөлд хамаарахгүй.
-Сүүлийн үед дэлхийн хотууд эрчим хүчинд хэм­нэлттэй эко гэрэлтүүлэг хэ­рэг­лэхийг чухалчилдаг бол­сон. Гудамж төслийн гэрэл­түүлэг ямар байх бол?
-Ажлынхаа зургаас шалтгаална л даа. Тухайн байршилд ямар гэрэл тохиромжтой вэ гэдгээ  ерөнхий төлөвлөгөөгөө батална. Дараа нь гэрлийн хүчин чадал, дизайн ямар байх вэ гэдгээ ажлын зургаараа тодорхойлж гаргадаг юм. 33 уулзвар бүр тухайн гудамж, байршилдаа тохирсон гэрэлтүүлэгтэй байна. Ерөнхийдөө уулзварын зураг бэлэн болчихсон. Ажил  эхлэхэд бэлэн.
-Бидний нэг дутагдалтай тал бол арчлах хамгаалах ажлаа орхигдуулдаг. Энэ  ажлыг  хэн хариуцах вэ?
-Өмнө нь, бид зам, тохижилтын ажлаа хийчихээд арчлахаа нь умартчихдаг байсан. Тэгвэл энэ жилээс тохижилтынхон хариуцна. Төслийн хүрээнд Яармагийн гүүрийг хос болгож, ЗЦГ-ын уулзварыг гүүрэн байгууламж болгох тухай ярьж байна. Төслөө 2013-2015 он хүртэл хэрэгжүүлэх юм. 

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
тэгнэ ингэнэ гэж ярих нь яахав ажил нь эхлэхгүй эхэлсэн нэг нь санхүүжилтээ авч чадахгүй суучихаад байна даргаа. Худлаа ярихаа болиод ажлаа эхлүүлж санхүүжилтээ шийдвэрлэмээр юм даа.
amjilt husie uul dargaa hiigeed bai hiigeed bai
Хамгийн их уншсан