Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛТАНХУЯГ: БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ЧАДААГҮЙ

Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гарагт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцдаг бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гараг бүр сэтгүүлчдийн асуултад хариулж байхаар боллоо. “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй эхний уулзалтаа өчигдөр хийсэн юм. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн зарим асуултад ийн хариулав.

-“Оросын төмөр зам нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч В.И.Якунин хэд хоногийн өмнө таны урилгаар манай улсад айлчилсан. Уулзалтын үеэр ямар асуудлаар ярилцсан бэ?
-ОХУ-ын Төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтэй уулзах үеэр Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” компанийн хүчин чадал, нэвтрүүлэх чадвар, ачааны эргэлтээ нэмэгдүүлэхэд хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Бид ч зөвшөөрлөө. Бичиг цаасны ажлаа эхэлж, хамтарч ажиллахаар боллоо.
-Засгийн газар Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг “МСS” компаниас худалдаж авах санал тавьсан гэх юм. Энэ үнэн үү?
-Худлаа. Өмнөх Засгийн газрын үед Таван толгойгоос Гашуун сухайт, Таван толгойгоос Сайншандын чиглэлийн төмөр замын ажлыг гурван компанид Концессын гэрээгээр өгсөн байсан. Шинэчлэлийн Засгийн газар төмөр замын ажлыг ингэж “хаа гуяар” салгах нь буруу, Монгол Улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх ёстой гэж үзээд болиулсан. Төмөр замын асуудал 51 хувь нь төрд, 49 хувьд хувийнханд гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Тэгэхээр 49 хувьд ямар ч компанид оролцох эрх нь нээлттэй.
-Авто замын газрын дарга “Хөгжлийн банк замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн мөнгийг гаргаж өгөхгүй байна. Үүнээс болж бүтээн байгуулалтын ажил хойшилж магадгүй” гэсэн мэдээлэл өгсөн. Хөгжлийн банкны мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас ийм асуудал үүсээд байна уу?
-Даваа гараг бүр Ерөнхий сайд бүтээн байгуулалтын цаг гэж тусгайлан гаргасан. 17:00 цагаас холбогдох албаныхныг цуглуулж, бүтээн байгуулалтын ажлын асуудал бэрхшээлийг шийдвэрлээд явах юм.
-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо гэж ярих боллоо. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Монголчууд мөнгөө хадгалуулдаг ганцхан газартай. Тэр нь банк. Гэтэл мөнгөө өсгөж, нэмэгдүүлдэг өөр нэг газар ч бий. Тэр нь Хөрөнгийн бирж. Тэр маань олигтой ажиллахгүй байгаа учраас онцгой анхаарал тавьж байна. УИХ Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа.  
-Барилгын салбарын найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хэзээ олгож эхлэх вэ. Журам нь хүлээгдэж байгаа гэх юм?
-Бага хувийн хүүтэй зээл ярихаар орон сууцны үнэ өсдөг. Тийм учраас бид эхлээд орон сууцаа аль болох олноор барихыг хөхиүлэн дэмжих ажил эхлүүлж байна. Олон орон сууц барьчихвал иргэдэд зээл өгөх асуудал нээлттэй болно. Найман хувьтай зээлийг хэзээнээс өгөх вэ гэсэн эцсийн шийдвэр, журамаа боловсруулж байна. Тэднээс зээлээ олгож эхэлнэ гээд хэлчихээр бариагүй барилгаас орон сууц авна гээд тохирчихдог. Тэгэхээр иргэд тайван байж болно. Манай хөтөлбөр зөвхөн төрийн албан хаагчид гэдэг ч юм уу 1000, 5000 хүнд зориулагдаагүй. Бүх хүнд зориулна. Сонгуулийн өмнө амьдардаг хөтөлбөр ч биш. 30, 40, 50 жил хэрэгжүүлэх хөтөлбөр. Мэдээж, ийм хөтөлбөрийг найман сарын дотор хийх чанга ажил юм байна. Ямар ч байсан сууриа тавьж, орон сууц барихад зарцуулах 380 тэрбум төгрөгийг эхний ээлжинд гаргалаа. Бидний барьж буй бодлогоор эхлээд орон сууцаа барина. Дараа нь Моргейжийн зээл олгоно.
-380 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд хэчнээн байр ашиглалтад орох вэ?
-20 гаруй мянган айлын орон сууц босгох боломжтой. Энэ мөнгийг банкны өгч буй ердийн зээлээс арай бага хүүтэйгээр компаниудад зээлнэ. Цаана нь зээл авахгүйгээр барьж буй барилга олон бий.  
-Зургаан хувийн хүүтэй зээлээс болж хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Байрнаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа гэсэн. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Ингэж шийдэж болох юм гэсэн хувилбар бий юү?
-Манай Засгийн газрын гишүүд урагшаа харж ажлаа хийх гэж их чардайж байгаа. Гэхдээ хэлэхгүй бол л болохгүй нь. Зургаан хувийн хүүтэй зээл гэж байхгүй. Энэ бол дампуурал. Сонгуулийн үед хийсэн тур зуурын шоунаас болж олон иргэн хохирчихлоо. Энэ асуудлыг тусад нь авч шийдвэрлэнэ. Харин ч энэ асуудлыг хавтгайруулахгүйгээр бид зогсоож чадсан. Зургаан хувийн хүүтэй зээлээс болж хохирч буй иргэдтэй Баярсайхан сайд, би ч гэсэн уулзсан. Тэдний асуудлыг найман хувийн хүүтэй зээлд оруулж шийдвэрлэх нэг гарц байна. Иргэд маань яагаад ийм хүнд байдал орсон бэ гэхээр “Мөнхтөр чамд моргейжийн зээл өгнө” гэхээр л очоод зээлээ авсан. Гэтэл байр авах гэж очтол тухайн барилга нь баригдаж дуусаагүй, ажил нь 50 хувьтай явж байдаг. Мөнхтөрийн иргэдэд өгсөн зээл тэр орон сууцыг босгох мөнгө болдог байсан. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон. Одоо барилгын компаниудтай эхлээд байшингаа босго. Битгий иргэдийг шахаж мөнгө авч, тэдний мөнгөөр байшин барих чинь маш том эрсдэл дагуулж байна гэдгийг хэлсэн. Иргэд хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч байгаа шүү дээ. Энэ буруу жишгийг зогсоохын тулд бид барилгын компаниудад зээл олгож, та нар эхлээд байшингаа барь гэсэн шаардлага тавьсан. Харин иргэдийг түр хүлээ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, орон сууцаа баригдсаны дараа иргэд зээл авдаг систем рүү орно.
-Хөрөнгө оруулалтын тө­лөвлөгөө гаргахдаа тодорхой алдаа гаргаж байгааг та хүлээн зөвшөөрөх байх. Тухайлбал, Яармагт дэд бүтэцгүй газар төрөх эмнэлэг барьж, арав гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Дэд бүтэцгүйгээс энэ эмнэлгийг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй байна. Хариуцсан албан тушаалтанд нь ямар хариуцлага тооцсон юм бэ?
-Хөрөнгө оруулалт буруу явж байгаагийн сонгодог жишээ бол энэ эмнэлэг. Энэ намар босох нь уу, үгүй юү. Бохир, цэвэр ус, дулаан бүгд байхгүй. Хоосон газар байшин босгочихсон. Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэлийг ажлаас нь халсан. Намайг хууль бусаар ажлаас халлаа гэж зарга үүсгээд явж байгаа. Түүнд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ энэ эмнэлгийн асуудлаар биш. Шинэ тоног төхөөрөмж гэж эмнэлэгт хуучныг нь шахсан байгаа юм. Ер нь, тендер зарлаж, халуун, хүйтэн усгүй газар арван хэдэн тэрбум төгрөгийн байшин барина гэдгийг би бол ойлгохгүй байна. УИХ-д хөрөнгө оруулалтын төлөвлөлт буруу явж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр жил болгон биш гурав, дөрвөн жилээр барих объект, хөрөнгө оруулалтаа төлөвлөдөг байхаар хуульчлахаар ажиллаж байна.
-Энэ жил олон хүүхэд сургуульд шинээр элсч суралцана. Нийслэлд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Боловсролын салбарт хэрхэн анхаарах вэ?
-Шинэчлэлийн Засгийн га­зар энэ жил боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэ бүтээн байгуулалт хийх төсөл, бодлого боловсруулж чадаагүй. Үнэнээ л хэлье.  Өмнө нь хийсэн баахан хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Байшингийн суурь тавьсан байхад нь боль гэж хэлэх боломжгүй. Тийм учраас бид өөрийнхөө бодлогыг хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ирэх 2014 оны төсөв бидний бодлогод нийцэх бол­но.
-“Эрдэнэс Таван Толгой” “Чалко” компанитай хийсэн гэрээний асуудал юу болсон бэ. Нэг талд гарч ойлголцсон уу?
-“Чалко”-той хийсэн гэрээний дагуу гурван сар нүүрсээ гаргаж чадаагүй. Нүүрсээ гаргах гэхээр алдагдалд ордог. Гэхдээ одоо нүүрсээ алдагдалгүй гаргадаг болсон. “Эрдэнэс Таван Толгой” компанийнханд зардлаа багасга гэсэн шаардлага тавьсан. Тэд ч энэ чиглэлээр ажиллаж байгаа. “Чалко”-той бол ерөнхийдөө тохирсон.
-“Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг худалдаж авсан компаниудад мөнгийг нь буцааж олгох шийдвэр гаргасан. Хувьцаагаа мөнгө болгох хүсэлтэй иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Сонгуулийн өмнө иргэдэд сая төгрөгийг нь өгөх гэтэл мөнгө байгаагүй. Тиймээс компаниудад сая төгрөгийн хувьцаа зарж 29 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгө одоо Төрийн өмчийн хорооны дансанд байгаа. Зарим компани хувьцаа авсан мөнгөө буцааж аваад, хувьцаагаа өгье гэсэн. Тэгэхээр нь Засгийн газарт саналаа өг гэлээ. Нэлээн олон компани саналаа ирүүлснээр Засгийн газар энэ талаархи шийдвэрээ гаргасан. Цаашид хувьцаа авсан компаниудаас санал гаргавал мөнгийг нь буцааж олгоно. Харин иргэдийн хувьд өнөөдөр хувьцааг нь гаргаж зарвал сая төгрөгт ч хүрэхгүй. Тиймээс иргэд хоёр, гурван жил хүлээх хэрэгтэй байна. Тэр хооронд төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, цахилгаан станцынхаа асуудлыг шийдвэрлэе. Нүүрсээ гаргах юм бол иргэдийн хувьцааны үнэ өснө.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан