Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ үеийн барилгын шилдэг технологи


Ази, Европ, Америк тивд тэнгэр баганадсан цамхгууд барихдаа байшингийн өндрийг гэхээс илүүтэйгээр өндөр технологиор хангах, ашиглалтыг үр дүнтэй болгоход голлон анхаарах болсон юм.


“Аль-Бахар” ихэр цамхаг. Хөдөлгөөнт нарны халхавчтай

Жишээлэхэд, Абу-Даби хот дахь Аль-Бахар цамхаг юм. 29 давхар өндөртэй хоёр ихэр энэ байшингийн нүүрэн хэсэг нь хөдөлдөг. Өдөртөө 50 градус хүртэл халдаг цөлд баригдсан болохоор өрөө тасалгааг аагим халуунаас хамгаалахын тулд нүүрэн хэсгийг алтлаг өнгөтэй зургаан талтуудаар давхар бүрхсэн байна. Эдгээр нь өдрийн гэрэлтүүлгээс хамаараад зургаан талтууд нь онгойж эсвэл хаагдаж байдаг. Компьютерийн удирдлагатай эдгээр ялтас нь үд дүнд ид халуунд бүрэн хаагддаг бол өглөө ба оройн сэрүүнд бүрэн нээгдэж байдаг.
2004 онд Барселонд баригдсан Агбар байшин, мөн Доха хот дахь байшин нь үүнтэй адил төстэй зарчмыг ашигласан. Араб маягийн хийцтэй бөгөөд нүүрэн хэсгийг араб бүсгүйчүүдийн нүүрний гивлүүр маягаар хийсэн. Нарны гэрлийн эрчмийг мэдрэгчтэй энэхүү гивлүүр нь тунгалаг байдлаа тухай бүрт  нь тааруулан өөрчилж байдаг. Ингэснээр тасалгаа сэрүүцүүлэхэд зарцуулдаг эрчим хүчийг маш ихээр хэмнэх боломжтой болсон.


“HSBC” банкны өлгүүр хэлбэртэй цамхаг. Хонконг

1986 онд уран барилгач Норман Фостер нь “барилга гэдэг технологи юм” гэсэн уриа дэвшүүлэн түүний дагуу нэгэн тэнгэр баганадсан барилга барьсан юм. Хонконгод баригдсан энэ цамхгийн зураг төслийг бүтээх гэж бүтэн таван жил зарцуулсан ч барихдаа хоёр жил л болсон байдаг. Байшингийн бүх бүрдүүлэгч элементүүдийг Их Британи, АНУ, Японы үйлдвэрүүд хийгээд барилгын талбай дээр зөвхөн угсрах ажлыг хийсэн байна. Цамхаг дотор бүх өрөө тасалгааг тусгай хөнгөн хийцээр угсарсан бөгөөд тэдгээрийг өлгүүрт өлгөж байгаа мэт каркас дээр дүүжилжээ. Өөрөөр хэлбэл дотоод даацын хийц гэж байхгүй. Бидний ойлгож дассан лифт бараг байхгүй. Бараг гэдэг нь хоёр гурван давхрыг холбосон лифт л байдаг. Бүх 47 давхар, газар доорх дөрвөн төвшнийг урсдаг шат, ердийн шатаар холбож өгснөөрөө маш онцлог. Нарны гэрлийг тусгайлан байгуулсан толины системийн тусламжтайгаар байшин дотор шууд тусгадаг болохоор ажлын өдрийн туршид дийлэнхдээ нарны гэрэлтүүлгийг ашигладаг. Эрчим хүчний өндөр хэмнэлттэй.


Рональ Лугийн “ZCB” байр. Хонконг

Ухаалаг, ногоон технологи ашигласан олон тооны байшин сүүлийн жил асар ихээр баригдах болсон. ZCB гэдэг нь “Zero Carbon Building” буюу “нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй байр” гэсэн утгатай бөгөөд ногоон, ухаалаг бүхнийг өөртөө агуулна. Хонконгд баригдсан Рональд Лугийн байшин нь үүний нэг жишээ. “ZCB”-г дахин боловсруулсан эд материалаар барьсан. Зүүн ба баруун тал нь том биш бол өмнө зүг харсан урд талыг нь бүхэлдээ нарны зайгаар бүрхсэн болохоор наранд хална гэж айлтгүйн дээрх өөрийн цахилгааны эх үүсвэрийн ихээхэн хэсгийг авах боломж бүрдүүлнэ. Хойд тал нь салхины давамгайлах чигүүддээ задгай байдаг болохоор байгалийн агааржуулалтыг ашигладаг. Энэхүү зөв шийдэл, дотоод дулаан ба чийглэгийг тохируулах ухаалаг системийн ачаар нийт зарцуулах эрчим хүчнийхээ 45 хувийг хэмнэдэг. Нарны эрчим хүч хүрэлцэхгүй бол био түлшээр ажилладаг дизелийг нэмж асааж болно. Ингэснээр жилдээ байшин нь хэрэглэдгээсээ илүү хэмжээний эрчим хүч боловсруулж, илүүдлээ хотын цахилгаан сүлжээнд нийлүүлдэг.


Мэри Экс цамхаг. Лондон

Хотын оршин суугчдаас “Лондоны өргөст хэмх” хоч авсан энэ цамхаг нь эрчим хүчний хувьд маш хэмнэлттэй барилга юм. Яг адил хэмжээний барилгаас бараг хоёр дахин бага эрчим хүч зарцуулна.
Гурвалжин бүрхүүл ашиглан байгуулсан болохоор ийм хэлбэртэй байх нь хамгийн зохистой гэж үзсэн.Өдрийн гэрэлтүүлгийг маш идэвхтэй ашигладаг. Давхар болгон нь зургаан дэлбээтэй цэцэг хэлбэртэй. Байгууламжийг дээрээс нь доош хүртэл холбосон хөндий зай буюу атриумуудаар гадна талыг ороож хийсэн. Ингэснээр энэ хөндий хүйтэнд байшин хөрөхөөс, халуун үед хэт халахаас сэргийлсэн агаарын тусгаарлалт үүсгэсэн. Мөн давхар хоорондын агаарын солилцоог шийдэж өгсөн. Агаар ердийн тэгш өнцөгт хэлбэртэй цамхагт байшингийн ханыг даган эгц доош урсан үлээж доогуур нь явж байгаа хүмүүст нэлээд таагүй байдал үүсгэдэг бол энэ байшингийн хэлбэрээс үүдэлтэйгээр аажмаар ороож буудаг болох, агааржуулалтын асуудлыг мөн л хямд аргаар шийдэх боломж бүрдүүлсэн. Байрны дотор талын агаарын температурыг зохицуулахдаа борооны усыг ашигладаг болсон гээд хэмнэлт асар ихтэй.


Олимпын усан спортын төв. Дахин угсрах боломжтой цогцолбор. Лондон

Усан спортын энэхүү төвийг Олимпын тоглолтын дараагаар тухайн үеийн шаардлагад нийцүүлэн угсардаг тоглоомтой адил бүрэн өөрчлөн угсрах боломжтой байдлаар бүтээжээ. Уран барилгач Заха Хадидын энэ бүтээлийг урьдчилан үйлдвэр дээр цутгаж бэлдсэн эд ангиар угсарч хийсэн. Одоо дахин өөрчлөлтийн шатанд байгаа бөгөөд гол индэр, төв хэсгийг нь аваад байгаа шинэчилсэн байдлаар 2014 онд бэлэн болно.


Сэндай дахь номын сан, мэдээллийн төв. Япон

Байрыг 50х50 метр газар байгуулсан бөгөөд долоон давхар. Нүүрэн хэсгүүдийн заримыг нь нарны гэрэл оруулах тунгалаг, заримыг нь хэт их халуун нэвтрэхээс сэргийлсэн хөнгөн цагаан ялтсаар бүрхсэн. Давхар болгоны төлөвлөлт чөлөөтэй бөгөөд бусдаасаа бага зэрэг өөр. Дизайн нь үндсэн гурван элементээс бүрддэг. Эдгээр нь хоолой, платформ буюу суурь, арьс гэсэн гурван хэсэгтэй. Платформ гэдэг нь олон тооны хоолойг хооронд нь гагнан хийсэн 13 багана дээр зоож бэхэлсэн давхрууд. Энэ 13 баганаас шулуун багана ердөө тав, энэ тав тулгуур болдгийн дээр лифтний хонгилын үүрэг гүйцэтгэдэг. Бусад хоолойнууд нь давхраас давхарт диаметр, чиглэлээ өөрчилж байдаг. Арьс гэдэг нь байгууламжийг бүхэлд  нь бүрхсэн бүрхүүл юм. Чиглэлээ өөрчилсөн хоолойнуудаар нь агааржуулалт, халаалт, цахилгаан дамжуулалт, хөргөлт, давхар хоорондын шат гээд орчин үеийн байгууламжинд хэрэгтэй юм болгон явж байдаг болохоор дотроо маш чөлөөтэй, зай ихтэй.


Memu Meadows байшин. Хоккайдо арал

Орчин үеийн ногоон уран барилгад хоёр том урсгал өрсөлдөж байна гэж болно. Нэг нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг шингээсэн ухаалаг барилга барих. Нөгөө нь уламжлалт гэр, барилгыг барихдаа орчин үеийн технологи ба техникийн шийдлийг ашиглах.
Энэхүү өвөрмөц жижиг байшинг барьсан уран барилгач Кенго Кума нь орчин үеийн чиглэлийг баримтлагч юм. Тэрээр туршилтын журмаар Хоккайдо арал дээр барьсан энэ байшин үүний нэг жишээ. Байшингийн каркасыг хар модоор бариад ханыг тефлон ба шилэн эдээр хийж тэдгээр хоорондын ханын дулаалга болгож хуванцар савыг дахин боловсруулж гаргасан эд ашиглажээ. Ингэснээр хана нь дулаан ба дууг сайн тусгаарладаг төдийгүй өдрийн гэрлийг нэвтрүүлдэг. Хэрэв байшин нь туршилтын хугацааг амжилттай давж чадвал удалгүй зах зээлд дээрх экологийн шаардлагад нийцсэн, энгийн бөгөөд хямд байшин хүч түрэн орж ирэх юм байна.


“Sony City Osaki”. Япон

“Sony” компанийн нэгэн салбарын шинэ оффисын барилга өнгөц харахад байдаг л нэг барилга. Үнэн хэрэг дээрээ дэлхийн хамгийн өвөрмөц “ногоон” байшингийн нэг юм. Байшингийн урд талд нарны зай байрладаг бол дээвэр дээрээ борооны ус цуглуулж авдаг. Харин зүүн талаараа хуримтлуулсан усаа ууршуулан гаргаж байдаг. Үүний тулд зүүн талын нүүрэн хэсгийн дагуу олон нүх сувагтай шавах хоолой байрлуулсан байдаг. Цуглуулсан борооны ус байгууламж дотуур дамжин гарахдаа дулааныг нь өөртөө шингээгээд зүүн талаараа ууршуулан гаргах замаар хөргөнө. Хөргөлт бага байх болвол ууршилтын хэмжээг багасгана. Ингэснээр хөргөлтийн систем нь ямар ч цахилгаан эрчим хүч шаарддаггүйн дээр оффисын ойролцоох хоёр гурван хороолол дамжин таатай бичил орчин үүсгэдэг юм байна.


The Shard цамхаг. Лондон

Лондонд баригдаж байгаа энэхүү хамгийн сүүлийн үеийн цамхаг нь хот доторх хот болох ажээ. Тогтвортой, өөрийгөө бүрэн хангадаг, олон талын үр ашигтай, хэмнэлттэй байх ёстой. Тиймээс энэ цамхагт салхины цахилгаан станц ба нарны зай хоёроос бусдыг ханатал ашиглажээ. Гадна тал нь давхар болохоор гадны дулаан, хүйтнээс хамгаалдаг. Мэдрэгчид гэрэлтүүлгийн хэмжээг хянан цамхаг руу нэвтрэх гэрлийг тохируулна. Борооны усыг хурааж аваад хөргөх, чийгшүүлэх гэх мэт олон зорилгоор дахин ашиглана. Хаягдлаа цамхаг дотор дахин боловсруулах замаар хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ нэлээд хэсгийг өөрсдөө гаргана. Доод хэсэгтээ тээврийн асар том зангилаатай болохоор зогсоол дутагдах, замын бөглөө гэсэн асуудал үүсэхгүй. Тэгш хэмгүй хэлбэртэй, дотроо өндөр батжилттай цөмтэй болохоор хар салхинаас эхлээд газар хөдлөлт, онгоц барьцаалсан алан хядагчдын дайралтад хүртэл ноцтой гэмтэл авахааргүй тэсч үлдэхээр төлөвлөгдсөн юм байна.


Олон улсын худалдааны төв. Бахрейн

Дээр нь салхин цахилгаан станц байгуулсан дэлхийн хамгийн анхны байр нь Бахрейн дэх Олон улсын худалдааны төв болсон юм. 2008 онд хоёр цамхгийг барьж дуусгах үед завсарт нь салхиар ажилладаг гурван цахилгаан үүсгүүр байрлуулсан байдаг. Худалдааны төв нь байнга салхи үлээдэг далайн эрэг дээр байрласны дээр салхи нь цамхгуудын хооронд гарахдаа хурдаа нэмдэг. Ингэснээр тус бүр 13 метр диаметртэй гурван цахилгаан үүсгүүр жилдээ гигават/цаг цахилгаан эрчим хүч гаргаж тэдний жилийн хэрэглээний 10 хувийг гаргадаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан