Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Итгэл өвөртөлсөн их удирдагч

Ли Куан Ю: Муу удирдагч эх орныхоо жинхэнэ боловсон хүчинг үргээдэг


Сингапур улстай “бохь зажилбал 1000 ам.доллараар торгодог” гэдэг мэдээллээр нь анх танилцсан гэхэд хилсдэхгүй. Монголчуудын хувьд зажилсан бохио хаа сайгүй нулимж байдаг учраас энэ мэдээлэл тун хачирхалтай сонсогдож байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Сингапурын бүгчим агаарыг тэсэхэд бэрх ч амьдралын таатай нөхцөл, аюулгүй орчин, гайхамшигтай барилга байгууламж, амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж зэргээс нь үүдээд хэрвээ мөнгөтэй бол энд л амьдрахсан гэх хүсэл хүн бүрт төрөх нь дамжиггүй.

Тэгвэл загасчны жижигхэн тосгоныг хэрхэн Азийн тэргүүлэх хөгжилтэй улс, дэлхийн хамгийн найдвартай банк санхүүгийн төв болгож чадав аа. Хамгийн түрүүнд энэ улс газар дороо баялагтай бил үү гэж асуумаар санагдаж байна уу. Усаар хүрээлэгдсэн энэ аралд байгалийн баялаг гэх зүйл байхгүй. Тусгаар тогтносон Сингапур улсыг хүлээн зөвшөөрөхөд энэ жижигхэн арал дээр юу байсан гэж та санана. Хагас зуун жилд энэ улсыг дэлхийд тэрүүлэх хөгжилтэй улс, олон улсын банк санхүүгийн төв болгож чадсан “шидтэн” бол Ли Куан Ю гэдгийг дэлхий нийт дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.

Ли Куан Ю одоо 90 насны босго алхаж байгаа буурай. Гэвч тэр хоёр жилийн өмнө л Ерөнхий сайдын зөвлөхийн суудлаас сайн дураараа огцорсон билээ.  Сингапурыг 31 жил өөрийн гартаа чангахан барьж чадсан учраас өнөөдөр нүүр бардам миний улс гэж хэлэх болсон юм. “Муу удирдагч эх орныхоо жинхэнэ боловсон хүчинг үргээдэг” гэдгийг тэр хаана ч очсон ямар ч даргад хэлж чаддаг. Тэгвэл Ли Куан Юг яагаад дэлхийн шилдэг 100 удирдагчийн нэгээр онцолдог вэ.
Ли Куан Югийн өвөө хэрсүүхэн наймаачин байсан учраас өөрийн удмын үр ач нараа өндөр боловсролтой хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө зүтгэж, Ли хүүд Ларри нэр өгөн Британийн Раффлз сургуульд оруулсан байдаг. Хүү сургуульдаа тэргүүлсэн сурлагатай байсан учраас Кембрижид суралцах эрх өвөртөлжээ. Гэвч 1939 он. Дайны халуун өдрүүд эхэлж, Европоос илүү эх орондоо суралцах нь найдвартай байлаа.Раффлз коллеждоо Английн хэв маяг соёлд нарийн суралцсан ч Кембрижийн мөрөөдлөө орхиогүй л байлаа. Эх орон нь Британийн эзэмшилд байсан тэр л үед хүү юу юунаас чухал зүйл бол британчуудаас илүү боловсрол эзэмших хэмээн гүнээ ухамсарлаж байв.  Ийн Британи хэв маягтай болсон ч тэр хятад гаралтай хүн гэдгээ хэзээ ч мартсангүй. Улс төрд хөл тавьсан өдрүүддээ хятад, малай үндэстэн эгэл жирийн амьдралтай хүмүүстэй харилцах шаардлага цаг минут тутам гарч байлаа. Тийм учраас англи, хятад, малай хэлээр зэрэг зэрэг л ярьж байлаа.  Малай, хятад, англи хэлээр ийн хольж ярина гэдэг түүнээс асар их хөлс хүч шаардаж байсан гэдэг.

Улс төрд орсон л бол даган дэмжигчид нь түүнд итгэх нь хамгийн чухал.  Хүмүүс эхлээд олон янзын хэлээр хольж хутгаж ярьсан Ларрид нэг л итгэхгүй байгаа нь илт байлаа.  Сүүлдээ энэ хүний үг бүр нь сэтгэлийн угаас гарч байна гэдгийг мэдэрдэг болж эхлэв.  Гэвч өөртөө итгэлтэй байж бусдын итгэлийг дагуулахын тулд ингэж олон хэлээр ярих нь тийм ч зөв шийдэл биш гэдгийг мэдэрч байлаа.  Тиймээс төрийн эрхэнд гарсан даруйдаа англи хэлийг язгуур хэл болгох бодлого эрчимтэй явуулж эхэлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, энд тэндгүй компаниуд байгуулагдаж эхэлж байхад хүн амаа ажлын байраар хангах хамгийн шилдэг арга бол хүн бүр англи хэлээр ярьдаг байх гэдгийг Ли маш сайн мэдэрсэн гэдэг. Сингапур улсын иргэн л бол англи хэлийг хамгийн түрүүнд сурах бодлого барьж төрөлх хэлийг нь хоёр дахь хэл гэж зарлав. Энэ бодлого бол өнөөдөрт биш маргаашид таны ирээдүйн хуримтлалд чиглэгдсэн гэдгийг мэдрүүлж, үүгээрээ ард түмнийхээ итгэлийг эргүүлэн татаж байсан аж.

 Ли Куан Ю “Бид бол маш өвөрмөц улс. Биднийг Засгийн эрхийг авахаас өмнө англичууд бүхнийг  мэддэг байлаа. Тэд орон нутгийн удирдлагуудтай  бүхнийг хувааж идэх л ганц зорилготой байсан. Бид Засгийн эрхэнд гарангуутаа хамгийн түрүүнд үүнийг үгүй хийхгүй бол цаашид улс шиг улс байж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Учир нь бидний хөрш газрын асар их баялагтай. Тэдэнд нефть, хий, ой бас гол горхи бий. Харин бид бол жижигхэн л арал . Цаашид тэгэхээр бид хэрхэн амьдрах билээ.  Бид тэднээс өөр зарчмаар амьдралынхаа эх үүсвэрийг олж авч чаддаг байх ёстой. Хамгийн гол нь хэнээс ч айхгүй, болгоомжлохгүй амьдрах ёстой. Шөнө дунд гараад гүйж байгаа эмэгтэйд хэн ч хэзээ ч саад болох учиргүй. Тэгвэл бид хэрхэн ийм байдлыг бий болгож чадах вэ гэдгийг эрж хайсан. Тэр бол хүмүүсдээ бид өөрийн гэсэн замтай, зөвхөн түүгээрээ л явахгүй бол өөр зам байхгүй” гэдгийг мэдрүүлэхийг хүссэн хэмээн ярьсан байдаг.

Күнзийн сургааль ёсоор Дэг журам, сахилга бат, гэр бүлээ дээдлэх үзэл, хөдөлмөрч зан чанар, хамт олонч үзэл нь  Сингапурын амжилтын үндэс. Байхгүй нөөц баялгаа оюун ухаанаар, мэдлэгээр, хурдаар, сахилга батаар нөхнө гэсэн л зарчмаар ажилласан энэ улс хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулж эхлэв. Сингапур бол хөрөнгө оруулалтын таатай орчинтой, аюулгүй, хөрөнгийг чанд хадгалж чаддаг, итгэлтэй тухтай гэдгийг хөрөнгө оруулагчдад мэдрүүлж чадсан юм.

1973 онд нефть экспортлогчид барууны орнуудад хориг тавьж нефть олборлолтоо үндсэндээ зогсоосон. Харин энэ үед Сингапурын эзэн нефть олборлогчидтой холбоо тогтоож “Бид аль нэг талд нь орохгүй. Урд нь байсан гэрээгээрээ л ажиллана. Та бүхнийг энэ хориг тавьсан хугацаанд бид ч тодорхой хэмжээний алдагдал хүлээнэ. Гэхдээ та бүхэн бидэнтэй эргээд харилцаж эхлэхэд урд нь байсан гэрээгээ өөрчлөхгүй ээ” хэмээн албан ёсоор хэлсэн. Тэд хэзээ ч Сингапурын нааштай харилцааг мартаагүй.  Өнөөдөр Сингапурт нефть олборлох ямар ч боломж байхгүй хэрнээ нефть боловсруулах томоохон үйлдвэр бий.
Ли Куан Ю “Бид аливаа гэрээг хийхдээ эхлээд нөхцөлөө маш анхааралтай судалж үздэг. Хэрвээ бид гэрээнд гарын үсэг зурсан л бол заавал биелүүлэх ёстой гэдэг ганцхан зарчим баримталж ажилладаг.  Итгэл бол улс орны хөгжлийн хамгийн чухал зүйл. Бидэнтэй хамтарч, бидэнд хөрөнгө оруулж байгаа улс орон, компаниуд Сингапур бол найдвартай гэдэгт итгэж чаддаг нь хамгийн том ялалт” хэмээн бардам хэлдэг.

Түүний хэлснээр” муу удирдагчтай улсад хүн нь тогтдоггүй”. Тэгвэл Сингапурын хөгжлийн нууцын нэг нь өндөр боловсролтой сайн боловсон хүчин. Өнөөдөр Сингапурын иргэн л бол хар ажил хийхгүй гэсэн зарчим бараг хууль мэт болсон гэхэд хилсдэхгүй. Өндөр боловсролтой сингапурчууд хэчнээн өндөр цалинтай байсан ч үйлчлэгч хийхгүй.  Боловсрол хэт хөөснөөр хүн амынх нь өсөлт зогсч буйг анзаарсан Ли боловсролтой эмэгтэйтэй гэрлэвэл гэсэн урамшууллын систем буй болгож, татварын хөнгөлөлттэй бодлого явуулж байсан талаар уншигч та бараг сонссон биз. Тэгвэл Сингапурын дэлхийд тэргүүлэх боловсон хүчний нэг бол түүний хүү.

Ли Куан Ю” Та хүүдээ Ерөнхий сайдын суудлаа өгөх гэж ингэтлээ хадгалаа юу гэсэн асуулт сэтгүүлчид надад мянга гаруй удаа тавьсан байх аа.  Үнэндээ би өөрийнхөө залгамжлагчаар хэзээ ч хүүгээ томилоогүй. Миний залгамж халааг үеэл маань авсан. Тэр хүн  Сингапурын төлөө 14 жил зүтгэсэн юм. Үеэл минь миний хүүг залгамжлагчаараа сонгосон. Би энэ сонголтонд нөлөөлөөгүй гэдгээ бардам хэлж чадна.
Гэхдээ би хүүгээрээ бахархдаг. Миний хүү Исаак Ньютоны суралцаж байсан Кембрижийг төгссөн юм. Анх энэ сургуульд элсэх болсноо надад хэлэхэд нь би “Хэтэрхий босго өндөртэй сургууль учраас наад зах нь хэдэн жил бэлтгэх байх даа” гэж хэлж байсан. Гэтэл хүү минь элсэлтийн шалгалт өгөөд шууд л хоёрдугаар курст нь орсон. Энэ чинь бахархах зүйл биз дээ. Хүүгээ тэнгэрт тултал магтаад байна гэж бүү бодоорой.Тэр бусад оюутан багадаа гурван жил суралцаж олж авдаг мэдлэгийн хоёр жилийн дотор л өөрийн болгосон. Төгсөлтийн шалгалтаа өгснийх нь дараа багш нь Сингапурын оюутны холбоонд талархлын захидал илгээсэн байдаг. Захидалд “Тэр олон оюутанд үлгэр дууриал боллоо. Манай сургууль төгсөгч нараас хамгийн өндөр оноог авч чадсан” хэмээн бичсэн гэдэг.  Хүү минь ийм л оюуны чадавхитай хүн. Англи, хятад, малай бүүр орос хэлээр ч гарамгай сайн ярьдаг. Түүнийг үүрэгт ажлаа хүлээж аваад таван жил болоход хэн ч эргэлзэж байна гэж гомдол мэдүүлээгүй юм шүү” хэмээн өвгөн Ли өнөөдрийн Сингапурын Ерөнхий сайдаар бахархаж сууна.

 Ли ард түмнийхээ өмнө гарч үг хэлэхдээ хэзээ ч цаастай зууралдаж байгаагүй гэдэг. Тэр өөрийнхөө нүд чихэнд л итгэдэг. Хэрвээ хэлэх гэж  тэмдэглэж байсан үгээ мартчихвал сэтгэлээ чагнаад өөрийнхөө бодол санааг л уудалдаг. Энэ тухайгаа “Гэхдээ би агуу илтгэгч биш анхлан суралцагч гэж хэлэх дуртай. Индэр дээр гарчихаад цаас хараад уншиж байгаа хүн өөрийнхөө болоод өрөөлийн алтан цагийг гарздаж буй юм.  Хэрвээ та индэр дээр л зогсч байгаа бол хүмүүс танд хэрхэн анхаарал хандуулж байгааг заавал мэдрэх хэрэгтэй. Тэд алмайран сонсч эхэлбэл хэлсэн үгээ давтан хэл.  Би лав тэгдэг юм шүү” гэдэг.

“Таны авч байгаа цалин таны ажил хөдөлмөрөөс л шалтгаалдаг тийм системийг бид бий болгосон.  Таны ажил, таны боловсрол ухаан чадвараас л таны амьдрал шалтгаална. Хэрвээ та ажилдаа за яасан ч яахав дээ гэсэн хайнга байдлаар хандвал таны авдаг л багасна. Энэ бол амьдралын зарчим. Өнөөдөр сингапурчууд хөгжлийн хурд удааширна гэдгийг үнэхээр гайхаж хүлээж авна. Их британчуудын хийх дургүй ажлыг гадаадын ажиллах хүч хийдэг шиг сингапурчуудын хийх дургүй ажлыг хийх хүн бидэнд бас хэрэгтэй. Гэхдээ тэдэнд Сингапурт төвхнөж, гэр бүл үр хүүхдээ авчрах боломж олгохгүй тийм л хөлс өгөх ёстой. Бусдаас хэтэрхий бага бол ажиллах хүн олдохгүй. Тэгэхээр тэр харьцааг маш сайн барьж байх ёстой юм” хэмээн Ли өнөөдрийн Ерөнхий сайдад ч зөвлөдөг.

Өнгөрсөн хугацаанд Сингапур улс шиг улс болох гэж зүтгэж байсан бол өнөөдөр дэлхийд хүлээсэн өөрийн гэсэн үүрэгтэй болжээ. Хятад бол аж үйлдвэрийн хамгийн том цех, Хонконг бол санхүүгийн талбар, бас Хятадын тэнгисийн хаалга, Тайланд бол аялал жуулчлал гэдэг бол Сингапурт энэ бүгд бий.  Тиймээс тэд ирээдүйдээ дэлхийн тэргүүн баячуудад үйлчлэх банкны томоохон  төв гэсэн зорилт тавьжээ. Сүүлийн жилүүдэд тус улсын банкуудын мөнгө хадгаламж жилд 20 хувиар өсч байгаа нь Швейцарийн банкуудаас даруй 10 дахин их байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
ene hugshiniig chini harin menejmentiin gereegeer avchirch ulsaa udirduulval yasan yum be. a nam, ma namiin avilgach, hulgaichdiig hulgailj zavshsan mungutei ni hamt ushigluud huuguud yavuulchihya. delhiigeer heren hesej yavahdaa eh oron gej yu baidgiig oilgoj avag
daraagiin yerunhiilegchiin songuuliaar jenko battulga saidiig songonoo.
Авилга авсан этгээдүүдийг хайр найргүй цааза.л.сан ш дээ.
hugjiltei bolsond n ataarhaj baigaach gesen bidniig yaduuruulakh geree hiisen baikhad bid aldagdal khuleegeed ch khamaagui gadaadiin khurungu orulaltiig demjin geed suukh teneg baikhuu setguulchee durakaa mongold kharin setgeltei heden setguulch bas heregtei baigaa yum shuu iimerkhuu hogiin zahialgat yum bichdeg hulgaichuudiig zailuulval mongol iluu hurdan hugjin
Ухаад ч ус гарахгүй газар шдээ. Ундны усаа борооны усаар хангадаг.
Гол нь Ли өөрөө бүхнийг биеэрээ үлгэрлэж бсан юм. Иргэдээ гудамж цэвэрлүүлэх гэж цуглуулаад, яриад, ухуулаад, уйлж бсан гэдэг юм. Миний Монголд ийм ёэтгэл зүтгэлтэй удирдагч төрөхгүй удлаа даа, даанч харалёалтай.
Хамгийн их уншсан