Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны дуулиан үргэлжилсээр

Шинэ Зеландаас экспортлосон хэдэн зуун тонн хөлдөөсөн хонины махыг Хятадын гаалийнхан дагалдах бичиг баримт нь зөрчилтэй гэдгээр шалтгаалан саатуулж, хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Хил дээр саатуулагдсан махны үнэ нэг сая ам.доллар орчим. Махны экспортлогч орон болох Шинэ Зеландын Засгийн газар нь бүтцийн өөрчлөлт хийж Хөдөө аж ахуй ойн яам зэрэг хэд хэдэн газраа нэгтгэн Үйлдвэрлэлийн үндсэн салбаруудын яам гэж нэрлэсэн нь ийнхүү ээдрээ үүсэх үндсэн шалтгаан болсон байна.
Энэ ээдрээг шийдэхийн тулд Шинэ Зеландын эрх баригчид БНХАУ руу мах экспортлодог компаниудад бичиг баримт олгохоо түр зогсоожээ.Шинэ Зеландын Үйлдвэрлэлийн үндсэн салбаруудын яамны сайд Натан Гай нь энэ талаар “Хятадын талын гаалийн мэдүүлэг бөглөлтийг хариуцдаг байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг шилжүүлэн өгнө. Хэдэн өдөр шаардлагатай болно” гэж мэдэгдсэн байна. Цаашлаад үүссэн бэрхшээл нь түр зуурын шинжтэй болохоор ойрын үед эцэслэн шийдвэрлэнэ гэжээ.
Хятад нь Шинэ Зеландад бэлтгэсэн мах, түүний дотор хонины махны хамгийн том импортлогч нь юм. Дашрамд сонирхуулахад, 2012 онд дэлхийн хэмжээнд 301,8 сая тонн мах бэлдсэнээс дийлэнх буюу 110,8 сая тонн нь гахайн мах байжээ. Шувууны мах 104,5 сая тонн үхрийн мах 66,8 сая тонн, бусад төрлийн мах түүний дотор хонины мах 13,9 сая тонныг бэлдсэн аж.
Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Европын холбоо, АНУ гэсэн орон нь махны экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, Австрали, Шинэ Зеланд гэсэн хоёр улс дэлхийн үхрийн махны экспортын хэрэгцээний 25 хувийг хангаж дэлхийд тэргүүлдэг. Энэ хоёр улсаас үхрийн мах импортлогч гол орон нь Япон, Өмнөд Солонгос, Иран, Египет. Гахай махны экспортын дийлэнх хувийг буюу 74,1 хувийг Европ нийлүүлдгээс ихэнхийг Дани улс, Нидерланд улсууд хангадаг.
Хонины махны экспортоороо Шинэ Зеланд, Австрали улс мөн л тэргүүлдэг. Харьцуулахад, Шинэ Зеланд 4,4 сая хүн амтай, хонин сүргийн тоо толгой 1980-аад оны эхэн үед 70 сая байсан бол 2005 онд 40 сая, 2012 онд 31,1 сая болсон байна. Махны чиглэлийн үхрийн тоо энэ улсад 3,85 сая, саалийн үнээний тоо толгой 4,82 сая. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 34 121 ам.доллар.
Харин манай улсын хувьд 2012 оны эхний байдлаар 15,5 сая хоньтой, 2,3 сая толгой үхэртэй байсан юм.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан