Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Армен Багдасаров: Монголын жүдогийн хар хайрцагны бодлого хэзээ ямагт нууц байдаг

Манай оронд “Чингис хаан” жүдо бөхийн гранпри тэмцээн ирэх долдугаар сард болох билээ. Тэгвэл энэхүү тэмцээний бэлтгэл ажилтай урдчилан танилцах зорилгоор манай оронд түр саатаад буй Узбекистан улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, Азийн жүдо бөхийн холбооны захирал, Атлантын олимпийн мөнгөн медальт, Азийн хошой аварга Армен Багдасаровтой ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та монголд ямар зорилготой ирсэн бэ?

-Баярлалаа. Би олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог гранпри тэмцээний бэлтгэл ажилтай урьдчилан танилцахаар ирсэн. Одоогоор тэмцээний нээлт, хаалт болох заал, танхимын зай талбай, гэрэлтүүлэгтэй танилцлаа. “Чингис хаан” гранпри тэмцээнийг анх зохиогдсон цагаас хойш жүдогийн мэргэжилтнүүд ач холбогдлыг нь өндрөөр үнэлдэг. Энэхүү тэмцээний нэр хүндийн буухиаг энэ удаад ч орхигдуулахгүй тулд тэмцээнд шаардлагатай хэрэгсэл материалыг Монголын жүдо бөхийн холбооныхон шийдэж өгсөнд баяртай байна.

-Гранпри тэмцээн зохиоход ямар нэг бэрхшээл байна уу?   

-Би хэдэн жилийн өмнө нь монголд “Дэлхийн цом”-ын бэлтгэлийг шалгахаар ирж байлаа. Харин энэ удаагийн томилолтоос сайхан сэтгэгдэлтэй буцах гэж байна.

-Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохиоход ямар шалгуур тавигддаг вэ?

-Тэмцээнд оролцох бөхчүүдийн болон хүндэт зочдыг байрлуулах буудал гэх зүйлээс эхлэнэ. Би энд ирэхээс өмнө үүнд л санаагаа чилээж байлаа. Гэтэл миний эмзэглэсэн төсөөллийг Монголын жүдо бөхийн холбооныхон няцааж чадлаа. Би тэмцээний урьдчилсан бэлтгэлтэй хоёр хоногийн хугацаанд танилцсан юм. Долдугаар сард гранпри тэмцээн зохион байгуулахад бэлэн болжээ. Энэ тэмцээнийг дэлхийн 160 гаруй улс цэнхэр дэлгэцээр шууд хүлээн авах боломжтой юм. Гранпри тэмцээнийг шууд нэвтрүүлсэнээрээ танай улсын спортын төдийгүй улс нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. 

-Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч ирсэн дээр нь нэг зүйлийг тодруулмаар байна. Манай улс тив, дэлхийн аваргын тэмцээнийг өөрийн дэвжээнд зохион байгуулах боломж харагдав уу?       

-Тив, дэлхийн аваргын тэмцээний зохиох эрхийг авахад их учир бий. Стандарт шаардлагыг биелүүлсэн аль ч орон энэ тэмцээнийг зохиох эрхтэй байдаг. “Чингис хаан” гранпри нь тивийн аваргын тэмцээнээс нэг шатаар илүү гэж ойлгож болно. Энэ тэмцээнийг зохиож байгаагаараа танай орон, дэлхийн аваргын дэвжээг өөрийн оронд засах боломжтой гэдгийг харуулж байна. Дэлхийн аварга, гранпри тэмцээний хооронд ялгаа байдаггүй юм. Жүдогийн нэр хүнд бусад спортуудыг бодвол асар хурдтайгаар өөрийн гэсэн том орон зайг бий болгосон. Аливаа спорт хөгжихийн хэрээр тавигдах шаардлага нь ч нэмэгддэг. Танай оронд гранпри тэмцээн зохиох эрхийг олгож байгаа нь эх орноо дэлхийд сурталчлах сайхан боломж гэж бодож байна.

-Та Монголын жүдо бөхийн холбоог хэрхэн ажиллаж байгаа талаар дүн тавихгүй юу?


-Таны энэ асуултад тэд өөрсдөө хариу өгсөн. Сүүлийн дөрвөн олимпийн наадмаас медалиар таслаагүй Монголын жүдочдыг бөмбөрцгийн бөхчүүд мэднэ. Олимпийн дэвжээнд олон жил тасралтгүй амжилттай оролцох нь тэдний ажлын ур чадвартай салшгүй холбоотой юм. Мөн саяхан болсон тивийн тэмцээнд танай бөхчүүд хэр бэлтгэлтэй байгаагаа харууллаа. Монголын жүдочид өөрийн гэсэн сургалттай, үндсэн техник, арга барилтай юм билээ. Нэг үгээр хэлбэл Монголын жүдогийн хар хайрцагны бодлого хэзээ ямагт нууц байдаг. Дасгалжуулагч, тамирчдынхаа нийгмийн асуудлыг холбооны зүгээс сэтгэл гарган, гар татахгүй байгаа нь жүдочдын амжилтын зам дардан байхын учир билээ. Гэтэл зарим орны дасгалжуулагч үнэ мөнгөний төлөө өөрсдийн нууцыг дэлгэх нь бий. Тэдний буруу ч гэж юу байхав. Хамгийн гол нь аливаа спортыг хөгжүүлэхийн тулд нийгмийн асуудлыг нь давхар шийдэх ёстой. Монголын жүдо бөхийн өнөөгийн менежментийг цааш нь үргэлжүүлж, бусад спорт холбооддоо үлгэрлэх чухал юм шүү.

-Олимпийн мөчлөгийн эхний жилд гранпри тэмцээнийг бид өөрийн оронд зохиох болсондоо баяртай байгаа. Харин та ямар бодолтой байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Бөхчүүд өөрийн орны татамид олон улсын зэрэглэлийн “шалгалт өгөх” дуртай байдаг. Энэ нь тэдэнд асар их туршлага болдог юм билээ. 

-Та олимпийн мөнгө, Азийн хошой аварга байх аа. Тэгэхээр амжилтынхаа тухай бидэнд сонирхуулахгүй юу?

-Би бөхийн оронд ирчихээд өөрийн гаргасан жаахан амжилтыг олон нийтэд дэлгэхээс санаа зовж байна. Би олимпийн наадмын аварга Н.Түвшинбаярын хажууд амжилтаа дэлгэх нь зохимжгүй байх. Тэр агуу бөх. Түүнд дахин нэг олимпийн медаль авах орон зай бий. Олимпийн -100 кг-ын жинд түүнээс сайн бөх хэн байна вэ. Би Н.Түвшинбаярт дэвжээнээс буух болоогүй гэдгийг сануулсан.

-Манай аварга чинь их амжилтын ард гарсан шүү дээ. Одоо түүнийг амраах хэрэгтэй биш үү?

 -Би түүнд байгаа их нөөц, хүчийг олж харсан учраас тэгж байна л даа. Амжилтын цаана амжилт бий.
Д.ЖАВХЛАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан