Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжил тийш тэмүүлэх Төв аймгийнхан


Урин дулаан цаг ирсэн болохоор бүтээн байгуулалтын ажил Төв аймагт хэдийнэ эхэлжээ. Хаа сайгүй зам засч, байшин барилга сүндэрлэнэ. Замаар сүнгэнэн өнгөрөх машинтай зэрэгцэн газар түрж буй тракторын дуу нүргэлнэ. Аймгийн төвөөр машин сүлжилдэж, хүмүүс ажлаа амжуулахаар ийш тийш яаран алхана. Нутгийн удирдлагын ордон ч хөл хөдөлгөөн ихтэй байв. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бид амьдарч байгаа газартаа тулгамдаж буй асуудлыг нийтийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл, таны амьдарч байгаа орчинд нэн түрүүнд хийвэл зохих ажлыг та хорооныхоо Иргэдийн нийтийн хуралд бичиж өгснөөр тэд хуралдаж шийдвэрээ гаргах юм. Төсвийн эрх мэдэл иргэдийн гарт очсон гэдгээ тэд хэрхэн мэдэж байгаа талаар сурвалжлахаар тус аймгийг зорив. Төв гудамжаар зөрөн өнгөрөх залуусаас энэ талаар хэр мэдээлэлтэй байгааг сонирхоход мэдэх нэг нь байхад мэдэхгүй нөгөө хэсэг нь ч байв.

Төв аймаг 90 мянган хүн амтай, 27 сумтай. Нийслэлтэй хаяа дэрлэн оршдог хэр нь хөгжил нь бусад аймгаас хоцрогдсон гэх шүүмжлэл тэднийг байнга дагадаг. Ардчилал гарснаас хойш засгийн эрхийг МАН барьж ирсэн бол өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар анх удаа АН олонхи болсон байна. Тухайн аймгийн хөгжил дэвшил удирдлагуудаас нь ихээхэн шалтгаалдаг гэх үг бий. Шинэ удирдлагууд аймагтаа бүтээн байгуулалтын болон хүнээ хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж эхэлснийг давхар тандах зорилго өвөртөлж тус аймгийг зорьсон нь энэ. Орон нутгийг хөгжүүлэх  санд 9.6 тэрбум төгрөг төвлөрсний 3.6 тэрбумыг нь Зуунмод суманд зарцуулах аж. Үлдсэн мөнгийг нь сумдадаа хуваарилсан гэх. Ингэхдээ газар нутгийн байрлал, хүн амын тоо зэргээс шалтгаалан харилцан адилгүй өгчээ. Тухайлбал, хамгийн бага хүнтэй суманд 120 сая төгрөг хуваарилсан байх жишээтэй. Мөнгө шилжсэн даруйд сум бүр иргэдээсээ санал авч, түүнийгээ эрэмбэлэн нэн тэргүүнд хийх ёстой ажлаа төлөвлөсөн байна. Зуунмод сумынхан гэхэд кино театр барьж, гэр хорооллыг инженерийн байгууламжид холбох, дулааны эх үүсвэрийн тодорхой хэсгийг шийдэхэд зарцуулах нь. Учир нь, тус аймаг найман уурын зуухтай ч бүгд хуучирч муудсан учир зайлшгүй солих шаардлага байгаа гэнэ. Ямартай ч, эхний ээлжинд Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс нэгийг нь солихоор тусгасан байна. Сум бүрт дөрвөн айлын амины тохилог орон сууц барихаар төлөвлөжээ. Ирэх сар гэхэд загвар байшингийн төслийг бэлэн болгох аж. Барилгын ажлыг сумаар нь гүйцэтгүүлэх гэхээр мэргэжилтэй ажилтан ховор байдаг учир барилгын компаниудтай ярилцаж байгаа гэнэ. 

Мөн иргэдийнхээ дуу хоолойг сонсч, санал шүүмжлэлийг нь хүлээж авах зорилгоор “Иргэний танхим” байгуулжээ. Тус танхимыг хүн ам хамгийн их явдаг олон нийтийн газрыг сонгон байгуулсан нь нүдээ олсон ажил болсон байна. “Иргэний танхим”-ын үүдээр орвол  аймгийн брэнд бүтээгдэхүүний дээжийг байрлуулж, ирэх жил хийх бүтээн байгуулалтын ажлын самбарыг өлгөжээ. Энэ талаар тус танхимын оператор С.Бямбатуяа “Манай танхим өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн. Үүнээс хойш 2500 гаруй иргэн хандсан байна. Найман төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Тухайлбал, иргэдийн санал гомдол, талархал, хүсэлтийг хүлээж авахын зэрэгцээ УИХ-аас гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч байна. Мөн программ хангамжийг шийдсэн. Тухайлбал, иргэн төрийн байгууллагын аль нэг ажилтанд гомдол гаргавал тэр программаар дамжин тухайн ажилтанд шууд хүрч байх тохиргоо хийсэн. Хариуг нь ч газар дээр нь шийдвэрлэж өгдөг. Түүнчлэн иргэний бүртгэл лавлагааны мэдээлэл өгч байгаа. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй нэг цонхны үйлчилгээг электрон хэлбэрээр хүргэж, ажил хайж буй иргэдэд энэ талын мэдээллийг өгөхийн тулд “E-birj” нээн ажиллуулж байна” гэв. Өнгөрсөн хугацаанд тус танхимд 400 орчим санал гомдол ирсний 80 орчим хувийг нь шийдвэрлэсэн аж. Иргэдээс хог, орон сууцны халаалт, дулаан, цэвэр бохир усны асуудлаар хамгийн их гомдол ирдэг байна.

Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн талаархи мэдээлэл иргэдэд хэр хүрсэн талаар зарим хүнээс сонирхлоо.

С.Цэенбадам /өндөр настан/ Энэ талаар мэдээлэл авсан. Манай Зуунмод сумын  Орон нутгийг хөгжүүлэх санд мөнгө нь ороод ирчихсэн гэсэн. Түүнийг багуудад хуваарилсан байх. Баг тус бүр хуралдаад хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан гэж сонссон. Би голдуу Улаанбаатарт байдаг. Манай суманд орчин үеийн жишигт нийцсэн театртай болох шаардлагатай байгаа. Энэ ажил нааштайгаар шийдэгдсэн юм шиг байна лээ.

А.Батханд /иргэн/ Зуунмод сумын иргэдийн нийтийн хуралд суусан. Энэ мөнгөөр ямар ажил хийх талаар биднээс санал авч, дэс дарааллаар нь жагсаана гэж байна лээ. Эхний ээлжинд кино теар барих сураг дуулдсан. Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнээр бид бусад улсын жишигтэй адилаар хөгжиж болох гэрэл харагдаж байна. Иргэн нь тулгамдаж буй асуудлаа хэлэлцээд тэр шийдвэрийн үрээр төрөөс бүтээн байгуулалтын ажил хийж өгнө гэдэг ардчилал хөгжих гол үндсэн суурь юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан