Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гантөмөр: Сургалтын орчинд авлиг, арын хаалга, архидалтыг үгүй болгоно


БШУ-ы сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад ийн хариуллаа.

-Элсэлтийн шалгалт дөхсөн энэ үед төгсөгчид амьдралынхаа нэг алхмыг хийх гэж догдлохын хажуугаар их, дээд сургуулийн төлбөр гэсэн “ачаа”-нд дарагддаг. Энэ жил сургалтын төлбөр нэмэгдэх үү?
-Их, дээд сургуулиуд дан ганц сур­галтын төлбөрөөр санхүүждэг байх аа болино. Багш нарынхаа бүтээлийг зах зээлд гарган түүнээсээ то­дорхой хэмжээний орлого олдог болно. Жишээ нь, МУИС-ийн Эдийн засгийн их сургууль Монгол банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлэн тэндээс хоёр, гурван тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Тиймээс одоогоор сургалтын төлбөр нэмэгдэнэ, буурна гэж хэлэхэд эрт байна. Инновацийнхаа хуулийг мөр­дөн миний хэлсэн жишээгээр их, дээд сургуулиуд өөрсдөө мөнгө олох гарц нээх хэрэгтэй. Тухайлбал, энэ жил сургалтын төлбөр 10 хувиар нэмэгдэх болбол нөгөө инновациасаа тэр хэмжээний мөнгө  хуримтлуулбал сургалтын төлбөр нэмэхгүй байж болно.
Энэ аргыг хэрэгжүүлбэл төрийн өмчийн их, дээд сургууль маань төлбөрөө нөхчихнө. Саяхан манай улс зөвхөн зөвлөх үйлчилгээ авахын тулд төрөөс 150 тэрбум төгрөг төсөвлөдөг гэсэн судалгаа гарсан байна билээ. Үүний ядаж 30 тэрбумаар нь их, дээд сургуулиудаасаа зөвлөх үйлчилгээ авбал сургалтын төлбөр нэмэгдэхгүй шүү дээ.

-Ерөнхий шалгалттай холбоо­той гардаг бас нэг будлиан бол шалгалтын сэдэв задарсан гэх хард­лага. Үүнээс болгоомжлох арга хэмжээ авсан уу?
-Сайдын ажлыг хүлээж авсныхаа дараа хэзээ ч яам дангаараа ямар нэг шалгалтыг зохион байгуулах боломжгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас тусламж авдаг болсон. Ерөнхий шалгалтын материалыг ч мөн Тагнуулын ерөнхий газартай хамтран боловсруулж байгаа. Энэ жилийн төгсөгчдөөс нэг хүүхэд шалтгааны улмаас Ерөнхий шалгалтын бүртгэлээс хоцорсон. Тагнуулынхантай хамтарч ажиллаж байгаа учраас нэгэнт хоцорсон хүүхдийг бүртгэх арга байгаагүй.

-2010 оноос ярьсан оюутны хотхоны барилгын асуу­дал хэр урагштай явж байна вэ?
-Оюутны хотхоны ажил ерөнхий төлөвлөлтийнхөө шатанд явж байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон миний бие оролцон техник эдийн засгийн үн­дэслэлийг нь шинэчилж тогтоосон. Ирэх сард ерөнхий төлөвлөгөөг нь батлах төлөвлөгөөтэй байна. Ерөн­хий төлөвлөгөө батлагдвал сан­хүүжилтийн асуудлаа ярина.
Эдийн засгийн асуудлаа Эдийн засгийн яаманд хэлэлцүүлээд явж байна. Багануурт баригдах энэ хотхон бол маш том бүтээн байгуулалт. Дархан, Эрдэнэт хотыг шинээр байгуулах хэмжээний бүтээн босголт. Нийлбэр дүнгээрээ 12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэсэн үг. Ийм учраас анхнаас нь зөв үе шаттайгаар явах ёстой. Шинжлэх ухааны парктайгаа цуг байвал энэ хотхон маань оршин тогтнож болно. Ингэхийн тулд бидний өмнө шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл батлах хэрэг гарна. Хотхон, парк хоёр маань зэрэг оршиж байж нэг нэгнээ санхүүжүүлэх учиртай.

-Энэ жилээс Ерөнхий шал­галтад 750-аас дээш оноо авсан хүүх­дүүдийг шууд МУБИС-д элсүүлнэ гэсэн. Тэдэнд сурлагын амжилтаас өөр ёс зүйн шаардлага тавьж байна уу. Сүүлийн үед багш сурагчтайгаа зүй бус харилцсан тохиолдлууд их гарах боллоо?
-Захирал, эрхлэгч нарын үүргийг тодорхой болгож байгаа. Тэд багш нарынхаа ёс зүйд анхаарал тавьдаг системд шилжинэ. Багш өөрөө өөрийнхөө хөгжлийг тодорхойлох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийгмийн ажилтнаа сэтгэлзүйчийн сургалтад хамруулна. Манай нөхцөлд багш нарын дийлэнхи хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэй хүнд янз бүрийн өөрчлөлт гардаг. Тэр үед сэтгэл санаа нь ч гэсэн хэвийн биш байдаг. Дараагийн асуудал бол багш ажилдаа дуртай байх. Цөөн хэдэн багш нарын буруугаас багш гэдэг мэргэжлийг харлуулаад баймааргүй байна. Саяхан СУИС дээр хүүхэд амиа хорлосонтой холбогдуулж бид шалгалт хийнэ. Үнэхээр багш, захирлынх нь алдаанаас болж хүүхдийн амь үрэгдсэн бол хариуцлага хүлээлгэнэ.

-Алслагдсан бүсийн багш нарын цалингийн нэмэгдлийг шийд­вэрлэсэн үү?
-Энэ дээр хоёр асуудал яримаар байна. Таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Мөн тогтвортой 10 жил хөдөө, нийт 25 жил боловсролын салбарт ажилласан багш нарт 36 сарын цалинтай нь тэнцэх мөнгө өгдөг. Яг өнөөдрөөс эхлээд ирэх жил тэтгэвэртээ гарах багш 16 сая төгрөгийн тэтгэмж авах нөхцөл бүрдэж байгаа юм. Гэхдээ салбартаа зориулж босгосон мөнгөө хүүхдүүдийн сургалтад зарцуулна. Өмнө нь, нийт төсөв­лөсөн хөрөнгөний 90 хувь нь дулаан, цахилгаан, орчин гээд материаллаг зүйлд зарцуулагддаг байж. Сургуулийн захирал нь аж ахуй хариуцах үүрэгтэн болчихсон. Сургуультай нь танилцахаар ороход “Би тэгж дээврээ янзалсан” гэж ярьдаг захирал олон байсан. Тэгэхэд нь би “Надтай хүүхдүүдийнхээ тухай яриач, би аж ахуй ярих гэж ирээгүй” гэдэг. Хаана алдаа гардаг вэ гэхээр, муу захирал албан тушаалтан дээр л ажил унадаг байхгүй юү. Багш нь хөөрхий орой хариад л цаасан дээр заах хичээлээ бичдэг ч тэрийг нь үнэлж байсан удаагүй. Тэгвэл үүнийг цахимжуулна. Энэ мэтчилэн салбартаа бий болгосон хөрөнгө мөнгөө чанартай сургалтад зарцуулна.

-Төрийн сангийн зээл тусламжаар гадаад хэдэн оюутан суралцаж байна. Тэдэнд хяналт тавьж байна уу?
-Сургалтын төрийн сангаар гадаад 1342 залуус сурч байна. Яг ор сураггүй болсон 200 гаруй оюутан бий. Тэд бол 2004 оноос өмнө барьцаа шаарддаггүй байсан үед сурахаар яваад сураггүй болсон. 1000 орчим оюутан Засгийн газар хоорондын гэрээгээр сурч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан гаргасан зарлигийн дагуу бакалаврын зэрэгт сурч буй оюутнуудын хэмжээг нэмэгдүүлэх, сургуулийн тоог ч өргөтгөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Өмнө дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулдаг байсан бол одоо 100 болно. Үүний эхний 20 шилдэг сургуульд ямар мэргэжлээр элссэн ч хамаагүй төрөөс дэмжинэ. Түүнээс хойшлоод ирэхээр тодорхой заасан мэргэжлүүд дээр л тусална. Саяхан манай “Сант” сургуулийн сурагч Баттүшиг онлайнаар MIT-д шалгалт өгсөн. Дэлхийн 200 мянга гаруй өрсөлдөгчдөөс нэгт шалгарч номер нэг сургуульд тэнцлээ. Ийм амжилттайгаар сургуульд элссэн хүүхдүүдэд өөр ямар нэг шаардлага тавихгүй. Магистрт сурахаар явж буй хүмүүстээ ч гэсэн шаардлага тавина. Барьцаа авна. Хугацаандаа ирж, эх орондоо ажиллахгүй бол барьцааг нь хураадаг журмаа идэвхжүүлнэ. Хэрэв Монголдоо ирээд ажиллавал авсан зээлийг нь тэтгэлэг болгоно.

-Энэ онд 80-90 бага, сурууль цэцэрлэг барих төлөвлөгөөтэй гэсэн. Барих зардал нь шийдэгдсэн ч гэсэн нураах зардал нь шийдэгдээгүй барилгууд байна?
-32 дугаар цэцэрлэг, Зайсангийн 10 дугаар цэцэрлэгт ийм асуудал гарсан. Үнэхээр нурах аюулд хүрсэн байсан. Энэ хоёр барилгыг энэ сардаа багтааж нураана. Ер нь, нийслэлээс нураах хөрөнгийг нь гаргана гэж төлөвлөсөн. Үүний дагуу гурван долоо хоногийн өмнө нийслэл шийдвэрээ гаргасан. Бусад сургуулийн хувьд зардал чирэгдлийн асуудал гараагүй. Манайд байсан түгээмэл дутагдал зураг төсөлд хэзээ ч мөнгө төсөвлөж байгаагүй. Зураг төслийн асуудал үргэлж араас нь шийдэгддэг. Бид энэ удаа анх 3,5 тэрбум төгрөгийг техник эдийн засгийн үндэслэлдээ зориулж авсан учраас ирэх жилийн үйл ажиллагаанууд санаа зовох зүйл­гүй. Яг энэ онд гүйцэтгэх ажилд хүнд­рэлтэй зүйл олон байна. Гэхдээ тэр бүхнийг тухай бүрд нь Засгийн газ­раар хэлэлцүүлж, шийдүүлэх болно.

-Жил бүрийн өдийд гардаг хэл ам бол хандив, засварын мөнгө нэрийдлээр багш нар сурагчдаас мөнгө татах явдал. Одоо ч гэсэн энэ талаархи яриа жиг жуг сонсогдоод л байна. Энэ тухайд?
-Ирэх хичээлийн жилээс эхлээд энэ асуудлыг нэг тийш болгоно. Хандив өгдөг хүмүүсийн дунд хүүхдийнхээ сайн сайхны төлөө би дэмжмээр байна гэсэн хүмүүс хэр их байна. Чирэгдээд байгаа нь хэдэн хувь байна гэдгийг тогтооно. Эцэг эхийн оролцоог сургууль дээр бодитой болгох заалтыг бид хуульдаа оруулах гэж байна. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг танай хүүхдийг зургаан настайгаас нь хойш 16 хүртэл нь боловсрол эзэмшүүлнэ гэж худлаа ярихаа болих цаг иржээ. Эцэг эхийн оролцоо хүүхдийн боловсролын явцад заавал шаардлагатай. Морин хуурын суралталд явсан зарим хүүхдийн аав, ээж гэрт байсан морин хуур нь амь ороод сайхан байна гэж байхад их мөнгөөр авахууллаа гэх нь байж л байна. Ер нь, бидний зорилго хүүхэд чинь хийж чадаж байна гэдгийг л эцэг эхэд нь харуулах. Монголчууд сүүлийн сохор зоосоо ч харамлалгүй хүүхэддээ зарцуулдаг болчихвол улс орон хөгжинө. Одоо сайн чанарын дүрэмт хувцасны талаархи гарах яриаг бараг л мэдэж байна. Хэтэрхий үнэтэй байна гэнэ. Сургалтын орчинд авлига, арын хаалга, архидалтыг алга болгоно гэдгийг хатуу хэлье.

-Хонхны баяр хавтгайрлаа. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл хонх зүүх болсон. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Энэ бол манайхны баяр алгас­даггүй зан. Бүх зүйлийг баяр болгод­гийн л жишээ. Цэцэрлэг, тавдугаар ангийн төгсөлтөд ямар нэг баяр тэмдэглэхгүй гэсэн журам бий. Ямар ч гэсэн ирэх жилээс хонхны баяр тэмдэглэх жишиг гаргана. Тийм учраас хонхны баярыг ард түмэнтэйгээ хамтарч л үгүй хийнэ.

-Зургаан настнуудыг сургуульд эл­сүүлэх журам жаахан түргэдэж гар­сан шигээ. Илүү боловсронгуй болгоход анхаарч байгаа юу?
-Хэд, хэдэн сургуулийн зургаан настай хүүхдүүдийн хичээл дээр очиж суулаа. Монгол хэлний хичээлийн эхний 20 минутад тэднийг өөрсдөө бие дааж хичээлээ хийх боломж өгсөн. Гэтэл хуулан бичиг, шүлэг, зохион бичлэг бичих гээд хүүхэд бүр дор бүрнээ хийгээд биеэ даачихсан байна. Тийм учраас энэ шинэчлэлийг нүдээ олсон гэж дүгнэж байгаа. Гэхдээ ганцхан асуудал бол тэдний үдийн цайг яах вэ. Бас зургаан настай хүүхдээ сургууль дээр дөрөвхөн цаг суулгаад авна гэдэг  айл бүрийн нэг хүн хүүхдээ дагаад ажилгүй болдог. Тиймээс өдөр өнжүүлэх бүлгийг бий болгох хэрэгтэй. Дөрвөн цаг биш 7-8 цаг сургууль дээр байлгадаг систем бий болгоно.

-Мөн хөдөө орон нутагт дотуур байранд амьдраад сурч буй зургаан настнууд байгаа. Багш нар нь сургахаас гадна аав, ээжийнх нь үүргийг гүйцэтгэдэг тухай сонсч байлаа. Ядаж эхний гурван сарын хугацаанд туслах багш хэрэгтэй байдаг гэсэн?
-Малчин айлын зургаан наснуудыг зайны сургалтад хамруулах арга хэм­жээ авахаар судалгаа хийж бай­на. Долоон настайгаасаа шууд хоёрдугаар ангид элсүүлэх боломжийг хайж байгаа. Багш нар хүүхэд бүртэй ажиллах технологийг хоёр жилийн дотор эзэмшээд хэрэгжүүлж эхэлнэ. Иймд малчин хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахаас татгалзах эрхийг өгнө. Харин хоёрдугаар ангиас нь орж ирсэн хүүхдийг багш хүлээж аваад, хоцрогдлыг нь арилгана. Чиний хэлсэн туслах багштай болох санал бол үнэхээр зөв.

-Зургаан настнуудад тулгардаг өөр нэг асуудал бол гэрийн даалгавар. Багш нь нэг өдөр орсон бүх хичээл дээр нь даалгавар өгчихдөг. Хүүхэд хариад ядраад унтаад өгдөг. Гэтэл тэрнээс болж гэр бүлд маргаан гардаг...?
-Гэрийн даалгаврыг ирэх жил шал өөр болгоно. Хүүхдүүд тоглонгоо хийчихдэг хөнгөхөн байдлаар хичээлийг нь явуулдаг болох арга хайж байна. Багш 40 минутад заах ёстой зүйлээ заагаад амжаагүйгээ даалгавар болгоод өгдөг. Тэрийгээ гэртээ хийж чадахгүй бол өвөө эмээ нь хийчихдэг. Бүр зургаан настайгаас нь л залилан заагаад байна. Үүнийг өөрчилнө. Мөн эрдэмтэй монгол хүнийг багаас нь бэлдэхийн тулд дүнгийн системийг хална. Хэрэв 100 үгтэй цээж бичиг хийлээ гэхэд тав алдсан бол 95 нь зөв гэсэн дүнг тавьдаг болгоно. Ямар ч байсан бид бага багаар хүүхдэд боловсрол олгох ёстой.

-Сүүлийн үед боловсролын чиг хандлага шинжлэх ухаан руу чиглэх болсон. Гэтэл шинжилгээ судалгаа хийдэг гол газруудын нэг Ботаникийн цэцэрлэгт хүрээ­лэнгийн нэг хэсэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шүүх байгууллага ба­рина гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг эрдэмтэд маш гайхаж хүлээж авч байна билээ. Яамнаас үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ ажлын талаархи албан бичиг над дээр ирсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй. Миний зөвшөөрөх асуудал ч биш. Шинжлэх ухаан тех­нологийн хүрээлэнгийн өмч. Ямар нэг төрийн байгууллага хувийн хэвшлийн өмчийг булаан авах боломжгүй. Гэхдээ Засгийн газраас гаргасан шийдийн дагуу л шийдвэрлэх байх. Манай яамнаас Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг судалгааны газар байлгах талд нь л зогсоно.

0 Сэтгэгдэл
oorchilni irex jil shiidne l gex yum 4 jil chini duuslaashte
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
Хамгийн их уншсан