Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэддээ “уягдсан” 60 мянган эцэг эхийг ажилтай болгоход хууль тусална


Манай улсад цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий. Тэднийг улсын болон хувийн цэцэрлэгт хамруулаад цаана нь 60 гаруй мянган хүүхэд гэртээ үлддэг байна. Танил талаа харж, сүйхээтэй нэг нь хүүхдээ цэцэрлэгт өгч, танилгүй хэд нь балчир үрсээ гэртээ харахаас өөр аргагүйд хүрдэг.Нийслэлд хоёр хүүхэд тутмын нэг нь төрийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа бол долоон хүүхдийн гурав нь төрийн үйлчилгээнээс гадна хоцорч байна гэх судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөлд 1-6 насны хүүхдийн асрах, хамгаалах, хүмүүжүүлэх үйлчилгээг тусгасан байна. Хүүхэд харах үйлчилгээ олон улсад түгээмэл байдаг аж. Гадаадын орнууд бага насны хүүхдийг асран хамгаалж, нийгмийн үйлчилгээг шийддэг үндсэн хэлбэр нь Хүүхэд харах үйлчилгээ гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн эцэг эхийн өөрсдийнх нь шууд оролцоотой, хяналттай үйлчилгээ. Ийм хуулийн зохицуулалтыг бий болгох нь хүүхэд багачуудад олон талын ач холбогдолтой гэж гишүүд үзэж буй юм. Тиймээс энэ ажилд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх учиртай. Дээрх хууль батлагдвал хүүхдүүд эрх тэгш эрх эдэлдэг болох нь. Цэцэрлэгт хамрагдаж буй 181 мянган хүүхэд төрөөс хоолны зардалд жилд 70 мянган төгрөг авч байгаа бол гэртээ байгаа 60 мянган хүүхэд энэ боломжоо эдэлж чадахгүй байна. Харин уг хууль батлагдсанаар хүүхэд бүрт ногдож байгаа санхүүжилтийг нь олгох юм. Уг хуулийн төсөлд цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас бий болж буй завсрын арга хэмжээ биш хэмээн гишүүд хэлж байв. Энэ үйлчилгээ цаашид тогтвортой явж, сургуулийн өмнөх боловсролын үндсэн үйлчилгээний нэг болж хөгжих юм байна. Энэ талаар БШУЯ холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийж, хамтарч ажиллаж байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр уг хуулийн төсөлтэй холбогдуулан БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг илтгэл тавьсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээ хуу­лийн төсөл боловсруулах ажилд танай яам хэрхэн оролцсон бэ?   
-Манайд ийм хууль эрхзүйн орчинтой, орчингүй уг хууль амьдралд хэрэгжээд эхэлчихсэн. Хүүхэд гэрээр харах асуудал аль хэдийнэ бололцоотой зарим гэр бүлд хэрэгжиж байна. Гэтэл хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар эрсдэлүүд гардаг. Тиймээс уг хуулийг баталж, энэ бүхнийг зохицуулж өгөх юм. Уг хууль амьдралаас урган гарч ирсэн. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 181 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Жилд дундажаар 30 гаруй цэцэрлэг барьдаг. Энэ онд гэхэд улсын төсвөөс 75.2 тэрбум төгрөг төсөвлөж, 95 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үүнээс 3900 ортой 36 цэцэрлэгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна. 95 тэрбум төгрөг зараад явж байгаа хэр нь эцсийн дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 0.7 хувиар өсөх юм. Өөрөөр хэлбэл, 95 тэрбум төгрөг зарцуулаад асуудлынхаа нэг хувийг ч шийдвэрлэж чадахгүй байна.

-УИХ-ын зарим гишүүний са­наачилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хууль бат­лагдвал энэ байдал өөрчлөгдөх үү?
-Өнгөрсөн гурван сараас өнөөг хүртэл долоон цэцэрлэг хаалгаа барилаа. Баянзүрх дүүргийн 10, 59, 146, Чингэлтэйн 18, Сонгинохайрханы 26, Баянголын 47, 57 дугаар цэцэрлэг ирэх есдүгээр сарын 1-нд хичээллэхгүй. Цэцэрлэгийн барилгыг сургалтын зорилгоор ашиглах боломжгүй болсон. 36 цэцэрлэг барихад л нийслэлийн хэмжээнд 10 цэцэрлэг үүдээ барьж байх жишээтэй. Нийт цэцэрлэгийн 14.5 хувь буюу 150 нь хаалгаа барихад бэлэн болоод байна. МХЕГ-аас акт гарч, ашиглаж болохгүй гэх дүгнэлт гаргасан. Одоо ашиглаж буй цэцэрлэгийн 15 орчим хувь нь “актлагдана”. Энэ зөвхөн 2013 оны статистик тоо. Хүн амны өсөлт жилд 2.4 хувиар нэмэгдэж байгаа энэ үед цэцэрлэг, сургууль цаашид хэрэгтэй болно. Жилд 40 цэцэрлэг барихад 15 нь хаалгаа барина. Тэгэхээр бид өөр гарц хайх ёстой. Одоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 60 мянган хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Халамж, хайхрамж, асаргаа сувилгаанд байх ёстой бяцхан үрс төрөөс авах ёстой нийгмийн үйлчилгээг авахгүй байх нь. Энэ ганц боловсролын салбарын асуудал биш. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаас гадна эцэг эхчүүдийн ажилтай орлоготой байх үндэс юм. Одоо 60 мянган эх хүүхдээ хараад ажилгүй байх шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр энэ бүхэн боловсролын төдийгүй Монгол Улсын нийгмийн томоохон суурь асуудлыг хөндсөн хууль. Тиймээс энэ хууль батлагдвал нүдээ олсон ажил болно.

-Ойрын хугацаанд хэчнээн цэцэрлэг ашиглалтад орох вэ?
-Ойрын хугацаанд 571 цэцэрлэг барих шаардлагатай байгаа. Энэ ажилд нэг их наяд төгрөг хэрэгтэй байна. Манайд анхны цэцэрлэг ашиглалтад орсон цагаас хойш өнөөг хүртэл 952-хон цэцэрлэг барьсан байдаг. 113 жилийн хугацаанд шүү дээ. Үүсэн бий болсон хэрэгцээ, эрэлтийг ойрын дөрвөн жил бүү хэл 10 жилдээ шийдэх боломжгүй. Тиймээс эцсийн дүндээ хүүхдүүд л хохирч үлдэнэ. Энэ нь ирээдүйд олон асуудлыг дагуулна. Тиймээс бид амьдралаас урган гарсан уг асуудлыг шийдэх бодитой гарц хайх шаардлагатай байна. Үүний нэг гаргалгаа нь уг хуулийн төсөл юм.

0 Сэтгэгдэл
Гэр цэцэрлэг байгуулах хууль дүрэм журамаа батлагдвал хүүхдийг хэрэгцээг хангасан сургалтийг явуулах багш нар байна гэр цэцэрлэг хэрэгтэй байна
Хамгийн их уншсан