Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганхуяг: Бид шувууг ажиглаж, хайрлаж, хамгаалдаг

Манай оронд  хэдэн зүйлийн шувуу байдаг вэ.  Та мэддэг шувуудаасаа хэлнэ үү гэвэл хүн бүр л тагтаа, болжмор, хэрээ, шаазгай гэж нэрлэж эхлэх байх. Үнэндээ манай улсад жилийн аль ч улиралд дээрх суурин шувуудаас гадна өөр олон зүйлийн жигүүртэн бидэнтэй хамт амьдардаг. Энэ талаар Монголын шувуу ажиглагчдын клубийн зохион байгуулагч П.Ганхуягтай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Танай клубийн үйл ажилла­гаа­наас хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Клуб хэдэн онд байгуулагдаж байв. Шувуу ажиг­лагчдын клуб гэхээр зарим хүнд их л сонирхолтой сонсогдож байгаа байх?
-Манай клуб 2008 онд байгуулагдсан. Монголын зэрлэг амьтан хамгаалах төвийн дэргэд энэ клубийг байгуулсан юм.  Гол зорилго нь, хүүхэд  залуучуудад шувууны талаархи мэдлэг мэдээлэл өгөх, тэднийг шувуунд хайртай болгож улмаар  хобби нь  болгон байгаль хамгаалах сэтгэлгээг нь хөгжүүлэх. Одоогоор 200 гаруй гишүүнтэй. Гишүүдийн хувьд янз бүрийн мэргэжилтэй. Саяхан Дэлхийн нүүдлийн шувууны өдөр боллоо. Энэ жил эл өдрийг “Нүүдлийн шувуудаа хамгаалах сүлжээг хамтдаа байгуулцгаая” уриан дор өнгөрүүлсэн. Ер нь, нүүдлийн шувууд дайран өнгөрөх үедээ амарч хооллодог газруудаар ажиглалт хийж, хамтдаа хамгаалах нь олон улсын хэмжээнд чухал асуудал болж байгаа.

-Манай оронд дэлхийд ховордсон ямар шувууд  байдаг вэ. Эдгээр шувууг хамгаалахын тулд төрийн зүгээс ямар ажил хийдэг юм?
-Олон шувуу бий. Тухайлбал, цагаан тогоруу, идлэг шонхор, нөмрөг тас, өгөөлэй шулганаа гэх мэт. Цагаан тогоруу гэхэд манай улсад өвөлждөггүй, нүүдэллэхдээ зөвхөн манайхаар дайраад өнгөрдөг. Нөмрөг тас манайд элбэг ч дэлхийд ховордсон. Засгийн газар ховор зүйлийн шувуудын жагсаалтад олон зүйлийн шувууг оруулсан. Гэсэн ч удаан хугацаанд тогтвортой судалгаа хийлгэх, санхүүжүүлэх талд дутмаг байдаг. Цөөн зүйлд л судалгаа хийж байгаа ч хамгааллын менежментийг нь анхаардаггүй. Идлэг шонхор дээр л удаан хугацаанд судалгаа хийж, хамгаалалт хийсэн. Жишээ нь, БОНХЯ дөрвөн  жилийн өмнө олон улсын байгууллагуудтай гэрээ хийж идлэг шонхорын үржлийн популяцыг дэмжих зорилгоор хиймэл үүр төслийг Английн судлаачид болон Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Мөн идлэг шонхор болон ховор шувууны тооллогыг яамнаас санхүүжүүлэн үндэсний мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэдэг  ч жил бүр тогтмол хийдэггүйгээс үр дүн гардаггүй.

-Хобби бүр л өөр өөрийн гэсэн ач холбогдол, сайн талтай байдаг. Шувуу ажиглах хоббины тухайд?
-Мэдээж, хобби хүнийг хөгжүүлдэг. Өвөл нийслэлчүүд маань утаан дунд л байдаг. Иймээс амралтын өдрөөрөө цэвэр агаарт гарангаа шувуу ажиглах нь илүү сонирхолтой шүү гэж хэлмээр байна. Хэд хэдэн шувуу хараад таньж мэддэг болонгуут өөрийн эрхгүй л хобби болдог. Гадаадын улсуудад маш олон шувуу ажиглагчид байдаг. Олон шувуу ажиглагч байна гэдэг нь тухайн улс орны шувуу судлалын шинжлэх ухааны мэдээллийн сан ч сайн байдаг. Шувуу ажиглагч нар олж авсан мэдээллээ өөр хоорондоо байнга солилцдог. Манай улсад шувуу судлаач, мэргэжлийн хүн цөөхөн. Хэрэв энэ хоббиг хөгжүүлбэл нэг талаараа байгалиа хамгаалах, бас манай улсын шувууны мэдээллийн бааз сайжрах зэрэг шинжлэх ухааны ч ач холбогдолтой. Тиймээс бид энэ хоббиг хөгжүүлэх гэж хичээж байна. Манайд шувуу судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд залуу шувуу судлаачдыг ихээр бэлтгэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн шувуу ажиглагчдын клуб сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж Монгол орны шувуудын талаархи мэдлэг, мэдээллийг иргэддээ хүргэж байгаа.

-Манайд жуулчид шувуу ажиглахаар хэр ирдэг юм бол оо. Ер нь, энэ талын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байгаа вэ?
-Манайд 1990 оноос байгалийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 2000 оноос бүр нэмэгдсэн. Байгалийн аялал жуулчлалыг дагаад гадаадын шувуу ажиглагч нар ирдэг. Манай тур опературууд шувууны аялалын маршруттай болж өөрсдийнхөө вэб сайтад байрлуулдаг болсон. Энэ нь, манайд шувуу ажиглах аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлж байна. Шувуу ажиглагч жуулчид аяллынхаа төгсгөлд аяллын тэмдэглэл, гэрэл зургаа бусадтайгаа хуваалцаж онлайнд нийтэлдэг. Энэ нь бусад улс орноос ирэх шувуу ажиглагч жуулчдын тоо нэмэгдэхэд ихээр нөлөөлдөг. Саяхан ССАЖЯ тусгай сонирхлын аяллуудыг дэмжих зорилгоор үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа шувууны аялал жуулчлалыг ч оруулсан. Ингэж энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй хэрэг. Учир нь, манай орон энэ төрлийн аяллыг хөгжүүлэх бүрэн боломжтой.

-Шувуу ажиглахад хугацаа гэж байдаг уу?
-Жилийн аль ч улиралд шувуу ажиглаж болно. Суурин шувууд жилийн аль ч улиралд байнга байдаг мөн хойд зүгээс манайд олон зүйлийн шувууд ирж өвөлждөг. Тиймээс шувуу ажиглагчид өвөл аяллаа тогтмол хийдэг.

-Шувуу ажиглагчдын хувьд хамгийн чухал багаж нь зургийн аппарат, дуран. Хүмүүс энэ хоббиг мөнгөтэй баян хүмүүсийнх л гэж ойлгодог л доо?
-Гадаадын олон сайтуудыг харахад иймэрхүү бодол төрдөг. Манай улсад ч сүүлийн хэдэн жилд хүмүүс шувуу ажиглахыг хобби болгож байна. Олон улсад 100 орчим жилийн өмнө үүссэн. Зарим клуб хоёр сая хүртэл гишүүнтэй байх нь бий. Гэхдээ шувуу ажиглагч болгон заавал өндөр үнэтэй сайн аппараттай байх шаардлагагүй. Аппарат гэхээсээ илүү шувуугаа дурандан харж таашаал авахыг илүүд үздэг ажиглагчид олон байгаа. Сүүлийн үед манай залуучууд том дуран аппараттай болж байгалийн зураг ихээр дарахын хажуугаар шувуудын зураг авдаг болж. Энэ нь, манайд шувуу ажиглах аялал, хобби хурдацтай хөгжихөд нөлөөлж байна. Энэ бол үнэхээр сайшаалтай зүйл.

-Шувуу ажиглагчдын клуб юм чинь мэдээж агнахын эсрэг байдаг байх?
-Бид шувууг ажиглаж, хайрлаж, хамгаалж таашаал авч байдаг хүмүүс. Тиймээс мэдээж, агнахыг хатуу эсэргүүцдэг. Шувуу ажиглахын цаана байгаль хамгаалах сэтгэлгээ үргэлж хамт явдаг. Шувууддаа хайртай хүмүүс мэдээж амьдрах орчныг нь ч мэддэг бас хайрладаг. Тиймээс шувуудад хайртай гэдгийн цаана амьдрах орчныг нь хайрладаг гэсэн санаа байнга байгаа. 

-Зарим хүн шувуу ажиглахаар хоёр, гурван сараар дагадаг гэсэн?
-Урт хугацааны аялал хийж болно. Гэхдээ манайд дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор хүмүүс удаан хугацаагаар явж чадахгүй байна. Амралтынхаа өдрөөр аль болох байнга шувуу харахыг эрмэлздэг залуус олон байдаг. Магадгүй, арван жилийн дараа шувуу ажиглах хоббитой залуучууд олширвол зунжингаа явах тохиолдлууд гарахыг үгүйгэхгүй.  Учир нь, энэ бол тэдний хобби шүү дээ. Одоогоор манай клубийн аялал хотынхоо орчим л явж байгаа. Энэ нь, санхүү хөрөнгө багатай холбоотой. Хэрэв санхүүжилт сайжирвал шувууд олноор цугладаг нуурын эрэг орчмоор хийж мэдлэг мэдээлэлтэй болгож, хобби нь болгон татан оролцуулах боломжтой. Одоогоор шувуу сонирхдог хэсэг бүлэг залуус нийлээд 4-7 хоногоор шувуу ажиглах аялал жилдээ дор хаяж нэг удаа хийдэг.

-Ойрын үед хэзээ шувуу ажиглах аялал зохион байгуулах вэ?
-Манай клубийн залуу шувуу судлаач нар зундаа шувууныхаа судалгааны ажилд явдаг. Өчигдрөөс л эхэллээ дээ. Намар шувуудын буцах нүүдлийн үеэр Улаанбаатар хотын ойролцоо том нуур руу явах аялал зохион байгуулна. Наймдугаар сарын дундуур байна байх.  

0 Сэтгэгдэл
saihan hobby baina.
Хамгийн их уншсан